| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0159/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/168 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ч-д холбогдох 2516001370163 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* регистрийн дугаартай, Ө овогт Х-н Ч.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ч нь Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ********** гэх газар 09 цагийн үед хохирогч Х.Ц-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж улмаар толгойн тус хэсэгт нэг удаа цохиж, шилбүүр модоор гуя, бөгс хэсэг рүү нь цохиж зодон биед нь тархины доргилт, дагзанд шарх, 2 дал, зүүн шуу баруун бугалга, зүүн шанаа, бүсэлхийн зүүн тал, зүүн гуя, зүүн шилбэ, өгзгөнд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Х.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн *********** гэх газар манай аавын гэрт өглөө 08-09 цагийн орчим манай дүү Х.Ц хаалгаа дотроос нь цоожилчхоод хоол хийгээд сууж байхад манай ээж миний охин банкны картаа авъя гэхэд хаалгаа нээхгүй, муухай муухай дуугараад “зайл” гээд байхаар нь би гэр лүү орж Х.Ц-г гараараа 1 удаа мөр лүү нь цохиод, “...чи одоо боль, яагаад давраад байгаа юм бэ, аав, ээжийн юмаа өг...” гэхэд ээжийг “...янхан авгай, чи үхээч...” гээд цохиод авахаар нь дүү Х. Ц-г зодсон ... Гэр дотор байхдаа Х.Ц-г гараараа 1 удаа цохисон. Гадаа гарч ирээд аав, ээж хоёрыг цохиод байхаар нь шилбүүр модоор гуя бөгс хэсэг рүү нь цохисон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/
2.Хохирогч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн *********** гэх газар аавын гэрт өглөө дөнгөж босож байхад манай ах Х.Ч нь гэрийн хаалга түгжээтэй байхад хаалганы түгжээг эвдэж орж ирээд газ дээр байсан хоолыг өшиглөөд жижиг модон сандлаар миний толгой, цээж тарсан газар болгонд цохисон. Мөн гэрт байсан тогоо, халбага гэх мэт гарт тарсан юм болгоноор цохиж, намайг гэрээс чирч гаргаж ирээд мод, чулуугаар цохиж, нийт 30-40 минут орчим үргэлжилсэн. Тэгээд утас нь сүлжээ сайн болохгүй байхаар нь сумын цагдаагийн дугаар луу хүнд зодуулсан, эмчтэй ирээрэй гэж мессеж бичсэн. Өдөр 14 цаг 30 минутын үед сумын эмч цагдаа нар ирж, эмч цус тогтоох болон өвчин намдаах тариа хийж, намайг аймаг руу явж оёдол тавиул гэж хэлсэн. Тухайн үед миний толгой хагарч, цус гоожсон байсан......” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/
3.Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө 10 цагийн орчим Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багийн ******** гэх газар гэрийн хойд талд малаа ялгах гээд байж байхад гэрт манай хүү Ч, охин Ц хоёр муудалцаж байх шиг болсон... Би тэр хоёрын хажууд очоогүй, манай охин Ц нь намайг өмөөрч хамгаалсангүй гээд надад гомдоод байсан. Ц тухайн үед сумаас цагдаа, эмч дуудсан гэсэн. Би хонинд явсан байхад манай хүү Ч сумаас цагдаа, эмч нар ирлээ гээд намайг дуудаад цагдаа надтай уулзчихаад бүгдээрээ явцгаасан. Манай охин Ц өөрийнхөө машинтай эмч, цагдаа нартай цуг хөдлөөд явсан. Тэрнээс хойш манай охин Ц аймгаас ирээгүй байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
4.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Д.Даваахүүгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГОА0725/192 дугаартай “... Х.Ц-н биед тархины доргилт, дагзанд шарх 2 дал зүүн шуу, баруун бугалга, зүүн шанаа, бүсэлхийн зүүн тал, зүүн гуя, зүүн шилбэ өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно... Цаашид ерөнхий хөдөлмөрийн нөлөөлөхгүй. чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаас хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 1,225,921 (нэг сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун хорин нэг) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... Сэтгэцэд хор уршиг учраагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,225,921 (нэг сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун хорин нэг) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 80 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 1,225,921 (нэг сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун хорин нэг) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогтой Х-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ч-д сануулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 1,225,921 (нэг сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун хорин нэг) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА