Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0969

 

 

 

  

    2022           12           19                                        128/ШШ2022/0969

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б Ж Э Б ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Б Ж Э Б ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч Т.О, иргэдийн төлөөлөгч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б Ж Э Б ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Б Ж Э Б ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан.  

          2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Б Ж Э Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015064 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

          3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Манай компани нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут" нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эзэмших эрхтэй болсон байдаг. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүчинтэй байсан.

          Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр 2 дахь удаагаа сунгуулах эрхээ эдлэх, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эдэлж чадаагүй байдаг.

          Хуульд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллага болох Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр маш их хугацааг авсан бөгөөд манай компанийн зүгээс уг үйл ажиллагаа юунаас болоод хугацаанд нь өгсөн тайланг баталж өгөөгүй тухай удаа дараа хандаж тодруулахад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/462 дугаар албан бичгээр тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй болно гэх хариуг ирүүлсэн байдаг.

          Үүнийг бид ямар нэг байдлаар хурдлуулах боломжгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтдээ зайлшгүй хавсаргах ёстой баримт учир төрийн захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг хүлээхээс өөр арга байгаагүй бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэн дээрх албан бичгийг хүлээн авсны дараа дахин очиж батлуулсан.

          Энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өргөдлөө гарган бүртгэж аван сунгах тухай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэхэд боломжгүй гэх хариуг өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэв Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасныхаа дагуу манай компанийн Байгаль орчны 2018 оны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн бол тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан.

          Орон нутгийн удирдах байгууллагаас зохих шийдвэрийг гаргаагүй байхад бид зөвхөн хуулийн хугацааг биелүүлэх үүднээс хавсаргах ёстой баримтыг хавсаргалгүйгээр өгөх нь өргөдлийг хүлээж авахгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хугацааг сунгахгүй байх үр дагаварт хүргэх бөгөөд болж буй үйл явдлын талаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан мэдээллийг хариуцагчид хүргүүлсэн байдаг.

          Тодруулбал манай компани өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай биш бөгөөд компаниас үл хамаарах шалтгаанаар хуулийн хугацаа хэтэрсэн байхад хариуцагч байгууллагаас үүнийг анхаарч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

          Товчхондоо бодитоор хууль зөрчсөн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой болохоос бус ямар нэг буруу үйлдэл хийгээгүй байхад хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчүүлж, хариуцлага тооцуулах нь үндэслэлгүй бөгөөд энэхүү тохиолдолд манай компанийн эрх , хууль ёсны ашиг сонирхол үндэслэлгүйгээр зөрчигдөж , үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан нь дээрх үндэслэлүүдээр нотлогдох тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хайгуулын ажлаа цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2018 оны 7 дугаар сард манай компаниас хугацаа сунгуулах өргөдлийн 6 бичиг баримтыг бүрдүүлж хугацаа сунгуулдаг журмын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж чадаагүй байсан. Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хугацаанаас нь өмнө материалаа аваачаад өгөхөд бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр аваагүй.

          Буцаад сум руу хандаад та нар бид нарын өгсөн материалыг бушуухан батлаад явуулж өгнө үү гэсэн. Нөгөө материал нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өгсөн байдаг. Тухайн суманд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө тушаасан байсан. Сум эргээд яг тухайн нөхцөл байдалтай холбоотой асуудалд гурван албан бичгээр хариу өгсөн. Тухайн үед танай компани 2018 онд ирүүлж байсан байна, тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй гэсэн. Дараа нь өвчтэй болсон болж хувираад албан тоот ирүүлсэн.            

        Тэгээд иймэрхүү янзаар тайлбар хэлээд байгаад байсан. Удаа дараа хандсаны эцэст 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 014 тоот төлөвлөгөө батлуулах тухай албан тоотын хэрэгжилт нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталж өгсөн. Сумын байгаль хамгаалах санд тухайн оныхоо хийх ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын 50 хувийг байршуулсан баримт байдаг. Одоо хамгийн сүүлд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад манай компанийн үйл ажиллагаанаас болоогүй учир манай өргөдлийг хүлээж авна уу, шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 12 дугаар сарын 06-ны өдөр албан тоот өгсөн байдаг.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулах боломж бололцоо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, гагцхүү нутгийн захиргааны байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйгээс шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгасан.

          Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа эхлэхэд бид нар эвлэрэх санал тавьсан. Эвлэрэх асуудлыг хүлээж авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Бидэнд бичгээр хариу ирүүлсэн. Энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй, гэхдээ танайд Засаг дарга, байгаль орчны байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод танайхыг буруутгах үндэслэлгүй юм байна гэсэн. Гэхдээ бид нар эвлэрэх боломжгүй гэдэг хариугаа өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бид нар ашигт малтмалын холбогдох К11 маягтын дагуу сунгуулах өргөдлөө гаргаж, гэрч сая хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хандсан, гэхдээ баримт бичгийн бүрдэл хангаагүй учраас хүлээж аваагүй гэж хэллээ. Яг энэ сунгуулах өргөдөл хариуцсан мэргэжилтэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй субъект биш.

          Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн дарга энэ асуудлыг судлаад татгалзах эсвэл сунгуулах өргөдлийг хүлээн авах шийдвэрийг гаргадаг. Бидний зүгээс тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэрчийн зүгээс жирэмсэн хүн байсан гэж хэллээ. Жирэмсэн хүн сунгуулах өргөдлөө өгөхөөр очихдоо 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Сунгуулах өргөдлөө 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Тухайн үед жирэмсэн байсан. Компанийн гүйцэтгэх захирал шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хил хамгаалах ерөнхий газраас холбогдох лавлагааг авахад 7 дугаар сарын 05, 06-ны өдөр хилээр гарсан нөхцөл байдалтай байгаа юм. Үүнийг шүүх харгалзаж үзнэ үү.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-015064 тоот тусгай зөвшөөрлийг А ХХК-д олгож мөн даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр Б Ж Э Б ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Гэтэл Б Ж Э Б ХХК 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон байна.

          Тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө нь төрийн захиргааны байгууллагад ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар хүсэлт ирүүлж байгаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгчээс агентлагийн даргад эвлэрэх хүсэлт ирүүлсэн. Ер нь агентлагийн дарга судалж үзээд нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа болоогүй юм байна, шүүх дээр байгаа учир шүүхээр хэргээ шийдвэрлүүлье гэсэн. Шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа гэдэг байдлаар хандсан. Ганц энэ компани биш. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй асуудлаар маш их гомдол гаргадаг, хүсэлт ирдэг.

          2022 оны 9 дүгээр сард агентлагийн даргад Хууль, эрх зүйн хэлтсээс хүсэлт орж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрдэл хангагдсан, хангагдаагүй хамаагүй материалыг авдаг байя, хуулийн дагуу шүүлт хийе гэдэг байдлаар хүсэлт оруулсан. Эвлэрэх санал тавьчхаад байна, эвлэрэхгүй бол цаашаа явъя, энэ компанийг буруутгах үндэслэл байхгүй. Одоо манай дээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй өргөдөл авна уу гэсэн олон хүсэлт байна. Үүнийг нэг мөсөн шийдэх талаас нь яваад шүүхийн шийдвэр гаргаад ирээч ээ гэдэг. Энэ компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, эвлэрэх хүсэлтийг аваад шийдчихээр нөгөө олон компаниуд үлдчихээд байна. Тэд нарыг бид нар яах ёстой вэ гэдэг зүйл болчхоод шийдэж чадахгүй байна.” гэв.

          7.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “... Тусгай зөвшөөрлийг сунгаж өгвөл зүгээр байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Б Ж Э Б ХХК-ийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          2.Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

          3.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-015064 тоот тусгай зөвшөөрлийг А ХХК-д олгож, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр Б Ж Э Б ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн.

          4.Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Б Ж Э Б ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015064 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, мөн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

          5.Хариуцагчаас Б Ж Э Б ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэжээ.

          6.Нэхэмжлэгч нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй, удаа дараа хандаж тодруулахад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/462 дугаар албан бичгээр" тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй гэх хариуг ирүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.

          7. Б Ж Э Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа /1-р хавтасны 8 дахь тал/ нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүчинтэй тул 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байжээ.

          8.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”,  40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.”, гэж заасан байна.

           9.Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд 2018 оны 6, 7 дугаар саруудад Б Ж Э Б ХХК нь Засаг даргад хандан хүсэлт гаргаж байсан бүртгэл байхгүй. Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/512 тоот албан бичигт ...2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг үзэхэд Б Ж Э Б ХХК-иас ирсэн бичиг байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны хяналтын байцаагч ар гэрийн гачигдлын улмаас 1 хоногийн чөлөө авсан байна. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус компанийн захирал Ш.С нь өөрийн биеэр ирж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан талаар дурдсан.

          10.Мөн Б Ж Э Б ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Згийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаар хүсэлтэд А.З 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1-р амаржих газар эрт төрөлтийн улмаас хүндрэл үүсч мэс засалд орсон, 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн талаар дурдсан./1-р хавтасны 130, 131 дэх тал/

          11.Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Засаг дарга, Баяндун сумын Засаг даргатай Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан, /1-р хавтасны 162 дахь тал/ мөн 2017, 2018 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг холбогдох байгууллага хүлээн авч баталсан, /1-р хавтасны 166, 2-р хавтасны 88 дахь тал/ 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан /2-р хавтасны 111 дэх тал/ байна.

          12.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ашиглалт, талбай хариуцсан мэргэжилтэн Т.О гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ: “... жирэмсэн билүү төрсөн хүн ирж байсан ... хүсэлтийн бүрдэл буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу тул даргатай уулз гэж явуулсан, ... бүрдэл дутуу авсан тохиолдолд хуулийн хэлтсээс өргөдлүүдийг татгалздаг, ... ихэвчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байна гэсэн хүсэлт их ирдэг тэдний нэг байх...” гэжээ.

          13.Түүнчлэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа /3-р хавтасны “... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй байна. ...нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэж, Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Тусгай зөвшөөрлийг сунгах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

          14.Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх шүүхийн шийдвэрт дурдсан дээрх нөхцөл байдлыг харгалзан, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хүртэл маргаан бүхий тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           15.Иймээс нэхэмжлэгч Б Ж Э Б ХХК-ийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б Ж Э Б ХХК-ийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хугацааг дуусгавар болгосон бүртгэл хүчингүй болох бөгөөд 2 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

                                              ШҮҮГЧ                               Ц.ОДМАА

                                              ШҮҮГЧ                               Т.ГАНГЭРЭЛ