| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0753/З |
| Дугаар | 128/ШШ2023/0019 |
| Огноо | 2022-12-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0019
2022 12 27 128/ШШ2023/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.С****** ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О******* ,
Хариуцагч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У****** нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга” гаргасан.
1.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар “... С.С****** ыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж шийдвэрлэсэн.
1.3. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/1553 тоот албан бичгээр С.С****** ад “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг танд зөвлөе” гэсэн хариу өгсөн.
1.4. С.С****** аас 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр “Үндэслэлгүйгээр төрийн албанаас халж, сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, С.С****** ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг *******д даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.5. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийт 4,284,705 төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч С.С****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“С.С****** миний бие 1985 онд төрсөн, 2005-2008 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнсний технологийн сургуулийг төгсөж, "Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй" мэргэжил, 2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, “Нягтлан бодох бүртгэл” мэргэжил тус тус эзэмшсэн. Миний бие өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвараа ашиглан төрийн албанд ажиллах хүсэл сонирхлын дагуу 2018 оны 12 дугаар сард төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/92 тоот тушаалаар надад "Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч"-ийн эрх олгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/371 тоот тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/68 тоот тушаалаар миний бие Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот "сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар төрийн албанаас халагдсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дээрх Б/245 тоот тушаалд дурдсанаар миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", мөн зүйлийн 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулжээ. Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа хууль журмыг чанд баримтлан, төрийн алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн, эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажиллаж ирсэн билээ. Харин дээрх тушаалын үндэслэлд заасанчлан ажил үүргээ гүйцэтгэх явцад яг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр "Хүнсний стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт"-д заасан албан тушаалын зорилго, зорилтуудын алиныг зөрчсөн, чанар, албан тушаалын хувьд гүйцэтгэвэл зохих чиг үүргүүдээс яг ямар чиг үүргийг биелүүлээгүй болохыг тушаалд тодорхой зааж, нотолгоо дурдсангүй.
Мөн миний бие харьяа дээд шатны ямар албан тушаалтныг ямар бодлого боловсруулах болон ямар асуудал шийдвэрлэн шийдвэр гаргахад нь бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ хэрхэн биелүүлээгүй буюу эсхүл ямар бодит бус худал мэдээллээр ханган хууль зөрчсөн болохыг эргэлзээгүй тодорхой нотолж, шалган тогтоосонгүй.
Мөн тушаалд дурдсанчлан энэ асуудлыг нотлох буюу үгүйсгэх чиглэлээр хуульд заасан журмын дагуу явуулж, эргэлзээгүй баримт албаны шалгалтыг нотолгоо гаргаагүй, энэ чиглэлийн үйл ажиллагаанд намайг оролцуулан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж нөхцөлөөр хангаагүй болно. Иймд С.С****** надад сахилгын шийтгэл ногдуулан, төрийн албанаас халах хуульд заасан үндэслэл байхгүй байхад шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалж өгнө үү.
"Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2-т "Төрийн албаны тухай хуулийн... 48.1.4-m заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана" гэж заасан боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэсэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт "Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ" гэсэн, мөн надад сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот тушаалын 4 дэх хэсэгт "Энэ тушаалыг эс зөвшөөрвөл тушаалыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай" гэсэн заалтуудыг үндэслэн тус зөвлөлд хандан гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр "Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/1553 дугаартай хариу албан тоотыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр оршин суугаа газрын хаягаар, шуудангаар хүлээн авч, дээрх хариуд дурдсанчлан холбогдох хууль, журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“.... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь 1985 онд төрсөн. 2005-2008 онд Шинжлэх ухааны технологийн сургуулийн хүнсний технологийн сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи мөн эрүүл ахуйн мэргэжлээр, 2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлээр төгссөн. Үндсэндээ хүнсний технологи эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу төрийн албанд ажиллах сонирхлоор 2018 оны 12 дугаар сард төрийн албаны шалгалт өгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар хүнсний чанар стандартын улсын байцаагчийн эрх олгосон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналт хэлтэс, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүнсний чанар технологи стандартын улсын байцаагчийн албан тушаал, өөрийн эзэмшсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас олгосон улсын байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлж ажилласан. 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/245 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалаар төрийн албанаас халагдсан. Төрийн албанаас халсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/245 тоот тушаалыг үл зөвшөөрч дээрх тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэж хуульд заасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийг ажлаас халсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Б/245 тоот тушаалын агуулга нь Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар хяналтын улсын байцаагч С.С****** нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0201501 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй 1000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслах зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх заалтуудад заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны 225 тоот тушаалаар баталсан лац ломбо хэрэглэх журмыг зөрчсөн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас хийсэн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15 дах заалтыг үндэслэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар төрийн албанаас халсан.
Ингэж халахдаа тухайн тушаал дээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 3.1, 3.3.1, 3.4.3, 3.4.5, 6.1, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.3 зэрэг заалтуудыг үндэслэл болгож тушаалыг гаргасан. Тушаалд задаргаа хийгээд үзэхээр нэгдүгээрт энэ тушаал удирдамжийн дагуу явагдсан. Хоёрдугаарт тухайн удирдамжийн дагуу явагдаж байгаа хяналт шалгалтын ажлын явцад тодорхой зөрчлүүд илэрсэн. Зөрчлүүд явсаар 37.1.13, 37.1.15-ыг үндэслээд үндсэндээ 37.1.13, 37.1.15 дах заалтыг үндэслэж халж байна.
Удирдамж бүхий хяналт шалгалтын ажлыг аваад үзэхээр 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж гаргасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналт гэдэг нь байгууллага хуулийн этгээдээс явуулж байгаа үйл ажиллагаа хууль дүрэм стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх талаар тодорхойлсон. Хяналт шалгалт явуулахдаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар явуулна гээд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг яаж явагдах талаар хуульчилж өгсөн. Энэ бол төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэж байгаа учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасан. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга баталсан буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явагджээ.
Хяналт шалгалтын үйл ажиллагааны зорилго үндэслэл нь Төрийн хяналтын шалгалтын тухай хуулиар хяналт шалгалт гэдэг зүйлийг хэн нэгэн өөрөө удирдамж зохиогоод удирдамжийн бүтэц агуулга хүрээ хязгаар зорилго үндэслэл арга хэлбэрийг өөрийн санаснаар тавихгүй. Тухайлбал зорилго, үндэслэл гэхэд хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д тодорхой заасан. Арга хэлбэр гэхэд хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.2-т ямар арга хэлбэрээр явуулахыг тодорхой зааж өгсөн. Төлөвлөгөөт бус гэдэг хяналт шалгалтын тухайд түүнийг явуулах болсон үндэслэл удирдамжид заасан асуудлын хүрээнд хийдэг гэдгээр төлөвлөгөөт бус шалгалт онцлогтой байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн санал санаачилгаар явуулахгүй зөвхөн удирдамжид заасан хүрээнд явуулна. 5 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжаар зорилгыг Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Э***** эд үйл ажиллагаа явуулж байгаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ гэж заасан. Хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 буюу үндсэндээ мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны үндсэн эрх зүйн үндэслэл болдог хууль байгаа. Үүнээс зөвхөн 52 буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх хэдхэн заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. 5 заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.
Дотор нь шалгахдаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Хог хаягдлын асуудал, Засгийн газар тогтоолоор батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын дагуу дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг асуудал, мах махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001 стандартын хэрэгжилтийг шалгаж зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арган зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр явуулна гэдэг хүрээ хязгаарыг тогтоож өгсөн. Үндсэндээ мах махан бүтээгдэхүүний үйлдвэртэй холбоотой мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хадгалалттай холбоотой үйл ажиллагаа явуулна. Энэ хүрээнд 30 гаруй үйлдвэрийг шалгахаар заагаад өгсөн байдаг. Хяналт шалгалтын төрөл хэлбэрийг төлөвлөгөөт бус гэж заагаад хуулийн 52 заалт руу оруулсан. Хяналт шалгалтын арга хэлбэрийг заахдаа нэгдүгээрт шалгалтыг яриа бичгийг хянан үзэх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага технологи горим түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын хадгалалт, шаардлагатай тохиолдолд түүхий эд бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулах, баримт бичгийг хуулбарлах фото зураг дүү дүрсний бичлэг хийх аргыг хэрэглэнэ гэсэн.
Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.2-д хяналт шалгалтын арга, хэлбэр гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.
Мөн хяналт шалгалтыг явуулах ажлын хэсгийг дурдаж өгсөн. Ажлын хэсэгт сайн дурынх гэж байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.5-д шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч гэж зааж өгсөн. Удирдамжийн дагуу ажлын хэсгийн ахлагч нь Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.А*******, Хүнс хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Н****** нар ахлаад Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн хяналтын, хүнсний чанарын улсын байцаагч нар хамтран гүйцэтгэхээр тогтоосон. Хяналт шалгалт эхлэх дуусах хугацааны хувьд хяналт шалгалтыг 5 дугаар сарын 18-ны өдрөөс хийж 5 дугаар сарын 28-ны өдөр гэхэд дуусгахаар тодорхойлсон. Хяналт шалгалт хийх хамрах хүрээ гээд 2 төрлийн чиглэлийг тодорхойлж өгсөн. 7.1-7.1.11 хүртэл мал эмнэлгийн чиглэлээр хийх 11 төрлийн үйл ажиллагааг тодорхойлж өгсөн. 7.2.1-ээс 7.2.12 хүртэл хүнсний чанар стандартын талаар ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгсөн. Өөрөөр хэлбэл оролцож байгаа байцаагч нарын олгогдсон эрх ажлын байр үүрэг чиглэл стандарт өөр учраас хоёр чиглэлийг тус тусад нь зааж өгсөн.
Хяналт шалгалтын дүнг танилцуулах асуудал бас сонирхол татсан цаг хугацаа байгаа. Хяналт шалгалтын явц болон дүнгийн талаар удирдах дээд байгууллага шалгалт дууссанаас хойш буюу 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажлын 5 хоногт танилцуулж холбогдох шийдвэрийг иргэн аж ахуйн нэгжид хүргүүлнэ гэх агуулга бүхий удирдамжтай төлөвлөгөөт бус хяналт шалгалт явагдсан. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан нөхцөл байдлыг тодруулж удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтын явцад гарсан зөрчил гэж үзэж байгаа. Хяналт шалгалтад хоёр төрлийн эх сурвалж дурдаж байгаа. Хяналт шалгалт хийсэн С.С****** , Д.Б********* , Н.А********* нар 5 дугаар сарын 25-ны өдөр танилцуулга бичсэн тухай асуудал ярилцдаг. Үүнтэй холбоотойгоор тушаалд дурдагдсан Мэргэжлийн хяналтын газрын дотоод аудит хяналт шалгалтын хэлтсээс хийсэн албаны шалгалт хоёр дурдагддаг. Өөрсдийн эх сурвалж буюу энэ хүмүүс хяналт шалгалтыг хэрхэн явуулсан талаар 5 дугаар сарын 25-ны өдөр явуулсан танилцуулга дээр хяналт шалгалтын ажлын явцын талаар товч дурдсан байна. Албаны шалгалтын эх сурвалжаас үзэхэд танилцуулга 5 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтын ажил дуусаагүй байхад хийгдсэн явцын тайлангаас гадна Н.А********* гэдэг хүн нэг удаа тайлбар өгсөн юм шиг байна. 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу хяналт шалгалт дууссанаас хойш Д.Б********* , С.С****** тайлбар өгсөн байна.
Мөн байгууллага дотоод хяналт шалгалтаар Д.Б********* гэдэг хүний тайлбарт дурдсанаар Д.Б********* гэдэг хүн тухайн яригдаж байгаа ӨМ******* байгууллага дээр хяналт шалгалт хийсэн талаараа фото зураг аваад тусад нь мах байсан агуулахтай холбоотой илтгэх хуудас бичсэн. Энэ баримтуудаас өөр үлдсэн зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудалтай холбоотойгоор хийсэн дотоод аудит хяналт шалгалтаар юу тогтоогдсон бэ гэхээр үүнийгээ гол үндэслэл болгоод ажлаас халах тушаал гаргасан байгаа. 5 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны хооронд ӨМ******* байгууллагад хийгдэж байгаа хяналт шалгалттай холбоогүйгээр хяналт шалгалтын ажил явагдсанаас хойш 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний гарал үүсэл тодорхойгүй мах ачиж явсан асуудал иргэний мэдээллээр ирээд үүнийг шалгаад шалгалттай холбоотой Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Zarig сайтад очиж тухайн махыг хортой хоргүй асуудлаар олон нийтэд сурталчилж мах чанаж идсэн асуудал болон олон нийтэд цахим орчноор гарсан шүүмжлэлттэй холбоотойгоор албаны шалгалт хийгдсэн. Албаны шалгалт 5 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны хооронд ганц энэ шалгалтын асуудал биш 5 дугаар сарын 18-ны өдрийн шалгалт нэг, хоёрдугаарт Мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх мах боловсруулах үйлдвэрт хийж байгаа төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ахалсан н.Б******* , Д.Б********* , Н.А********* , С.С****** нараас гадна 6 дугаар сарын 01-ний өдөр Zarig сайтын шууд сурвалжилгад хамрагдах ХАБХХ газрын дарга н.Б******** нараас тайлбар тодруулга авч энэ хоёр асуудлыг нийтэд нь шалгасан ажил юм.
Шалгалтын ажлын хүрээнд эхний 4.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт буюу одоо бидний ярьж байгаа нэхэмжлэгчийг ажлаас халсан зөрчил дутагдал гарсан үндэслэл болж байгаа хяналт шалгалттай холбоотой 4.1-ээр шалгагдаж шууд сурвалжилгын үеэр лац хөндсөн асуудал шалгаж үүнтэй холбоотойгоор дээрх албан хаагчид хийсэн албан шалгалт бусад хүмүүсийг оролцуулсан тайлбар авсан. Ганцхан энэ актын суурь болсон шалгалт биш. Энэ бол өргөн хүрээтэй, олон албан хаагчийг хамарсан хяналт шалгалтын танилцуулга юм. Энэ хяналт шалгалтын танилцуулга дээр энэ албан хаагчдын өгсөн асуудлаар бидний анхаарал татах асуудал бол 5 дугаар сарын 18-ны өдрийн хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл тодорхойгүй хаяг шошго байхгүй 1000 кг мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авагдсан эсэх асуудал ярьж байгаа. 5 дугаар сарын 25-ны өдрийн явцын дунд хийсэн 3 байцаагийн гарын үсэг зурсан ажлын хэсгийн ахлагчийн бичсэн тайлбар дээр байхгүй гэдгээр энэ хүмүүсийг буруутгадаг. Гэтэл албаны шалгалтын явцад Д.Б********* өгсөн тайлбар дээрээ тодорхой ярьдаг. ӨМ******* гэдэг компанийг шалгасан. ӨМ******* компанийг шалгах явцад тодорхой агуулгууд түгжээтэй байсан. Лацтай байсан шалгаагүй. Нэг онгорхой байсан хөргүүрт хаяг шошго байхгүй мах байсан. Махны зургийг гар утсаараа дараад ингээд энэ талаараа танилцуулгаас тусад нь тайлбар бичиж өгсөн гэдэг. Д.Б********* гар утсаараа зургийн дараад үүнийг аль хөдөлгүүрт хадгалж байгаа талаар анзаараагүй. Лац байхгүй дээж авч шинжилгээнд явуулаагүй гэж Н.А********* ярьдаг. С.С****** бол би энэ махыг шалгаагүй. Хөргүүрийг шалгаагүй, би бол үйлдвэр ажиллаж байгаа талаар шалгаад үйлдвэр ажиллаагүй байсан учраас ажиллаагүй байна гэдэг тайлбар бичсэн гэсэн товчхон ийм л асуудал байгаа. Энэ 3 хүнийг 6 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар дээр аваачиж өөрөөс асууж тайлбар авсан.
Шалгалтын явцад тухайн ӨМ******* компанид шалгалт орсон. Нэхэмжлэгчийн тухайд удирдамж болон удирдамжийн хавсралтын дагуу шалгалт явуулсан. Шалгалт явуулахдаа шалгалт хийсэн тодорхой тэмдэглэл үйлдээд явуулсан байдаг. Танилцуулга тайлбар бичих хугацаа 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойш буюу ажлын 5 өдөрт гэхээр 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны танилцуулга өгөх ёстой. Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд дагаж мөрддөг стандартаар ажлын хэсгийн ахлагч танилцуулга бичих үүрэгтэй юм. Бусад хүмүүс өөр өөрсдийн ажлаар шалгалтын ажил хийсэн тэмдэглэл үйлдээд явах стандарттай байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 тоот тушаалаар баталсан шалгалт хийсэн тухай тэмдэглэлээ үйлдээд явжээ. Нэхэмжлэгчийн тэмдэглэлд Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар шалгалтын явцыг тогтоосон байдал, шалгуулах этгээдээр ӨМ******* ХХК-иас тогтоосон нөхцөл байдалд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 50 минутад үйлдвэрийн байр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд үйлдвэр зогссон байсан гэдгийг бичээд нэгийн тухайн дуудагдаж ирсэн этгээдэд өгсөн. Ингээд үйлдвэрийг шалгахад үйлдвэрийн хүмүүс байгаагүй, хөндлөнгийн хүн түлхүүр барьж ирсэн учраас тухайн хүнд үүнийгээ өгсөн. Н.А********* ын хувьд албаны шаардлага хийхэд өгсөн өөрийнх нь тайлбар болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтэд дурдсанаар ӨМ******* компанийн хүмүүсийг дуудаж надтай уулзуулаарай гэдэг үүрэг чиглэлийг ерөнхий удирдлага Н.А********* хэрэгжүүлээд явсан байна. Д.Б********* гэдэг хүн бол үйлдвэрийн байрны доор байрладаг мах хадгалах агуулахад үзлэг хийсэн. Энэ нь нэхэмжлэгчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Д.Б********ын зооринд үзлэг хийсэн махны зураг авсан бусад байгууллагын зооринд үзлэг хийсэн, зураг авсан илтгэх хуудсаар тодорхой байгаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн 7.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа стандартын 5.1, 5.7, 7.2-т зааснаар нэхэмжлэгч чиг үүргээ хэрэгжүүлж явсан. Удирдамжийн дагуу зөвхөн хуулийн 7.2 дах заалтыг хэрэгжүүлэх ёстой. Хүнсний чанар стандартын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Д.Б********* , Н.А********* хоёр буюу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар 7.1 буюу мал эмнэлгийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Д.Б********* мал махыг мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч бүртгэж байна уу, мал махыг хүлээн авахдаа ариун цэврийн үйлчилгээ хийж байна уу, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж байна уу, сорьц байна уу гээд дандаа махтай холбоотой мөн түүхий эд бүтээгдэхүүн хадгалалт бүртгэл, тээвэрлэлтийн нөхцөл махыг технологийн дагуу хурааж эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж зориулалтын дагуу тээвэрлэж байгаа эсэх асуудал бол мал эмнэлгийн хяналтын байцаагчийн чиг үүрэгт оруулаад 7.1.8-аар заасан учир махны хадгалалттай холбоотой асуудлаа шалгаад явсан.
Нэхэмжлэгч бол хуулийн 7.2 дах заалт буюу үйлдвэрлэл буюу хүнсний стандартын чиглэлийн үйл ажиллагааг хариуцаад явдаг. Өнөөдөр Монгол Улсад 6000 гаруй стандарт байна. Үүний 10 орчим хувь буюу 50 хувь нь хүнсний чиглэлийн стандарт байна. Хүнсний чиглэлийн стандарт бол нэхэмжлэгчийн хариуцах ёстой стандарт юм. Харин эсрэгээр мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн үндсэн шаардлага MNS5023:2001 буюу зөвхөн энэ стандартын хэрэгжилтийг үз гэж хязгаарласан стандартыг хэн хариуцах ёстой вэ гэхээр стандартыг мал эмнэлгийн улсын байцаагч нар хариуцах ёстой.
Хоёрдугаарт ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг гэж байгаа. Нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолт албан ёсоор танилцуулаагүй. Хүнс гэдэг бол Хүнсний тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Хүнсний чанар хүнсний стандарт гэж юу гэдэг асуудлыг тодорхой заагаад өгсөн. Эсрэгээр мал махан бүтээгдэхүүн түүний эрүүл ахуй стандарт аюулгүй байдал гэдэг асуудлыг тодорхой заагаад өгсөн. Тухайлбал хэн юу үзэх ёстой вэ гэдэг асуудал бол маргааны хамгийн гол асуудал юм. Монгол Улсын стандарт MNS5023:2001 гэж байна. Удирдамжаар зөвхөн үүнийг үзнэ гэсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт бол зөвхөн удирдамж зорилго чиглэлд заасан хүрээнд хийнэ. Дээрх Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн хууль бусад хуулиар энэ хуульд заасан стандартыг үзээрэй гэж байгаа. Мах махан бүтээгдэхүүн эрүүл аюулгүй байдлын үндсэн стандарт шаардлага гэж байгаа. Энэ шаардлага стандартын хамрах хүрээ бол дотоод гадаад болон зах зээлд нийлүүлэх зорилтоор мал нядлах, мах боловсруулах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг мөрддөг юм байна. Энэ стандартын шаардлагыг хэн хяналт тавих ёстой вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн. Жишээ нь 8.2.5-д мал амьтны махыг түүхийгээр үйлдвэрлэж эрх бүхий байгууллагаас томилогдсон мал эмнэлгийн ариун цэврийн байцаагч үзлэг хийнэ. Улмаар шинжилгээ хийж стандарт шаардлагад хяналт тавина. Эрүүл ахуйн аюулгүй байдлын тогтолцоог бол мал эмнэлэг, лаборатори бүрдүүлнэ. Малын үзлэгээр халдварт өвчний шинжилгээ илрээгүй бол хүлээн авна. Үзлэг хийх хяналт тавих бүр эрх нь мал эмнэлгийн улсын байцаагчид байгаа. Шинжээч буюу мал эмнэлгийн улсын байцаагчид эрүүл ахуйн аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгсний дараа энэ бол хүнсэнд нэвтэрнэ. Малын эмч, мал эмнэлгийн байцаагчийн үзлэг холбогдох лабораторийн шинжилгээний дүнг мах махан бүтээгдэхүүний чанарыг тодорхойлно. Энэ бол мал эмнэлгийн асуудал байдаг юм байна. Ажлын байрны нэрийг тодорхой заасан юм байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мах махан бүтээгдэхүүнийг шалгаарай гээд явуулсан. Үүнийг мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэврийн магадалгаа хийж мэргэжилтэн байцаагч хариуцна.
Нэхэмжлэгчийн ярьж байгаа хүнс гэдэг нь хүний бие мах бодит үйл ажиллагаа хангах, эрүүл мэндийг дэмжих хамгаалахад шаардах хүнсний түүхий эд хагас боловсруулах бүтээгдэхүүн ундны усыг хэлнэ гэж заасан. Хүнсний чанар гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч үндсэндээ 60 гаруй стандартыг хэрэгжүүлдэг боловч мах махан бүтээгдэхүүний стандарт нь ажил үүргийн чиглэлд хамаардаггүй. Хамаардаггүй учир удирдамжийн 7.2-т зааснаар үйл ажиллагаа шалгаад ирээрэй гээд 7.1-ээр мал эмнэлгийн байцаагч нарт та бүхэн энэ ажлыг шалгаад ирээрэй гээд явуулсан. Улмаар саяны тодруулж хэлсэн үйлдвэрийн байранд үзлэг хийгээд бичиг баримт байхгүй байна ажиллаагүй гээд бичээд орхисон. Үүнийг стандарт шаардлага хангасан албан бичгээр бичээд өгсөн. Нэхэмжлэгчийн удирдамжид заасан үйл ажиллагаа нь ӨМ******* компанийн тухайд дуусгавар болсон. Зооринд ороод илтгэх хуудас бичсэн шалтгаан нь энэ удирдамжийн 7.1.8-д түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт бүртгэл хөтлөлт тээвэрлэлтийн нөхцөл, махыг технологийн дагуу хурааж эрүүл ахуйн шаардлын дагуу хадгалж зориулалтын дагуу тээврийн хэрэгслээр тээвэрлэх эсэхийг шалгах үүрэг мал эмнэлгийн улсын байцаагч нарын чиг үүрэгт хамаарч байгаа. Хуулиар энэ хүмүүсийн чиг үүрэгт хамаарч байгаа.
Гуравдугаарт хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт мал эмнэлгийн улсын байцаагчийнх байгаа. 1000 тонн махны асуудал байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар 1000 кг махыг албан ёсоор хиллээд мах гэдгийн нотолсон баримт байхгүй. 1000 кг махыг агуулах руу орж шалгах чиг үүрэг удирдамжаар, хуулиар, стандартаар мал эмнэлгийн улсын байцаагчид байсан. Үүний дагуу Д.Б********* , Нн.А********* нар чиг үүргээ хэрэгжүүлээд С.С****** дээд давхарт үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгаад гараад явсан. Үүнийг шалгах чиг үүрэг С.С****** ад байгаагүй. 1000 кг мах илэрсэн зөрчлийг таслах зогсоох арга хэмжээг авах үүрэг хэнд байгаа вэ? 1000 кг мах өнөөдөр ямар зөрчилтэй мах вэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл байхгүй. 1000 тонн махтай холбоотой зөрчил тогтоогдоогүй. Сүүлд нь удирдлагаас өгсөн үүргээр Д.Б********* зөрчлийн хэрэг нээгээд шалгаад явсан. Тэгэхээр энэ бол хуулиар шалгаж илрүүлж, таслан зогсоож, шалгах ёстой ийм зөрчил байжээ.
Гуравдугаар асуудал бол 19.7, 9.8, 9.10 дах заалтыг үзэхээр маш их ноцтой заалтууд байгаа. Удирдамжид заасан хяналт, үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй гэдэг. Энэ хүмүүст байр луу орж үзлэг хийх эрх байсан уу гэдэг асуудал яригдана. Удирдамжийн 3.1-д шалгалтын баримт бичгийг хянан үзэх гэж байгаа. Баримт бичгийг үзэх юм байна. Мах махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, технологийн горим түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хадгалалт, үүн дээр нэмээд гэсэн агуулгаар байгаа. Шаардлагатай тохиолдолд түүхий эд бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулах юм. Өөрөөр хэлбэл бичиг баримтыг үз, лабораторийн шинжилгээнд хамруул, баримт бичгийг хуулбарлаж фото дүрс бичлэгээр гээд энэ аргаар өгөх ёстой. Ингээд үзлэг хийх аргыг дурдаж өгөөгүй.
Дараагийн асуудал бол лац ломбо хэрэглэх журмыг зөрчсөн гэж байгаа. 5 дугаар сарын 18, 21-ний удирдамжаар лац ломбоны асуудал яригдаагүй. Лац ломбо хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй. Үйлдвэр түгжээтэй байсан. Агуулгах шалгасан хүмүүсийн тухайд бусад нь лацтай нэг нь лацгүй байсан үүн дээрээ лац тавих эсэх асуудал маргаан яригдаад үүн дээрээ лац тавих удирдамж өгөөгүй.
Хоёрдугаарт лац өгөөгүй гэдгээр өмнөх шүүхийн шийдвэрээр Д.Б********* зөвдсөн байна. Нэхэмжлэгчийн хувьд лац ломботой асуудалд огт оролцоогүй. Лац ломбо хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй. Мэргэжлийн хяналтын байцаагчид 31-ний өдрөөс 01-ний өдөр шилжих шөнө ачиж явсан гарал үүсэл тодорхой 8 тонн махыг лацдаад маргааш нь дарга очоод лацыг авхуулаад ******* сайттай чанаж идсэн асуудлаар лац ломбо хэрэглэх журам зөрчсөн гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ асуудалд нэхэмжлэгчд оролцоогүй. 19.7, 9.8, 9.10, 9.11 дэх заалтыг дурддаг. 19.7, 9.8, 9.11 нь ямар нөхцөл байдал байгаа вэ хүний амь нас эрүүл мэндэд шууд хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор батлагдсан, түүнчлэн осол аваар гарч болох тохиолдол өөрөөр хэлбэл тодорхой нөхцөлийг зааж өгч байгаа. Учруулж болох хохирол зохих ёсоор батлагдсан байх ёстой юм байна. Осол аюул гарч болох нөхцөл байдал байх юм. Холбогдох ажлыг зөрчил арилгах хүртэл зогсоох арга хэмжээ авах ёстой. Шаардлагатай тохиолдолд ариутгаж хоргүйжүүлэх тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох арга хэмжээ авах ёстой. Холбогдох бүтээгдэхүүнийг хориглож өөр зорилгоор ашиглахад олон нийтэд зарлана мэдээлэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд 19.7 дах нөхцөл байдал үүсээгүй. Үүнийг тогтоогдоогүй гэж шүүх ч нотолсон. 19.8 болохоор хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага аж ахуйн нэгж иргэн албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгөх. Хяналтын шалгалтын явцад нэхэмжлэгч шалгахад ямар ч алдаатай нөхцөл байдал илрээгүй. 19.9-д улсын байцаагч нь хууль тогтоомжийн чанд сахих, хөндлөнгийн үйл явцад үл автах, өөртөө холбоо хамааралтай хүмүүсийг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх гэж заасан. Тэгэхээр 19.10-аар нэхэмжлэгч хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийсэн. 19.10-аар хөндлөнгийн нөлөөлөлд автсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол үүнийг нотолсон баримт албаны шалгалтаар байхгүй. Үүнийг шалгаж өгнө үү гэж Авлигатай тэмцэх газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. 6, 7 сар шалгахад гэрчээр мэдүүлэг өгсөн сууж байгаа. Энэ асуудал тогтоогдохгүй байна. 19.11-д улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ нотолгооны үнэн зөвийг хариуцна. Нэхэмжлэгч ямар асуудлын үнэн зөвийг хариуцах вэ гэхээр 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0089476 дугаартай ӨМ******* компанид хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцах ёстой. Тэмдэглэл нь удирдамж болоод хуулийн хүрээнд явагдаж байгаа. Үүн дээр үйлдвэрийн байранд хяналт шалгалт хийсэн. Мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг өөр хүнтэй ярина. 5.7-д зөвхөн өөрийн бичиж шалгасан асуудлын хүрээнд хариуцлага хүлээнэ гэсэн тодорхой заалтууд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны стандартад тодорхой заасан. ӨМ******* гэдэг компани бол шалгаснаас хойш 6 хоногийн дараа “...цар тахалтай байгаа учраас 0 зогсолттой байна гээд...” үйл ажиллагаа явуулаагүй буюу үйлдвэрлэл явуулаагүй талаар энэ байгууллага эргээд хариу өгөөд явж байгаа. Ингээд дуусаад 4 танилцуулга явж байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартын 5.1 дэх заалтад улсын байцаагч нь хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомж болон олгосон бүрэн эрх, эрхэлж байгаа албан тушаалын тодорхойлолтын хүрээнд хууль нийтээр дагаж мөрдөх бүртгэгдсэн актын хүрээнд үндэслэж явуулна гэж заасан. Энэ хүний ажлын байрын тодорхойлолт дагаж мөрддөг хууль тогтоомж хариуцлага стандарт дотор мах махан бүтээгдэхүүн хадгалах нядлах тээвэрлэхтэй холбоотой асуудал байхгүй.
Ажлын байрны тодорхойлолт бол гол бичиг баримт юм. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ямар нэгэн ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Ажлын байрны тодорхойлолт танилцуулагдаагүй. Нэхэмжлэгчийн хувийн хэрэг дотроос боловсролын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг нэр бүхий албан тушаалтан гаргаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн гаргасан тогтоол журам гэж байгаа. Ямар ажил албан тушаал хэрэгжүүлэх мөн ямар хариуцлага хүлээх үү гэдэгт гол үндэслэл нь ажлын байрны тодорхойлолт болно гэж заагаад байгууллагын хүний нөөц хариуцсан албан тушаалтан тухайн албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалтан томилж буй этгээдэд албан ёсоор танилцуулаагүй. Улмаар ажлын байрны тодорхойлолт өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Хэрэгт 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар мэргэжлийн хяналтын газар хүнсний чанар стандартын улсын байцаагчийн гэсэн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч энэ минийх биш байна, боловсролын байцаагчийнх байна гэхээр хүний нөөцөөс хүнсний чанар стандартын хүнсний худалдаа хяналтын улсын ахлах байцаагчийн тодорхойлолтыг 3 дах удаагаа гаргаж өгсөн.
Байгууллагын дотоод журамд энэ асуудлыг тодорхой заагаад өгсөн. Энэ байгууллага ажлын байрны тодорхойлолттой холбоотой нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл ярих боломжгүй байгууллага юм. Яригдаж байгаа тушаалын 19.7, 19.8, 19.10, 19.11 удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй гэдэг асуудлууд няцаагдаж байна. Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар үйлдвэрийн байранд үзлэг хийсэн. 1000 кг махтай холбоотой асуудлыг шалгах нь бусад стандарт хууль тогтоомжоор байдаггүй гэдэг нь тодорхой болж байна. Ийм зөрчил гарсан эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчтэй холбоотой нэг дэх хэсэгт заасан асуудал бүхэлдээ үндэслэлгүй байна.
“...Харьяа дээд шатны албан тушаалтанд бодит байдал нотолгоонд тулгуурласан үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ” биелүүлээгүй гэж байна. Стандартын ар талд тайлбар мэдүүлэг авахгүй гээд хариуцлагаа 5.1.1, 7.2-аар хариуцна гэж байгаа. Ийм учраас хуулийн 48.1.4 ээр ажлаас халсан шийдвэр үндэслэлгүй байна. Тодорхой баримтад тулгуурлаагүй байна. Эрх зүйн зөрчилтэй хуульд нийцээгүй хуульд үндэслээгүй актыг хүчингүй болгодог. Захиргааны акт эерэг сөрөг янз бүрийн нөлөөлөлттэй. Захиргааны акт гаргах гэж байгаа бол оролцогч нарыг тодорхойлно.
Энэ албаны шалгалт бол тусдаа удирдамжтай байгууллагын дотоод үйл ажиллагаа юм. Хэрвээ сонсох ажиллагаа хийж байгаа бол С.С****** чамайг хуулийн 37.1.13, 37.1.15, 48.1.4-ээр халах гэж байна. Энэ бол чамд ийм сөрөг нөлөөтэй гээд танилцуулаад хариу тайлбар аваад энэ хүнд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч үүний дагуу захиргааны акт гаргах ажиллагаанд оролцоод оролцогчийн эрх үүргийг хэрэгжүүлээд ямар эрх үүрэг байгаа талаар хуульд тодорхой бичсэн байгаа. Үүнийг хэрэгжүүлээд хоёр тал дараа нь нотлох баримт цуглуулах ёстой. Улмаар энэ актыг гаргах эсэх асуудал дараа нь жич шийдвэрлэх ёстой. Хуульд заасан эрх үүрэг байхгүй учраас бид үүнийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангах гэж шүүх удаа дараа албан тоот бичсэн. Албаны шалгалт өөрөө эргэлзээтэй. Хяналт шалгалт хийсэн баримтууд дунд өөрөө аргаа бараад өгөхгүй болохоор шүүхэд өгсөн мэдүүлгийг авчирлаа. Мөн хүн тус бүрээр илтгэх хуудас өгнө үү гэхэд үүнийгээ ч өгөөгүй. Шүүхээс тодорхой тоот бичсэн. Ингээд захиргааны актыг гаргахад хийдэг процесс аль нь ч хийгдээгүй. Хийгдсэн бол захиргааны акттай холбоотой хувийн хэрэг материал байх ёстой. Захиргааны акт гаргах шаардлагыг хангаж ажиллаагүй. Энэ бүх нөхцөл байдлуудаас харахад акт нь хуульд үндэслээгүй байна. Хуулиар тогтоосон хэм хэмжээ түүнд нийцэж гарсан дотоод хэм хэмжээ стандартад заасан үйл ажиллагаанд нийцэж гараагүй. Хуульд үндэслээгүй зөрчилтэй эрх зүйн актыг хүчингүй болгоод нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Э***** байршилд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 19, мал төхөөрөх, боловсруулах 15 үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А********* , Д.Б********* , Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.С****** нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "ӨМ******* трейд" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн гэх бөгөөд тус үйлдвэрийн захирал ирээгүй гэсэн шалтгаанаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүй. Энэ талаар улсын байцаагчийн илтгэх хуудас болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод хяналт шалгалт хийсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн танилцуулгад тусгагдсан. Мөн улсын байцаагчид нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тухайн үйлдвэрт очиход 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бохир, хог хаягдал ихтэй бөгөөд очих үед нэг агуулахад нь 1000 кг орчим хураалгаатай /мах байж болох/ зүйл байсан, өөр бусад агуулахуудыг цоожтой, түлхүүр нь байхгүй шалтгаанаар шалгаагүй, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш захирлыг нь ирэхийг хүлээсэн гэх зүйл нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад дурдагдсан байна. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө тус үйлдвэрээс "Улаанбаатар хот руу гарал үүсэл нь тодорхойгүй мах зөөвөрлөж байна" гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу хяналт шалгалтыг хийхэд дулааны аргаар боловсруулан савласан, хаяг шошгогүй 464 хайрцаг бүхий 8 тн орчим махыг тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Улмаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/245 дугаар тушаалаар С.С****** ад Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 дугаар тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгч С.С****** ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Э***** орчим мах боловсруулах хадгалах үйлдвэрийн байруудад махыг хадгалж байна. Лайв хийдэг сайтаар улмаар цацагдаж эхэлсэн. Түүний нэг нь Эгүүр гээд сайт тухайн бичлэгийг хийгээд үүний дагуу 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Засгийн газар 10, 11 болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон шуурхай удирдлага багийн утсанд удаа дараа гомдол мэдээлэл ирээд удирдамжийг 5 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий байцаагчаас чиглэл өгөөд 18-ны өдөр удирдамжийг батлаад 19-ний өдөр бүх байцаагч нарт танилцуулаад 20-ны өдрөөс хяналт шалгалт эхэлсэн. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Э***** орчим мах боловсруулах, хадгалах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхээр 3 хүний бүрэлдэхүүнтэй, нийслэлээс нэг байцаагч, дүүргээс хоёр байцаагч гэсэн харилцаагаар томилж хяналт шалгалтыг хийлгэсэн. Энэ асуудлын хүрээнд ӨМ******* ХХК-ийн агуулгах үйлдвэрийн байранд 3 байцаагийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг 5 дугаар сарын 20-ны өдөр хийсэн байдаг. 5 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтын эцсийн дүнгийн танилцуулгыг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар танилцуулгыг гаргаагүй гэж байна. Явцын танилцуулгыг ажлын хэсгийн 3 байцаагч гаргаж өгөөд хяналт шалгалт хийх хугацаа дуусаад ажлын хэсгийн ахлагч болох Х.Н****** , Б.А********** нар илтгэж ерөнхий газарт хүргэх үүрэг даалгавартай байсан. Явцын танилцуулгыг тэр дор нь үйлдэх ёстой.
Зөрчил илэрсэн бол тэр дор нь удирдах албан тушаалтан буюу хэлтсийн даргад танилцуулаад, дарга нь авах арга хэмжээгээ аваад, тэр доороо явах боломжтой байсан. 5 дугаар сарын 20-ны өдөр очиж үзэхдээ хяналтын хуудсыг гардуулж чадаагүй гэдэг үндэслэлээр хяналт шалгалт хийгээгүй. Эрх бүхий албан тушаалтан байгаагүй учир шалгалт хийгээгүй гэсэн мөртлөө ороод шалгасан байдаг. Д.Б********* ороод зургийн дарсан байдаг. Үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Н.А********* энэ талаар мэдэхгүй гэдэг. Энэ асуудлыг зохицуулж шийдээрэй гээд бүрэлдэхүүн томилж байгаа. Тэрнээс биш нэг нэгээр нь томилоод явуулах боломжтой. Бүрэлдэхүүн нь ийм утга учиртай юм. 2020 оноос хойш ӨМ******* ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Агуулах үйлдвэрийн байр хоосон байна гэсэн танилцуулгыг бичээд С.С****** , Н.А********* , Д.Б********* гурав гурвуулаа гарын үсэг зураад байцаагчийн тамга тэмдгийг дарсан байдаг. Үүний дараа 5 дугаар сарын 26-ны өдөр тус үйлдвэр манай агуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй хоосон байгаа гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн байдаг. 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө тус үйлдвэрээс дулааны аргаар боловсруулагдсан мах тээвэрлэж явж байж болзошгүй гэсэн иргэний мэдээллийн дагуу 70128012 шуурхай удирдлагын утсанд ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийгээд товчоонд илрүүлсэн. Тэгэхэд 8 тонн орчим дулааны аргаар боловсруулсан мах байсан. Үүнийг шалгаад үзтэл ӨМ******* компанийн агуулахаас гарсан байсан.
Энэ нь байцаагч нарын өгсөн тэмдэглэл тухайн үйлдвэрийн хариуцаж байсан хүний мэдүүлэг болон зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар сүүлд нь Ц.О********** гэдэг хүн гарч ирээд шүүхээр явж байгаа. Тэр үедээ бол 8 тонн мах нь 1000 кг орчим мах байсан агуулахын эсрэг талын агуулахад цоожтой байсан гэсэн зүйлийг ярьдаг. 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө илрээд ӨМ******* компанид мах хадгалагдаж байсан зөрчил байгаа гэдэг нь энэ үйл баримтаар тогтоогдож байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Б*******ийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийгээд 3 байцаагч нь хэрэгжүүлэх ёстой байсан эрх үүргийнхээ дагуу эрх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа учраас хүний амь, бие эрүүл мэндэд хортой хохирол учирч болзошгүй байна гэж үзэж, Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/245 тоот тушаал тус үндэслэлээр гарсан. Тухайн үед нэхэмжлэгчээс зөвхөн удирдамжид заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалтыг хийх ёстой байсан гэж байна. Магадгүй тийм байсан байх. Түүн дээр дутуу зохицуулсан байсан байх. Байцаагч гэдэг хүн бол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж байдаг гол эрх бүхий албан тушаалтан юм. Тийм учраас зөвхөн удирдамжид заасан чиг үүргийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлэх нь өрөөсгөл юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна манай байгууллагад гол хэрэглэдэг хууль бол Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль юм. Бүрэлдэхүүнээр 1000 кг орчим мах байсан талаар илрүүлсэн. Үүнийхээ дагуу дээж аваад лацдах ёстой байсан. Энэ бол улсын байцаагчийн эрх үүрэг ерөнхий газраас гаргаж өгсөн дүрэм журмын дагуу хэрэгжүүлээд явах ёстой байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ зөрчлийг илрүүлсэн бол 5 хоногийн дотор нэн даруй зөрчил хариуцсан мэргэжилтэн буюу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд 5 хоногийн дотор хялбаршуулах, хэрэгсэхгүй болгох, татгалзах гэсэн аль нэг шийдвэрийг гаргах ёстой байсан. Энэ талаарх шийдвэрийг гаргаагүй. 5 дугаар сарын 18-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай буюу 5 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан. Үүний дараа хяналт шалгалтын танилцуулгыг хийх байсан гэсэн. Энэ бол чиглэлийн тухайн ахалж байсан ахлагч нарын танилцуулга хийх хугацаа юм. Мөн удирдамжийн хугацаа дахиад 10 хоногоор сунгасан. 3 байцаагч бол явцын танилцуулга илтгэх хуудсаа тэр даруй 5 хоногийн дотор өгөөд явж байх ёстой. Зургийн талаарх тайлбарыг Д.Б********* байцаагч хэлсэн гэж байна. Энэ талаарх тайлбар мэдүүлэг зэрэг байхгүй. С.С****** ын гаргаж хэрэгт өгсөн байгаа тэмдэглэлийн бланкыг санхүүгээс шаардах бичээд олон тоогоор авдаг. Тэрийг хэзээ ч үйлдэх боломжтой. Дараагаар нь тооцоо хийх зохицуулалт байхгүй. Хяналт шалгалтын хуудсанд шалгаж байгаа байгууллагын хариуцаж байгаа хүн нь гарын үсэг зураад баримтжуулдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар ӨМ******* компанийн талаас ямар нэгэн гарын үсэг зурсан талаар байхгүй учир хэзээ үйлдсэн тодорхойгүй, хийсэн үгүй нь эргэлзээтэй байна. Албан тушаалын тодорхойлолтыг танилцуулдаг. Мах нь өөрөө дулааны аргаар хагас боловсруулсан байгаа. Удирдамж дээр зааснаар дулааны аргатай холбоотой бүх заалт нь хүнсний чанар стандартын байцаагчийн эрх үүргийн 7.2-т заасан байгаа. Энэ мах өөрөө хагас боловсруулсан мах юм. Улсын байцаагчийн гарын авлагаар лац ломбо хэрэглэх талаар заасан байдаг. 3 жил болсон байцаагчид энэ гарын авлага байгаа. Үүн дээр лац ломбо хэрэглэх талаарх журам бүгд байгаа. Үүний дагуу байцаагч өөрөө албан тушаалыг хашиж байгаа эрх үүргээ хэрэгжүүлээд дээж аваад, дахиж гаргахгүйн тулд лацдах үүрэгтэй. Тухайн 1000 орчим кг махнаас авсан дээжийн дүнгүүд байгаа. Гэхдээ энэ бол манайхаас гарахгүй мал эмнэлгийн лабораториос гардаг учраас нотлох баримтаар өгч болохгүй байна. Тэр махнаас авсан дээжээр бол хүний ялгагдсаас гардаг нян илэрсэн. Би мэргэжлийн хүн биш учраас тайлбарлаж чадахгүй байна. Цаашлаад хүний амь насанд хүрэх боломжтой юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс *******д холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, С.С****** ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны 4,284,705 төгрөгтэй тэнцэх цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ,
- ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж байгаагүй атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй,
- төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжид заагаагүй хяналт шалгалтын арга хэлбэрийг хэрэгжүүлээгүйд буруутгасан,
- нэхэмжлэгчийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй асуудлаар хяналт шалгалт хийгээгүй гэж буруутгасан хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.С****** нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ илэрсэн зөрчлийн таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, хуульд заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй, “Лац ломбо хэрэглэх журам”-ыг зөрчсөн гэж дүгнэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2. С.С****** нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Б/68 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын дагуу төрийн албан хаагч дараах нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/92 тушаалаар эрх олгогдсон хяналтын улсын байцаагч болохынхоо хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй нийтийн албан тушаалтан байна.
3. С.С****** нь хуулиар хүлээсэн төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 тоот удирдамжийн дагуу хийгдсэн “Дотоод хяналт шалгалт”-ын явцад тогтоогджээ. Тодруулбал,
3.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Э***** эд байрлах мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А********* , Д.Б********* , хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч С.С****** нар нь хамтарсан хяналт, шалгалт хийхээр хуваарилагдаж хяналт шалгалтыг хийжээ.
3.2. Улсын байцаагч нараас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “ӨМ******* ” ХХК-ийн болон бусад компанийн үйлдвэрт газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн талаар “ӨМ******* трейд” ХХК нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, агуулах хөргүүр хоосон” гэх тайлбар бүхий “Хяналт шалгалтын танилцуулга”-ыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэж гарын үсэг зурж, тэмдгээ дарж хяналт шалгалтын удирдах албан тушаалтанд хүргүүлсэн нь бодит нөхцөл байдлаас буюу “ӨМ******* трейд ХХК-ийн 7 дугаар агуулах дотор дулааны аргаар боловсруулсан 1 тн орчим хаяг шошгогүй мах хадгалагдаж байснаас зөрүүтэй байсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Үүнд:
3.2.1. Тус агуулахад хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Н.А********* , Д.Б********* нар нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, уг махыг лацдаж битүүмжлээгүй, шинжилгээнд хамруулаагүй улмаар хяналт шалгалтын ажлын танилцуулгад тусгаагүй, бүрэн гүйцэт тайлагнаагүй тухайгаа улсын байцаагч Н.А********* аас “... тус үйлдвэрт очиход албан ёсны төлөөлөгч байгаагүй тул тэмдэглэл үйлдээгүй, ... үйлдвэрийн хөргүүрт хаяг, шошгогүй мах байсан...Д.Б********* гар утсаараа зураг авсан..., тухай үед лац ломбо байгаагүй, захирал байгаагүй тул дээж авч акт үйлдээгүй...” гэсэн, улсын байцаагч Д.Б********* оос “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...хөргүүрт байсан 1 тн орчим махны хайрцаг болон битүүмж алдагдсан тул тусад нь хураасан, ашиглахгүй гэж иргэн Ж.Өлзийбаяр мэдэгдсэн, тус мах нь 7 дугаар агуулахад байсан, хаяг шошго байгаагүйг зургаар баримтжуулсан, лац тавих чиглэл өгөөгүй тул махыг хөдөлгөхгүй, шилжүүлэхгүй байх чиглэл өгсөн, дээж аваагүй. Дараа очиход уг мах хэвээрээ байсан ...” гэж тайлбарлажээ.
3.3.2 Улсын байцаагч С.С****** аас “... агуулах, хөргүүрийг лацдах чиглэл өгөөгүй тул лац ломбо авч яваагүй, тухайн үед дээж аваагүй, мах байгааг мэдээгүй, хараагүй...” гэсэн тайлбаруудыг өгсөн боловч Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй зорилго нь тухайн бараа бүтээгдэхүүн нь зөрчилтэй эсэх, хууль тогтоомжид заасан шаардлага хангах эсэхийг тодруулах, ингэж тодруулсны үндсэн дээр дараагийн арга хэмжээ авах эсэхийг тодорхойлоход чиглэдэг болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас баталсан 02-01/501 тоот “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжид хяналт шалгалтын зорилгыг “... мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд ... хууль, ... стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох”-д оршино гэж тодорхойлсон, түүнчлэн нэг биш 3 улсын байцаагчийг хамтарсан байдлаар хяналт шалгалт хийхээр томилсон байх тул нөгөө 2 байцаагчаас үл хамааран улсын байцаагч С.С****** нь хяналт шалгалтын явцад хамгийн түрүүнд хэрэгжүүлбэл зохих тухайн түүхий эд бүтээгдэхүүнийг юу болох/мах эсхүл хүнс эсэх/-ыг тодорхойлохтой холбоотой үзлэг хийх, хүнсний эсхүл өөр зориулалтаар ашиглах мах эсэх нь тодорхойгүй тохиолдолд битүүмжилж лацдах, улмаар шаардлага хангах эсэхийг тодруулахын тулд дээж авч шинжилгээнд хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байжээ.
3.4. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.2-т зааснаар “...шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх...” нь хяналт шалгалтын арга хэлбэрт хамаарахаар заасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 4.1-д “шалгалт” гэж хүн, хуулийн этгээд үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг хууль, эрх зүйн үндэслэл, журам, арга, хэлбэрээр биечлэн үзлэг хийх, баримт бичигтэй танилцах, бодит нөхцөл байдлыг үнэлэн тогтооход чиглэсэн арга хэмжээний цогц гэж тодорхойлсноос үзвэл, “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу томилогдон ажиллаж байгаа улсын байцаагч нь шалгаж буй объектыг бодит нөхцөл байдлыг бүхэлд нь тогтоох, үнэлэх, улмаар агуулах дахь мах нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан, эсхүл учруулсан болох эсэхийг тодорхойлохтой холбоотой тохирох шийдвэр гаргах үүрэгтэй байна.
3.5. Гэтэл нэхэмжлэгч нь ямар зорилгоор хяналт шалгалт хэрэгжүүлж байгаагаа мэдээгүй мэтээр “уг агуулахад мах байсныг мэдээгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... мах мэт зүйл байсан гэж тэмдэглэгдсэн, дулааны аргаар боловсруулсан мах нь хүнсний бүтээгдэхүүнд хамаарахгүй, үзлэг хийх талаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжид тусгаагүй, мах нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан, эсхүл учруулсан болох нь нотлогдсон тохиолдолд битүүмжлэх, лацдах арга хэмжээ авах боломжтой, мах нь мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн ажлын чиг үүрэгт хамаарна” зэргээр тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй, энэ үндэслэлээр эрх бүхий улсын байцаагчаас хэрэгжүүлбэл зохих хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй.
3.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.С****** нь эрх олгогдсон улсын байцаагч болохынхоо хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “... зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, ..., холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна.
3.7. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.1-д зааснаар хяналт шалгалт гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээ байхад улсын байцаагч С.С****** нь “ӨМ******* ” ХХК-ийн агуулахад байсан мах нь хүнсний чанар, стандартад нийцэх эсэхийг тодруулахтай холбоотой аливаа ажиллагаа хийгээгүй байх тул маргаан бүхий актын үндэслэлд “улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийх”-ээр, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийх”-ээр тус тус зохицуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн “Долоо. Хяналт шалгалт хийх чиглэл, хамрах хүрээ” хэсэгт мал эмнэлгийн болон хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэг бүрчлэн нэрлэн тоочсон, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасантай агуулгын хувьд ижил байх тул нэхэмжлэгчийн “... гүйцэтгэвэл зохих чиг үүргийг биелүүлээгүй болохыг заагаагүй, нотолгоо дурьдаагүй” гэх тайлбарыг мөн хүлээж авах боломжгүй.
5. Нэхэижлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй” гэж маргах боловч Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т зааснаар “хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, холбогдох баримт бичигтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх” нь төрийн албан хаагчийн нийтлэг эрх бөгөөд албан тушаалын тодорхойлолттой танилцуулаагүй нь төрийн жинхэнэ албан хаагч болон эрх бүхий албан тушаалтнаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй” хэмээн тайлбарлан маргах боловч төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д заасан эрх бүхий байгууллагууд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, гомдол гаргах журам”-ын дагуу зохицуулагдана. Тухайн тохиолдолд дээрх журмын “Хоёр” зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, тайлбар, тодруулаг авах ажиллагаа хийгдсэн болох нь Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн ажлын хэсгийн танилцуулгад тусгагдсан байх тул нэхэмжлэлийн дээрх үндэслэлийг хүлээж авах үндэслэлгүй, маргаан бүхий актыг гаргах ажиллагаа нь процессын хувьд зөрчилгүй гэж үзнэ.
7. Дээрхээс үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” үүрэгтэй байх ба тухайн тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.С****** нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна.
8. Улмаар хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах;” гэж заасны дагуу шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх, буруутгах боломжгүй байх тул С.С****** аас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С****** ын *******д холбогдуулан гаргасан “Үндэслэлгүйгээр ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, С.С****** ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны 4,284,705 төгрөгтэй тэнцэх цалин олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ