Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02114

 

2022 оны 06 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2022/02114

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.Н

 

Хариуцагч: Н.М

 

Хариуцагч: ТӨ ХХК 

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ж.Н байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах; гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох .... орон сууцыг буцаан авах; эксковаторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н.М, ТӨ ХХК-иудад холбогдох, 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Хариуцагч ТӨ ХХК-ийг төлөөлж Н.М нь Ж.Н надтай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулж ... улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын эксковаторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Эксковаторын нийт үнийг 365,000,000 төгрөгөөр тохирохдоо төлбөрийг талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасны дагуу бартер болон бэлэн мөнгөөр төлөхөөр болсон. Ингээд төлбөрт нь 100,000,000 төгрөгийг бэлнээр, ... талбайтай, ..., .... тоот хаягт байршилтай, ... орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцож, нийтдээ 278,584,000 төгрөгийг гэрээний үүрэгт хүлээн авсан. Хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 86,416,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан боловч төлбөрөө бүрэн төлөхгүй байгаа. Иймд үлдэгдэл төлбөр болох 86,416,000 төгрөгийг хариуцагч Н.М гаргуулах, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ТӨ ХХК-ийг татсан. Учир нь гэрээг би хуулийн этгээдтэй байгуулсан. Харин барьцааны гэрээг хувь хүнтэй байгуулсан болно гэжээ.

 

2. Хариуцагч ТӨ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ТӨ ХХК нь 2012 оноос гадаад худалдаа болон төмөр хийц, барилга уул уурхайн чиглэлээр үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. Тус компани нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.Н Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ж.Н ... улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын эксковаторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Эксковаторын нийт үнийг 365,000,000 төгрөгөөр тохирохдоо төлбөрийг талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасны дагуу бартер болон бэлэн мөнгөөр төлөхөөр болсон. Ингээд төлбөрт нь 100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Бартерт нь .... тоот хаягт байршилтай, ... өрөө орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцож өгсөн. Нийтдээ 278,584,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн байгаа. Манай компани дээрх эксковаторыг М ТӨҮГ-ын Хэнтий аймаг, Бор-Өндөрийн ...-тэй хамтран ажиллах гэрээний дагуу дээрх механизмыг хөрс хуулах ажилд ашиглах зорилгоор худалдаж авсан ба механизмыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уурхай дээр аваачсан. М ТӨҮГ-тай хийсэн ... тоот гэрээний үүрэг, хариуцлагын заалтанд нэг сарын 3,600 тонн буюу 183,600,000 төгрөгийн хүдэрийн баяжмал нийлүүлэх хатуу гэрээтэй байдаг. Цаг хугацааны хувьд нэг өдрийн ажил алдахад 6,120,000 төгрөг болох бөгөөд тухайн эрхийн болон биет байдлын доголдолтой машин механизм худалдан авснаас болж өнөөдрийг хүртэлх хугацаанд 306,000,000 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Ж.Н нь эрхийн болон биет байдлын доголдолтой механизмыг манай компанид худалдсанаас их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн механизмийг ажлын талбай дээр ажиллуулж үзсэн тэмдэглэл, засвар хийсэн байдлуудаас тодорхой харагдах болно. Дээрх этгээдэд манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж .... байрыг шилжүүлж өгсөн, мөн тус байрны .... талбайтай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг барьцаалсан, гэрээний урьчилгаа болох 100,000,000 төгрөгийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл манай компанийн нэр дээр механизмийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Харин ч компанийн өгсөн орон сууцыг барьцаанд тавьж, хувьдаа ашиглан биднээр даажигнаж байна. Иргэн Ж.Н компанийн зүгээс удаа дараа зөвшилцөхийг санал болгож механизмыг засварлуулах талаар уулзаж ярилцсан боловч дээрх саналыг үл ойшоож зугтсаар байсан болно. Дээрх асуудлыг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан ба мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Д нь шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын газарт шилжүүлснийг хяналтын прокурор Ц.С нь хүлээн авч хянаад гэрээтэй холбоотой иргэд хоорондын маргаан байна гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө худалдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Н нь нэхэмжлэлдээ хариуцагчаар компанийг бус гэрээнд гарын үсэг зурсан Н.М намайг хариуцагчаар татсан нь нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болж байна. Учир нь Н.М миний бие компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурснаас бус өөрийн эзэмшилд тухайн механизмыг аваагүй гэжээ.

 

4. Хариуцагч ТӨ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Н 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм худалдах-худалдан авах гэрээ байгуулж ... улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын эксковаторыг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Эксковаторын нийт үнийг 365,000,000 төгрөгөөр тохирохдоо төлбөрийг талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасны дагуу бартер болон бэлэн мөнгөөр төлөхөөр болсон. Ингээд төлбөрт нь 100,000,000 төгрөгийг бэлнээр, ... тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцож, нийтдээ 278,584,000 төгрөгийг төлсөн. Гэвч Ж.Н худалдан авсан хүнд машин механизм нь биет байдлын доголдолтой байсан. Тухайн механизмыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь ЖЭЭД ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй талбай дээр хөрс хуулах ажилд ашиглах зорилгоор манай компани өөрийн зардлаар зөөвөрлөн аваачсан. Гэтэл тухайн механизм нь ажлын ачаалал даахгүй удаа дараа эвдэрсэн. Бид энэ талаар Ж.Н хэлж, засварлаж өгөхийг шаардсан боловч худалдагч талаас ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байснаас худалдан авагч компани өөрийн зардлаар 25,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Гэвч дээрх механизм нь уурхайд ашиглах ямар ч боломжгүй болох нь тухайн механизмд засвар үйлчилгээ хийсэн засварчин болон операторын ярианаас тодорхой харагдаж байгаа юм. Энэ талаар худалдагч Ж.Н мэдэгдэж гэрээг цуцлах талаар ярилцсан боловч огт хүлээж авахгүй, харин ч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Иймд Ж.Н байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалж, гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох ... талбайтай орон сууцыг буцаан олгуулах, машин механизмд засвар үйлчилгээ хийсэн зардал 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 8 дугаар сард н.Б нь Ж.Н уулзаж ...экскаватор зарах уу, ...миний таньдаг хүмүүс экскаватор авах гэж байгаа гэж хэлсэн. Улмаар 8 дугаар сардаа ирж манай операторын хамт эксковаторыг асаалгаж, ажил хийж үзсэн. Тэгээд 9 дүгээр сард худалдаж авахаар болоод экскаваторыг дахин асааж ажил хийж үзээд худалдаж авахаар болсон. Экскаваторыг 365,000,000 төгрөгөөр худалдан худалдах гэрээ хийгээд 3 өрөө байрыг 178,584,000 төгрөгт тооцож, мөн бэлнээр 100,000,000 төгрөгийн хамт өгсөн. Үлдэгдэл 86,416,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Мөн үлдэгдэл 86,416,000 төгрөгийн барьцаанд байрыг барьцааны гэрээ хийж төлбөр төлж дуустал түр барьцаалбарт бүртгүүлсэн. Н.М явуулсан н.Б гэх хүн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр экскаваторыг хүлээж авсан болно. Бид хүлээлгэж өгөхдөө тос, маслийг сольж, хашаанаас гарч ажил хийж үзсэн. Мөн үзлэг оношилгоонд оруулж, акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Хашаанаас ачих үеийн бичлэгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Ингээд хариуцагч нь эксковаторыг Хэнтий аймгийн Бор-Өндөр рүү ачиж явсан. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нь ...экскаватор болохгүй байна гээд байхаар нь Улаанбаатар хотоос засварчин явуулсан. Засварчин очиход хариуцагч нь бүх гидрийн шингэнийг /200л/ юүлж аваад өөрсдийнхөө экскаваторт хийсэн байсан. Улаанбаатараас гидро шингэн авч очсоны дараа засварчин үзсэн. Засварчин н.С оношилохдоо экскаваторын операторын буруугаас тохиргоо алдагдсан байна, буруу оролдсон байна гэж хэлсэн. Гидро систем тохиргоо алдагдсан байна гээд тохируулж өгсөн. Бид засварчины хөлсийг өөрийн зардлаар буюу 3,000,000 төгрөгөөр төлсөн. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд зааснаар худалдагч тал нь худалдан авагч талд машин мөханизмын акт үйлдэж хүлээлгэж өгснөөс хойш эвдрэл гэмтлийг хариуцахгүй гэж байгаа. Ингээд янзлуулсны дараа Н.М биднийг дахиж өөрийн хүнээ явуулж 7 хоног бариулж хүлээлгээд өгөөч гэсэн. Манайх механик А.Э явуулж Н.М механик гээд хоёр ажилтанд хүлээлгэн өгч, цаасаар акт үйлдэж бичлэгээр баталгаажуулж ирсэн. Манай механикийг 4 өдрийн дараа ...одоо бид хүлээж авсан юм чинь чи явж болно гэж явуулсан. Механик А.Э 4 өдрийн цалин 600,000 төгрөг, мөн машин бензин хоолны зардалд 250,000 төгрөгийг бид төлсөн. Экскаваторыг оролдож тохиргоо алдагдуулсан байсан нь бидний буруу биш. Н.М нь өөрийн гэсэн мэргэжпийн оператор байхгүй, экскаватор барих чадваргүй оператораар бариулаад техникийн тохиргоог алдагдуулсан байсан. Экскаватор нь 2010 үйлдвэрлэгдсэн 12 жил ашигласан хуучин техник бөгөөд мөн энэ хүнд машин механизм учраас дурын нэг жолооч очоод ажиллуулах, янзлах боломжгүй мэргэжлийн механик, мэргэжлийн оператортой байж энэ техникийн ажиллуулах ёстой. Бидний хувьд эд хөрөнгийн ямар нэгэн доголдолгүй техник хүлээлгэж өгсөн болно гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Машин механизм худалдах-худалдан авах гэрээ /хх3-8/, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ /хх9-10/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 12/, итгэмжлэл /хх20/.

 

7. Хариуцагч Н.М дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх21/.

 

8. Хариуцагч ТӨ ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх26/, итгэмжлэл /хх27/, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Машин механизм худалдах-худалдан авах гэрээ /хх29-31/, эксковаторын зардал /хх93/, төлбөрийн баримт /хх94/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн баримт /хх95/.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийж, холбогдох баримтуудыг хавсаргасан /хх59-62, 2 сиди бичлэг/.

 

10. Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас лавлагаа авсан. Гэрчээр Ч.Б, Э.Э, М.С нарыг асуусан /хх74-86, 102, 103/.

 

11. Шүүхийн санаачилгаар бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан /хх63-73, 101/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ТӨ ХХК болон Ж.Н нар Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Ж.Н нь 40-68 улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндэй робекс 520 эл си /Hyandai Robex520LC/ маркын эксковаторыг ТӨ ХХК-д 365,000,000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ худалдахаар болсон ба гэрээний төлбөрийг төлөх нөхцөлийг талууд дараах байдлаар харилцан тохирсон байна. Үүнд:

 

1/ 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг;

2/ 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцон шилжүүлнэ;

3/ 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 86,416,000 төгрөгийг төлнө;

4/ Үлдэгдэл 86,416,000 төгрөгийг төлөх хүртэл хугацаанд эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, .... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаална.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Н болон Н.М нар ... тоот барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

Шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ТӨ ХХК болон Ж.Н нарын хооронд байгуулагдсан Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ-гээр талууд нэг талын хүлээх үүргийг өмчлөх эрх шилжүүлэх, нөгөө талын хариу үүргийг эд хөрөнгө эсхүл мөнгө шилжүүлэх агуулгаар тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэхээс илүүтэй мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагчаас 100,000,000 төгрөг, мөн ... орон сууцыг 178,584,000 төгрөгт тооцон хүлээн авсан болон гэрээний төлбөрийн үлдэгдэл 86,416,000 төгрөг байгаа талаар зохигчид маргаангүй байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Н.М холбогдуулж 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ТӨ ХХК болон Ж.Н нарын хооронд байгуулагдсан Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж ТӨ ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

 

Хариуцагч Н.М өөрийн татгалзлыг ...би гэрээний оролцогч биш тул ямар нэг төлбөрийг хариуцахгүй гэсэн агуулгаар тайлбарласан. Харин ТӨ ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...нэхэмжлэгч Ж.Н нь биет байдлын доголдолтой эксковатор худалдсан. Уг техникийг уурхайд ашиглах ямар ч боломжгүй байснаас болж худалдан авагч компани өөрийн зардлаар 25,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, ...үүнээс болж ажлаа ч бүрэн хийж чадаагүй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирсон гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан /хх 24-25, 46/. Үүнд:

 

1/ Ж.Н байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах;

2/ Гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох, ... орон сууцыг буцаан авах;

3/ Эксковаторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад үндсэн дараах байдлаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Сөрөг нэхэмжлэл:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс ...нэхэмжлэгч доголдолтой эд хөрөнгө худалдсан гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан авахаар, мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу эксковатор биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нөгөөтэйгүүр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдан авагч тал эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад, мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол эд хөрөнгийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь хэсгүүдэд заажээ.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Техник хүлээлгэж өгсөн акт, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолуудад байх мэдээллийг гэрч М.Сайнжаргалын ...эксковаторыг ажиллуулсан операторын буруугаас болж гэмтэл гарсан байсан гэх,

гэрч Ч.Б ...уг механизмыг Ж.Н хашаанд байхад би очиж үзсэн. Яг бодитоор уурхайн ажил хийгээгүй ч тухайн хашаанд асааж, унтраах, явах, эргэлт хийх, шанагаа хөдөлгөх зэрэг үйлдэл нь байх ёстой хэмжээндээ, хэвийн байсан. Түүнээс биш би техникийн талаар нарийн мэдлэгтэй хүн биш учраас нэг бүрчлэн шалгаж 100 хувь, 50 хувь байна гэх мэтээр үнэлж тогтоох боломжгүй. Тухайн техникийг ерөнхий байдлаар нь хараад хэвийн байна гэж үзсэн гэсэн мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгч Ж.Н Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасны дагуу ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч ТӨ ХХК-иас ...2007 оноос гадаад худалдаа, төмөр хийц болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Энэ байдлыг хариуцагч компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны нэг чиглэлийг уул уурхай гэж ойлгох ба гэрээний зүйл болох эксковаторыг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлыг мэдэх буюу шалгах боломжтой байсан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч Ж.Н нь эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэхээр нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй. Иймд хариуцагч буюу худалдан авагч нь уг техникийн доголдлын талаар шаардлага, татгалзал гаргах эрхээ алджээ.

 

Хоёр. Үндсэн нэхэмжлэл:

 

2.1. 86,416,000 төгрөгийн шаардлага:

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч ТӨ ХХК-д биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй талаар дээр дүгнэсэн.

 

Хариуцагч эксковаторыг хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй талаараа маргаагүй тул нэхэмжлэгч нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй, хариуцагч үлдэх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Төмөрт өргөө ХХК-иас 86,416,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н олгоно.

2.2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах:

 

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ нь ТӨ ХХК болон Ж.Н нарын хооронд байгуулагдсан. Иймд Н.М нь энэ гэрээний оролцогч биш тул худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хариуцахгүй. Харин хариуцагч Н.М нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 660,230 төгрөг, хариуцагч ТӨ ХХК-иас төлсөн 2,107,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨ ХХК-иас 590,030 төгрөг, хариуцагч Н.М 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТӨ ХХК-иас 86,416,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Н холбогдох, Ж.Н байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ-г цуцлах, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөг, Ж.Н нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болох ... орон сууцыг буцаан авах, эксковаторт хийсэн засвар, үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай ТӨ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 660,230 төгрөг, хариуцагч ТӨ ХХК-иас төлсөн 2,107,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨ ХХК-иас 590,030 төгрөг, хариуцагч Н.М 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ