Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Т.Төгөлдөр,

хохирогч *********,

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч *********нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2425004160038 дугаартай, 312/2025/0104/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 02 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-8 дугаар байрны урд талд хохирогч *********тай таарч, үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган хэвлий хэсэгт нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*********, хохирогч ********* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425004160038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 02 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-8 дугаар байрны урд талд хохирогч *********тай таарч, үл ойлголцох асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган хэвлий хэсэгт нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********ын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө *********д зодуулж эмнэлэгт хэвтэж 2 удаагийн хагалгаанд орсон. 2-3 гуурстай 6 сар байсан. Хохирол бол маш их гарсан. Эмч нар группт ор гэж байсан ч би ажилгүй болно гэж бодоод зөвшөөрөөгүй. Хоёр гуурстай байхдаа ажилд орсон. Амьдрахын эрхэнд бохир орчинд ажилласан. Том хүү Япон явах байсан ч миний энэ асуудлаас болж явж чадаагүй. *********д гомдолтой байна. 33,967,000 төгрөгийн нэхэмжлэлээс 33,500,000 төгрөгийг хүлээн авсан. 467,117 төгрөгийг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч *********ын өгсөн: "...Би 2024 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Оюут багт үйл ажиллагаа явуулдаг 808 бааранд найзын хамт ороод бааранд 0,75 литрийн архи найзуудтайгаа хамт хувааж уучхаад баар хаахаар нь баарнаас гараад найзуудаасаа салаад ганцаараа гэр лүүгээ алхаад 3-8 дугаар байр 3-9 дүгээр байрны дундуур явган хүний замаар явж байтал үл таних нэг залуу бид хоёр өөд өөдөөсөө угталцан явж таарсан. Тэгтэл үл таних залуу надад хандан өндөр дуугаар яасан гэхээр нь би яасан юм бэ гэж гайхсан шинжтэй асуухад юм хэлэхгүй байснаа цаанаас нэг залуу гүйж ирээд эхлээд шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа хүчтэй цохиход ухаан балартаад шууд доошоо газар унаад өгсөн. Тэгсэн чинь л миний дээрээс ухаан жолоогүй гар хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Тэгээд бүгд яваад өгсөн. Тэгээд дахиад нэг залуу нь эргэж ирээд намайг зодчихоод яваад өгсөн... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг зодсон гэх залуу нэлээн согтуу байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг; (хэргийн 19-20 дахь тал), 

2. Гэрч *********өгсөн: “....2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нийг шилжих шөнө 00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 808 баар руу *********, *********, таньдаг эмэгтэйн хамт бид дөрөв ороод архи согтууруулах ундааны зүйл уусан юм. Тэгээд би ямар зүйл авсан талаараа бол сайн мэдэхгүй байна. Тэгээд баар хаах үед баарнаас гарсан юм. Тухайн бааранд бид дөрвөөс өөр хүн байхгүй байсан юм. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан учраас баарнаас яаж гарсан талаараа бол сайн санахгүй байгаа юм. Тэгээд би гэнэт ухаан орсон чинь такси дотор ганцаараа суучихсан явж байсан тул би *********, ********* нарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан юм... *********, ********* бид нарын хооронд ямар нэгэн зодоон маргаан бол болоогүй юм..." гэсэн мэдүүлэг, (хэргийн 26-27 дахь тал), 

3. Гэрч А.*********ы өгсөн: "...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны шилжих шөнө 00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 808 баар руу *********, *********, ********* нарын хамт бид дөрөв орсон юм. Тэгээд ороход тухайн бааранд бид дөрвөөс өөр хүн байхгүй байсан. Тэгээд архи ууж байгаад баар хаах үед баарнаас гарсан юм. Тэгээд ********* гэдэг манай найз эмэгтэй 808 дугаар байрны seoul castel байранд байдаг болохоор тэдний гэр рүү бид хоёр орсон юм. Тэгээд үүрээр гэртээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12 дугаар байр руу харьсан юм. Би баарнаас гарах үед архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байгаа ...*********, ********* бид нарын хооронд ямар нэгэн зодоон маргаан бол болоогүй юм.." гэсэн мэдүүлэг, (хэргийн 30-31 дэх тал), 

4. Гэрч Б.*********гийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэст би төрсөн өдөр тэмдэглэж явж байсан чинь *********тай таарсан чинь хоёр эрэгтэй найзтайгаа явж байсан юм. Тэгээд бид хэд дээдсийн караоке орж бид дөрөв тал шил архи ууссан юм. Тэгээд Дээдэс хаах үед 00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг манай байрны хажуугийн 808 дугаар баар луу бид дөрөв орсон юм. Тэгээд бааран дотор бид дөрвөөс өөр хүн байхгүй байсан юм. Тэгээд бааран дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад баар хаах үед баарнаас ********* бид хоёр түрүүлж гарч манай гэр рүү орсон юм. Тэгээд ********* манай гэрт цуг хоносон юм. Тэгээд шөнө нэг найз нь залгаад такситай яваад байна гэж яриад байсан... Бааран дотор бол ямар нэгэн зодоон маргаан болоогүй юм. *********ы найзууд баарнаас гараад хаачсан талаар сайн мэдэхгүй байгаа..." гэсэн мэдүүлэг, (хэргийн 30-35 дахь тал), 

5. Гэрч *********өгсөн: "...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах "Vegas" баар руу найз *********, *********нарын хамт 22 цаг өнгөрч байх үед орсон юм. Тэгээд нэг шил архи авч бид гурав хувааж ууж байгаад 00 цагийн үед хажуугийн Богд гол баар руу орж 1 шил архи бид гурав хувааж ууж байгаад баар хаах үед гарсан юм. Тэгээд Богд гол баарнаас гарсан чинь гадаа бөөн зодоон болж байсан юм. Тэгээд бид гурав худалдааны гудамжаар алхаад Төрийн банкны урд талд явж байсан чинь ардаас 5-6 хүн дуудаж хүрч ирсэн юм. Тэгээд тэр хүмүүстэй маргалдаж зодоон болоод сүүлдээ эвлэрээд салаад бид гурав 3-8 дугаар байр руу чиглээд алхсан юм. *********бид хоёр Сэлэнгэ зочид буудалд буудал авсан байсан учраас алхаж байсан юм. Тэгээд ард ********* үлдсэн юм. Тэгээд бид хоёр түрүүлээд явж байсан чинь ард талд хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гарахаар нь нөгөө залуучууд нь хүрээд ирсэн юм болов уу гэж бодоод *********бид хоёр очсон чинь ********* нэг өндөр залуутай муудалцаж, зодолдоод байж байхаар нь *********бид хоёр салгасан юм. Тэгээд *********ийг салгаад таксинд суулгаж өгсөн... ********* дээр очих үед барьцалдсан байдалтай цохиод байсан. Хаана нь цохисон талаар бол би сайн хараагүй... Би тухайн эрэгтэй хүнийг цохиж зодсон асуудал бол байхгүй. ********* зодолдоод байсан юм..." гэсэн мэдүүлэг, (хэргийн 38-39 дэх тал), 

6. Гэрч *********өгсөн: "...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах "Vegas" баар луу найз *********, *********нарын хамт 22 цаг өнгөрч байх үед орсон юм. Тэгээд нэг шил архи бид гурав хувааж ууж байгаад дан залуу хүүхдүүд байхаар нь 00 цаг өнгөрч байх үед Богд гол гэдэг баар луу орж 1 шил архи бид гурав хувааж ууж байгаад баар хаах үед гарсан юм. Тэгээд Богд гол баарнаас гарсан чинь гадаа бөөн зодоон болж байхаар нь хажуугаар нь гарч явсан юм. Тэгээд бид гурав худалдааны гудамжаар алхаад Төрийн банкны урд талд явж байсан чинь ардаас 5-6 эрэгтэй хүн дуудаж хүрч ирсэн юм. Тэгээд тэр хүмүүстэй *********, ********* нар зодолдсон юм. Тэгээд би дундуур орж салгаж сүүлдээ хоорондоо эвлэрээд салсан юм. Тэгээд би тэр хоёрыг аваад 3-8 дугаар байр луу чиглээд алхсан юм. Тэгээд Төрөө хүнтэй утсаар яриад үлдэж би эндээс таксинд суугаад явчихна гэхээр нь ********* бид хоёр Сэлэнгэ зочид буудалд буудал авсан байсан учраас түрүүлээд алхаад явсан юм. Тэгээд ард хүн орилохоор нь ********* бид хоёр ********* дээр очсон чинь нэг залуутай зодолдоод байж байхаар нь ********* бид хоёр салгасан юм... ********* тухайн эрэгтэй хүнтэй барьцалдсан газар унагасан цохиод байсан. Харанхуй байсан учраас хаана цохисон талаар нь би хараагүй салгасан... Би тухайн эрэгтэй хүнийг цохиж зодсон асуудал бол байхгүй..." гэсэн мэдүүлэг, (хэргийн 42-43 дахь тал), 

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 741 дугаартай “...*********ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийн тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дух, баруун хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийн тогтоох хурмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, (хэргийн 54-57 дахь тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай "...********* овогтой ********* /РД: ФД85100212/-ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт, (хэргийн 48-50 дахь тал), 

9. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 09-14 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *********, гэрч *********, А.*********, Б.*********, *********, Г.*********нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 741 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 02 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-8 дугаар байрны урд талд хохирогч *********тай таарч, үл ойлголцох асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган хэвлий хэсэгт нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 741 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ********* бусдын бие, эрх чөлөөнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч ********* үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хүнд хохирол болох "хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс, нарийн бүдүүн гэдэсний чацархайн няцрал урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлий нээж шалгах, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гуурсдах хагалгааны дараах байдал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт зэргийг эмчлүүлэхэд гарсан зардал болох Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийгдсэн мэс заслын төлбөр, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр, эмчлүүлэхээр явсан замын зардал, эм болон хоол хүнсний зардалд 2,196,235, сэтгэл санааны хохирол 3-р зэрэглэлийн дээд хувиар тооцож 15,173,400, ээлжийн амралтын зөрүү 2,725,398, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 13,872,084 нийт 33,967,117 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт ирүүлснээс шүүгдэгч *********нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 33,500,000 төгрөгийг сайн дураараа төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар нотлогдож байна.

          Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” заасны дагуу хохирогч *********ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

          Үүнд: Хохирогч ********* 33,967,117 төгрөгийг нэхэмжилж 33,794,117 төгрөгийн баримт хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /173,000 төгрөгийн зөрүү/, шүүгдэгч нь 33,500,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт төлөгдөөгүй үлдсэн 467.117 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь Монос эмийн сангийн Лояалти онооны 173,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж нэхэмжилсэн болох нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Монос Орхон фарм” ХХК-ний Ибаримтаар нотлогдож байх тул уг 173,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, хэрэгт хамааралгүй буюу хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс /Сансар худалдааны төвөөс худалдан авсан жүүс 1,610 төгрөг, Монос эмийн сан 80 төгрөгийн зөрүү, Ази фармаас авсан хүүхдийн витамин 31,140 төгрөг, Монос эмийн сангаас авсан жүүс, ундаа, чихэр 28,700 төгрөг/ худалдан авсан 61,530 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс төлөгдөөгүй үлдсэн 467.117 төгрөгөөс 173.000, 61,530 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 232,587 төгрөгийг шүүгдэгч М.*********өөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Хохирогч ********* нь уг гэмтлийн улмаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 1,631,828 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан /хэргийн 96-97 дахь тал/ байх тул Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ“ гэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч М.*********өөс 1,631,828 төгрөгийг гаргуулж, Эрүүл Мэндийн Даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Шүүх, хохирогч *********ад учирсан гэмтэлд дүгнэлт хийж гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 минутын завсарлага авч хохирогч *********ад 233.000 төгрөгийг төлсөн /дансаар шилжүүлсэн/ байх тул шүүгдэгч ********* энэ тогтоолоор хохирогч *********ад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай, хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулах гэх байр сууринаас, хохирогч *********аас шүүгдэгч нь хоёр хүүхэдтэй, залуу хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн тул хамгийн бага эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.

Шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ********* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 82-94 дэх талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрэн сурвалжлагдсан талаарх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *********нь 36 настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 15-21 тоотод эхнэр, 6-11 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, нэр дээр Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч ********* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хохирогчид учруулсан материаллаг хохирлыг нэхэмжилсэн үнийн дүнгээр нөхөн төлж барагдуулсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч *********ын “...бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 24 (хорин дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.*********өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 12.000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* шүүхээс оногдуулсан 12.000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгийн торгох ялыг 24 (хорин дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********нь хохирогч *********ад 33.733.000 (гучин гурван сая долоон зуун гучин гурван мянга) төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 61.530 (жаран нэгэн мянга таван зуун гуч) төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг дурдаж, шүүгдэгч М.*********өөс 1.632.828 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга найман зуун хорин найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн дансанд олгуулж, хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч М.*********өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ