| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2022/00451/И |
| Дугаар | 132/ШШ2022/00489 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 132/ШШ2022/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Энхсоёлмаа-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Мөнхбат -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай 132/2022/00451/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаа нь хариуцагч Б.Мөнхбатад холбогдуулан 54,000,000 /тавин дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Баасан овогтой Мөнхбатад 2021 оны 12 сарын 13-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийг сарын 10% хүүтэй 4 сарын хугацаатай зээлж, хоорондоо харилцан тохиролцож, миний бие Энхсоёлмаа, миний нөхөр Мөнх-Эрдэнэ, Мөнхбат болон түүний эхнэр бид хамтран байж мөнгийг зээлсэн. Тухайн товлосон хугацаа өнгөрч Мөнхбатаас мөнгөө нэхсэн боловч дахин дахин хугацаа хэлж, удаа дараа нэхүүлж, Мөнхбаттай уулзах гэхээр хотод байгаа, алтны уурхайд байгаа өнөө ирнэ, маргааш ирнэ гэж худал хэлж, эхнэртэй нь уулзахаар өөрөөс нь ав би мэдэхгүй гэж үл тоосон шинжтэй, өдийг хүрсэн. Мөнхбат нь энэ хугацаанд 93-96 БУН дугаартай хово машин болон өөр ачааны машин авч сэлгэж унаад байгаа боловч мөнгийг минь өгөхгүй худал ярьж зугтаад байна.
Иймд Мөнхбатаас үндсэн мөнгө 30,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Мөнхбат нь нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаагаас дансаар 29,800,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 900,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаагийн зүгээс зээл 30,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба үүнээс 28,600,000 төгрөгийг тодорхой хугацаанд, хэсэгчилж төлөх саналтай байна. Учир нь хариуцагч Б.Мөнхбатад ажил олдохгүй байдлаас болж санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Харин ззэлээс 1,400,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, нийт 25,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацааны өөрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас 0464 дугаартай итгэмжлэл, Ж.Отгонжаргалын 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Отгонжаргалын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхбатад холбогдох 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.Мөнхбатаас зээлийн үндсэн мөнгө 30,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчид 1,400,000 төгрөгийг буцаан төлсөн, 28,600,000 төгрөгийг хэсэгчилэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 25,400,000 хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 13-ны өдөр 24,800,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 5,000,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хариуцагч Б.Мөнхбатад зээлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулганы хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг амаар байгуулсан ба хариуцагчаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүнд 24,000,000 төгрөг нийт 54,000,000 төгрөг нэхэмжилж байна гэдэг.
Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдсан байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлүүлсэн мөнгө болох 30,000,000 төгрөгөө шаардах эрхтэй, харин хариуцагч 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нэхэмжлэгчид зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтөд нийт 1,400,000 төгрөг өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул 30,000,000 төгрөгөөс 1,400,000 төгрөгийг хасч үлдэх 28,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,590 /дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 300,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнхбатаас 28,600,000 /хорин найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,400,000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,590 /дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 300,950 /гурван зуун мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР