Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/512

 

                                                    Р.Д-д холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Д-д холбогдох эрүүгийн 2108 00026 0019 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн Р-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Р.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ....... дугаар гудамжны ............ тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн ах Р.Ж-н толгойн зүүн талын орчим хугархай баганы модыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Монгол гэрийн модон баганын 1 ширхэг хугархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Шийтгэх тогтоолын үндэслэл болсон хууль зүйн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргүүдийн шинжүүдийг хооронд нь харьцуулж гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгтэй яаж хамаарч холбогдоод байгааг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэж болох ч мөрдөн шалгах ажиллагааны явцад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдээгүй хоёр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хооронд нь харьцуулж хууль зүйн дүгнэлт хийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ...ноцтой зөрүүтэй байвал гэх нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Өмгөөлөгчийн зөвтгөн ойлгож байгаагаар 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт бололтой/-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж нь дээр дурдсанчлан байнгын шинжийг агуулаагүй, тэр нөхцөлийг хангасан байхыг шаардахгүй хуулийн зүйл, заалт, хэсэг юм.” гэж дүгнэжээ.

Гэтэл Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолд “... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдэд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан. Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ. Дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан “гэмт хэргээр зүйлчлэнэ.” гэж албан ёсоор тайлбарлажээ.

Тодруулбал, Улсын Дээд шүүхээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж нь байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг тодорхойлно гэж тайлбарласаар байхад анхан шатны шүүх “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж нь дээр дурдсанчлан байнгын шинжийг агуулаагүй, тэр нөхцөлийг хангасан байхыг шаардахгүй хуулийн зүйл, заалт, хэсэг юм гэж дүгнэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахаар байна.

3. Анхан шатны шүүхээс Р.Д-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар “...Монгол гэрийн модон баганын хугархай хэсэг нь бүтцийн хувьд амьд биетийг устгах, гэмтээх эд зүйлд хамаарах тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын болон иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дээрх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж” хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” хэмээн хуульчлан тайлбарлажээ.

Энэ тайлбарын агуулгаас үзвэл, хэрэв 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж нь хүний биед гэмтэл учруулж болох эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эсэх нь заавал байх шинжийг агуулдаггүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинж нь тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэх шинжийг заавал хангаж байх ёстойг хууль тогтоогч хуульчлан тайлбарлажээ.

Тодруулбал, энэхүү тайлбараараа хууль тогтоогч нь бүхэлдээ “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, түүнчлэн хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, ... зэрэг обьектив болон субьектив гэмт хэргийн шинжээрээ өөр өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргүүдийн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинжид заавал хангасан байхыг шаарджээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх “...Монгол гэрийн модон баганын хугархай хэсэг нь бүтцийн хувьд амьд биетийг устгах, гэмтээх эд зүйлд хамаарах тул”, “...Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ..., зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.” гэж хуулийг хэт явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг бий болгож байна.

4. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч Р.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийн гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд гагцхүү энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт, санал хэлж мэтгэлцсэн болохыг онцлон тэмдэглэе.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасны дагуу анхан шатны шүүхээс Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, энэ зүйл хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Р.Ж нь уламжлалт эмнэлэгт цаг авсан байсан учраас шүүх хуралдаанд ирж чадсангүй. Р.Ж-н хувьд одоо биеийн байдал хэвийн болсон. Гомдолгүй гэж бичгээр хүсэлтээ ирүүлснийг шүүхэд өгч байна. ...”  гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Р.Д-г хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн ах Р.Ж-н толгойн зүүн талын орчим хугархай баганы модыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Р.Ж-н биеийн байдал тухайн үед маш хүнд, мэдүүлэг өгөх чадваргүй байсан нь эмчлэгч эмчийн тодорхойлолтоор тогтоогддог. Мөн анхан шатны шүүх хуралдаан болох үед дөнгөж эмнэлгээс гарсан, гэхдээ ярьж чадахгүй, хэвтрийн дэглэмд байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Р.Д-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ........................... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн ах Р.Ж-н толгойн зүүн талын орчим хугархай баганы модыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Р.Д-н үйлдэлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжүүд тогтоогдохгүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Тухайлбал, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох Б.Н-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “... 23 цагийн орчим Р.Д намайг өмөөрөөд “эхнэр чинь ганцаараа ажил хийж байна” гээд чанга дуугарсан чинь түүний эхнэр Ө бие муу болохоор ухаан алдчихсан. Би түргэн дуудаад үнэртэй ус үнэртүүлээд байж байтал нөгөө хугарсан баганын модны богино хэсгээр “та нарын бах чинь ханаад байна уу” гээд Р.Д нь Ж-н толгойн зүүн талын орчим 1 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр толгойгоо бариад ёолж байгаад зүгээр болсон. ... Р.Ж, Р.Д нар нь төрсөн ах дүүс, Р.Ж бид хоёрыг хамт амьдарснаас хойш Р.Д ер нь бид хоёртой л хамт байсан. Миний нүдэн дээр энэ хоёр огт муудалцаж байгаагүй. ...” /1 хх 20-21/,

гэрч Н.Ө-н “... Үлдсэн хоёр пиво ууж байхдаа манай нөхөр Р.Д нь ах Ж-д хандаж “ажил олж хийгээч, эхнэрээрээ тэжээлгээд байх юм” гэж хэлсэн. Тэгтэл Ж “миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ” гэж чанга дуугаар уурласан. Тэр үед би нөхрийнхөө хажууд байсан, тэгээд би ухаан алдаад уначихсан. ... Р.Д, Р.Ж нар өмнө нь муудалцаж байхыг огт хараагүй, ер нь хоорондоо эвтэй, сайн харьцаатай байдаг. ...” /1 хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Р.Ж-н биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, гавал тархины 2020 оны 12 сарын 24-ний өдрийн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 441 дугаартай дүгнэлт /1 хх 39-40/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 3-6/, хохирогч Р.Ж-н эрүүл мэндийн талаарх баримтууд /1 хх 108-136/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

Р.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах Р.Ж-тай маргалдаж, улмаар хохирогчийн толгойн тус газарт хугархай баганы модоор нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд харин түүний үйлдэлд уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжүүд тогтоогдсонгүй.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгохын зэрэгцээ, өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан байдал нотлогдсон тохиолдолд уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогч тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг хүчирхийллийн үйлдэл байнгын болон давтагдсан шинжтэй байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Н, Н.Ө нарын “... Р.Д нь урьд ах Р.Ж-тай муудалцаж байгаагүй. ...” гэх мэдүүлгүүдээр байнгын болон давтагдсан шинжтэйгээр хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Үүнээс гадна, Эрүүгийн хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарах ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан агуулгаар ойлгож хэрэглэх бөгөөд тухайн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулахаар байна.

Шүүгдэгч Р.Д-н хохирогчийн толгой хэсэгт цохисон гэх хугархай баганы мод нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, зориулалттай хийгдээгүй, түүнийг шүүгдэгч тусгайлан бэлтгээгүй, өөрөөр хэлбэл уг зүйл нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл биш тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Р.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Д-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоос “... зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Харин Р.Д нь цалин хөлс, бусад байнгын орлоготойг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн “... торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх гомдлын үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Р.Д-н 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хойшлуулашгүйгээр 1 хоног, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15ы өдрийн 2021/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Я овогт Р-н Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг Шүүгдэгч Я овогт Р-н Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Р.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хойшлуулашгүйгээр 1 хоног, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

                              ШҮҮГЧ                                                             М.АЛДАР