Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2022/00380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 26 дугаар байр, 216 тоотод оршин суух, Бодонгууд овогт Дугарын Нэргүй /РД:УД69112561/

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хулан тауэр хотхон Сүккистар тур ХХК /РД:5397723/-д холбогдох

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, үндсэн төлбөр 13,915,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Нэргүй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүндсамбууд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хариуцагч Сүккистар тур ХХК-тай 2020 оны 4 сарын 23 өдөр 22 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, үндсэн төлбөрийн 30 хувь болох 13,915,200 төгрөгийг хариуцагчийн 5087272875 дугаарын дансанд шилжүүлсэн.

Уг барилга баригдахгүй удаж, эзэн нь сураггүй болсон үндсэн төлбөрийн 30 хувь болох 13,915,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон сууц захиалан бариулах гэрээ нь Сүккистар тур ХХК-ийн тамга, тэмдэгтэй байгаа хэдий ч гарын үсэг нь Ц.Мөнхсүхийнх биш. Нэхэмжлэгч Ц.Мөнхболдтой гэрээ байгуулсан байдаг. Компанийн тамгатай гэрээний загварыг аваад Мөнхболд гэрээг байгуулсан. Мөнгө манай дансанд орсон хэдий ч тухайн мөнгийг Ц.Мөнхболд авч, ашигласан. Тухайн мөнгийг компанид зарцуулаагүй.

Нэхэмжлэгч Д.Нэргүй нь Ц.Мөнхболдтой орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан учраас Сүккистар тур ХХК нь хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас Д.Нэргүйн иргэний үнэмлэх, Налайх дүүргийн 2 дугаар

хорооны Засаг даргын 2022 оны 139 дугаар тодорхойлолт, 2020 оны 4 сарын 23 өдрийн 22 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, тодорхойлолт, өргөдлийн хуулбар зэрэг баримтыг ирүүлжээ. /хэргийн 3-11-р хуудас/

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын татварын албаны Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт зэргийг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 22-23-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал хариуцагч Сүккистар тур ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаанд өгсөн 13915200 төгрөгөө буцаан гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч тал эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй, Сүккистар тур ХХК-нь хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Д.Нэргүй нь Ц.Мөнхболдтой 2020 оны 04 сарын 23 өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Сүккистар тур ХХК-н Хаан банк дахь 5087272875 дугаартай данс уруу 2020 оны 04 сарын 23, 2020 оны 04 сарын 28 өдрүүдэд нийт 13,915,000 төгрөг шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан гэрээний хуулбарт А талыг төлөөлж Сүккистар тур ХХК-н менежер Ц.Мөнхболд гэж нэр гарын үсэг зурагдсан байгаа боловч Ц.Мөнхболд хариуцагч компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогдоогүй байх тул талуудын хооронд орон сууц захиалан бариулах /ажил гүйцэтгэх/ гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчээс шилжүүлсэн 13,915,000 төгрөгийг менежерээр ажиллаж байсан Ц.Мөнхболд компанийн тамга тэмдэг, албан бланкыг ашиглан хувьдаа авч ашигласан гэж тайлбарлаж байх боловч тайлбараа нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Мөн Банкны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2-д зааснаар харилцагчийн даалгавраар банк гүйлгээг хийх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Сүккистар тур ХХК нь нэхэмжлэгчийн 13,915,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж хариуцагч талаас 13,915,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, илүү нэхэмжилсэн 200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,526 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 227,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Сүккистар тур ХХК /РД:5397723/-аас 13,915,000 /арван гурван сая есөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бодонгууд овогт Дугарын Нэргүй /РД:УД69112561/-т олгож, нэхэмжлэлээс 200 /хоёр зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Нэргүйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,526 /хоёр зуун хорин долоон мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Сүккистар тур ХХК-аас 227,525 /хоёр зуун хорин долоон мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нэргүйд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА