Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц-д холбогдох 2516000880156 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан,  ам  бүл  1,  ганцаараа амьдарч байгаа гэх, Говь-Алтай аймгийн ******* сумын ****** багийн ******** хороо задгай тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай, Ц овогт Ц-н Ц.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дугар зүйлийн 2.1-т заасаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

1.Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багийн *********** хорооны задгай тоотод байх гэртээ 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Н.М-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг гэрээсээ хөөж гарган гэрийн гадаа маргалдах үедээ түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.1.Шүүгдэгч Ц.Ц-н шүүх хуралдаанд өгсөн  “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ... Хохирлыг төлж барагдуулсан ... 3,500,000 төгрөг дээр эм тарианы мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2.Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц гэх хүнтэй хамтран амьдрахаар 2024 оны 12 дугаар сард Говь-Алтай аймагт ирсэн юм. 2025 оны 03 дугаар сарын 03- ний өдөр гэртээ байхад гаднаас Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирэхээр нь би Ц-г гэртээ согтуу ирлээ гэж хэлэхэд гэрээсээ намайг хөөж гадаа гаргасан. Би гэртээ орох гээд хаалгаа нүдсэн ч Ц хаалгаа тайлахгүй байсан ба намайг дахин хаалга нүдэх үед Ц гэрээсээ гарч ирээд хаалга үүд цохилоо гэж хэлээд намайг түлхэх үед би унахдаа гэрийн үүдний амбаарт хажуу гэрийн даруулга хийсэн чулуун дээр унасан. Би босох гэхэд миний баруун гарын шуу хэсэг өвдөөд би Ц-н хамт гэртээ орсон. Миний гар өвдөөд байсан болохоор маргааш өглөө алхаж ирээд гараа эмнэлэгт үзүүлэхэд миний гарыг гэмтсэн байна гээд боолт хийсэн ... Миний баруун гарын шуу хэсэг хугарч мөн мах тасарсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41  дүгээр хуудас/

1.3.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГОА0725/110 дугаартай “ ... Н.М-н биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх шуу ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Н.М-н биед учирсан гэмтэл нь 2025 оны 03 сарын 03-ны өдрөөс 2025 оны 03 сарын 06-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой гэмтэл байна ... Н.М-н биед учирсан шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” гэх агуулга бүхий дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар,

2.Шүүгдэгч  Ц.Ц  нь  согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн ******** хорооны задгай тоотод байх гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Н.М-тай хэрүүл маргаан үүсгэж, “миний архи уух чамд хамаа байхгүй” хэмээн мах идэж байсан хутгаараа түүний баруун гуя хэсэг рүү хутгалж түүний биед баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

2.1.Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Ц гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэж гэрт орж ирсэн. Ц гэрт орж ирээд чанаад бэлдсэн мах идэж байх үед би Ц-г архи уулаа гэж уурлахад Ц мах идэж байсан хар хутгийг гартаа барьсан байх үедээ миний архи уух чамд хамаа байхгүй гэж хэлээд миний баруун гуя хэсэг рүү хутгалсан. Би айсандаа гэрээсээ гарч зугтаад засмал зам дээр очоод гараа өргөөд зогсоход нэг машинтай залуу ирж зогсоод надаас юу болсон талаар асуухад би цагдаа дуудаж өгөхийг хүссэн. Удалгүй хоёр цагдаа ирээд намайг эмнэлэг аваад явсан ... Баруун гуя дээрээ хутганы шарх дээрээ 3 оёо тавиулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41  дүгээр хуудас/

2.2.Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрч байхад сургуулиас хүүхдээ аваад гэртээ харих гээд явж байхад засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд баруун гараа боосон 50-55 насны эмэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь би юу болсон юм бол гэж бодоод машинаа тухайн эмэгтэйн хажууд зогсоогоод юу болсон талаар асуухад надаас гар утсаа өгөөч би цагдаа руу дуудлага өгөх гэсэн юм. Манай нөхөр миний гуя руу хутгалчихлаа гэхээр нь би цагдаагийн газрын 7048102 дугаарын утсанд энд хүн хутгалуулсан байна гэж дуудлага мэдээлэл өгсөн ... ******* сумын ********* баг ******* хорооны дунд замын хажуу талд ганцаараа зогсож байсан. Манай нөхөр намайг хутгалчихлаа гэж надад хэлээд намайг цагдаа дуудаж өгөхийг хүссэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

2.3.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГОА0725/110 дугаартай “ ... Н.М-н биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо ...  Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Н.М-н биед учирсан гэмтэл нь 2025 оны 03 сарын 03-ны өдрөөс 2025 оны 03 сарын 06-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой гэмтэл байна ... баруун гуянд үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/

2.4.Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Н-н М-н сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал шинжүүд хөнгөн илэрч байна ... Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна ...” гэсэн дүгнэлт./хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/

2.5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтаар  тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2.6. Шүүгдэгч Ц.Ц болон хохирогч Н.М нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч болох нь тэдгээрийн мэдүүлэг болон гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Н.М нь 2018 оноос эхлэн манай төрсөн ах Ц-тай хамтран амьдарч байгаа эмэгтэй юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, сэтгэцэд 1 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 439,223(дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун хорин гурав) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “...Миний бие Ц-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний төлбөрт 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг дансаар төлсөн...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид нийт 3,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  439,223(дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун хорин гурав) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь ХААН банкны  мөнгөн шилжүүлгийн баримтууд/хавтаст хэргийн 18-19, 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10(арав) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т засан хорих ялыг оногдуулахгүйгээр 10(арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Ц-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц-д тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/337 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-н цагдан хоригдсон 1(нэг) хоногийг 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 439,223(дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун хорин гурав)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Ц-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т засан хорих ялыг оногдуулахгүйгээр 10(арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 550(таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Ц-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг болон шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ц-д тус тус сануулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-н цагдан хоригдсон 1(нэг) хоногийг 15(арван тав)  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний эдлэх торгох ялаас хасаж тооцсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 439,223(дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун хорин гурав)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА