Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01217

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01217

Улаанбаатар хот

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, С. А /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Улаанхуаран 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух О. Л /РД:000/-д холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд 5.460.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Хариуцагч О.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч И.О /ШТ№000/,

Иргэдийн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С овогтой А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цагийн орчимд Дархан хотын Хонгор сумын нутаг дэвсгэр дээрээс О.Л 000  улсын дугаартай Тоёота Чейзер маркийн автомашинд суусан.

О.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цагийн орчимд Төв аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг 113 дахь километрийн шонгийн дэргэд 000  улсын дугаартай Тоёота Чезер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасан: эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлийн 9.1-д заасан: Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас С.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Энэ хэргийн улмаас С.А-д хүнд зэргийн гэмтэл учирсан, дэлүү язарснаас цагаан эсийн өвчинтэй болсон.

О.Л-д холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, С.А-ийн ажилгүй байсан хугацааны цалин, Ган зүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрх үүссэн.

С.А нь тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан, ослын улмаас 74 хоног ажлаас чөлөөлөгдсөн. Эмнэлгийн хуудас олгох журмын дагуу лист олгогдоогүй, листний мөнгө огт олгогдоогүй, акт бичиж өгөөгүй, харин дээрх хугацаанд өвчтэй байсан болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн картанд бичигдсэн байгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь тогтоогдоно.

Шийтгэх тогтоолд О.Л-аас 1.900.000 төгрөг төлсөн гэдэг үг байдаггүй, харин 462.106 төгрөг илүү төлсөн гэсэн байдаг.

С.А нь 2018.03.01-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цалин болох 4.400.000 төгрөг, ГЗ эмнэлэгт хоёр удаа хэвтэн эмчлүүлсэн зардал болох 1.060.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нийт 5.460.000 төгрөгийг О.Л-аас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч О.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч И.О-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Л миний бие нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цагийн орчимд Төв аймгийн ******* сумын ******* 3 дугаар сарын нутаг 113 дахь километрийн шонгийн дэргэд ******* ******* улсын дугаартай Тоеото чезер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн С.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Эрүүгийн шүүх С.А хохиролд 1.900.000 төгрөг төлсөн, үүнээс 462.106 төгрөг илүү төлсөн гэдгийг бичсэн. Үүнд ГЗ эмнэлгийн 2018.01.10-ны өдөр төлсөн баримт орсон, 462.106 төгрөг илүү төлөгдсөн.

Энэ эмнэлэгт эмчлүүлсэн 1.060.000 төгрөгөөс 462.106 төгрөгийг хасаад үлдсэнийг нь төлөхийг зөвшөөрнө.

Ажилд орсон тушаал, цалингийн тушаал байгаа боловч дээрх хугацаанд ажлаас чөлөөлсөн эсэх, эвчтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хугацаанд акттай байсан бол цалин, актны мөнгөний зөрүүг О.Л төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнээс гадна ажил олгогчийн дотоод журамд өвчтэй хүнээ хэрхэх талаар зохицуулагдсан байх ёстой гэж үзэж байна.

Ослын улмаас С.А нь 2017.11.06-ны өдрөөс эхлэн 10 гаруй хоног эмчлүүлсэн, 2017.11.24-ний өдөр эмнэлгээс би өөрөө гаргаж, гэрт нь хүргэж өгсөн. Эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө ГЗ эмнэлэгт хэвтэж байгаа гэхээр нь 100.000 төгрөг өгсөн.

Иймд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 1.060.000 төгрөгөөс илүү төлсөн гэх 462.106 төгрөгийг хасаад үлдэх 597.894 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч О.Л-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардалд 1.060.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөг, нийт 5.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч О.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 597.894 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр 113 дах километрийн шонгийн дэргэд хариуцагч О.Л нь Тоёота Чейзер маркийн 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ш.Б-ны жолоодож явсан 000  улсын дугаартай Киа гранбирд маркийн автусны өмнөөс мөргөж, С.А-ийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Төв аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт болсон байна.

/хх-ийн 3-6 дугаар тал/

 

Дээрх 35 тоот шийтгэх тогтоолоор О.Л-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй болно.

 

Энэ ослын улмаас С.А-ийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, дотуур цус алдалт /1.300 гр/, аарцгийн зөөлөн эдийн цус хуралт, бүдүүн гэдэсний язрал, баруун умдаг ясны дээд, доод салааны далд урагдал, хэвлийн хагалгаа хийгдсэн байдал, нүүрний зулгаралт, шарх, тархины эдийн дунд зэргийн няцрал гэмтэл бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №000 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Дээрх 35 тоот шийтгэх тогтоолын 6 дах заалтад С.А нь ажилгүй байсан хугацааны цалин, ГЗ эмнэлгийн эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан байна.

 

О.Л-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед тэрээр 462.106 төгрөгийг С.А-д илүү төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчилгээний зардал төлсөнтэй холбоотой баримтуудаас үзэхэд С.А нь дээрх гэмтлийн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрүүдэд ГЗ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн,

2017.11.24-ний өдрөөс 2018.12.11-ний өдөр хүртэлх хугацаанд, 2017.12.13-ны өдрөөс 2017.12.27-ны өдөр хүртэлх хугацаанд, 2017.12.27-ны өдрөөс 2018.01.26-ны өдөр хүртэлх хугацаанд, 2018.01.26-ны өдрөөс 2018.02.25-ны өдөр хүртэлх хугацаанд эмчийн бичсэн зааврын дагуу шинжилгээ өгч, эмчилгээ хийлгаж, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байна.

/хх-ийн 7-8 дугаар тал, амбулаториор эмчлүүлэгчдийн карт/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д: Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч О.Л нь нэхэмжлэгч С.А-ийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч С.А 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ДТҮ ХК-д баяжуулах туслах операторч ажилтнаар, сарын 1.100.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан, ажил олгогчоос 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №274/01 тоот Ажилд авах тухай тушаал, уг тушаалын хавсралт, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №82 тоот цалингийн тодорхойлолт, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн С.А /Регистр:000/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

/хх-ийн 9-10, 26-28 дугаар тал/

 

Хариуцагч О.Л нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн, эмчийн магадлагаатай байсан эсэх нь тодорхойгүй тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотолсонгүй.

Нэхэмжлэгч С.А нь дээрх зам тээврийн осол болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй, ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл төлөгдөөгүй, тэрээр энэ хугацаанд цалин хөлс болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж аваагүй болох нь тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалинг ажлын 74 хоног буюу түүний сарын цалин хөлсөөр тооцон хариуцагч О.Л-аас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

/1.100.000 төгрөг/21.5хоног=51.162төгрөг=3.786.046 төгрөг/

 

Иймд хариуцагч О.Л-аас баримтаар тогтоогдож буй эмчилгээний зардал болох 1.060.000 төгрөгөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед илүү төлсөн 462.106 төгрөгийг хасч, үлдэх 597.894 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.786.940 төгрөг, нийт 4.383.940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.046.060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.Л-аас 4.383.940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.076.060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч О.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 85.093 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

Э.ЭНЭБИШ