Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 950

 

 

ХХМТГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэртэй, ХХМТГ-н нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК--д холбогдох, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 3 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дугаар тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг.

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 39 дугаар тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатарт 800 000 төгрөг, 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатарт 1 000 000 төгрөг, 2010 оны 48 дугаар тогтоолоор 2011-2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатарт 1 500 000 төгрөг байхаар тус тус тогтоосон.

“Т” ХХК- нь ХХМТГ 2009 оны 38 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2009-2012 оны хооронд 3 400 000 төгрөгийг авлага үүсээд байна. Дээрх хувь хэмжээний дагуу хариуцагчид хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэх шаардлагыг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгийн дагуу нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн боловч хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 3 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

“Т” ХХК--ийн тусгай зөвшөөрөл нь ХХМТГ 2013 оны 11 дугаар тогтоолоор цуцлагдсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 400 000 төгрөг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан 2 хувийн төлбөр биш, энэ нь Шуудангийн тухай хуульд заасан тогтоосон хувь хэмжээгээр төлөх төлбөр юм. Мөн энэ нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээтэй холбоотой төлбөр биш юм. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь харилцааны холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх бөгөөд мөн зүйлийн 6.1.12-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоохоор заасан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Зохицуулах хороо давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээтэй байхаар заасан. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийг Шуудангийн тухай хуулиар тогтоож мөрдүүлэхээр заасан байгаа.

Засгийн газрын 2009 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам-ын 2.1-д зааснаар сангийн өдөр тутмын үйл ажиллагааг ХХМТГ хариуцна гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс төлбөрөө төлөхийг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгүүдээр шаардсан, анх 2017 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаанд хамаарна. Иймд “Т” ХХК--иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан-д төвлөрүүлэхээр холбогдох хууль тогтоомжид заасан байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд 2008 оноос 2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нийт 3 400 000 төгрөгийн өглөг үүсчээ. Иргэн Энхтүвшин овогтой Есөнбилэг нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уг “Т” ХХК--ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан иргэн Балган овогтой Батмонголоос 1 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед Монгол банкны мэдээллийн сан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа, Татварын ерөнхий газрын лавлагаа гэх мэт холбогдох байгууллагуудаас өр төлбөргүй талаар лавлагаа аван өр төлбөр болон шүүхийн маргаангүйг шалгасан байдаг.

Бидний хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу “Т” ХХК--ийн эрхийг шилжүүлж авахаас өмнө бий болсон аливаа өр төлбөрийг компанийн эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцна гэж заасан. Иймд нотлох баримтыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх төлбөрийг тухайн үеийн компанийн хувьцаа эзэмшигч байсан иргэн Б.Батмонголоос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн чиг үүргийн санд төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй байгаа юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг ч хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар  зааснаар нэхэмжлэгч ХХМТГ нэхэмжлэлтэй хариуцагч “Т” ХХК--д холбогдуулан гаргасан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-д төвлөрүүлэх 3 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус газрын нэхэмжлэлтэй “Т” ХХК--д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Т” ХХК- нь улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 2009 оноос 2013 оны хооронд эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж..., Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод ... төгрөгөөр тус тус тогтоосон нь хэрэг авагдсан ... тогтоолууд, мөн хорооны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр нотлогдож байна гэж..,

Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр 11.1 дэх хэсэгт зааснаар шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх шинэчлэх зорилготой ба сан нь хандив, зээл тусламжийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээс бүрдэхээр хуульчилсан байна гэж дурдсан атлаа Шуудангийн тухай, Харилцаа холбооны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд татвар, хураамж төлөх үүрэг хүлээгээгүй байна гэж дүгнэсэн нь шүүгч гагцхүү хууль захирагдах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай нийцэхгүй байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнахаар, Засгийн газрын 2009 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүний зарцуулах журмын 4.2-т Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлнэ гэсэн хуулийн маш тодорхой заалтыг мушгин гуйвуулж аж ахуйн нэгжээс хөрөнгө төвлөрүүлэхийг шаардах эрхийг бий болгохгүй гэж хуулийг буруу тайлбарласан.

Мөн маргааныг шийдвэрлэхдээ хуулиар тусгайлан байгуулагддаг, тусдаа хуулиар зохицуулагддаг Засгийн газрын тусгай санг Төрийн бус байгууллагын хуулийн үйлчлэлд хамаарах сайн дурын үндсэн дээр байгуулагддаг сантай хамаатуулан хуулийг буруу хэрэглэн, уг асуудалд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгон сан хөрөнгө татан төвлөрүүлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай тус тус нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХМТГ нь хариуцагч “Т” ХХК--д холбогдуулан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-д 2009 оноос 2012 оны хооронд төвлөрүүлэх байсан хөрөнгө болох 3 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох, хязгаарлалт хийх тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар хариуцагч “Т” ХХК--д 2009 оны 9 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Улаанбаатар-Лондон хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож, 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тус хорооны “Тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” тухай 15 дугаар тогтоолын 2 дах заалтаар Улаанбаатар-БНЧУ-ын Прага хотуудын хооронд шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар тогтоолоор ийнхүү олгогдсон шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогджээ. /хх8-11/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “Т” ХХК- нь Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд бөгөөд “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-д төвлөрүүлэх, албан татвар ногдуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2009-2012 онд төлвөл зохих 3 400 000 төгрөгийг гаргуулан гэж тайлбарласан болно. /хх1-2, 7, 12-16/

 

Хариуцагч нь дээрх шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ 2018 онд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Батмонголоос 1 000 000 төгрөгийн үнээр “Т” ХХК--ийг худалдан авсан, тухайн үед компани эрх бүхий байгууллагуудаас авсан лавлагаагаар ямар нэгэн өр төлбөргүй байсан, худалдаж авахаас өмнөх аливаа өр, төлбөрийг компанийн эрх шилжүүлэгч тал хариуцахаар эрх шилжүүлэх гэрээгээр тохиролцсон гээд холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх30-33/

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож мөрдүүлэх эрх хэмжээтэй талаар болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4.4, 6 дугаар зүйлийн 6.1.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж, Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар аливаа сан нь гишүүнчлэлгүй хуулийн этгээд бөгөөд сангийн хөрөнгийн эх үүсвэрт татвар, хураамж хамаарахгүй, мөн шуудангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх, татвар хураамж төлөх үүрэг хүлээлгээгүй байхад хөрөнгө төвлөрүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх гэж тодорхой зохицуулсан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэжээ.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг хандив, зээл, тусламжийн хөрөнгө, бусад хөрөнгөөр бүрдүүлж, зөвхөн зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зориулалтаар зарцуулна гэж тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхийг үүрэг болгоогүй байх тул хариуцагчийг хуулиар хүлээсэн албан татвар, хураамж төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.  

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                             ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                   Т.ТУЯА