Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02797

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02797

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХК

 

Хариуцагч: Г.Ж

 

Хариуцагч: Э.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 17,806,445.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

хариуцагч Г.Ж, Э.Х

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г.Ж, Э.Х нараас 17,794,745.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Г.Ж, Э.Х нар нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкнаас №103500577134 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Төрийн банк нь зээлийн гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлдэгч Г.Ж-ын Төрийн банк дахь 103500577142 тоот харилцах дансанд 15,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Г.Ж, Э.Х нар нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 103500577134 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрүүдэд бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 425 хоног хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д хохирол учруулаад байна. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч нарын 103500577134 тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,708,258.80 төгрөг, үндсэн хүүний төлбөр 4,020,977.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65,509.78 төгрөг, нийт 17,794,745.69 төгрөг болж хуримтлагдсан байна. Хариуцагч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 1,291,741.2 төгрөг, зээлийн хүүнд 1,525,044.59 төгрөг төлсөн. Иймд №103500577134 тоот зээлийн гэрээний хугацааг цуцалж, үүргээ биелүүлээгүйгээс үүссэн буюу үндсэн зээлийн төлбөр 13,708,258.80 төгрөг, үндсэн хүүний төлбөр 4,020,977.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65,509.78 төгрөг, нийт 17,794,745.69 төгрөгийг Г.Ж, Э.Х нараас гаргуулж өгнө үү. Мөн нотариатын зардал 11,700 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

2. Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэсэг ажилгүй зээлээ буцаан төлж чадаагүй. Одоо ажилд орчихсон учраас сар сардаа бага багаар зээлээ буцаан төлөх боломжтой. Зээлээ хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Зээл авсан болон төлбөр тооцооны тал дээр маргаан байхгүй. Бид хоёр хувиараа бизнес хийх зорилготой зээл авсан боловч ажил бүтээгүй. Одоо хоёулаа сарын цалинтай ажилд орсон гэжээ.

 

3. Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зээл авсан болон төлбөр тооцооны тал дээр маргаан байхгүй. Хүүний төлбөрийг төлөх гэхээр өөрсдийн нэр үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Миний нэр дээр ганцхан засгийн газраас өгсөн газар байгаа. Тухайн газрыг Төрийн банк руу шилжүүлээд төлбөрөөсөө хасуулах боломжтой. Бид хоёрт өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй учраас зээлээ сар сардаа төлөх боломжтой гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, нотариатын зардал төлсөн баримт /хх4/, зээлийн болон барьцааны гэрээ /хх6-11/, мөнгө шилжүүлсэн баримт /хх12/, итгэмжлэл /хх14,15/, гэрчилгээ /хх16/.

 

5. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх24-26/, цалингийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэг талаас Т ХХК, нөгөө талаас Г.Ж, Э.Х нар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №103500577134 тоот Зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1.60 хувь, жилийн 19.20 хувийн хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгож талууд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №103500577134 тоот барьцааны гэрээ байгуулжээ.

 

2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

3. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Ж, Э.Х нарт холбогдуулж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №103500577134 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 13,708,258.80 төгрөг, зээлийн хүү 4,020,977.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,509.78 төгрөг, нотариатын зардал 11,700 төгрөг, нийт 17,806,445.69 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 425 хоногийн хугацаа хэтрүүлсэн ...учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, ...мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.

 

4. Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч нар зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагч нараас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 103500577134 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 13,708,258.80 төгрөг, зээлийн хүү 4,020,977.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,509.78 төгрөг, нийт 17,794,745.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 11,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

5. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,923.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жавхлан, Э.Халиун нараас 246,923.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчГ.Ж, Э.Х нараас 17,806,445.69 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,923.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж, Э.Х нараас 246,923.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ