Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 62

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ 

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам

Хохирогчийн өмгөөлөгч У.Анхжаргал

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

“Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойнхорын Баасанжаргалд холбогдох 201717000016 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

                       Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33  настай, эрэгтэй, дээд  боловсролтой, мeханик инженер  мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д автын механикч ажилтай,  ам бүл 3,  эхнэр хүүхдийн  хамт Улаанбаатар хот,  Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 282 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /АО 84121416/ регистрийн дугаартай, Боржигон овгийн Чойнхорын Баасанжаргал.   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

 Яллагдагч Ч.Баасанжаргал нь өөрийн эзэмшлийн “Hummer H-3” маркийн 39-39 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 11 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бадамдоржид жолоогоо шилжүүлсний улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн толгой” гэх  газарт М.Бадамдорж нь зам тээврийн осол гаргаж, дотор нь явсан зорчигч Т.Батсүрэн,  жолооч М.Бадамдорж нар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Баасанжаргал нь 2017 оны 01 дүгээр  сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Hummер H-3 маркийн 39-39 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б-д  заасан заалтыг зөрчин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бадамдоржид жолоогоо шилжүүлсний улмаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн толгой” гэх  газарт М.Бадамдорж нь зам тээврийн осол гаргаж, уг машинд  явсан зорчигч Т.Батсүрэн жолооч М.Бадамдорж нар нас барсан үйлдэлд  2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Баасанжаргалын бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байсан боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэсний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг. 

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан  “Жолоогоо бусдад шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5-д зааснаар  201717000016 дугаартай Ч.Баасанжаргалд холбогдох  хэргийг   хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Бадамдоржийн 958133 дугаартай жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, Ч.Баасанжаргалын 505628 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Баасанжаргалд буцаан олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанхуяг нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4, 2.5, 2.6, 3 дахь хэсэг,  36.10 зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5-д зааснаар Сүхбаатар  аймгийн Прокурорын Газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201717000016 дугаартай  Боржигон овогт Чойнхорын Баасанжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Баасанжаргалыг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч  Ч.Баасанжаргалд авсан хувийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ч.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Бадамдоржийн 958133 дугаарын жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, Ч.Баасанжаргалын 505628 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Баасанжаргалд буцаан олгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанхуяг нь хохирлоо  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА