Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2022/00371

 

 

     

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо .... тоотод оршин суух, ...овогт ... Ч.Б /РД: ..., утас:.../,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Багануур дүүргийн 5-р хороо .... тоотод оршин суух, өмгөөлөгчийн туслах ажилтай, Г.О /РД: ..., утас:.../,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо ... тоотод оршин суух,  Ц.Б /РД: ..., утас:.../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Г.Д /РД: ..., утас: .../,

Хариуцагч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ... тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, Н.Б /РД: ..., утас: .../

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг ... тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Д.А /РД: ..., утас .../-нарт холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 8,284,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, иргэдийн төлөөлөгч С.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.А, гэрч С.Г нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Булган сумын нутаг Хар чулуут гэдэг газар зам дээр 2020 оны 07 сарын 14-ний өдөр Г.Д нь Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дүрэм зөрчиж миний зорчих хэсэг рүү орон Тоёота приус-20 ... машиныг маань мөргөж гэмтэл учруулсан нь тогтоогдсон билээ. Гэтэл Г.Д нь одоог хүртэл хохирлыг маань барагдуулахгүй байгаа. Урьд нь тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч өмгөөлөгчийн маань анхааралгүй байдлаас болж буцсан. Иймд гэм хорын хохирол, замын зардал 8,284,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Булган сумын нутаг Хар чулуут гэдэг газар зам дээр 2020 оны 07 сарын 14-ний өдөр Г.Д нь Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дүрэм зөрчиж Ц.Б-ийн зорчих хэсэг рүү орон Тоёота приус-20 ... машиныг нь мөргөж гэмтэл учруулсан нь тогтоогдсон билээ. Гэтэл Г.Д нь одоог хүртэл хохирлыг нь барагдуулахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж Вендо компани үнэлгээ 7,732,000 төгрөгийг Д, А нараас нэхэмжилж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа: Хариуцагч Г.Д нь 2020 оны 07 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Дорнод аймагт байрлах Буйр нуур луу гэр бүлийн хамт аяллаар явахаар болж иргэн Д.А-ын эзэмшлийн ... дугаартай Тоёота приус  маркийн тээврийн хэрэгслийг гуйж авч жолоодон яваад Дорнод аймгийн Булган сумын нутаг Хар чулуут гэх газар нэхэмжлэгч Ц.Б-ийн унаж явсан ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээрийн осолд орсон байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч Г.Д нь хариуцан төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

Хариуцагч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хууль бус гарсан гэдэг нь гэрч С.Г-ын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Учир нь С.Г “ийм дүгнэлт гаргаж байгаагүй, уг дүгнэлтэд зурагдсан гарын үсэг нь минийх биш” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол зэрэг нь хуулийн үндэслэлтэй гэдэг нь эргэлзээтэй байгаа болно. Д нь замд таарсан нүхийг тойрон гарч буцаад өөрийн урсгалдаа орох үед нь Б машиных нь арын дугуйг мөргөсөн байсан. Б-ийн хувьд жолоочийн эрхээ хасуулсан байсан байж тээврийн хэрэгслийг жолоодон явсан байдаг. Замд нь 2 ч удаа цагдаа зогсоогоод шалгасан боловч явуулсан гэж Б-ийн машинд сууж явсан гэрч П.Ү, Ш.Ш нар мэдүүлдэг. Хэрвээ Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэж машиныг цааш явуулаагүй бол энэ осол гарахгүй байх байсан гэж үзэж байгаа. Иймд Б-ийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг Б мөн хариуцах ёстой. А-ын хувьд Д-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тул үлдэх хувийг хариуцах ёстой гэж үзэж байна. Осолд орсон тээврийн хэрэгслийн гэрэл зургаас харахад нэхэмжилж буй 7,732,000 төгрөгөөр машиныг бүрэн засварлаад хэвийн байдалд оруулах боломжгүй гэж үзэж байгаа тул шууд зардал болох 5,855,000 төгрөгөөс тооцон тооцох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл зөвхөн нэг талыг барьсан шийдвэр байна. Энэ гэхэд машин хаана байгаа юм бэ. Бүх эд ангийн тоногдсон хариуцах эзэн байхгүй. Энэ нэхэмжлэлд гарсан мөнгийг төлж чадахгүй. Бүхэл бүтэн машин байхгүй болсон. Машин байсан бол зарж үрээд төлбөр төлөх байсан. Осол гаргасан буруу боловч ийм их хэмжээний төлбөр гарсан гэжээ.

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний машин бас эвдэрсэн. Цагдаа дээр байх хугацаандаа тоногдсон байсан. Ийм их хэмжээний хохирол гарсан гэдэгт итгэхгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлт хэт нэг талыг барьж гарсан, хуулийн дагуу гарсан гэдэгт эргэлзэж байна гэв.

Гэрч С.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтийг би гаргаагүй. Тус дүгнэлтэд зурагдсан гарын үсэг минийх биш байна гэв.  

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг багасгах, жолооч Б нь автомашин жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд автомашин жолоодож осол гаргасан. Шинжээчийн дүгнэлт алдаатай, гэрчийн мэдүүлэгтээ гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэж байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн Г.О хариуцагч Г.Д, Д.А нараас гэм хорын хохирол 7,732,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага бууруулсан.

Хариуцагч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.А нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2020 оны 07 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын нутаг Хар чулуут гэх газар зам дээр хариуцагч Г.Д нь Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг, нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн Тоёота приус-20 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Б жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Талууд осол гарсан тал дээр маргаагүй болно.

2020 оны 11 сарын 19-ний өдрийн 01 дугаартай ... дугаартай Зөрчлийн хэрэг дээр гаргасан зам тээврийн ослын талаарх дүгнэлт /1-р хх-ийн 13-14/ нь эргэлзээтэй, хуулийн шаардлагад нийцэж гарсан гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна. Уг дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнээр гаргасан боловч уг бүрэлдэхүүнд орсон С.Г нь 2022 оны 06 сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ, мөн шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “2020 оны 11 сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй, уг дүгнэлтэд зурагдсан гарын үсэг минийх биш” гэж мэдүүлсэн. Түүнчлэн хариуцагч Г.Д-ын хүсэлтээр 2021 оны 09 сарын 22-ны өдөр 09/07 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан /2-р хх-ийн 184/. Уг дүгнэлтэд 1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэжээ. Хэрэгт авагдсан зам тээврийн ослын схем зураг /2-р хх-ийн 105/, ... дугаартай зөрчлийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.М-ийн “Нөхөр Д-ын хамт приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорнод аймаг руу явж байсан юм. Тэгээд 12 цаг болох гэж байхад Булган сумаас баруун зүгт явж байгаад зам дээр нүх таарсан. Тэгээд манай нөхөр замын нүхийг тойрч гарах гэж байсан, тухайн үед урдаас хар өнгөтэй машин явж байсан, нүх тойрч гарах хугацаанд осол болсон” гэх мэдүүлэг зэргээр Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчөөгүйг шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа анхаараагүй байна.

Иймд 2021 оны 09 сарын 22-ны өдөр 09/07 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул шүүх ... дугаартай зөрчлийн хэрэгт гаргасан 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 04 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт Г.Д-ын хүсэлтээр гаргасан 2021 оны 09 сарын 22-ны өдөр 09/07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.   

Хариуцагч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчөөгүй, харин мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг зөрчсөн. 

Нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б нь 2019 оны 06 сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, жолооны үнэмлэхийн эрх хасагдсан хуулийн хугацаа дуусгавар болж 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүчинтэй болсон нь Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 14-2/1091 дугаартай албан тоот /2-р хх-ийн 68/-оор тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл осол болох үед буюу 2020 оны 07 сарын 14-ний өдөр Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна. Энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, 

Зөрчлийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Ч-ын “...Тоёота приус-20 маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Булган сум өнгөрөөд явж байх үед баруун зүгээс буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй нэг улаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин нэлээн хурдтай манай эгнээнд орж ирэх үед манай жолооч ах баруун гар тийш дарах үед миний сууж явсан машины зүүн гар талын урд буфер крыло хэсгээр эхэлж мөргөөд хойш миний сууж явсан хаалга зэргийг шүргээд тэр машин замын хойд талд гарч, манай машин замын урд хэсэгт гарч унасан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133 дугаар тал/-аар Ц.Б нь зогсоох арга хэмжээ аваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.         

Иргэдийн төлөөлөгч нь мөн уг осол 2 жолоочийн аль алины буруутай үйлдлийг улмаас гарсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт гаргасан гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ч.Б-д зам тээврийн ослоос учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар Г.Д, Ц.Б нар нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.А нь Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь ... дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 38/-оор тогтоогдсон. Түүнчлэн хариуцагч Г.Д-т өөрийн өмчлөлийн Тоёота приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймаг руу явах зорилгоор шилжүүлэн өгснөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б Д.А-аас эд хөрөнгөнд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь /7,732,000 төгрөгийн 50 %/ 3,866,000 төгрөгийг хариуцагч Г.Д, Д.А “нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч нараас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад дүйцэх тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн өмгөөлөгч Р.Г-ны 2022 оны 03 сарын 11-ний өдрийн /хх-ийн 39-40/ шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 137/ШЗ2022/00256 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, тус шүүхийн архиваас 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 62 дугаартай шүүхийн Тамгын газрын албан бичгээр нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-т холбогдох эд хөрөнгөнд учирсан 8,284,000 төгрөг гаргуулах тухай 137/2021/00120/И индекстэй 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 12 шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 1 хавтас, 248 хуудас иргэний хэргийг 137/2022/00038/И индекстэй иргэний хэрэгт нотлох баримтаар хавсаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч Г.Д, Д.А нараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,866,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,866,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 147,494 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Д, Д.А нараас 76,806 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

              5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.Б

                        ШҮҮГЧИД                                                         А.Ц

                                                                                                    Д.Ц