Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2516001440164 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан, хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** ХХК-н үйлдвэрийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, Б овогт Б-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт  шилжих  шөнө  Говь-Алтай  аймгийн ********* сумын ******* багийн ********** тоотод байх хохирогч Д.Г-н монгол гэрийн цоожийг нь эвдлэн орж 6 ширхэг мөнгөн аяга, их гарын судалтай манан хөөрөг 1 ширхэг, бага гарын шүрэн толгойтой сүйжин болор хөөрөг 1 ширхэг, шүрэн эрх 1 ширхэг, Ascendant гэх нэртэй эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг, бэлэн 25,000 төгрөг, шар өнгийн төмөр ээмэг 3 ширхэг, шар өнгийн төмөр бөгж 2 ширхэг, шар өнгийн төмөр хүзүүний зүүлт 2 ширхэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 5,711,000(таван сая долоон зуун арван нэгэн мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед  яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/

2.Хохирогч Д.Г-н “... 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрөөгөөд хөдөө ******** багт байдаг малынхаа айл руугаа ямаа самнах ажлаар нөхрийн хамт явсан. Тэндээ очиж хоноод маргааш нь ямаа самнаад орой 20 цаг 55 минутын үед ирээд гэртээ орох гэтэл манай хашааны хаалга хаалттай хэвээрээ байсан боловч үүдний амбаарын цоожийг оролдож амбаарыг байрнаас нь хөдөлгөсөн байсан. Тэгээд сумын цагдаатай холбогдож хэлсэн. Тэгээд цагдаа иртэл хүлээж байгаад ирэхээр нь үзүүлсэн. Тэгээд амбаарын хаалгаа түлхүүрээр онгойлгож ороход гэрийн хаалганы цоожны дарааг цохиж мурийлгасан, цүүг нь зүүн тийш нь цоожны хамт алхаар цохиж мурийлгасан байсан. Тэр алх нь уг нь үүдний амбаарт байсан шкаф дотор байсныг ил гаргаж шкафын дээр тавьсан байсан. Бас хаалганы зүүн талын цоожны хажуу дах гуя мод цуурсан харагдсаныг цагдаа зургийг нь аваад хаалгыг татахад онгойсон. Тэгээд гэр дотор ороод ерөнхий байдлыг харахад зүүн хойморт байсан цагаан сервантанд дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Мөн баруун талын цоохор авдар дээр байсан буян хишгийн жижиг авдар дээр тавьсан сувинерыг авч авдар дээр тавьсан байсан болохоор очиж дотор нь байсан хорин таван мянган төгрөг байхгүй харагдсан. Тэгээд цагдаа өөр юу алга болсныг нягтлаадах гэсний дагуу эд зүйлсээ ажиглаад гоо сайхны шүүгээний нүдийг татаж харахад миний барьдаг хөөрөг байхгүй, уут нь хоосон байсан. Бас тэнд хамт байсан улаан шүрэн эрх байхгүй болсон хоосон уут нь байсан. Мөн доод талын шүүгээг онгойлгоход Г-н хөөргөний даалин хоосон хөөргийг нь авсан байсан. Мөн Г-н хэрэглэдэг үнэртэй усыг аваад хоосон хайрцгийг нь үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас

3.Иргэний нэхэмжлэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үд өгсөн “...Би  2025  оны  05 дугаар сарын  28-ны  өдөр  эхнэр  Н-н утаснаас Говь-Алтай аймгийн зарын групп дээр Iphone-8 маркийн гар утас зарна гэсэн утгатай пост оруулсан. Тэгээд байж байтал 2025 оны 05  дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед зах дээр машинаа янзлуулаад байж байтал танихгүй дугаар залгасан. Аваад ярьсан чинь “Iphone-8 байгаа юу” гэсэн. Тэгэхээр нь би байгаа гэсэн чинь хаана байгаа вэ? яваад очъё гэсэн. Тэгээд би байгаа засварынхаа дээд талд хүрээд ир гэсэн юм. Тэгээд удалгүй цэнхэр өнгийн Приус-30 маркийн машинтай нэг залуу ирсэн. Тэгээд намайг машинд ороод ир гэсэн. Тэгээд бид 2 нэг нэгнийхээ утсыг үзсэн. Тэгсэн чинь тэр 2 залуу өөрийнхөө гар утсан дээр хөөрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би “За солихоор бол ингээд сольё” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу халааснаасаа нэг хөөрөг гаргаад ирсэн. Тэгээд би хөөргийг нь үзээд гар утсаа солиод машинаас нь буугаад явсан. Тухайн иргэнийг харвал гадарлана. Надад А50 маркийн ар талдаа сэв зураастай утас өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

4.Гэрч Д.Г-н “...Гэртээ орох гэтэл гадна амбаарын цоожийг мушгисан байсан. Тэгээд эхнэрээ дуудаж үзүүлээд сумын цагдааг дуудсан. Цагдаа ирээд зураг хөрөг дараад амбаарыг цоожоор нь онгойлгоод ороход дотор талын гэрийн хаалганы төмөр дарааг мурийлгаж хөшөөд орсон байдалтай хаалга хаалттай байсан. Тэгээд бид гурав хаалгыг татаж онгойлгоод гэр лүү орсон. Гэрт ороход хоймор талын юмнуудыг онгичсон бололтой байсан. Сервантанд байсан 6 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд өөр юу алга болсон байна гээд харахад эхнэр бид хоёрын 2 хөөрөг, шүрэн ирэх, буяны авдар дотор байсан 25,000 төгрөг алга болсон байсан. Бас миний хэрэглэдэг үнэртэй ус байхгүй байсан. Баруун талын авдрыг хөшөөд онгойлгох гэж үзсэн байсан. Тэгээд би цагдаа явсны дараа баруун талын айлын охиноос нь асуусан чинь би юм мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь цаад талын айл болох Ш-нд орсон чинь охин нь байсан. Тэгээд би асуусан чинь шөнө 01 цагийн үед Б ахын хашаа руу нэг хүн орж байсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/

5.Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цагаас 06 цаг 30 минутын хооронд би босоод хашаан дотроо явж байхад манай дээд талд байдаг Г-н хашааны урд тал руу уруудаад хар өнгийн хувцастай, дунд зэргийн насны гэмээр өндөрдүү нуруутай, туранхайдуу эрэгтэй хүн алхаад хашааны булангаар хойшоо эргэх янзтай явж байсан юм. Өөр юм хараагүй...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/

6.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 10-20 дугаар хуудас/

7.Хохирогч Д.Г-р хулгайд алдагдсан гэх эд хөрөнгүүдийг таньж олуулах ажиллагаа явуулсан 2025 оны 06 дугаар сарын 08, 26-ны өдрийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 55-85, 91-94 дүгээр хуудас/

8.Иргэний нэхэмжлэгч Ц.Б-р шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа явуулсан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудас/

9.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-925-912634 дугаартай “... хулгайд алдагдсан гэх шар өнгийн ээмэг, шар ангийн төмөр бөгж, шар өнгийн төмөр хүзүүний зүүлтийг нийт 116,000 төгрөгөөр үнэлсэн ...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 142-147 дугаар хуудас/,

10.“Ашид Билгүүн”  ХХК-ийн   2025  оны  05  дугаар  сарын  29-ний  өдрийн ТХҮ-925/912367 дугаартай “...хулгайд алдагдсан гэх 6 ширхэг мөнгөн аяга,  судалтай манан хөөрөг, сүүжин болор хөөрөг, шүрэн эрх, эрэгтэй үнэртэй ус, бэлэн мөнгийг нийт 5,595,000 төгрөгөөр үнэлсэн ...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 142-147 дугаар хуудас/

11.Иргэний нэхэмжлэгч Ц.Б-с бор хүрэн өнгийн чулуун эх биетэй, толгойн оройн хэсэг нь улбар шар өнгийн шүр мэт, дунд хэсэг нь цайвар ногоон өнгийн оюу мэт, толгойн доод хэсэг нь шаргал өнгийн алт металл, хутгуур хэсэг нь ясан 6,5 см өндөртэй 4 см өргөнтэй хөөрийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

12.Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрч Ц.Н-н “**************” гэх хаягтай фейсбүүк хаяг, А-53 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 27-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-т 5,711,000(таван сая долоон зуун арван нэгэн мянга) төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Д.Г-т хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл/хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/-ээр хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийн материалтай танилцаад хохирогч Д.Г нь “...санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх хүсэлт, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь  “... гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан ...” гэх хүсэлт тус тус гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1(нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА