| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/220 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/220
2025 04 28 2025/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
хохирогч , **********,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,
шүүгдэгч , ********** нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , ********** холбогдох эрүүгийн 2425005830111 дугаартай, 312/2025/0184/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч , ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын , ********** багийн нутаг дэвсгэрт , ***** дугаар цэцэрлэгийн хойд талын авто зам дээр болон машин дотор хохирогч , ********** тооцоо хийсэнгүй гэж маргаан үүсгэн гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь "баруун гуя, баруун өвдөг, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч , **********, хохирогч , ********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425005830111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч , ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын , ********** багийн нутаг дэвсгэрт , *** дугаар цэцэрлэгийн хойд талын авто зам дээр болон машин дотор хохирогч , ********** “тооцоо хувааж хийсэнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэн түүнийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “...баруун гуя, баруун өвдөг, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зулгаралт, тархи доргилт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч , ********** өгсөн: 2024 оны 11 дүгээр сарын 15-нд Копер бааранд Flash хамтлагийн тоглолт болоод 01 цагийн үед , ********** гэдэг найзтайгаа хамт орсон. Тухайн бааранд ороход манай үеэл дүү байсан. Тэгээд 3-лаа хамт нэг ширээнд суусан. 01 цаг 30 минутын үед тоглолт дуусаад хаах явцад миний утасны цэнэг дуусаад унтарчихсан байсан болохоор би баарны текин дээр очоод утсаа цэнэглүүлээд зогсож байсан. Тэр үед , ********** гээд найз манай үеэл дүү , ********** хамт ширээн дээр сууж байхад нь хохирогч ирээд суучихсан байсан. Би тухайн үед бодохдоо , **********, , ********** хоёрын найз юм болов уу гэж бодсон. Нэр усаа хэлж танилцаагүй. Баарнаасаа гараад үргэлжлүүлээд эхлээд “Топаз” караоке руу очиход хаачихсан байсан. , ********** найз нь “Чимэг төвийн 808 нэртэй караоке”-д ажилладаг. Тэр караоке руу нь бид дөрөв очсон, тухайн караокед нэг цаг дуулсан. Ширээнд авсан зүйлүүдийн тооцоо нь 450.000 төгрөг болсон. Тухайн үед дөрвүүлээ хуваагаад төлье гэсэн боловч хохирогч гараад явчихсан байсан. , ********** бүх тооцоог нь хийсэн. , ********** нөхөр, манай нөхөр хоёр, бид нарыг авах гээд ирчихсэн байсан. Караокеноос гараад явж байсан чинь хохирогч Есөн-Эрдэнийн хажууд ганцаараа алхаад явж байхаар нь суучих гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд машинд суухаар нь бүгдээрээ хамтдаа ууж идчихээд тооцоогоо хуваагаад дөрвүүлээ төлье гэхэд гараад явчихсан байх юм эсвэл тооцоогоо шилжүүлчихгүй юу гэсэн чинь миний утас унтарчихсан байна гэхээр нь машинд цэнэглэчих гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт явж байсан. Тухайн үедээ би бодохдоо бүгдээрээ хамт ууж идчихээд тооцоогоо төлөх болохоор алга болчхож байгаа болов уу гэж бодсон. Найз , ********** нөхөр , ********** хоорондоо тооцооны асуудлаас болж муудалцаад байсан. Утсаа цэнэглэчих гэсэн боловч чи надаас 5, 10 доллар нэхлээ, энэ залуугаа хэдээр дуудсан юм. Дуудсан бол тооцоогоо төлүүлчхэж чадахгүй байна уу? хэдээр биеэ үнэлж энэ залуугаа дуудсан юм бэ гэж нөхрийн минь хажууд намайг доромжилсон хэлсэн. Тухайн үед хэлсэн үгэнд нь балмагдаад тэсэлгүй гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт хүсэж байна гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч , ********** өгсөн: 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нь 5 дахь өдөр байсан. Ажлаа тараад найзын эгч хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн. Тухайн өдөр нь миний төрсөн өдөр болохоос долоо хоногийн өмнөх өдөр байсан учраас оройн хоол идэж, тэмдэглэлт үйл явдал болж байсан. “Флаш” хамтлагийн тоглолт болж байсан болохоор охиныг нь гэрт нь хүргэж өгөөд бид хоёр “Флаш” хамтлагийн тоглолт үзсэн. , ********** хамт явсан , ********** гээд охин нь бараан захын тэнд бүжгийн сургалт явуулдаг байсан. Тэр сургалтад нь би явдаг байсан юм. Тэгээд , ********** нойлд таарахад найзуудтайгаа явж байгаа гэж хэлсэн. Хамт явсан эгч маань надаас насны хувьд 4 насаар эгч байсан болохоор би ингээд хөөрхөн охидтой жоохон байж байгаад явъя. Гэртээ шууд харимааргүй байна. Та түрүүлээд явчих гэж хэлээд , ********** болон түүний найзуудтай нийлж суусан. , ********** түрүүн хэлсэнчлэн , ********** текнээс ирсэн. Тэгээд бид нар танилцаад үргэлжлүүлээд баарнаас гараад бүгдээрээ хамт явах хүсэл сонирхолтой байсан болохоор явцгаасан. Тэгээд Сэлэнгэ рестораны тэнд байдаг “Топаз” гээд караокед ороход , ********** тэнд байсан хүнтэй жоохон муудалцах гээд байсан. Тэр үед би их юм бодоогүй хүмүүс хоорондоо таарахгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгээд дөрвүүлээ 808 руу явъя гээд зөвшөөрөөд явсан. Тэнд очоод нэг цаг караокед орохоор болсон. Түрүүн , ********** хэлсэнчлэн манай найзууд намайг дуудаж байсан. Би явах байсан ч дандаа охидоороо байсан болохоор ийм хөөрхөн охид намайг хүндлээд урьсан юм чинь явбал үл хүндэтгэсэн болох байх гэж бодоод, нэг мөсөн дуустал нь байж байгаад явъя гэсэн. Мөрдөн байцаагчид хэлсэнчлэн би аль хэдийн хангалттай архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор караокед байхдаа нэмж уугаагүй. Хүмүүс дуулахад тэнд суугаад байж байсан. Тэр дунд би гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байсан болохоор найзын маань эгч гадаа ирээд түлхүүрийг маань өгсөн. Би гараад түлхүүрээ авсан. Надад явах боломж байсан ч түрүүн дурдсанчлан энэ хүмүүсийг хүндэтгээд дуустал нь хамт байсан. Буцаж орж ирээд байж байтал хоёр залуу орж ирсэн. Хоёулаа орж ирэхэд нь би дотроо нөхрүүд нь юм байна гэж ойлгосон. Хоёулаа хажуу хажууд нь очоод суусан. Тухайн караокед байж байх явцад , ********** нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай байгаа нь мэдэгдсэн. Илт муудалцахгүй ч гэсэн биеийн хэлэмж нь нэг тиймэрхүү байхаар нь хос хүмүүсийн харилцаа сайнгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгээд бид нар 1 цаг дуулаад дууссан. Тэгэхэд өрөөнөөс би , **********, , ********** нөхөр, , ********** нөхөр бид дөрөв гарсан. Текин дээр дээр тооцоо хийх болоход Бүрэнжаргал төлсөн. Тэгээд , ********** төлсний дараа би , ********** төлчихлөө гээд харсан. Тэгээд бүгдээрээ гарсан. Манайх 3 дугаар хороололд хүүхэлдэйн театрын хажууд ойрхон байдаг болохоор одоо ингээд харья гэсэн. Тухайн үед миний утас унтарсан алхаад явж байхад энэ охин машинтай ирээд суучих гэхээр нь суусан. Нөгөө хоёр маань болохоороо алхаад хоорондоо ярилцаад явж байсан. Анхнаас караокед бие биетэйгээ үл ойлголцоод байсан. Тэгэхдээ бүүр аймар муудсан байгаагүй. Тэр 2 миний хажууд ерөөсөө мөнгөнөөс болж муудалцаагүй. , ********** төлбөр төлж байхад чи төлчхөж байгаа юм уу гэж нөхөр нь асууж байсан. Тэр өрөөн дотор хэдүүлээ хувааж төлье гэсэн зүйл надад хэлээгүй. , ********** нөхөртэйгөө гараад алхаад явчихсан. Бид хэд тэр хоёрын машинд суучих гэхэд нөгөө хоёр суухгүй байсан. Тэгээд би ингээд буугаад гэртээ орлоо гэхэд , ********** аягүй зөөлхөн эелдгээр “хэдүүлээ хуваагаад зуу зуун мянган төгрөг өгчихье” гэхээр нь миний утасны цэнэг дуусчихсан байна. Мессежээр дансаа явуулчих би гэртээ орлоо гэсэн. Тэр орой миний хувьд болчихсон байсан болохоор гэр лүүгээ орох хүсэлтэй байсан. Би , ********** янз бүрээр доромжлоогүй, миний үгсийн санд биеэ үнэлэлт тийм зүйл байхгүй. Би аль хэдийн ямар хөөрхөн охид вэ? ямар гоё биеэ авч явдаг юм гээд дотроо бодчихсон байсан. Тэгээд би цагийг хамт сайхан өнгөрүүлчхээд энэ хүмүүсийг доромжлох сэдэл байхгүй. Машинаас буухад , ********** шууд бууж ирээд намайг “суу гичий минь” гэхэд нь би бүр үнэхээр шоконд орсон. Яагаад энэ хүн намайг ингэж дуудаж байгаа юм бол гэж бодсон. Дуудаад шууд гараа атгаж байгаад миний тархи руу цохисон. Би өөрөө зодуулж өсөөгүй, дээр үед хүмүүс хүүхдүүдээ зоддог л байсан байх. Би шоконд ороод “хүүе чи яаж байгаа юм бэ? яагаад ийм хөөрхөн байж ингэж байгаа юм бэ? гээд тэгсэн чинь “миний хөөрхөн чамд ямар хамаатай юм бэ?” гээд аймаар уурлаад байсан. Би тэрхэн үед фэйсбүүк дээр арван жилийн хүүхдүүд бие биеэ зодсон тийм бичлэгийг үзчихээд пүүх гэж бодож байсан. Яг тийм зүйл тохиолдоход нь маш их гайхаад ямар аймаар мэдрэмж вэ? гэж бодсон. Аймаар өвдөөд байж байхад шууд угсруулаад л цохиод, өшиглөөд “чамайг суу” гэж байна гээд байсан. Тэгээд би шилжүүлчихье гэсэн шүү дээ гэсэн. Гайхаад яана би зуун мянган төгрөгт ингээд зодуулчхаж байгаа юм байх даа. Би Америкт олон жил суралцаж амьдарсан. Тэгээд би тэрийг мөнгийг нь доллароор бодоод би гучин долларт хүнд дээрэлхүүлж байна гээд итгэж чадахгүй байсан. Нэг цонхны үйлчилгээний камер байсан. Камерын дор намайг зодож байгаа юм уу? гучин долларын төлөө гэсэн нөхөр нь гарч ирээд зуун мянган төгрөг төлж чадахгүй байж доллар ярьчихжээ гэж хэлсэн. Тэгэхээр нь хамаагүй миний утас унтарчхаж 99014471 гээд манай дүү рүү яг одоо залга хэдэн төгрөг хэрэгтэй юм. Сая төгрөг ч хамаагүй явуулчхаж болно гэсэн. Би бүр сүүлдээ ер нь амиа аврах хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэтэл залгаагүй хоёр удаа энэ манай дүүгийн дугаараар шууд утсыг чинь авна залга гэж хэлсэн. Тэгээд камерын бичлэг гэж дурдсан чинь нөхөр нь шууд явъя гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр үедээ тэгж хэлсэндээ баярласан. Зам гараад гэр лүүгээ алхвал эд нар намайг чирээд аваад явах юм байна гэж бодоод, төв хэсэг рүү алхъя гээд алхсан. Камерын бичлэг дээр ч гэсэн харагдаж байгаа. Алхаж байхад араас 2 удаа машинтайгаа ирээд суучхаач хүргээд өгье гэсэн. Манайх ойрхон байхад дотор нь орж дахиж зодуулахыг хүсээгүй. Камерын бичлэгтэй газар намайг зодож байгаа юм чинь авч яваад яах байсныг нь мэдэхгүй байна. Би аав ээждээ болсон явдлыг хэлэхэд чамайг бол хооллож ундалъя гэж машиндаа суулгаж авч явахгүй гэж хэлсэн. Тэр үедээ шууд цагдаа дээр очсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас миний мэдээллийг авахгүй өглөө ир гэсэн Цагдаагийн утаснаас авга эгч рүүгээ залгасан. Би уйлаад ийм ийм зүйл боллоо. Миний утас унтарчихсан цагдаа дээр такси бариад хүрээд ирлээ. Таксины хүн надаас мөнгө аваагүй гэж ярьсан. Тухайн үед гарч байсан ээлжийн мөрдөгч үүнийг нотолно. Ээлжид гарч байсан цагдаагийн албан хаагч намайг гэрт маань хүргэж өгсөн. Өөр нэг эгч мэдүүлэг өгөөд явж байсан тэр эгчтэй хамт гэрт маань хүргэж өгсөн. Би гэртээ амарчхаад өглөө нь очиж үргэлжлүүлэн мэдүүлгээ өгсөн байгаа. Ерөнхий нэг иймэрхүү зүйл болсон. Манай гэрийнхэн ямар ч байсан болсон процессыг хуулийн байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй гэсэн. Яагаад намайг зодсоныг би үнэхээр ойлгохгүй байгаа. Надад бол муухай байсан. Олон нийттэй ажилладаг болохоор ажилдаа явж чадаагүй. Зодуулсан гэж хэлэхэд хүртэл миний хувьд ичмээр байсан. Энэ хүнд муу санасан зүйл байхгүй. Болсон явдалд бол үнэхээр харамсалтай байна. Би төрсөн өдрөөрөө эмнэлэгт нүүр маань хөхөрчихсөн хэвтээд байж байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
-Хохирогч , ********** өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагийн үед Флаш хамтлагийн тоглолт үзэхээр хуурай эгч , ********** хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын , ********** багт үйл ажиллагаа явуулдаг Копер нэртэй бааранд орсон. Бааранд тоглолт үзээд Текила архинаас 50 граммаар 3 удаа уугаад Корона пиво 1 шилийг уусан. Мөн гэртээ , ********** эгчийн хамт шампанск 2 шилийг хувааж уусан байсан. Баарын ариун цэврийн өрөөнд 3 охинтой танилцсан. Тухайн 3 охинтой цагийг өнгөрөөхөөр болж, , ********** эгчийг та ингээд явчих гэсэн. Тухайн 3 охины хамт 02 цагийн үед баарнаас гарч таксидаад Сэлэнгэ буудлын хажууд байрлах Топаз нэртэй караоке руу орсон. Караокены ажилчидтай хэл амаа олоогүй, тухайн газраас гараад таксидаад 808 нэртэй баар луу явцгаасан. 808 нэртэй баарны 3 давхарт тайчих баарны караоке рүү орсон байхад гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Надтай хамт байсан 3 охины найз нь юм шиг байна лээ. Хамт нийлээд дуулсан. Караокены цаг дуусаад гарч ирэхэд тоёото приус машин байсан. Гарахад охидын нэг нь байхгүй байсан. Нэг охин нь нэг залуутай муудалцаад байгаа юм шиг машинд суухгүй байсан. Би приус машины ард суусан. Намайг зодсон гэх охин жолоочийн хажууд суусан. Гадаа байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр маргалдаад Есөн-Эрдэнэ зах руу алхаад явцгаасан. Бид нар машинтай араас нь зөөлөн явсан. Тэгж явсаар хүүхэлдэйн театрын замын урд талд байрлах цэцэрлэгийн арын машины зогсоолын тэнд очсон. Тэр үед гадаа алхаад явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр та нар явцгаа, бид хоёр явлаа гэхээр нь би жолооч залууд ингээд буучихъя, гэр лүүгээ явлаа гээд машинаас буутал урд сууж байсан охин машинаас бууж ирээд суу гичий минь гээд гараараа миний зүүн шанаа руу 5 удаа гараа атгаж байгаад цохисон. Би гайхаад ийм хөөрхөн охин байж яагаад муухай ааш гаргаж байгаа юм бэ гэхэд миний хөөрхөн чамд ямар хамаатай юм гээд ахиад цохисон. Хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Жолооч залуу бууж ирээд хажууд нь зогсоод байсан. Намайг зодсон охин караокены төлбөр 100,000 төгрөгийг өг гэсэн. Би мөнгийг чинь шилжүүлчихье, дансны дугаараа мессежээр явуулчих, гэртээ очоод шилжүүлье, гар утас унтарсан байна гэж хэлсэн. Тухайн охин яг одоо мөнгөө өг, машинд суу, чамайг явуулахгүй гэсэн. Миний зүүн шанаа хавдаж хөхөрсөн, зүүн гуяны гадна тал хөхөрсөн, зүүн талын сарвуунууд олон тооны хөхрөлттэй, зүүн дух, толгойн зүүн хэсэг өвчтэй, хавдсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
-Гэрч , ********** өгсөн: "...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шөнийн 02 цагийн үед манай эхнэр над руу залгаад , ********** багт байх 808 баарны караокед байна, ирээд аваач гэсэн. Би найз , ********** эхнэрийн дуудсан газар очиход , ********** эхнэр , **********, манай эхнэр , ********** , өөр нэг үл таних эмэгтэйн хамт байсан. Тэндээс гарах гэж байгаад тооцооны асуудал яригдаад , ********** эхнэр , ********** тухайн тооцоог хийсэн. , **********, , ********** нар маргалдаад гараад явсан. Бид нар араас нь гараад нөгөө 2 дээр очоод машинд суулгаад явсан. Тэр хооронд үл таних эмэгтэй манай эхнэртэй маргалдаад байсан. Нөгөө танихгүй эмэгтэй машинаас буугаад явахаар нь би араас нь очоод хүргээд өгье гээд машиндаа суулгахад нөгөө эмэгтэй та нар ямар арчаагүй юм бэ, би тооцоог чинь хийе, үсрээд 10-20 доллар болно биз гээд байсан. Мөн манай эхнэрийг янхан, гичий гээд байхаар нь би аргаа бараад чи машинаас буучих гээд машинаас буулгасан. Манай эхнэр , ********** машинаас буугаад нөгөө эмэгтэйтэй барилцаад авахаар нь би машинаа байрлуулчхаад буугаад тэр хоёрыг салгаад эхнэрээ машиндаа суулгаад явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
-Гэрч , ********** өгсөн: “...найз , ********** хамт эхнэрээ авахаар 808 баар луу очиход манай эхнэр , ********** нь , ********** хамт өөр танихгүй хоёр эмэгтэйн хамт байсан. Удаагүй бид нар гарах болоод тооцооны асуудал яригдсан. Эхнэр , ********** бүх тооцоог нь хийхээр нь дөрвүүлээ байж хувааж төлөхгүй гээд жоохон дургүйцээд ганцаараа тооцоог нь хийлээ гэж маргаад бид хоёр түрүүлээд явсан. 17-р цэцэрлэгийн урд юм яриад зогсож байхад , **********, , ********** хоёр бааранд байсан танихгүй хоёр эмэгтэйн хамт хүрч ирээд бид хоёрыг хүргээд өгье гэхээр нь эхнэр бид 2 ойрхон юм чинь алхаад явна гэж хэлээд бид нар салаад явцгаасан. 10 минутын дараа , **********, , ********** буцаад , *****-р цэцэрлэгийн тэнд хүрээд ирсэн. Би эхнэртэйгээ маргасан байсан болохоор манай эхнэрийг гэрт хүргээд өгчих гэсэн. Тэр хоёр , ********** машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн. Би удалгүй гэртээ очиход , **********, , ********** хоёр гэрт байгаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1031 дугаартай дүгнэлтээр: , ********** биед баруун гуя, баруун өвдөг, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтээр , ********** биед нэмэлтээр тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо..." /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/ гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч , **********, гэрч , **********, , ********** нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1031 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч , ********** шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч , ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын , ********** багийн нутаг дэвсгэр , ********** дугаар цэцэрлэгийн хойд талын авто зам дээр болон машин дотор хохирогч , ********** “тооцоо хувааж хийсэнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэн түүнийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “...баруун гуя, баруун өвдөг, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зулгаралт, тархи доргилт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч , ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1031, 01 дугаартай дүгнэлтүүдэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч , ********** бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч , ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч , ********** үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч , ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хөнгөн хохирол болох “...баруун гуя, баруун өвдөг, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зулгаралт, тархи доргилт...”-ыг эмчлүүлэхээр эмнэлэгт 10 хоног хэвтсэн төлбөр 1,200,000 төгрөг, эм болон хоол хүнсний зардал зэрэгт нийт 1,935,267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байгааг шинжлэн судлахад 1,921,767 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хохирогч нотлох баримтын үнийн дүнг буруу тооцоолж 13,500 төгрөгийн зөрүү гаргасан байгааг тэмдэглэв/.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч , ********** нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүнд: Баян-Өндөр мед эмнэлгийн нүдний эмчийн үзлэгт 30,000 төгрөг, Баян-Өндөр эмийн сангаас эм авсан 158,000 төгрөг, “Есөн Алтанхундага эмийн сан”-аас эм авсан 55,000 төгрөг, “Баясал эвсэл” ХХК-ийн эмийн сангаас витамин, давс авсан 36,000 төгрөгийн нэхэмжлэл нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 279,000 төгрөгийг гаргуулж, хохирогч , ********** олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн хэрэгт хамааралтай гарсан зардал гэж үзэх боломжгүй байх тул 442,767 төгрөгийн хасаж буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь баримтуудын дээрх мэдээллээс үзэхэд хоол хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс авсан баримтууд байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хоол гэж үзэх боломжгүй ердийн хэрэглээний хүнсний зүйлс /нийслэл салат, эклер, зөгийн балтай сүү, Latte koфе, ногоон алим, тунатай сэндвич, Сүши, 00-ын цаас, чихний хөвөн, нүүр цэвэрлэгч, үсний боолт, цаасны цавуу, хүүхдийн саван / авсан баримтууд орсон байх тул дээрх үндэслэлээр 442,767 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч , ********** гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоосныг хохирогч, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3,300,000 төгрөгийг шүүгдэгч , ********** гаргуулан хохирогч , ********** олгуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч , ********** гаргаж өгсөн Бадархундага эмнэлэгт 10 хоног хэвтсэн гэх И баримт нь эрүүл мэндийн үйлчилгээ гэх утгатай баримт байх бөгөөд хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад эмнэлэгт хэвтсэн талаарх тэмдэглэл байхгүй, хэрэгт эмнэлэгт хэвтсэн түүх хавсаргагдаж ирээгүй байх тул нотлох баримт хангалтгүй үндэслэлээр эмнэлгийн ор, хоногийн төлбөр 1,200,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч , ********** нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч , ********** нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч шүүхээс хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 3.579.000 төгрөгөөс 279.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч , ********** олгож, хохирогч нь эмнэлгийн ор хоногийн төлбөр 1.200.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирогч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул өөрт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.
Шүүгдэгч , ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч , ********** хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч , ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан /тооцоо төлбөрөө хувааж төлөөгүй, тооцоогоо төлөхийг шаардахад шүүгдэгчийг зүй бус үг хэллэгээр доромжилсон/ гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 73-77 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч , ********** нь , *** настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, ****, эх, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч , ********** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч , ********** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , ********** шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч , ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч , ********** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч , ********** овогт , ********** , ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , ********** 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , ********** шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч , ********** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч , ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч , ********** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч , ********** овогт , ********** , ********** /Орхон аймгийн Баян-Өндөр сумын , ********** баг, , ********** тоотод оршин суух, РД: , ********** утас: , ********** /-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 442,767 /дөрвөн зуун дөчин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмнэлгийн ор, хоногийн төлбөр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмнэлгийн ор хоногийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч , ********** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ