Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 61

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Хохирогч Э.Ууганбаатар

Шүүгдэгч С.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Содовын Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201717000130 тоот хавтаст хэргийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг  Баруун булаг гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт Содовын Мөнхжаргал.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2017 оны 04-р сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Гандангийн урд талын зам дээр Пронтер маркийн 05-24 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиглэл өөрчлөхөд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч С.Мөнхжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны       04-р сарын 18-ны орой  найзууд маань  караокед оръё гээд орсон. Караокед Ууганбаатартай таараад манай гэрт шөнийн 12 цагийн үед хамт ирсэн. Тэгээд би хоол, цай хийж өгөөд 2 шил архи уусан. Үүний дараа Ууганбаатар эхнэртэйгээ жаахан маргалдаж байгаад өглөө болгосон. Тэгээд дахиад нэг шил архи айлаас очиж авахаар Ууганбаатар, түүний эхнэр, мөн нэг найз нь хамт явсан. Гэтэл тэр айлд нь архи байгаагүй учраас өөр айл руу явсан. Явж байх замдаа Ууганбаатар эхнэртэйгээ дахин маргасан. Тэгэхээр нь Ууганбаатарыг машинаас буулгаад, би эхнэртэй нь машинд юм яриад сууж байгаад Ууганбаатарыг машины урд сууж байгааг анзаараагүй хөдөлсөн. Би тухайн үед машинаа унтраагаагүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Э.Ууганбаатар шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 04-р сарын 18-нд 18 цагийн үед хонио хашаад Баяндэлгэр сум руу эхнэртэйгээ хамт явсан. Очоод найзуудтайгаа таараад нэг газар суухаар болсон. Тэгтэл нөгөө өрөөнд эд нар байсан. Дандаа Баяндэлгэр сумын хүмүүс байсан учраас би өрөөнд нь орж ганц нэг хундага архи уусан. Шөнийн 24 цаг өнгөрч тарах болсон учраас Мөнхжаргалтай уулзаад танай руу очъё гэж хэлээд Мөнхжаргалынд  очиж хоол, цай идэж уусан. Хонио хашсан байсан учраас өглөө эрт явах ёстой байсан. Гэтэл эхнэр архи ууж жаахан согтуурхаад байсан учраас маргалдахад найзууд одоо боль гэж хэлээд жаахан тайвширсан байсан. Тэгээд Мөнхжаргалтай хамт айл руу явж байх замдаа дахин эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд уурлаад алгадах гэтэл Мөнхжаргал намайг машинаас буу гэсэн. Би машинаас буугаад 20, 30 минут болсон. Тайвшрах санаатай тамхи татаад машины урд сууж байтал нормалдаж байсан машин гэнэт хөдлөхөд нь босож амжихгүй доогуур нь орсон. Эмчилгээний зардал баримтаар 1 сая гаруй төгрөг байгаа. Түүнээс биш такси унааны мөнгийг бол баримтжуулж чадаагүй. Одоо хөл дээрээ босчихвол гомдол, тэмцэл гэх зүйл байхгүй гэв.

 

- Гэрч А.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Мөнхжаргалтай таарч гэр рүү нь очсон. Мөнхжаргал архи гаргаж өгсөн бөгөөд  миний хувьд архинаас уусан чинь амархан согтсон байсан. Дахин архи олж уухаар болж Мөнхжаргал машинаа жолоодон дэлгүүрийн үүдээр явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй байсан болохоор Ганзориг гэдэг айлд байж  магадгүй гээд хойт зүгт явж байтал нөхөр Ууганбаатартай маргаж, хэрэлдэж бие биерүүгээ сарвалзаж, гараа далайсан чинь  Мөнхжаргал машинаа зогсоож Ууганбаатар машинаас буусан. Мөнхжаргал, Оюун-Эрдэнэ бид 3 машиндаа юм яриад суугаад байгаад  Мөнхжаргалыг машинаа хөдөлгөтөл хүн муухай хашгирах чимээ гарахаар нь зогсоорой гээд машинаас буугаад харсан чинь Ууганбаатар машины урд талын 2 дугуйны завсар хөндлөн хэвтэж байсан. Оюун-Эрдэнэ бид 2 татаж гаргаад харсан чинь нүүрний зүүн хэсэг нь халцарсан, хөл нь хугараад эргэчихсэн юм шиг байхаар нь багийн эмч Дэлгэрцэцэгт хэлсэн гэх мэдүүлэг /хх-21-22/, 

- Гэрч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Бид нар бүгдээрээ Мөнхжаргалын гэр рүү явахаар болж очиход Мөнхжаргал бид нарт хоол, цай хийж өгч нэг шил архи гаргаж өгсөн. Ууганбаатарын эхнэр согтоод хүмүүстэй хэрэлдээд байсан. Үүр цайж гэгээ орж байхад Ууганбаатар архи авах газар байна уу, ямарч байсан хөдлөөд ирье гээд Мөнхжаргал машинаа асааж хажууд нь Наранчимэг би хамгийн захад Ууганбаатар сууж сумын төвийн дэлгүүрүүдийн үүдээр явсан боловч дэлгүүр хаалттай байсан.  Ингээд Ганзоригийн гэж айлд байж магадгүй гээд явж байтал Ууганбаатар, Наранчимэг нар машин дотор дахин муудалцаад хоорондоо зодолдох гэхээр нь Мөнхжаргал машинаа зогсоосон чинь Ууганбаатар машинаас буусан, бид нар юм ярьж байгаад  хөдөлсөн чинь хүн хашгирч байгаа чимээ гараад зогссон чинь Ууганбаатар машины урд голоор орчихсон байсан  гэх мэдүүлэг /хх-23-24/, 

-Техникийн шинжээчийн 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн 11 дугаар дүгнэлтэнд:

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн 171 дүгээр  дүгнэлтээр “...Э.Ууганбаатарын  биед зүүн шаант, тахилзууур ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх, зүүн шанаа, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-28/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-06-07/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багийн Засаг даргын  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаартай С.Мөнхжаргалын ам бүлийн талаарх  тодорхойлолт /хх-37/

- С.Мөнхжаргалын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 /зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2017 оны 04-р сарын 19-ний үүрээр 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Гандангийн урд талын зам дээр Пронтер маркийн 05-24 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалт буюу  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, шинжээчийн 171 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 11 дугаартай дүгнэлт, гэрч А.Наранчимэг, Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2017 оны 04-р сарын 19-ний үүрээр хадам эцэг Д.Сүхчулууны эзэмшлийн Пронтер маркийн 05-24 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан  “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Э.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. 

Шүүгдэгч С.Мөнхжаргалд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мөнхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн,  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүгдэгч С.Мөнхжаргалын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Ууганбаатар нь гомдолгүй гэсэн зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул С.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхжаргалд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Шүүгдэгч С.Мөнхжаргал нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1 500 487 төгрөг төлсөн,   хохирогч Э.Ууганбаатар   гомдолгүй гэснийг,  хохирогч Э.Ууганбаатар нь 3 499 513 төгрөгийн  нотлох баримтыг  бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурьдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.Мөнхжаргалын 216260  дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх  нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.7,  1.8, 1.9,   36.10 дугаар зүйлийн 1, 2, 4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Содовын Мөнхжаргалыг  автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар  С.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхжаргалд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Мөнхжаргал нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Э.Ууганбаатарт эмчилгээний зардалд 1 500 487  төгрөг төлсөн,  хохирогч нь гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Э.Ууганбаатар нь 3 499 513 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Мөнхжаргалын  216260 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА