Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд

шүүгдэгч ******нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******холбогдох эрүүгийн 2525000000178 дугаартай, 312/2025/0194/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд, /***************/.

2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, /регистрийн дугаар: ******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум ******багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** худалдааны төвийн 1 давхарт байрлах банкны бэлэн мөнгөний автомат машины хажууд хохирогч ******архигүй хоосон ирсэн" гэсэн шалтгаанаар архины шилээр түүний толгой хэсэгт цохиж, хагарсан шилээр гарыг нь зүсэж эрүүл мэндэд "баруун сарвуунд шарх, хуйханд сорви" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000178 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ****** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** худалдааны төвийн 1 давхарт байрлах банкны бэлэн мөнгөний автомат машины дэргэд хохирогч ******архигүй хоосон ирсэн" гэх шалтгаанаар архины шилээр түүний толгой хэсэгт цохиж, хагарсан шилээр гарыг нь зүсэж эрүүл мэндэд "баруун сарвуунд шарх, хуйханд сорви" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч намайг арай муухайгаар хэлсэн байна. Би архигүй ирсэн гэх шалтгаанаар цохиогүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хэрэг гарсан гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ****** багийн нутаг “******” худалдааны төв дотор байна гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-13 дугаар тал),

- Хохирогч ******өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 26-ны орой гэрээсээ гараад ****** дэлгүүрийн хажууд таньдаг залуу таараад 1 шил 0,75 грамм архи уугаад тэгээд орой 21 цаг өнгөрч байсан байх Төгөл худалдааны төвийн үүдэнд байдаг АТМ-рүү яваад орсон чинь ******, ****** гэдэг залуус, зүс таних ****** гэдэг хүүхэн тэр хэд АТМ-ын буланд тойроод архи уугаад сууж байсан тэгээд би зүс таньдаг болохоор хажууд нь очоод суусан надад архинаасаа 1 хийж өгсөн архи нь ч дуусаж байсан. Би нэлээн согтуу байсан тэр хэд бас нэлээн согтсон байсан юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна миний бодлоор би архигүй очсон болохоор надад архи өгөхгүй гэж маргасан болов уу гэж бодож байна. ****** гэдэг залуу архины шилээрээ миний толгойны баруун ар дагз хэсэг рүү цохиод хагарсан шилээр нь миний баруун гар луу цохиж зүссэн миний толгой болон гараас цус гарсан би эмнэлэг дуудаач ээ цус алдаад үхлээ гэж хэлснээ санаж байна хэн цагдаа эмнэлэг дуудсан гэдгийг мэдэхгүй байна би ямар ч байсан эмнэлэг рүү явж байсан намайг цагдаа дагаад явж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 21 дүгээр тал), 

- Гэрч ****** өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг 55 минутын үед хяналтын камерын дэлгэцээ хартал Төгөл дотор CU-ын хажуу талын АТМ дээр согтуу хүмүүс зодолдоод байсан. Тэгэхээр нь би яваад очтол 2 эрэгтэй 1 эмэгтэй цуг байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр хоёр эрэгтэйн намхан нь архины шилээр цохисон бөгөөд цус гарсан байдалтай байсан" гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 23 дугаар тал), 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаартай “...****** биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №ОРХ0525/18 дугаартай “...****** биед хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), 

-Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн 1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "...2025 оны 02 сарын 26-ны өдөр 22 цаг 47 минутад 3 эрэгтэй нэг эмэгтэй хүн АТМ-ын хажууд сууж байгаа дүр байна, 22 цаг 48 минутад шаргал куртиктэй эрэгтэй хар куртиктэй эрэгтэйг дээр нь дараад ноцолдоод байх ба 22 цаг 50 минутад шар куртиктэй залуу хар куртиктэй залууг дээр нь дарсан хэвээрээ цохиод байгаа дүрс харагдана, тэгээд шар куртиктэй залуу босоход хар куртиктэй залуугийн гараас цус гарч байгаа дүрс харагдана" гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 10-13 дугаар тал), 

- Яллагдагч ******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... би ****** гэдэг хүнийг шилээр цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна надад ямар нэгэн санал хүсэлт алга байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч ******, гэрч ******нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн 1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч ****** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвийн 1 давхарт байрлах банкны бэлэн мөнгөний автомат машины дэргэд хохирогч ******архигүй хоосон ирсэн" гэсэн шалтгаанаар архины шилээр түүний толгой хэсэгт цохиж, хагарсан шилээр гарыг нь зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ****** эрүүл мэндэд "баруун сарвуунд шарх, хуйханд сорви" бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 408 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч ******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн болон өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн боловч хэрэгт иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.

Иймд хохирогч ******нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай /эмчилгээний зардал/ холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч ******нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч ******хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 52-75 дахь талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай захирамж зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ******нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 1, ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** баг ******тоотод оршин суух бүртгэлтэй, урьд таван удаагийн ял шийтгэлтэй, одоо хорих ял эдэлж байгаа зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн урд 4 удаагийн ял шийтгэлтэй, одоо хорих ял эдэлж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч *******-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай захирамжаар ялтан ******тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үйлдсэн 4 сар 25 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 4 сар 25 хоногийн хорих хорих ялаар сольж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж  шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, уг ял дээр тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч ******2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 25 хоногийн хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 сар, 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******оногдуулсан 5 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор, уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй.

Шүүгдэгч ******нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шилний хагархай 3 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ****** ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар сольж, уг ял дээр тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар ****** 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 25 /хорин тав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********-д оногдуулсан 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6. Шүүгдэгч ****** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй хохирогч ****** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай /эмчилгээний зардал/ холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шилний хагархай 3 хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ