Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч хяналтын прокурор Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Л.Баттогтох нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Баттогтоход холбогдох эрүүгийн 201717000111 тоот хавтаст хэргийг 2017 оны 07-р  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Улаан-Уул аман усны гудамж 28 дугаар байр 1 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын 4-р багт оршин суух, Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангид жолооч ажилтай,  ял шийтгэл эдэлж байгаагүй,  Есөн чоно овгийн Лхагвын Баттогтох. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Л.Баттогтох нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ниссан Тино маркийн 75-54 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Золхүүгийн жолоодож явсан 14-47 СҮЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж Г.Октябрь, О.Үлэмж, О.Намхайханд  нарын биемахбодод хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Л.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:2017 оны 04-р сарын 02-ны орой 18 цагийн үед би гэртээ найзуудтайгаа “Цэргийн алдар медаль” авснаа тэмдэглээд архи уусан.Би архи уудаггүй учраас 3 хундага л уусан.Манайх усгүй болсон учраас би ус авахаар худаг руу машинтай явсан.Гүүрэн дээр явж байхдаа булаг руу харахад олон машин байсан.Тэгээд урагшаа замаа хартал гэнэт мотоцикльтой хүн ирж байгааг харсан.Би үрүүлээ баруун тийш дараад хажуугаар нь өнгөрөхөд миний машины толь хагарах чимээ гарсан гэв.

 

 - Хохирогч Г.Октябрийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.04.02-ны орой 18 цагийн үед нөхөр С.Золхүү хар өнгийн 17-47 СҮЗ улсын дугаартай мотоциклио унаад охин О.Үлэмж, О.Намхайхандын хамт отрядын байр руу явсан. Гэтэл гүүрний хойд хэсгийг бариад өөдөөс машин ирж яваа харагдсан боловч уг машины жолооч нь хойшоо хавиргын булаг руу хараад замаа харахгүй явж байгаа харагдсан. Тэгээд л нөгөө машин удалгүй манай мотоциклийн зүүн хэсгээр бидний хөлийг шүргээд явахад бид нар мотоцикльтойгоо зүүн талаараа ойчсон. Тэгтэл манай нөхөр мотоциклио босгоод нөгөө шүргэсэн машины араас явтал нөгөө машины жолооч нь цаана очиж зогсоод машинаасаа бууж ирээд Золхүүтэй уулзчихаад хамт хүрээд ирсэн. Удалгүй эмч нар ирээд манай 2 охиныг эмнэлэг рүү аваад явсан. Манай бага охин О.Намхайхандын зүүн талын хөлийн шилбэ хугарсан, том охин О.Үлэмжийн зүүн хөл 2-3 хугарч, өвдгөөрөө эргэсэн. Миний зүүн хөлний шагай мултарч савхан яс хугарч гэмтсэн. Баттогтох жолооч бидэнд эхнээсээ байнга тусалж дэмжиж явсан болохоор надад гомдол, санал байхгүй. Надад эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, манай хоёр охинд 4.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг эмчилгээний болон унааны зардал миний ажилгүй, өвчтэй байх үеийн цалинг бэлнээр нөхөн олгож өгсөн болохоор Л.Баттогтохоос нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-20-22/

 

Хохирогч Г.Октябрь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн хохирогч Г.Октябрь би шүүгдэгч Л.Баттогтохын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо бүрэн барагдуулж авсан. Баттогтох нь миний охин насанд хүрээгүй хохирогч О.Үлэмж, О.Намхайханд нарын гэмтэлд учирсан хохирлын зардлыг бүрэн төлж эдийн болон сэтгэл санааны   тусламжийг яаралтай үзүүлж эмчлүүлэх, бодит боломж бүрдүүлж өгсөн.Баттогтох нь  үйлдсэн гэм буруутай байдалдаа дүгнэлт хийж гэмшиж сайн дураараа бидэнд тусалж дэмжиж байгаа тул Л.Баттогтоход холбогдох эрүүгийн хэрэгт ял шийтгэл хариуцлагын талаар гаргах гомдол саналгүй болсон байдлыг харгалзаж түүнд оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Би болон  миний хүүхдүүдийн биед учирсан гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учраас эрүүл мэндийн байдал сайжрах, хурдан илаарших байдалтай байгаа тул түүний төлсөн  8 000 000 төгрөгийг эмчилгээнд зарцуулж бүрэн хүрнэ гэж үзэж байх тул цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ /хх-ийн 119-р хуудас/

 

 - Насанд хүрээгүй хохирогч О.Үлэмжийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Онгон сумын төвд байдаг гэрээсээ отрядын байранд байдаг айл руу аав Золхүүгийн мотоцикльтой  ээж Октябрь, дүү Намхайханд нартай хамт дөрвүүлээ явж байгаад гүүрний дэргэд машинд шүргүүлсэн. Тэр үед миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан, ээжийн зүүн хөлийн шагай гэмтсэн, дүүгийн зүүн хөлийн шилбэ гэмтсэн, аав гэмтээгүй. Манай ээж дүү бид нарыг машинаар шүргэсэн ах бид нарт мөнгө өгч эмчилгээ хийлгээрэй гэсэн. Тэр ахад гомдолгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг. /хх-24/

 

 - Насанд хүрээгүй хохирогч О.Намхайхандын мөрдөн байцаалтанд өгсөн: Онгон суманд би аавынхаа мотоцикльтой ээж, эгч хоёртойгоо хамт дөрвүүлээ айл руу явж байсан чинь нэг машинтай ах шүргээд бид нарыг унагасан. Тэгээд миний зүүн хөлний шилбэ өвдсөн. Миний хөл одоо гайгүй болсон. Хөлөө эмчлүүлж байгаа. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-25/

 

 - Иргэний нэхэмжлэгч С.Золхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цаг өнгөрөөгөөд  эхнэр Октябрь, охин Намхайханд, Үлэмж нарын хамт өөрийн эзэмшлийн хар өнгийн 17-47 СҮЗ улсын дугаартай мотоцикльтойгоо Онгон сумын төвөөс отрядын байранд байдаг Мөнхтөр гэдэг хамаатных руугаа явж байтал Хавиргын булгийн гүүрэн дээрээс баруун тийшээ явж байсан. саарал ногоон өнгийн 75-54 ӨМА улсын дугаартай машинд зүүн талаараа шүргүүлж миний ард сундалж явсан эхнэр Октябрь, охин Үлэмж, Намхайханд нарын хөл нь хугарч  мотоциклийн урд талын хянах самбарын нэг шил, урд талын хоёр дохио нь сууриараа хагарч, урд талын хоёр дохио, зүүн талын хөл тавьдаг дөрөө хугарсан. Би мотоциклио Ашид билгүүн ХХК-аар үнэлүүлсэн. Миний мотоциклийн эвдрэл 12.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Би энэ үнэлгээг зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Баттогтох эмчилгээний зардал болон мотоциклийн эвдрэлийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралд суухгүй ...гэх мэдүүлэг /хх-28/.

 

 -  Гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 02-ны орой 18 цагийн үед  гэртээ амарч байхад ажлаас над руу ярьж машинд шүргүүлж хөл нь хугарсан хүмүүс ирчихлээ гэхээр нь очиход 2 хүүхэд ээжтэйгээ хамт гурвуулаа хөл нь гэмтсэн байсан. Октябрь гэх эмэгтэй зүүн хөлийн шагай хавиараа хаван ихтэй, эмзэглэлтэй, гишгэж чадахгүй зовиуртай байсан. Намхайхандын зүүн хөлний шилбэний дээд гурваны нэг хэсэг нь хавантай, хугарсан байж магадгүй байсан. Харин Үлэмжийн зүүн хөлний дунд чөмөг нь хугарсан, яс нь хавиралдах чимээтэй байсан. Тухайн үед дээрх гурван хүнийг машинаараа шүргэсэн жолооч согтуу байдалтай байхаар нь хэсгийн төлөөлөгч дэслэгч Мөнхнасанд мэдэгдэж цусыг авч шинжилгээнд явуулсан  юм... гэх мэдүүлэг./хх-32/

 

 - Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07-р сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Жолооч Л.Баттогтох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “а”-д заасан заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 8.1-д заасан “Тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 2.5-ийн “в”-д заасан “Жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж осолд холбогдох эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ ” гэсэн заалтуудыг зөрчсөн. 2.Жолооч С.Золхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “а”-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. 1 дэх асуултаар хариулагдсан болно. /хх-35/

 

- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт:1.О.Намхайхандын биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-40/ 

 

- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт:1.О.Үлэмжийн биед зүүн дунд чөмөгний хугарал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-55-56/ 

 

- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 147 дугаартай  шинжээчийн дүгнэлт:1.Г.Октябрийн биед зүүн шагайн гадна хавчаар ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-61/ 

 

- Шүүх химийн шинжилгээний 33 дугаартай шинжээчийн дүгнэлт:1. С.Золхүүгээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэжээ. /хх-64/ 

 

- Шүүх химийн шинжилгээний 32 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Л.Баттогтохоос авсан гэх цусанд 0.8 промилийн этилийн спирт илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-67/ 

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зураг / хх- 7-9/, 

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-10-14/,

 

- Хураан авах тогтоол, тэмдэглэл 2017.05.26 /хх-15-16/, 

 

- ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-17-18/

 

- О.Үлэмжийн толгойн компьютер томографийн шинжилгээ  2017.04.13 /хх-45/

 

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх 03426 /хх-47-54/

 

- Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг 1188  /хх-69, 70/

 

- Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг  574  /хх-71-75/

 

- Л.Баттогтохын цахим үнэмлэхийн хуулбар /хх-88/ 

 

-  Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-94-95/ 

 

- Л.Баттогтохын жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд  /хх-96/

 

- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт  /хх-97/

 

- Хил хамгаалах ерөнхий газар, хилийн 0184 дүгээр ангийн 2017.04.01-ний өдрийн 85 дугаартай тодорхойлолт  /хх-100/

 

- Л.Баттогтохын зан байдлын тодорхойлолт  /хх-102/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ  /хх-109-110/

 

-Хохирогч Г.Октябрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт  2017.05.05 /хх-119/

 

-Сүхбаатар аймгийн Онгон сумын 4-р багийн засаг даргын 2017.04.20-ны өдрийн 48 дугаартай  тодорхойлолт /хх-101/

 

-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн засаг даргын 2016.11.10-ны өдрийн 175 дугаартай  тодорхойлолт /хх-69/

 

-Л.Баттогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно. 

 

Шүүгдэгч Л.Баттогтох нь  2017 оны 04-р сарын 02-ны орой 18 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутагт   Ниссан Тино маркийн 75-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Хавиргын булгын гүүрэн дээр С.Золхүүгийн 17-47 СҮЗ дугаартай  мотоциклийг шүргэж  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “а”, 8.1, 2.5 “в”-д заасан заалт буюу  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Октябрь, О.Үлэмж, О.Намхайханд нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баттогтохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Үлэмж, О.Намхайханд, хохирогч Г.Октябрь, иргэний нэхэмжлэгч С.Золхүү, гэрч Б.Батбилэг нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, шинжээч эмчийн 32, 33, 147, 148 дугаартай дүгнэлтүүд,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн 13 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Л.Баттогтох нь тухайн өдөр   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Шүрэнцэцэгийн эзэмшлийн Ниссан Тино маркийн 75-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд байх Хавиргын булаг руу усанд явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “а”-д заасан заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 8.1-д заасан “Тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 2.5-ийн “в”-д заасан “Жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж осолд холбогдох эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ ” гэсэн заалтуудыг зөрчиж замын эсрэг урсгалд явж байсан С.Золхүүгийн 17-47 СҮЗ дугаартай мотоциклийг шүргэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. 

 

Шүүгдэгч Л.Баттогтоход холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Баттогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн,  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд,  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 

Шүүгдэгч Л.Баттогтохын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт учирсан хохиролд 8 000 000 төгрөг  нөхөн төлсөн, хохирогч Г.Октябрь, О.Үлэмж, О.Намхайханд нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул Л.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баттогтоход  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Баттогтох нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,   хохирогч  Г.Октябрь, О.Үлэмж, О.Намхайханд нарт эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг төлсөн, хохирогч Г.Октябрь, хохирогч О.Үлэмж, О.Намхайханд нарын хууль ёсны төлөөлөгч С.Золхүү  нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.Баттогтохын 287820 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.5, 1.8,  36.10 дугаар зүйлийн 1, 2, 4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Есөн чоно овогт Лхагвын Баттогтохыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  Л.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баттогтоход  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Баттогтох нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,    хохирогч  Г.Октябрь, О.Үлэмж, О.Намхайханд нарт эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг төлсөн, хохирогч Г.Октябрь, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч С.Золхүү  нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ялтан Л.Баттогтохын 287820 дугаартай жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА