| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/02495/И |
| Дугаар | 102/ШШ2022/02755 |
| Огноо | 2022-08-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2022/02755
| 2022 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2022/02755 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: н.Б
Нэхэмжлэгч: Б.Х
Нэхэмжлэгч: Х.Б
Нэхэмжлэгч: Х.А
Хариуцагч: Х ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 17,664,624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар хариуцагч Х ХХК-д холбогдуулж 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүрэгт 15,712,232 төгрөг, алданги 7,856,116 төгрөг, нийт 23,568,348 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр багасгаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар, нөгөө талаас Х ХХК-иуд №1 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 31/3В хаягт байршилтай, 4 давхар, 540м2 талбай бүхий обьектийг Х ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, 3 жилийн хугацаатайгаар, сарын 6,000,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр болсон. Харин 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний талууд шинээр Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу талууд 540м2 талбай бүхий обьектийг Х ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслүүлсэн. Гэрээний үргэлжлэх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, нэг сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон. Уг гэрээг хуульд заасны дагуу бүртгэлийн газарт бүртгүүлсэн, энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа. Түрээслэгч буюу хариуцагч нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа 6,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний талууд шинээр Түрээсийн гэрээ байгуулснаар өмнө 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ дууссан. Бидний хооронд 2020 оны 01 дүгээр сар хүртэл ямар нэг төлбөр, тооцооны маргаан байхгүй.
Анх нэхэмжилсэн 15,712,232 төгрөг, алданги 7,856,116 төгрөг, нийт 23,568,348 төгрөгийн задаргааг тайлбарлавал: 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг /3 сар х 6,000,000 төгрөг/ байхаас 15,712,232 төгрөг байсан. Учир нь хариуцагч барьцаанд 6,000,000 төгрөг төлсөн. Уг 6,000,000 төгрөгөөс түрээсийн байранд засвар хийхэд 3,223,584 төгрөгийг, мөн 2020 оны 3,4 дүгээр сарын ашиглалтын зардал 1,488,648 төгрөгийг тус тус хассан. Ийнхүү хасахад 1,287,768 /6,000,000-3,223,584-1,488,584=1,287,768 төгрөг/ болно. 3 сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгөөс уг 1,287,768 төгрөгийг хасахад 16,712,232 төгрөг болно. Гэвч бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоогоо буруу гаргаж 15,712,232 төгрөгийг түрээсийн төлөгдөөгүй төлбөр гэж нэхэмжилсэн, уг тооцооноос алданги шаардсан юм. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбартай танилцаад дахин тооцоогоо нягталж үзэхэд хариуцагч 500,000 төгрөгөөр 5 удаа буюу нийт 2,500,000 төгрөгийг, ашиглалтын зардал 1,488,648 төгрөг төлөхөөс 1,450,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн байна. Ийм учраас бид 3 сарын түрээсийн төлбөрөөс дээрх төлсөн мөнгөнүүдийг хасаад үндсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11,776,416 төгрөг, алдангийг 50 хувиар тооцоод 5,888,208 төгрөг, нийт 17,664,624 төгрөг болгон өөрийн шаардлагаа багасгаж байгаа, уг мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь одоо 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний үүргийг хариуцагч талаас шаардаж байгаа бөгөөд хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлж гарсан.
Хариуцагч Х ХХК нь анх түрээсийн гэрээ байгуулсан үеэс эхлэн түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөхгүй янз бүрийн шалтаг хэлж хойшлуулан гэрээний үүргээ байнга зөрчих болсон. Хэдийгээр анх гэрээг талууд байгуулахдаа гэрээний хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан боловч түрээслэгч тал удаа дараа гэрээний үүргээ ноцтой зөрчиж байсан тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн болно. Түрээслэгчийн зүгээс өвөл хүйтний улиралд сувилуулагчид авч чадаагүй тул зээл авч түрээсийн төлбөрийг төлж байсан энэ хавар тендерт орж байгаа тендерээ авчих юм бол тогтмол үйлчлүүлэгчтэй болж үйл ажиллагаа маань хэвийн үргэлжилж төлбөрийг хугацаандаа асуудалгүй төлж байх тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж түрээсийн гэрээг цуцлахгүй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгөх хүсэлт гаргасан болно. Уг хүсэлтийг түрээслүүлэгч болох Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар харгалзан үзэж Б.Ч-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр итгэмжлэл олгож 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцөл өөрчдөгдөхгүй байхаар тохирч гэрээг 1 жилийн хугацаатайгаа шинэчлэн байгуулж гэрээг улсын бүртгэлт бүртгүүлсэн. Түрээслэгч тал гэрээний 4.4, 5.1 болон 5.3 дугаар хэсэгт заасан төлбөрийг өмнөх сарын түрээсийн хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө түрээслүүлэгч Х.Азаяагийн Худалдаа хөгжлийн банк-ны 412000784 тоот дансанд шилжүүлж, төлбөрийн баримтын хуулбарыг нягтланд өгөх гэрээний үүргээ байнга зөрчиж түрээслүүлэгчдийн хэвийн ажиллагааг тогтмол алдагдуулж ирсэн. Ингэснээр түрээслэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөл болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ....түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 208.1 Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж түрээслүүлэгчийн ихээхэн хохироож ирсэн. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оноос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Оргил төвийн байрыг сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэсэн. Цар тахал буюу Ковид гарснаар эмнэлэгт үйлчлуүлэх хүнгүй болж түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, мөн захирал М.Т-тай уулзан түрээсийн төлбөрийг 1, 2, 3 сард 50 хувиар хөнгөлнө гэсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 17-нд ня-бо Юмжир манай ня-бо Уранмаа нарын хамтран хийсэн үлдэгдлийн тооцооллоор 19,200,000 төгрөгөөс 10,800,000 төгрөгийн төлөлт хийж, барьцаа 6,000,000 төгрөг хассанаар 2,400,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийг 6-10 дугаар сарын хооронд тооцоо дуусгаж ня-бо н.Юмжир болон хуулийн зөвлөх н.Чойжилсүрэнд мэдэгдсэн боловч төлбөр ороогүй гэсэн хариу өгч шүүхэд мэдэгдсэний дагуу банкны хуулгаа өгсөн болно. Дулааны төлбөр болох 1,450,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 24-нд дуусгавар болгож өр төлбөргүй болсон. Манай хөрөнгө тус байрны В-1 давхарт аппарат хэрэгсэл болон 14 ширхэг камер болон дагалдах хэрэгслүүд барьцаанд байгаа. Тухайн үед 1, 2, 3 сарын 50%-ийн хөнгөлөлтийг захирал болон удирдлагууд нь зөвшөөрсөн байсан боловч одоо хөнгөлөлтийн 50% болон дээр нь алданги тооцон шүүхэд өгсөн байна. Манай байгууллага нь одоогоор үйл ажиллагаа бүрэн зогссон. Энхцэцэг миний бие зүрх судасны өвчлөлийн улмаас эмчилгээнд явах шаардлагатай болсон. Иймд бидний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, итгэмжлэл /хх4/, иргэний үнэмлэхүүдийн хуулбар /хх 6-9/, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ /хх10-11/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх12, 20/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх13/, түрээсийн гэрээний нэмэлт гэрээ /хх14/, тооцоолол /хх15/, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ /хх16-17/, түрээсийн тооцоо /хх18/, итгэмжлэл /хх19, 21/, мэдэгдэл /хх22,23/, албан бичиг, хавсралт /хх24-27, 30/, мэдэгдэл /хх28, 29/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх31/ компанийн дүрэм /хх33, 34/, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх36-39/, нэхэмжлэл, хавсралт /хх53-59/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх44/, тайлбар /хх 48/, итгэмжлэл /хх60/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар, нөгөө талаас Х ХХК-иуд №1 тоот Түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 31/3В хаягт байршилтай, 4 давхар, 540м2 талбай бүхий обьектийг Х ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар, сарын 6,000,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр болжээ.
2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг талаас Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар, нөгөө талаас Х ХХК-иуд №1 тоот Түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний гол нөхцөлийг талууд дараах байдлаар харилцан тохирчээ. Үүнд:
1/ Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, хаягт байршилтай, 4 давхар, 540м2 талбай бүхий обьектийг Х ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслүүлнэ.
2/ Гэрээний үргэлжлэх хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл байна.
3/ Нэг сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг байна.
4/ Түрээслэгч нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа 6,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид өгнө.
2. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын түрээсийн төлбөр 15,712,232 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 7,856,116 төгрөг, нийт 23,568,348 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа 17,664,624 төгрөг болгон багасгасан ба үндэслэлээ ...3 сарын түрээсийн төлбөр нь 18,000,000 төгрөг болсон. Түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаанд төлсөн 6,000,000 төгрөгөөс ...гэрээгээр тохирсон ашиглалтын зардал, түрээсийн байранд хийсэн засварын төлбөр, ...хариуцагчаас төлсөн төлбөр зэргийг хасахад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11,776,416 төгрөг болно. Уг мөнгөнөөс гэрээгээр тохирсон алданги тооцоход 5,888,208 төгрөг, нийт 17,664,624 төгрөгийг шаардана гэж тайлбарлаж байна.
3. Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нар болон хариуцагч Х ХХК-иуд №1 тоот Түрээсийн гэрээ байгуулснаар талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №1 тоот Түрээсийн гэрээ-ний харилцаа дуусгавар болжээ.
2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №1 тоот Түрээсийн гэрээ-ний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч талаас гэрээний зүйл болох эмнэлгийн зориулалтаар ашиглах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлсэн талаар маргаагүй ба нэхэмжлэгчийн ...хариуцагч түрээсийн төлбөрийг дутуу төлж байсан гэж тооцоолол гаргасныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй. Иймд Х ХХК-иас түрээсийн төлбөрт 11,776,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.
4. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх учир нэхэмжлэгч талд уг гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн байна.
Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 3,000,000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 275,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 231,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 14,776,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,888,208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 275,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 231,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б, Б.Х, Х.Б, Х.А нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ