| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2002005550014 |
| Дугаар | 2021/ДШМ/513 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/513
Г.С, Г.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хаш-Эрдэнэ,
шүүгдэгч Г.С, Г.Д, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.С, Г.Д нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С, Г.Д нарт холбогдох эрүүгийн 2002 00555 0014 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Г-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А х” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;
2. А з овгийн Г-н Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, ах нарын хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;
Г.Д, Г.С нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 7 дугаар сард ........... аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд .................................. тоотод нийт 1572.3522 грамм Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө ......................... тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг “шавар” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.С, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С, Г.Д нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д, Г.С нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.С, Г.Д нарт тус бүрд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ахуйн хэрэглээний газ 10 ширхэг, “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал, “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан шаазан таваг гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл, “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт Г.С, Г.Д нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэдэнд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.С, Г.Д нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолтой танилцахад шүүх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял шийтгэл хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүхий хуулийг хэрэглэхгүйгээр яллах талын дүгнэлтийг удирдлага болгон шүүгдэгч Г.С, Г.Д нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хууль, эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлага нь хүнлэг, энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж болох хуулийн зарчмыг зөрчсөн, зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. ...
Шүүгдэгч нарын хувийн байдал болон хор уршиг арилгаж хохирол нөхөн төлсөн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:
Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн тодорхойлолтууд нотлох баримтаар гаргаж өгсөн /1 хх 247-250, 2 хх 1-22/.
Мөн шүүгдэгч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн хэрэг болох үед учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч иргэдийн эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан талаар баримтыг гаргаж өгсөн ба иргэн Ч.Оюунчимэг, Б.Базаргүр /хх 24-25/ нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй талаар баримтыг хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн байдаг.
Шүүгдэгч Г.С, Г.Д нарыг урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл хүлээж байгаагүй талаар ял шийтгэх хуудас хэрэгт авагдсан байгаа бөгөөд тэдгээрийн найз нөхөд, садан төрлийн хүмүүс болох гэрч Ж.Галт, Г.Түмэндэмбэрэл, Г.Билгүүн, О.Энхсайхан /1 хх 107-115/ нар нь шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мэдүүлэг өгсөн байдаг. Г.Д нь 2017 онд авто осолд орж, нуруу нугасны гэмтэлтэй өнөөдрийг хүртэл эмчлэгдэж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэг/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан бөгөөд тус хуулийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуулийн зохицуулалтыг хуульд тусган өгсөн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С, Г.Д нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Г.Д нь эрүүл мэндийн хувьд гэмтлийн гаралтай нуруу нугасны гэмтэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар таяг тулж босож явж байгаа ба эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ, эмчилгээг хорих байгууллагаас авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.
Иймд миний үйлчлүүлэгч Г.С, Г.Д нарыг холбогдуулан гэм буруутайд тооцон оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн зтгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх явдал байх бөгөөд Г.С, Г.Д нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдэд эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн хуулийг заалтыг хэрэглэх үндэслэл байхад тухайн хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Г.С, Г.Д нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Санамсар болгоомжгүйгээсээ болж анх удаа ийм хэрэгт холбогдож, болчимгүй үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Миний амссан зүйлийг бидний үеийн залуус болон дүү нар маань битгий гаргаасай гэсэн үүднээс цахим хэрэгслээр сайн үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс хорт зуршлаас гарах, түүнээс урьдчилан сэргийлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна. Бид хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, олон зүйлийг ухаарсан. Хэрэв цаг хугацааг ухрааж болдог байсан бол би гаргасан алдаагаа хэзээ ч давтахгүй. Нарийн мэргэжлийн эмчилгээ маань зогссон учир мэдрэлийн гаралтай өвдөлт ихсэж, байнга өвчин намдаах эм хэрэглэж, хоёр хөл дээрээ явахад бэрхшээлтэй, таяг тулж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй талаар тодорхой дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт үйлдлийн шинжид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.С, Г.Д нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Г.С, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, 2020 оны 7 дугаар сард ............. аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ................ тоотод нийт 1572.3522 грамм Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө ............................ тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг “шавар” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Ш.О-н “... Би энэ байрыг 2019 оны 6 сарын 13-ны өдрөөс Г.С гэх залуутай түрээсийн гэрээ байгуулж 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслэсэн. 2020 оны 11 сарын эхээр Г.С надад “байранд ахуйн газ дэлбэрээд, хаалга обой шатсан, тэгээд засуулчихсан” гээд зургийг нь үзүүлсэн. ...” /1 хх 88-89/,
Гэрч А.Х-н “... 2020 оны 9 сарын 30-ны өдөр хичээлээ тараад найз залуу Г.С-н гэрт очоод гэрийг нь цэвэрлээд, хоол унд хийж идчихээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад С шөнийн 01 цагийн үед Д гэх найзтайгаа хамт орж ирэхээр нь би сэргээд хоол цайг нь өгчихөөд унтаад өгсөн. Гэнэт чанга дэлбэрэх чимээ сонсогдож сэрсэн. Гал тогооны өрөөнд гал гарч байсан. ... Дэлбэрсний дараа тэр хоёр гэрээс юу, юу гаргаж хаясныг мэдэхгүй байна. Дээшээ, доошоо гүйлдээд зарим зүйлээ цэвэрлэж хаяад байсан. ...” /1 хх 90/, “... гутлын бор билүү хар өнгөтэй хайрцагтай өвсийг гэрээс гадаа гаргаж хаясан. ... 2020 оны 7 дугаар сард наадмын дараа Хөвсгөл аймгаас гараад хот руу явах замд ......... аймгийн нутаг дэвсгэр байх, замаас хол биш газар жалганаас Д, С хоёр ногоон өнгийн навчтай, өвс түүсэн. ... Түүсэн ургамлыг Д авсан байсан. Сарын өмнө Вива сити хороололд авчирч С-н гэрт орон доогуур тавьсан. Орон доогуур гутлын хоёр хайрцагтай өвс байсан. Мансууруулах төрлийн ургамал өвс юм, нэрийг нь мэдэхгүй. ...” /1 хх 91-92/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1, 2, 4, 9, 10” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл 5 ширхэг, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйл 1 ширхэг, 7, 8 гэж дугаарласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5456 дугаартай дүгнэлт /1 хх 117-118/,
“... Шинжилгээнд ирүүлсэн “Г.Д 2020.10.1” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. “Г.С 2020.10.01” гэж хаягласан шээсэнд метилендиоксиметамфетамин /мethylenedioxymethamphetamine-MDMA/ тус тус илрэв. Метилендиоксиметамфетамин нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5426 дугаартай дүгнэлт /1 хх 129-130/,
Г.С-н биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 60-62/,
Г.Д-ний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх 50/,
Г.Д-ний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 48-49/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 16-33/, хэргийн газрын үзлэгээр илэрсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 37-44/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 177-182/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.С, Г.Д нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг буруу тодорхойлжээ.
Учир нь, мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээс сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Г.С, Г.Д нар нь 2020 оны 7 дугаар сард .......... аймгийн .............. сумын нутгаас сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг хууль бусаар түүсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нарын уг үйлдлийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.С, Г.Д нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхээс “...Г.С, Г.Д нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлага нь хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж болох хуулийн зарчмыг зөрчсөн тул шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Шүүгдэгч Г.С, Г.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Г.С, Г.Д нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.С, Г.Д нарын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хууль бусаар олж авсан, ...” гэснийг “... хууль бусаар бэлтгэсэн ...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, Г.Д нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Г.Д нар нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР