| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01729/И |
| Дугаар | 102/ШШ2022/02377 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02377
2022 оны 06 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2022/02377 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д... аймгийн Ч... сум, Г... багт оршин суух, Б... овогт Ж...ын Д...,
Нэхэмжлэгч: Д... аймгийн Ч... сум, Ц... багт оршин суух, Х... овогт З..ын И....,
Нэхэмжлэгч: Д... аймгийн, Ч... сум, Ц... багт оршин суух, Э... овогт Н...ийн Ц..,
Нэхэмжлэгч: Д... аймгийн, Ч... сум, Ц.. багт оршин суух, Е... овогт Б...ийн Б..,
Нэхэмжлэгч: Д...аймгийн, Ч... сум, Ц... багт оршин суух, Д... овогт Н...ийн Ц..,
Нэхэмжлэгч: Д... аймгийн, Ч... сум, Ц... багт оршин суух, Э... овогт Н...ийн У... нарыг төлөөлж М.Э.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд оршин байрлах, регистр ..., МОХНН УБТЗ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 43 195 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарыг төлөөлж М.Э.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б.,
Иргэдийн төлөөлөгч Э.Х.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарыг төлөөлж М.Э. нь УБТЗ нийгэмлэгт холбогдуулан гэм хор учруулсны хохирол 43 195 000 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч нар бүгд Дорнод аймгийн Ч...сумын иргэд. 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын харьяа Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын зам байгууламжаа түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад Чойбалсан сумын нутаг дэвсгэр дэх зам дээр 5 хэсэг болгон түймэр тавьсан. Аймгийн Онцгой байдлын газраас цурав тавих зөвшөөрлийг олгож, зөвлөмж өгсөн байдаг. Эхний хэсэг нь зурсан зурвас газарт гал тавьсан. Дараа нь чулуунуудыг эргүүлж сүүлийн тав дахь хэсэгт хүмүүс нь шатсан хомоол, үнс, цурам зэргийг унтраах зохион байгуулалттайгаар нийт 20 гаруй хүмүүс явсан. Эхний шаталт нь 1 км гаруй шатаж, даваа давсан байхад хамгийн эцсийн шаталт нь үнс нурам, шатсан хомоол зэргээр дарж, 4 дахь шатлалд явж байсан хүмүүс 5 дахь шатлалтын хүмүүсийн дунд зайнаас замын хойд талруу буюу ертөнцийн зүгээр хойд хэсэгт зүүнээс баруун тийш явж байсан. Цурав тавьсан газрын 40 см зайнаас гал гарч эхэлсэн. Эрүүгийн хэргийн материалд байгаа зураглалаас тодорхой харагдана. Цурав тавьсан газраас 30 см зайтай хойд зүгт үргэлжлэн гал гарсан, шатсан гэх нотолгоо баримтууд байдаг. Түймэр нь 4 дүгээр сарын 23, 24 хүртэл хугацаанд эхлээд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс гал гарч, энэхүү нутаг дэвсгэрийн залгаа орших Гурван загал сум, Дашбалбар сум, зүүн тийш Чулуун хороот сумын нутаг дэвсгэрийг хамарч гал гарсан. Энэхүү галын улмаас эдгээр айл өрхүүдийн хашаа саравч, мал, гэр орон бараанууд зэрэг эд зүйлс шатсан. Үүнд:
1а. З.И.... нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, төмөр замд ажилладаг байсан. Түймрийн улмаас З.И...ын хашаа саравч, гэр, зарим мал гэх мэтчилэн бүгд шатаж зөвхөн өмссөн хувцастайгаа үлдсэн. З.И...нь малын хашаа саравчийг 200 000 төгрөгөөр үнэлсэн. Бэлэн мөнгө 900 000 төгрөг, 4 ханатай өвлийн бариа гэр 700 000 төгрөгөөр үнэлсэн. Нарны зай, хүлээн авагч 420 000 төгрөг, телевиз 50 000 төгрөг, модон авдар 100 000 төгрөг, сервант тавилга 100 000 төгрөг, ямаа хонь, ишиг хурга, тугал зэрэг шатсан. Нийт 10 755 000 төгрөг эд зүйлээр хохирч тусламжаар 1 000 000 төгрөг өгснийг хасаж 9 755 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.
1б. Н.Ц...ийн хашаа саравчны мөнгө 4 045 000 төгрөгийг нэхэмжилсэн.
1в. Ж.Д....ийн хашаа саравч, гэрийн бүх эд зүйлс, бичиг баримт, хоол хүнс, үхэр шатсан. Малын хашаа саравчид орсон материалын тоо, шатсан эд зүйлсийг тооцож нийт 10 610 000 төгрөгийг нэхэмжилсэн.
1г. Н.Ц... нь 8 935 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.
1д. Б.Б... нь 7 280 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.
1е. Н.У... нь 2 570 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Эдгээр нэхэмжлэгч нарын нийт үнийн дүн нь 43 195 000 төгрөгийн хохирлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тухайн байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бусдад учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх заалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэгт нотлох баримтаар аливаа зүйлийн бодит мэдээллийг шаарддаг. 1999 оны Галын аюулгүй байдлын тухай хуульд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон тэмдэглэл, тэмдэглэгээ, гал түймэр гарсан тухай акт, гал түймрийн улмаас учирсан хохирлыг нотолсон нотлох баримтууд байхгүй байна. Өөрөөр хэлбэл, гал түймэр гарсан тухай тэмдэглэлд ямар эд хөрөнгөд хохирол учирсан тухай тодорхойлолт, тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй байна. Галын акт гэдэг баримт байх ёстой. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт зааснаар “галын акт” гэдгийг эд хөрөнгөд учирсан хохирлын нотлох баримтыг гэж заасан. 1999 оны Галын аюулгүй байдлын тухай хуульд 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар гал гарсан шалтгаан нөхцөл, 25.1 дахь хэсэгт шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар заасан. Тусгайлан гал түймэр гарсантай холбогдуулан тавигдсан шаардлагатай холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй байна. Зурваст газрын дэглэм гэж байдаг. Зурваст газрын дэглэмд, зурваст газарт галт тэрэгний хөдөлгөөний үзэгдлийг хязгаарласан ургамлыг хадах гэж заасан. Төмөр замын тээврийн тухай хуульд аюултай бүсийн дэглэмийг зааж өгсөн. Аюултай бүсийн дэглэмд зурваст газарт байгаа үзэгдлийг ургамал ургаад хязгаарласан тохиолдолд хадах гэж заасан. Тухайн хууль тогтоомжийн актад ургамлыг хадах гэж заасан байхад галын байгууллагаас цурам тавих зөвшөөрөл өгсөн гэх тайлбар нь үндэслэлгүй. Түймэр тавьсан, хойд зүгт цурам тавьсан гэх 2 янзын тайлбарыг гаргадаг.Түймэр гэж хүний санаатай галдан шатаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй зүйл анги юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар түймэр тавьсан, галд нь шатаасан гэсэн үйл баримт авагдаагүй. Галын голомт нь гэж галыг хэн тавьсан, ямар эх үүсвэрээс гарсан, галыг тавьж байгаа этгээдийн гэм бурууг нотолсон баримт авагдаагүй. Энэ хэрэгт галын шинжээчийн дүгнэлт байхгүй. Юунаас болж, ямар эх үүсвэрээс гал гарсан, цурам тавихад цуравнаас оч үсэрсэн юм уу, эсвэл санаатай галдан шатаах үйл ажиллагаа явуулсан уу гэсэн галын шинжээчийн дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч тус бүр эд хөрөнгийн хохирлын талаарх асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэргээр мөрдөн шалгаж байгаа тохиолдолд гал түймрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах ёстой. Өөрөөр хэлбэр, гал түймрээс болж учирсан хохирлыг тогтоох зорилгоор мэргэжлийн үнэлгээний хуулийн этгээд, мэргэжлийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдээр дүгнэлт гаргуулсан байх ёстой. Ийм баримт байхгүй тохиолдолд гал түймэр тавьсан гэмт хэрэг, гэмт хэрэг биш гэж үзэх боломжгүй. Галын түймэртэй тэмцэх тухай хуульд заасан баримтууд байхгүй тохиолдолд шүүхэд хандаж, дэлгэрэнгүй тайлбар тавих боломжгүй. Нэхэмжлэгч нар тухайн үед эд зүйлсийн хохирлоо мэргэжлийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээдэд хандаж дүгнэлт гаргуулаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч: Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид цурам тавьж гал алдсан гэж үзэхэд нотолго баримт дутуу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн талаас илүү их нотолгоо баримт гаргаж өгөх шаардлагатай гэж үзлээ гэжээ.
4.Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх 8-10/, Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 11-18/, Ж.Д...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 19-30/, Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 11-18/, Д.З..г хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 31-48/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-52, 151-152/, хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга /хх 53-55, 153-155/, шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол% шинжээчийн дүгнэлт /хх 56-63, 156-163/, хохирол тогтоох ажлын хэсэг байгуулах тухай Засаг даргын захирамж, хохирлын үнэлгээ /хх 64-75, 150, 164-171/, гэрч, хохирогчийн мэдүүлэг /хх 76-78, 189-198/, яллагдагчаар татах тогтоол /хх 79-82, 199-200/, иргэний хариуцагчаар татах тогтоол /хх 83-85, 178-180/, Баянтүмэн тасгийн даргын “Хамгаалалтын зурвас татах тухай” А-16 тоот тушаал, зөвшөөрөл хүсэх тухай, Галын аюултай ажиллагаа явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, хээрийн түймрийн тухай /хх 86-90, 175-177/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-64 тоот тушаал /хх 90, 181/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол,гомдол шийдвэрлэсэн тухай мэдэгдэх хуудас /хх 91-97, 182-188/, малын сэг зэм усгах тухай захирамж, устгасан тухай акт /хх 98-100, 172-174/, Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 116-124, 241-242/, Б.Б..., Б.Б. нарыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 125-138/, Н.У.ыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 1139-149/, З.И...ын хохирлын үнэлгээ /хх 245-246/,
Хариуцагчаас: УБТЗ нийгэмлэгийн дүрэм /хх 247-250, 2-р хавтас 1-8/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2012 оны 4-р сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутагт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7-р зуутын шонгийн орчмоос хээрийн түймэр гарсан, улмаар экологийн болон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан үндэслэлээр эрүүгийн 201211000253 дугаартай хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ.
Энэ хэрэгт Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн дарга Л.Э...., Барилга, орон сууцны хэсгийн дарга Ш.Э... нарыг яллагдагчаар татсан боловч Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05-р сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 05/91 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүгийн 201211000253 дугаартай хэрэгт авагдсан Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 11-18/, Ж.Д...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 19-30/, Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 11-18/, Д.З...г хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 31-48/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-52, 151-152/, хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга /хх 53-55, 153-155/, шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол% шинжээчийн дүгнэлт /хх 56-63, 156-163/, хохирол тогтоох ажлын хэсэг байгуулах тухай Засаг даргын захирамж, хохирлын үнэлгээ /хх 64-75, 150, 164-171/, гэрч, хохирогчийн мэдүүлэг /хх 76-78, 189-198/, яллагдагчаар татах тогтоол /хх 79-82, 199-200/, иргэний хариуцагчаар татах тогтоол /хх 83-85, 178-180/, Баянтүмэн тасгийн даргын “Хамгаалалтын зурвас татах тухай” А-16 тоот тушаал, зөвшөөрөл хүсэх тухай, Галын аюултай ажиллагаа явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, хээрийн түймрийн тухай /хх 86-90, 175-177/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-64 тоот тушаал /хх 90, 181/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол,гомдол шийдвэрлэсэн тухай мэдэгдэх хуудас /хх 91-97, 182-188/, малын сэг зэм усгах тухай захирамж, устгасан тухай акт /хх 98-100, 172-174/, Н.Ц...ийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 116-124, 241-242/, Б.Б..., Б.Б... нарыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 125-138/, Н.У...ыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 1139-149/, З.И...ын хохирлын үнэлгээ /хх 245-246/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
Эрүүгийн хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь тухайн хэрэгт хамааралтайгаас гадна бусдыг гэм буруутай эсэх талаар яллах болон цагаатгах баримт болно. Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хохирлын үнэлгээ хийлгэх зэргээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй байна.
Нөгөө талаас, эрүүгийн хэрэгт Д.З. хохирог..чоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 31-48/ байх ба харин З..ийн И... нь бусдад итгэмжлэл олгох, хохирол шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “хохирлын үнэлгээ гаргуулаагүй, галын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдоогүй” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Хариуцагч нь Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийг нотлох баримтаар гаргасан, нэхэмжлэгч нь дүрэм зөрчсөн талаар маргаагүй байна.
3.Иргэдийн төлөөлөгчийн ...Улаанбаатар төмөр замын харъяа Баянтүмэн тасгийн ажилчид цурам тавьж гал алдсан гэж үзэхэд нотлох баримт дутуу, нэхэмжлэгчийн талаас илүү их нотолгоо баримт гаргаж өгөх шаардлагатай гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
4.Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид З.И.... 171 030 төгрөг, Н.Ц... 79 670 төгрөг, Ж.Д... 184 210 төгрөг, Н.Ц....157 10 төгрөг, Б.Б.... 180 150 төгрөг, Н.У...р 107 500 төгрөгийг тус тус төлсөн байх ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тус тус улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 9 755 000 төгрөг гаргуулахыг хүссэн З.И..., 4 045 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Ц..., 10 610 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ж.Д..., 8 935 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Ц..., 7 280 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б..., 2 570 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.У... нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.И...оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 030 төгрөг, Н.Ц...ийн төлсөн 79 670 төгрөг, Ж.Д...ийн төлсөн 184 210 төгрөг, Н.Ц...ийн төлсөн 157 10 төгрөг, Б.Б...ын төлсөн 180 150 төгрөг, Н.У...ын төлсөн 107 500 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
А.САРАНТУЯА