Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.О-д холбогдох 2516001540160 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ах, бэргэн, ачийн хамт Говь-Алтай аймгийн ************ сумын *********** багийн ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ************* регистрийн дугаартай, Б овогт З-н О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч З.О нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед Говь-Алтай аймгийн *********** сумын ******* багийн *********-р гудамжинд Я.Ц-тэй зөрөхдөө мөрлөж гарсны улмаас маргалдаж, улмаар Я.Ц-н хөмсөг хэсэгт хутгаар зүсэж баруун хөмсөг, баруун шанаанд шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1.Шүүгдэгч З.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

2.Хохирогч Я.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ********** хороонд байх Б-н гэрт Ч ах, Г бид дөрөв 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад 20 цаг өнгөрч байхад тухайн айлаасаа Г бид 2 архи олж ууя гээд дэлгүүр явсан боловч мөнгө байхгүй байхаар нь буцаад манай гэр лүү зам дагаад алхаж байсан чинь урдаас шар ажлын хувцастай гишгээ доголон эрэгтэй хүн хажуугаар гараад намайг мөрлөхөөр нь эвтэйхэн яваач гээд нааш нь түлхчхээд бид 2 өнгөрөөд явсан чинь араас дуудахаар эргээд харсан чинь гартаа асаагуур шиг бор юм барьчихсан байсан. Яасан гээд дөхөөд очсон чинь өмнөөс ухас хийх шиг болсон чинь миний хөмсөг хэсэг рүү жирс хийгээд явчихсан. Тэгээд миний хөмсөгнөөс цус асгарчихсан. Дахиад ухас хийхээр нь харсан чинь баруун гартаа хутга барьчихсан байхаар нь хутгатай гар луу өшиглөөд гарыг нь барьж аваад мушгиж газарт унагаагаад дээрээс нь дарж сууж байгаад эхнэр лүү гар утсаараа би хутгалуулчихлаа гээд залгасан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29  дүгээр хуудас/

3.Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б гэх айлд Ц Б ах бид гурав 0,5 литрийн Хараа нэртэй архи ууж дуусгачхаад Ц бид 2 дэлгүүр орох гээд явсан. Замдаа явж байгаад архины мөнгө хүрэхгүй юм байна гээд буцаад зам дагаад алхсан. Тэгсэн чинь замд гишгээ доголон эрэгтэй хүн таарахаар нь Ц замаас зайл гээд цааш нь түлхчхээд бид хоёр цаашаа явахад бид хоёрыг араас дуудсан чинь Ц түрүүлээд очсон. Тэгсэн чинь Ц энэ пизда намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь зүүн талын шанааг нь дагаад цус гоожиж байсан. Тэгээд Ц-н эхнэрийг дуудаад эхнэр нь ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Ц-г хутгалсан гэх залууг авч яваад буцаж ирээд Ц-г дагуулж яваад эмнэлэгт хүргэж өгсөн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

4.Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2025 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн ГАО0725/239 дугаартай “... Я.Ц-н биед баруун хөмсөг, баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 176,364 (нэг зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох  дүгнэлт гаргуулах шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 07 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид хавтас хэргийн материал танилцуулсан  тэмдэглэлд “... хохирогч нь гомдол саналгүй ...” гэх хүсэлт/хавтаст хэргийн 66  дугаар хуудас/ тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  176,364 (нэг зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1(нэг) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1(нэг) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 176,364 (нэг зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт 12 см, ажлын хэсгийн урт 9,5 см, нийт 21,5 см урттай, ажлын хэсэг нь никель цагаан өнгөтэй, бариул хэсэгтээ бор өнгийн модон оруулгатай тонгорог 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт З-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-д 1(нэг) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-д оногдуулсан 1(нэг) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1(нэг) хоногийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.О-д сануулсугай. 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 176,364 (нэг зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт 12 см, ажлын хэсгийн урт 9,5 см, нийт 21,5 см урттай, ажлын хэсэг нь никель цагаан өнгөтэй, бариул хэсэгтээ бор өнгийн модон оруулгатай тонгорог 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА