Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/01288

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/01288

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух,  Б. Б /РД:000/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 хорооны товчооны 0 гудамж 0 тоот хаягт оршин суух үндсэн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0дүгээр хороо, Дэнж 0-0 тоотод түр оршин суух,  П.О /РД:000/-т холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8.396.263 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой Б би П овогтой О-тэй 2016 оны 6 дугаар дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай өөрийн өмчлөлийн хувийн сууцыг Түрээсийн гэрээ байгуулан сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Түрээсийн төлбөрийг cap бүрийн 2-ны өдөр төлөх хуваарь тохиролцсон. П.О нь дэлгүүр ажиллуулж байгаад сүүлийн 8 cap, 3 хоногийн төлбөр 8.100.000 төгрөг төлөх ёстойгоос 1.660.000 төгрөгийг цувуулан өгсөн.

П.О нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байшингийн түлхүүр хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр түрээсийн үлдэгдэл 5.610.000 төгрөг, үүнийг 3 сарын дотор төлж барагдуулна, хэрэв төлөхгүй бол 5 хувийн алданги төлнө гэж бичиж өгсөн. Түүний өөрийнх нь бичиж өгснөөр алдангийг түрээсийн үлдэгдэл 5.610.000 төгрөгийг 5 хувиар бодож 7 сарын хугацааны алданги 1.963.500 төгрөг нэхэмжилнэ.

Иймд П.О-ээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5.610.000 төгрөг, алданги 1.963.500 төгрөг, хэрэглээний зардал болох цахилгааны төлбөр 732.563 төгрөг, хогны төлбөр 20.000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 8.396.263 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч П.О шүүхэд гаргасан тайлбартаа:

П овогтой О миний бие Б овогтой Б-аас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хувийн сууцыг нь дэлгүүрийн зориулалтаар түрээслэн гэрээ байгуулан орж байсан.

Ингээд эхний жилдээ 400.000 төгрөгийг тогтмол төлөлттэй явсан. Тэгээд хоёр дахь жилээсээ 600.000 төгрөгөөр гэрээ хийн ажилласан. 2016 оноос эхлэн сарын түрээсээ 1.000.000 төгрөг болгож эхэлсэн. 2017 оны 12 сар хүртэл түрээсээ тогтмол төлдөг байсан. Үүнээс хойш орлого багасаж түрээсээ цувуулан өөрийн биеэр ирж авдаг болсон. Үүнээс өмнө түрээсийн мөнгөө дансаар хийдэг байсан. Тэгээд цувуулан авсан мөнгө нь 1.660.000 төгрөг болсон. Сүүлд бид хоёрын тооцоо нийлсэн түрээсийн үлдэгдэл мөнгө нь 5.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс гадна тогны төлбөр болох 732.563 төгрөг, хогны мөнгө болох 20.000 төгрөгийг төлөөгүй.

Надад ирсэн нэхэмжлэл 7.262.763 төгрөг байна. Миний тооцоогоор бол 6.352.563 төгрөг байна. Энэ хоёрын зөрүү болох 840.000 төгрөгийг надаас илүү нэхэмжилсэн байна гэжээ.

/хх-ийн 14 дүгээр тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч П.О-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6.440.000 төгрөг, хэрэглээний зардал болох цахилгааны төлбөр 732.563 төгрөг, хогны төлбөр 20.000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 7.262.763 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч П.О-ээс 7.262.763 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас үлдэгдэл төлбөр 6.440.000 төгрөгийг 5.610.000 төгрөг болгон өөрчилж, алданги 1.963.500 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 8.396.263 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.

 

Хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн үлдэгдэл 5.600.000 төгрөг, хэрэглээний зардал болох цахилгааны төлбөр 732.563 төгрөг, хогны зардал 20.000 төгрөг, нийт 6.352.563 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Товчоо 0 дүгээр гудамж, 00 тоотод байршилтай, 159.6 м.кв талбай бүхий, хувийн сууцнаас 18 м.кв талбай бүхий, 1 өрөөг хариуцагч П.О-т хөлслүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр түүний эзэмшилд шилжүүлэн өгөх, хөлслөгч П.О нь хөлс төлөхөөр №1499 тоот Хувийн сууц хөлслөх гэрээ-г 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ.

 

Талууд гэрээний 5-д сарын төлбөр 1.000.000 төгрөг, төлбөрийг сар бүрийн 20-ны өдрөөс дараа сарын 05-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.

/хх-ийн 5-6 дугаар тал/

 

Дээрх гэрээнээс үзэхэд хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшингийн өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд гэрээний зүйл болох орон сууцны өрөөг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, орон сууцны хөлсний үлдэгдэл 5.610.000 төгрөг, үүнийг П.О 3 сарын дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд 5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд мөн өдөр өрөөг чөлөөлж, хөлслүүлэгч Б.Б-д хүлээлгэн өгсөн байна.

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Б нь 7 сарын хугацааны алдангид 1.963.500 төгрөг шаардахдаа дээр дурдсан хариуцагч П.О-ийн өөрийнх нь бичиж өгсөн баримтыг үндэслэсэн гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог.

 

Үүнээс үзэхэд хариуцагч П.О нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл хөлс 5.610.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр нэхэмжлэгч Б.Б-тай тохиролцож, анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д:Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаас үзэхэд талууд алдангийн хэмжээг 5 хувь байхаар тохиролцсон боловч тэдний энэхүү тохиролцоог хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ000/000 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байсан П.О-ийн оршин сууж байгаа хаягийг тогтоосон болох нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14к/539 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

/хх-ийн 3 дугаар тал/

 

Иймд хариуцагч П.О-ээс рхрн сууц хөлслөх гэрээний үүрэгт үлдэгдэл хөлс 5.610.000 төгрөг, алданги 199.155 төгрөг /5.610.000х0.5%=28.050төгрөг/30хоног=935төгрөгх213хоног/, цахилгааны төлбөр 732.563 төгрөг, хогны төлбөр 70.200 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 6.631.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.764.345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч П.О-т гардуулан өгсөн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Хариуцагч П.О нь шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагч П.О-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч П.О-ээс 6.631.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.764.345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар хариуцагч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 121.060 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ