| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/01455/И |
| Дугаар | 102/ШШ2022/02798 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/02798
| 2022 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2022/02798 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ТБ ХХК
Хариуцагч: Т.У
Хариуцагч: М.А
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 19,961,405.14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х
Хариуцагч Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Т.У, М.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: ТБ ХХК нь зээлдэгч Т.У, М.А нартай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 16,500,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Зээлийг зээлдэгчийн ... тоот дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... тоот барьцааны гэрээг байгуулж, уг автомашины фидуци гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнд: Тоёота приус 30 /Toyota prius 30/ маркийн .... улсын дугаартай, .... арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, цайвар цэнхэр өнгийн автомашин. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 827 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,471,949,88 төгрөг, үндсэн хүүнд 3,936,049.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,650.50 төгрөг, нийт 7,413,650 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч 2019 оны 02 сараас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Ингэж зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ТБ ХХК нь зээлдэгч Т.У, М.А нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж Т.У, М.А нараас үндсэн зээл 13,028,050.12 төгрөг, үндсэн хүү 6,581,190.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352,164.98 төгрөг, нийт 19,961,405.14 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч Т.У шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зээлээ төлнө. Би зээл авах үедээ МН ресторанд 3 жил ажилласан байсан учраас нийгмийн даатгалаар машин авсан. Зээлээ жилийн хугацаанд хэвийн төлж байсан боловч Солонгос улс руу явах визний урилга ирсэн учраас ажлаасаа гарчихсан. Гэтэл Солонгос улс руу явах ажил бүтээгүй. Тэгээд ажилгүй болсон, өмнө жилийн 11 сард манай багийн найз надаас ...машинаа өгөөч ажил амжуулчихаад ирье гэж хэлээд миний машиныг авч яваад алга болсон. Би цагдаад өргөдөл бичиж өгөхөд манай найзыг Сонгинохайрхан дүүрэг дээр бас эрэн сурвалжилж байгаа. М.А нь уг зээлд хамаагүй, зээлийг би өөрөө төлж дуусгана. Зээлийн тооцоолол болон авсан эсэх тал дээр би маргахгүй, нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
3. Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Т.У Приус 30 машинд хамтран зээлдэгчээр орсон нь үнэн. Гэхдээ тэр машины 16,500,000 төгрөгийг авч, машиныг унаж хэрэглээгүй тул төлөхөөс татгалзаж байна. Дараа болох хурлыг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Дээрх төлбөрийг Т.У төлж барагдуулах ёстой гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4-5/, Барьцаат зээлийн гэрээний хуулбар болон хавсралт /хх 6-8/, Фидуцийн гэрээний хуулбар болон хавсралт /хх 9-10/, Төрийн банк ХХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 11-15/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 16/, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 17/, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 18/, Т.У гар өргөдөл /хх 19/, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн уулзалт хийсэн тэмдэглэл /хх 20/, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хх 21/, Т.У гараар бичсэн хүсэлт /хх 22/, М.А гар өргөдөл /хх 23/, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хх 24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 25/, хүсэлт /хх37.
4. Хариуцагч Т.У дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 42/.
5. Хариуцагч М.А дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, хариу тайлбар /хх 59/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг талаас ТБ ХХК, нөгөө талаас Т.У, М.А нар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр .... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 16,500,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 1.80 хувь, жилийн 21.60 хувийн хүүтэй зээлж авчээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө .... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан ..... улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Т.У, М.А нарт холбогдуулж 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 13,028,050.98 төгрөг, зээлийн хүү 6,581,190.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352,164.98 төгрөг, нийт 19,961,405.14 төгрөг гаргуулах, үүргийг фидуцийн зүйл болох автомашинаар хангуулах агуулга бүхий шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2019 оны 02 сараас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Барьцаат зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Мөн хариуцагч нар зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагч нараас 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 13,028,050.98 төгрөг, зээлийн хүү 6,581,190.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352,164.98 төгрөг, нийт 19,961,405.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
Харин фидуцийн гэрээ нь барьцааны гэрээнээс ялгаатай бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчээс бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангах эсвэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө төлөх баталгаа болгож өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.У, М.А нараас 19,961,405.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох .... улсын дугаартай, Тоёота приус 30 /Toyota prius30/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У, М.А нараас 257,757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ