Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/511

 

                                                   Г.С, М.С  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хаш-Эрдэнэ,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.С-н  өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С, М.С  нарт холбогдох эрүүгийн 2002 00515 0352 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г-н С, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, СУИС-н Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;

2. Т овгийн М-н С, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............н сургуулийн оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Шүүгдэгч Г.С нь М.С-тэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй 3 гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, “4” гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, “5” гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, “6” гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, “7” гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, “8” гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 3 гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, 4 гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, 5 гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, 6 гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, 7 гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, 8 гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч М.С нь Г.С-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй 3 гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, 4 гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, 5 гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, 6 гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, 7 гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, 8 гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.С-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч М.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.С-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасаноршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасансогтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй 3 гэж дугаарласан гялгар ууттай 788 гр /цэвэр жин/, 4 гэж дугаарласан гялгар ууттай 5,7064 гр /цэвэр жин/, 5 гэж дугаарласан хуванцар савтай 25 гр /цэвэр жин/, 6 гэж дугаарласан гялгар ууттай 25 гр /цэвэр жин/, 7 гэж дугаарласан хуванцар савтай 80 гр /цэвэр жин/, 8 гэж дугаарласан гялгар ууттай 120 гр /цэвэр жин/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Г.С-н  өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар тэнсэж болно, мөн тухайн гэмт хэргийг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна” хэмээн дүгнэсэн атлаа миний үйлчлүүлэгч Г.С-н  гэмт хэрэгт холбогдсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршигийг ухамсарласан, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байгаагүй, өвчтэй эх, эхнэрийн хамт амьдардаг, анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хадгалсан, түүсэн сэтгэцэд нөлөөт бодисоо өөрийн сайн дураараа гаргаж цагдаагийн байгууллагад өгсөн, Соёл Урлагийн Их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, дахин мансууруулах бодис хэрэглэхгүй, гэмт хэрэг үйлдэхгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1059 дугаар комиссын “мансууруулах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй” гэсэн дүгнэлт зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй, нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулж, бүр сэтгэл зүйн хүнд байдалд оруулж шийдвэрлэсэн.

Гэтэл эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ... гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан ... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж” болно гэж заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн Г.С-н   дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, сурч боловсрох эрхээр нь хангаж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжийг олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, зохих албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэж  өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.С-н  хувьд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, түүж бэлтгэсэн гэсэн хоёр үйлдэл байдаг. Түүнчлэн тэрээр тухайн гэмт хэргийг санаачилж, удирдан зохион байгуулсан нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-н  өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.С нь М.С-тэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 88 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол-ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.С нь Г.С-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос Г.С-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Анхан шатны шүүх М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний түүж бэлгэсэн мансууруулах төрлийн ургамлын хэмжээ, хор уршгийн шинж чанар зэрэгт тохироогүй байна гэж үзэв.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогдсон.

Шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль бусаар түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь хангалтгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С, М.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.С-н  өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.С-т авсан цагдан хорих, шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С, М.С  нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Г.С-т урьд авсан цагдан хорих, М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                         М.АЛДАР