Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох 2516001060178 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан  гавьяа  шагналгүй,  ********* регистрийн дугаартай, У овогт О-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч О.Б нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ********* гэх газарт улсын дугааргүй, цэнхэр өнгийн Даюун-150 загварын мотоцикиль жолоодож явахдаа осолдож ар талд сууж явсан 6 настай Б.А-н амь насыг хохироосон болох нь:

1.Шүүгдэгч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-н “... Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сувиа малдаа явж байсан чинь манай нөхөр болох Б над руу гар утсаар яриад би мотоциклтой явж байгаад унаад хүүхэд эвгүйдчихлээ. Чи хурдан хүрээд ир. Хүү нэг хадаас олоод араар суусан. Унахдаа шанаа руугаа шаачихлаа гэж хэлсэн. Би гэртээ ирсэн чинь манай хүүхэд гэртээ ухаангүй шанаа хэсгээс нь цус гарсан, манай нөхөр уйлаад сууж байсан. Намайг гэрт ороод удаагүй сумаас эмч ирээд манай хүүхдийг үзээд боолт хийгээд сум руу авч яваад сумын эмнэлэг дээр очоод байж байсан чинь аймгаас эмч ирээд аймгийн төв рүү авч явсан. Аймагт ирээд манай хадам ээж харж байгаад Улаанбаатар хот руу авч явсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод биеийн байдал гайгүй байсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг рүү шилжүүлээд бас хагалгаанд ороод ухаангүй сэхээнд байж байгаад нас барсан ... Би сувиа малдаа явсан байсан. Манай нөхөр болон амь хохирогч Б.А нар гэрийн урд талд байсан хургатай малаа буцаачхаад гэр лүүгээ явж байгаад замдаа мотоциклтой унасан гэж хэлсэн ... Намайг гэрт ирэхэд манай хүүхдийн биеийн байдал хүнд шанаа хэсгээс нь цус гарсан тогтохгүй ухаан санаан нь орж гараад нүд юм үзэхгүй байна гээд байсан. Зүүн шанаанаас нь цус гараад тогтохгүй, өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй ... Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

3.Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутад “Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багийн ********** гэх газар хүүхэд мотоциклоос унасан байна дуудлага өгье” гэж Б-н аав О гэх хүн өөрийн биеэр ирээд манай Эрүүл мэндийн төвийн жолооч Ш.Б, бага эмч Н.Ж, баригч бага эмч О бид нар сумын төвөөс тухайн дуудлага дээр очсон юм ... Тухайн үед бид нарыг очиход биеийн байдал хүнд, таталт өгсөн байсан. Асуусан асуултад хариулах боломжгүй, өвдөлт ихтэй байсан. Ингээд бид тухайн үед таталтын эмчилгээ, өвчин намдаах эмчилгээ, тархи толгойны хавангаас сэргийлэх эмчилгээ, унтуулах тайвшруулах эмчилгээ хийж толгойн зүүн шанаа хэсэгт шарх үүссэн байсан тул цэвэрлэгээ хийж даралттай боолт, хүзүү, нурууны бэхэлгээ хийж тээвэрлэж эрүүл мэндийн төв дээр авч ирсэн. Эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Шижээ дахин биеийн байдалд үзлэг хийж аймгийн нэгдсэн эмнэлгээс гэмтлийн тасаг, яаралтай тусламжаас эмнэлгийн баг ирж эмчилгээ хийгээд аймгийн төв рүү тээвэрлэсэн ... О.Б бид нарыг очиход хүүхдээ мотоциклын араар суулгаж яваад мотоциклоо унагачихлаа. Гартаа хадаас бариад яваад байсан. Унахдаа шанаа руугаа дараад уначихлаа гэж ярьж байсан. Тухайн шарх нь хэмжих боломжгүй, хавдсан байсан. Шархыг цэвэрлэсэн, цус алдсан байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/

4.Гэрч Н.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад О гэх хүн Эрүүл мэндийн төв дээр ирээд “Говь-Алтай аймгийн ********* багт хүүхэд таталт өгөөд байна” гэсэн дуудлага ирсэн. Ингээд тухайн үед би, *************** багийн эмч Б, эх баригч Х.О, жолооч, Б, О ах бид хамт явсан. Би бол биеийн байдалтай нь танилцаагүй ... Б.А нь зүүн талын орон дээр хэвтэж байсан. Өвдөлт ихтэй таталт өгсөн байсан. Биеийн байдлын үнэлээд өвчин намдаах тариа хийж, зүүн талын шанаа орчим үүссэн шархны цусыг цэвэрлэж, цэвэр боолт хийсэн, хүзүүний зориулалтын бэхэлгээг хийж сумын төв рүү тээвэрлэлт хийсэн ... Мотоциклтой хонь эргүүлж яваад хүүгээ унагачихлаа гэж байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

5.Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр З Говь-Алтай аймгийн төвд явж байсан бөгөөд над руу залгаад “Б, А хоёр мотоциклоос унасан гэнэ. Хүү таталт өгсөн байна яаралтай эмч аваад очоодох” гэсэн. Ингээд би Эрүүл мэндийн төв дээр очиж багийн эмч Б-т хэлээд эрүүл мэндийн төвөөс фургон машинтай бид хамт очсон. Бид нарыг ******** сумын ********* багийн нутаг ********** гэх газар байх Б-н гэрт ороход манай зээ баруун талын орон дээрээ таталт өгсөн байдалтай байсан. Тэгээд эмнэлгийн хүмүүс эмчилгээ хийгээд сумын төв дээр ирсэн... Гэрээс нь ойрхон уулын энгэр хэсэгт хүүгээ сундалдсан явж байхад нь мотоциклын урд талын карлан хэсэг рүү жаахан чулуу орж гацаа л яах ийхийн зуургүй мотоциклоо унагаасан гэж надад хэлсэн. Манай хүү Б-н байгаа газар нь чулуу ихтэй уулархаг газар байгаа юм ... Мотоциклтой хонь эргүүлж яваад хүүгээ унагачихлаа гэж байсан. Хүү нь мотоциклын араар нь сууж явахдаа гартаа нэг зэвтэй хадаас барьчихсан явж байсан. Наад хадаасаа хая гэж хэлээд удаагүй л хадаастай гараа дараад унасан юм байна билээ ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

6.Гэрч Р.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... О.Б над руу хөдөөгөөс утсаар яриад би хүүхэдтэйгээ мотоциклоор малаа хариулж явж байгаад мотоциклтойгоо унаад хүүхдийн чихний хэсэгт хадаас ороод таталт өгөөд байна гэж ярьсан. Би тухайн үед өөрийн нөхөр болох Л.О-тэй утсаар яриад эмч аваад хөдөө очоодох Б утсаар яриад хүүтэйгээ мотоциклоос унасан гээд байна. Юу болсныг үзээдэх гэж хэлээд сумаас эмч яваад манай ач хүү болох талийгаач Б.А-г сумын эмнэлэг дээр авч ирсэн. Ухаан орохгүй байна гэхээр нь би аймгаас хувийн унаатай аймгийн нэгдсэн эмнэлгийн машинтай сум дээр очсон юм. Намайг сумд очиход талийгаач ухаангүй эмнэлэг дээр ирсэн байсан. Аймгийн эмнэлгийн машинтай талийгаачийг аваад аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ирсэн. Ирээд үдээс хойш 16 цагийн үед ухаан орсон. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачийг хараад 5 хоносон. Аймгийн нэгдсэн эмнэлгээс хүүхэд чинь маш хүнд байна. Улаанбаатар хот руу яв гэж хэлээд нэгдсэн эмнэлгийн машинтай Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт шууд хагалгаанд ороод хүүхдийн тархи толгойны тасагт хэвтээд 6 хоног эмчилгээ хийлгээд 8 хоног дээрээ таталт өгөөд 3 дугаар эмнэлэг рүү шилжүүлээд очсон чинь таталт өгөөд болохгүй байсан болохоор эмч нар хагалгаанд орно гэж хэлээд тариа хийгээд таталт нь зогсоод хагалгаанд оруулаад 6 хоносон. Тухайн хугацаанд ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт байсан. Тэгээд манай ач хүү Б.А 7 дахь хоног дээрээ нас барсан. Тэгээд Улаанбаатар хотод нутаглуулсан ... Намайг анх харахад эмнэлэгт ухаангүй байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зүүн талын нүдний харалдаа шанаа хэсэгт бага зэрэг шалбарсан байсан ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

7.Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 06-15 дугаар хуудас/

8.Дүрс оношилгооны шинжилгээний хариу, хэвтэн эмчлүүлсэн тэмдэглэл, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ. /хавтаст хэргийн 81-85 дугаар хуудас/

9. Цогцсыг оршуулсан газраас нь гарган үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 68-75 дугаар хуудас/

10.Шүүхийн анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0625/1701 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, зүүн чамархайн хатуу хальсны урагдал, зүүн чамархай, зулайн хатуу халсан доорх цусан хураа, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, их, бага, уртавтар тархи, өнчин тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн чамархайн хуйхан доор цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, гэмтлийн дараах зүүн гүрээний дотор тараагуур болон хураагуур судасны хөндийн цоорхой гэмтэл тогтоогдлоо ... Амь хохирогчид тогтоогдсон дээрх гавал тархины ил гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ... Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь дээрх гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ ... Эмнэлгийн байгууллагад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч амь нас аврагдах боломжгүй байжээ...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 79-94 дүгээр хуудас/

11.Мөрдөгчийн М.Ган-Эрдэнийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “... Улсын дугааргүй Даюун-150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О-н Б /РД:***********/ нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэх агуулга бүхий ослын талаарх магадлагаа/хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, хэргийн материалтай танилцаад “...санал хүсэлтгүй...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жил 2(хоёр)  сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жил 2(хоёр)  сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, цэнхэр өнгийн Даюун-150 загварын мотоциклыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүгдэгчид буцаан олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  У овогт О-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1(нэг) жил 2(хоёр)  сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Б-д хүлээлгэсүгэй.

4.Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Б-д сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, цэнхэр өнгийн Даюун-150 загварын мотоциклыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүгдэгчид буцаан олгосугай.   

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА