| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Энхбат,
шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарт холбогдох 2516000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Х овогт Б-н Б.
Монгол Улсын иргэн, халх, ****** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* регистрийн дугаартай, Ж овогт Ж-н Ж.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б, Ж.Ж нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Б, Ж.Ж нар нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн нутаг “***********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,104(нэг мянга нэг зуун дөрөв) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 06-нд Б.Б бид хоёр ********* гэх газар луу хамт явсан. Тэнд хүн байгаагүй хуучин ухчихсан нүх байсан тэр нүхэн дээр очиж ажиллая гээд байхад цагдаа нар ирсэн бид хоёрын хайгч, мотор молдок зэргийг хурааж авсан ... Хайгч молдок нь минийх юм мотор нь Б.Б-нх ... Алт хайх гэж явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/
2.Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 06-ны 17 цаг өнгөрч байхад Ж бид хоёр *********** гэх газар луу хамт явсан. Тэнд хүн байгаагүй хуучин ухчихсан нүх байсан тэр нүхэн дээр очиж ажиллая гээд байхад цагдаа нар ирсэн бид хоёрын хайгч, мотор молдок зэргийг хурааж авсан ... Алт хайх гэж явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/
3.Мөрлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/
4.Нуман-Алтай ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13/060 дугаартай шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг 1,104(нэг мянга нэг зуун дөрөв) төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 49-58 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нар нь тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж үзсэн болно.
Энэ гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Ж.Ж нар нь өөрсдөдөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1,104(нэг мянга нэг зуун дөрөв) төгрөгийн хохирол учирсан, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн зардалд 1,000,000(нэг сая) төгрөг гарсан байна.
Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нар нь Байгаль орчин уур амьсгалын санд 2,208 төгрөг, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан Нуман-Алтай ХХК-д 1,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь ХААН банкны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримтууд/хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын саналдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, молдок цахилгааны утсаны хамт 1 ширхэг, Cold monster-1000 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, жин хэмжих дэнс 1 ширхэг мөн шүүгдэгч Б.Б эзэмшлийн *****1 ГАА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах санал гаргасан байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд газрын хэвлийг хөндөн хөрсийг хуулж, зөөвөрлөх үйлдлүүд багтдаг бөгөөд зонхилон уул уурхайн чиглэлийн ажилд зориулагдсан тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг ашигладаг.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, молдок цахилгааны утасны хамт 1 ширхэг, Cold monster-1000 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, жин хэмжих дэнс 1 ширхэг зэргийг хураан авч, улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч нар нь “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулах улсын яллагчийн саналыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д, байгаль экологид учруулсан хохиролд 2,208(хоёр мянга хоёр зуун найм) төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х овогт Б-н Б, Ж овогт Ж-н Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Б, Ж.Ж нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, молдок цахилгааны утсаны хамт 1 ширхэг, Cold monester-100 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, жин хэмжих дэнс 1 ширхэг зэргийг хураан авч, улсын орлого оруулж, улсын яллагчийн саналаас шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн ***** ГАА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах хэсгийг хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д, байгаль экологид учруулсан хохиролд 2,208(хоёр мянга хоёр зуун найм) төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА