Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02554

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02554

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Ц

 

Хариуцагч: З.Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,544,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгч Д.Ц

хариуцагч З.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч З.Б-жоос 5,544,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед намайг зам гараад явж байхад хариуцагч З.Б машинаараа мөргөж, миний биед хүнд гэмтэл учруулсан. Үүнээс болж би эмчилгээ хийлгээд ажлаа хийж чадаагүй, өөрийн цалин болон эрүүл мэндээрээ хохирсон. Ингээд би хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 5,100,000 төгрөгийг гаргуулна. Учир нь би Хан богд кашмер ХХК-д нэг сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Хэрэв би осолд ороогүй бол нийт 6,600,000 төгрөгийн цалин авах ёстой байсан. Хариуцагч нь надад цалин, орлого гэж 1,500,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг 6,600,000 төгрөгөөс хасахад үлдэгдэл төлбөр нь 5,100,000 төгрөг болж байгаа. Хариуцагчийн буруугаас би ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй учир уг мөнгийг бүтэн гаргуулах хүсэлтэй. Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажилласан хугацааны цалингаа авсан байгаа. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа орсон.

2/ Би эмчилгээний зардал 444,900 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээндээ энэ хэмжээний мөнгийг зарцуулсан талаарх баримтуудаа шүүхэд өгсөн байгаа. Ингээд нийт 5,544,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед орой ажлаа тараад гэр рүүгээ явж байхдаа зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Д.Цагаанхүүхэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан харамсалтай үйл явдал болсон. Би хохирогчийг харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч машинаа зогсоож чадалгүй очиж хохирогчийг мөргөсөн. Тэр даруйдаа хохирогчид анхны тусламж үзүүлж, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйл буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хэмээн намайг буруутган яллаж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад миний зүгээс хохирогч Д.Цагаанхүүд нийт 4,065,873.00 төгрөгийг хохиролд төлж, түүнээс уучлалт гуйсан. Миний хувьд эхнэр, бага насны 1 ба 4 настай хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр оюутан, гэртээ хүүхдүүдээ хардаг. Манай гэр бүлд надаас өөр ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдог хүн байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд санхүүгийн хувьд хүнд байгааг зөвөөр ойлгохыг хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний төлбөр гэх 444,900.00 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин би төлбөрийн чадваргүй учир 2021 оны 02 дугаар сараас 12 дугаар сарын цалин гэх 5,100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх2/, эмчилгээний төлбөрт төлсөн төлбөрийн баримтууд /хх3-9/, Хан богд кашмер ХХК-ийн тодорхойлолт /хх9/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоол /хх10-16/, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх48-53/

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх22/,

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Хан богд кашмер ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулга /хх 54-61/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг /хх63/.

 

6. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/шцт/259 тоот шийтгэх тогтоолоор З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан холбогдох ял шийтгэлийг ногдуулжээ.

 

2021 оны 4 дүгээр сарын 01ий өдөр нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч З.Б-д холбогдуулж гэм хорын хохиролд буюу авах ёстой байсан цалин 5,100,000 төгрөг, эмчилгээний зардал 444,900 төгрөг, нийт 5,544,900 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагчийн буруутай үйлдлээс миний биед гэмтэл учирсан. Үүнээс шалтгаалан ажлаа хийж чадаагүй. Ийм учраас хариуцагч нь миний эмчилгээний зардал, олох байсан орлогыг нөхөн төлөх ёстой гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.

 

Хариуцагчийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болсон зам тээврийн осол түүний буруутай үйлдлээс гарсан болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тал дээр маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа ...төлбөрийн чадваргүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Нэгэнт хариуцагчийн буруугаас шалтгаалж дээр дурдсан зам тээврийн осол гарсан учир нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсжээ.

 

Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэг. 5,100,000 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Ц нь ...миний сарын үндсэн цалин 600,000 төгрөг. Би 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 6,600,000 төгрөг нэхэмжилснээс 1,500,000 төгрөгийг хариуцагч нь төлсөн, одоо үлдэх 5,100,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилнэ. Хариуцагчийн буруугаас би ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй учир уг мөнгийг бүтэн гаргуулах хүсэлтэй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажилласан хугацааны цалингаа авсан байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа орсон гэсэн тайлбарыг гаргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг бүтэн 9 сарын хугацаанд ажилласан гэж үзнэ.

 

Зохигчид нэхэмжлэгчийн сарын цалин 600,000 төгрөг эсэх, мөн хариуцагч 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн эсэх талаар маргаагүй.

 

Иймд хариуцагч З.Б-оос 3,900,000 төгрөгийг /9сар х 600,000=5,400,000 төгрөг. 5,400,000-,1,500,000=3,900,000 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Хоёр. Эмчилгээний зардал 444,900 төгрөгийн шаардлага:

 

Дээр дурдсанчлан хариуцагч зам тээврийн осол түүний буруутай үйлдлээс гарсан, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тал дээр маргаагүй, нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас эмчилгээний зардал 444,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч З.Б-оос 4,344,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 84,468 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Ч.МӨНХЦЭЦЭГ