Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 498

 

Г.Ү-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Г.Ү-д холбогдох 1721001980025 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ө.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан,  Цахар овогт Г-ийн Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ү-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ү-ийн 3 жил хорих ялыг 2 жил болгон багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ө.Б гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ү-ийн хорих ялыг 2 жил болгон багасгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан фэйсбүүк сошиал орчинд хэргийн талаар худал мэдээлэл тавьж нийгмийн сэтгэл зүйд хуурамчаар нөлөөлсөн нөлөөлөлд автаж ял хариуцлагыг хөнгөрүүлсэн гэж үзэж байна. Хэргийн жинхэнэ бодит байдалд Г.Ү нь хорт хавдартай эхнэрээ дагуулан “Мустанг” гэх бааранд согтуугаар орж ирэн бүдүүлгээр авирлан хохирогч Г.Г-г ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний биед эдгэрэшгүй, үхэлд хүргэх аюултай хүнд гэмтлийг учруулсан байдаг. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар маргадаг, гэмт хэрэг гарснаас хойш 7 сарын хугацаанд огт хохирол төлдөггүй, мөн шүүх хуралдаанд ч тэр гэм буруугийн талаар маргадаг тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй ял хөнгөрүүлсэн байна. Г.Ү нь өөрөө учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд түүний өмгөөлөгч Ч.Э нь энэ хэргийн талаар фэйсбүүк сошиал орчинд хэргийн талаар хуурмаг мэдээлэл бичиж олон хүний сэтгэлийн дэмээр мөнгөн хуримтлал үүсгэн анхан шатны шүүхээс тогтоосон хохирол болох 1,120,267 төгрөгийг цуглуулан хохирогчид өгсөн байгаа юм. Г.Ү-ийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг нь одоо ч хүртэл арилаагүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 75 хувийн группт байгаа зэргийг давж заалдах шатны шүүх харгалзаагүй, зөвхөн шүүгдэгчийн эхнэр нас барсан юм байна, 2 хүүхэд нь ээж Гүндэгмаагийн асрамжид байгаа гэсэн нөхцөл байдалд хөтлөгдөн ял хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг Гэр бүлийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Цаашид шүүгч нар эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа янз бүрийн нөлөөлөлд автахгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын ял багасгасан 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх  хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ү- нь хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан, үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн  Г.Ү-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” нэртэй бааранд Г.Г-ын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ү-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч Г.Ү-д анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн гэж дүгнэв.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ө.Б-ын гаргасан “хэт хөнгөн ял оногдуулсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ө.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН