Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.А, Б.А, Т.Г, Г.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А, Б.А, Т.Г, Г.Е нарт холбогдох 2516000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ********* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай, Ж овогт Т-н Г.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********* регистрийн дугаартай, Б овогт Г-н А.

Монгол Улсын иргэн, халх, ******* оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ****** багийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Л овогт Б-н А.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ***** багийн ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Х овогт Г-н Е.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Г, Г.А, Б.А, Г.Е нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.Г, Г.А, Б.А, Г.Е нар бүлэглэн Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн нутаг ********* гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн болох нь:

1.Шүүгдэгч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/

2.Шүүгдэгч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн хуудас/

3.Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн136-137 дугаар хуудас/

4.Шүүгдэгч Г.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/

5.Мөрлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/

6.Мөрдөн шалгах ажиллааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай тогтоол, хураан авсан багаж хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь газар ухах хүрз, малтуур, металь хайгч зэргийг ашиглан алт олборлох зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багийн нутаг ******** гэх газар Приус-20 загварын ****** ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон боловч  цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн шинжийг хангах бөгөөд энэ үйлдлээ хамтран хэрэгжүүлсэн тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Г, Г.А, Б.А, Г.Е нар нь өөрсдөдөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн зардалд 1,000,000(нэг сая) төгрөг гарсан байна. Шүүгдэгч нар нь хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан Нуман-Алтай ХХК-д 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд/хавтаст хэргийн 190-192, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас/-аар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт бэлтгэсэн бөгөөд газрын хэвлийд халдаж хохирол учруулаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй байхад  хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргахаар шинжээч томилсон нь үндэслэлгүй боловч шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн ажиллагаатай холбоотой гарсан зардалтай холбоотой шийдвэр гаргах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10(арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  баримтлан  шүүгдэгч    Т.Г,   Г.А,   Б.А,  Г.Е нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10(арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн металл хайх зориулалт бүхий Cold monester-100 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгчийг хурааж улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.

Харин хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан илжгэн чих гэх нэршил бүхий төмөр малтуур, хүрз зэрэг нь газар ухахад зориулагдсан ашигт малтмал хайх зориулалттай багаж хэрэгсэлд хамаарахгүй, үнэлгээ бага учраас улсын орлогод оруулах нь хууль зүйн ач холбогдолгүй байх тул устгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэг хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан илжгэн чих гэх нэршил бүхий төмөр малтуур, хүрз зэргийг устгуулахаар “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж овогт Т-н Г, Б овогт Г-н А, Л  овогт   Б-н   А,  Х  овогт  Г-н Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Г, Г.А, Б.А, Г.Е нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Г, Г.А, Б.А, Г.Е нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн Cold monester-100 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгчийг хурааж улсын орлого болгосугай. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэг хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан илжгэн чих гэх нэршил бүхий төмөр малтуур, хүрз зэргийг устгуулахаар “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА