| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Л-т холбогдох 2516001480173 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын ********** дүүргийн ****-р хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, М овогт Н-н Л.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Л нь Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн үед **** УБК улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж хохирогч Б.П-н эрүүл мэндэд нь зүүн бугалгын далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
2.Хохирогч Б.П-н мөрдөн шалгах ажил лагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 25-ны 21 цагийн үед Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хот руу өөрийн нөхөр Н.Л-н хамт Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед хамт манай нөхрийн ажлын хүмүүс өөр машинтай гарсан. Аймгаас гараад хамт явсан машинтай хүмүүс түрүүлээд явсан манай нөхөр бид хоёр араас нь машинтай явж байгаад би хэсэг хугацаанд унтсан байсан. Нэг мэдсэн чинь машин шороон дээгүүр яваад байх шиг болохоор нь би сэрээд нөхрийгөө “хайраа замаас гараад байгаа юм би шүү” гээд дуудсан чинь машин эргэлдээд дөрвөн дугуйн дээрээ буух шиг болсон. Тухайн үед манай нөхөр ирээд машины хаалга онгойлгоод миний суудлын бүсийг тайлаад зүгээр үү гэж асуусан. Миний зүүн гар өвдөөд байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Цагдаа ирээд араас нь эмч ирсэн... Миний толгойн ар хэсэгт хоёр газарт хагарч оёо тавьсан. Зүүн гарын бугалгын хэсэгт хугарсан. Өөр гэмтэл байхгүй ... Ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр бид хоёр хамт явж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
3.Гэрч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу би өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт ажилдаг Э-н хамт бид хоёр миний машинд манай хүргэн ах Л нь өөрийн эхнэр П-н хамт өөрийнхөө Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Говь-Алтай аймгаас гарахдаа би түрүүлээд явж байгаад **** сум өнгөрөөд 130 дахь км дээр явж байхад миний гар утас руу нэг танихгүй хүн залгаад “цагаан Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл **** сумын цагдаагийн постоос 20 км зайд онхолдсон байна өөрт чинь хэлээдэх гэсэн” гэж над руу хэлээд би иргээд очсон чинь хүргэн ах машинтайгаа онхолдсон эхнэр П-н толгой хэсгээс цус гарсан зүүн гар хөдлөхгүй байсан. Тэгээд 30 минутын дараа сумын цагдаа араас нь цаг гарангын дараа эмнэлэг ирсэн. Эмнэлгийн машин ирээд П эгчийг аваад **** сум руу явсан ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
4.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГАО0725/218 дугаартай “... Б.П-н биед эмнэлгийн бичиг баримтаас үзлэг хийхэд зүүн бугалгын далд хугарал, дагз, зүүн шуу, зүүн гарын 5 хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Б.П-н биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ... Дээрх гэмтлүүдээс зүүн бугалгын далд хугарал гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
5.Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай “... Хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин чөлөөтэй нь харагдаж байна ... **** УБК улсын дугаартай Приус-30 тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н-н Л /РД:**********/ нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.3-д заасан дүрмийн заалтыг зөрчсөн байна...” гэх магадлагаа. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
6.Хэргийн газарт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.П-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид 5,925,132 (таван сая есөн зуун хорин таван мянга нэг зуун гучин хоёр) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “...Б овогт П миний бие хохирогчоор оролцож байгаа хэрэгт өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, ямар нэгэн санал хүсэл гомдол байхгүй тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны үед Ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр бид хоёр хамт явж байсан...” гэж /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 5,925,132 (таван сая есөн зуун хорин таван мянга нэг зуун гучин хоёр) төгрөг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд 5,925,132 (таван сая есөн зуун хорин таван мянга нэг зуун гучин хоёр) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Н-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, түүнд 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-т оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Л-т сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд 5,925,132 (таван сая есөн зуун хорин таван мянга нэг зуун гучин хоёр) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА