| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
2025 07 09 2025/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Т.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Д-гийн А-д холбогдох эрүүгийн 24....... тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0.. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, .. настай, э..., бага боловсролтой, мэргэжилгүй, Ө суман дахь П-т түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Тамир хорооллын 4-5 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд
А аймаг дахь сум дундын шүүхийн 20 оны 0. дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Сум дундын 1 дүгээр шүүхийн 20... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б... овогтой Д-гийн А /РД:А......../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А нь 20... оны .... дүгээр сарын .....-ны өдөр А аймгийн Б.... сумын ... дугаар баг Ц-ын Э нэртэй уулын урд бэлчээрлэж байсан иргэн Б.Б-ийн өмчлөлийн адуунаас 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан тус гэмт хэргийн улмаас хохирогчид 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-ийг бусдын олон тооныг малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.А яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,
Шүүгдэгч Д.А “мэдүүлэг өгөхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хохирогч Б.Б-г шүүх хуралдаанд оролцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Н.Б-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус гаргаж шүүхээс гэрч хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, тэдгээрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хохирогч, гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шийдвэрлэж, хэргийг шийдвэрлэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “2024 оны 11 дүгээр зарын 15-аас 16-нд шилжих шөнө А аймгийн Б сумын ... дугаар баг Ц-ын Э нэртэй уулын урд бэлчээрт байсан адуунаас 2 тооны адуу хулгайд алдсан” гэх тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр адуугаа хариулаад /А аймгийн Б сумын төвийн зүүн хойно байрлах наадмын талбайн хажууд үлдээсэн. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш өөрийн адуун дээр очиход буурал зүсмийн 1 тооны гүү, нарийхан зурвас халзан 1 тооны хүрэн байдас, нийт 2 тооны адуу адуундаа байхгүй байсан. Тэгээд энэ хавиар адуунаасаа 2 гүүгээ алдчихлаа гээд хайгаад л байсан. Энэ хавиар хашсан байж магадгүй гээд хайгаад өнжсөн. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай сумын Т гэх залуу надтай холбогдоод ахаа Ө сумын А гэх залуу яг тэр адуу алга болдог үеэр манай суманд ирчихсэн байсан шүү. Тэр залуу өмнө янз бүр юм хийж байсан хүн байгаа даа гэж надад хэлсэн. Тэгээд би адуугаа хайж яваад зүүн урд талд буюу Э гэх уулын хажууханд байдаг хашааны эзэн П гэдэг залуутай утсаар холбогдоод наагуур чинь сураг ажиг юу байна гэж асуухад ахаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө бололтой манай малын хашааг зад татаад эвдлээд хаячихсан байна. Дотор нь адуу хашсан байж магадгүй, нэлээд адууны хомоол болчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд яваад очтол дүү П нь хашаагаа бүр нураагаад ахиад шинээр барьж байгаа бололтой хэдэн чирэнгээ чагталсан маягтай бэлдээд тавьчихсан байсан. Тэгээд би хэрэг бишидлээ гэж бодоод Б , Т нарын хамт 3 лаа машинтай А аймгийн Ө сум руу хөдөлсөн. Тэгээд сумын төвөөр очоод нөгөө А гэх хүний сургийг гаргатал сумынхаа төвийн “П”-д түгээгчээр ажилладаг гэж байсан. Тухайн клонк дээр 24 ажиллаад 48 цаг амардаг гэж байсан. Тэгээд бид 2 тухайн хүний гэрийг олоод очтол гэрийнх нь хашаанд ямар нэг адуу мал мэдэгдээгүй. Би гэр лүү нь орж үзэж хараагүй холоос л харсан. Тэгээд ахиад сураг ажиг тавьсан тухайн ажилладаг клонкынхоо урдхан талд аавынх нь хашаа байдаг гэж сонсоод хайгаад очтол тухайн хашаандаа нь буурал халзан зүсмийн 1 тооны морь сум байж байсан. Тухайн морь нь үс нь нэлээн дарайсан байдалтай, гэдэснээс нь харахад бол унагдсан байдалтай харагдсан. Тэгээд би 2 дүүгээ дагуулаад хогийн цэгээр нь алдсан адууныхаа шаар, толгой, арьсыг олж магадгүй гэж бодоод хайж байтал буурал гүүнийхээ шаарыг, 2 тооны гүүнийхээ толгойг олсон. Тэгээд л за Ө суманд авч ирсэн нь гарцаагүй болж таарлаадаа гэж бодоод орхисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуудас/
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулна. Би гомдолтой байна. 2 тооны адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 107- 108 хуудас/,
- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б.Б ахыг 2 тооны гүүгээ алдсан талаар нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн. Би тухайн өдөр Б.Б ахтай хамт машиныг нь бариад наадмын талбайн тэр адууг хайсан. Тэгээд тэдний адуун дээр очиход 2 тооны гүү нь байхгүй байна гэж байсан. Тэгээд би хамт П гэх айлын хашаан дээр хамт очсон ба би тухайн хашааг нэг их сайн анзаарч хараагүй. Тухайн хашаан дээр хашсан байж магадгүй гээд очиж үзэх санаатай хамт явсан. Тэгээд тухайн өдрийн шөнө 12 цаг өнгөрөөгөөд Б.Б, Т нарын хамт алдсан 2 тооны гүүг хайхаар Б.Б-гийн машинтай Ө луу бид 3 гарсан. Ө луу л чиг гарсан байх гээд намайг хамт яваад өг гээд би хамт явсан хэрэг. Тэгээд шөнө 02 цагийн үед Ө сум ороод гудмаар баахан тойрч явсан. Тэгээд бид 3 сумынх нь арын петровис клонкын урдхан талд машиндаа унтчихаад өглөө сэрээд ахиад хайсан ба тухайн газраас нэг их холдолгүй айлын хашаанд хонгор ч гэмээр, буурал ч гэмээр халзан зүстэй морь айлын хашаанд сул байж байсан. Тэгээд бид 3 тэндээсээ хогийн цэг ороод тэр хавиар юм хайж байгаад Б.Б гэх хүний 2 тооны гүүний толгойг олсон. Тэгээд эрэл мухардаад би 3 буцаад ирсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 хуудас/,
- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б.Б ахыг 2 тооны гүүгээ алдсан талаар нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Тухайн үед Б.Б ах над руу яриад "Манай хүрэнгийн адуунаас 2 тооны гүү алга болчихсон байна. Мэдсэн барьсан юм байна уу? Хамт яваад хайлцаад өгөөч" гэсэн. Тэгье, та намайг гэрээс ирээд авчих би хамт явъя гээд намайг гэрээс ирж авсан ба Б сумын Ужиг гэх газрын эзэнгүй байрнуудаар хайсан боловч нэг их үр дүн олоогүй. Тэгээд би Б.Б ахад нэг хүний талаар хэлсэн. Учир нь би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Б сумын зүүн талд байх нуурын мөн зүүн талд байрлах Э.А гэх айлд очсон юм. Тухайн айл нь Төв аймгаас том машинаар ногоон тэжээл авч ирж хурааж байсан. Би тухайн айлд ирсэн ногоон тэжээлийг үзэх санаатай очих үед А аймгийн Ө сумын А гэх хүн буурал халзан зүсмийн морьтой ирчихсэн морь нэлээд хөлөрчихсөн байдалтай байж байсан. Тухайн мориныхоо эмээлийг аваад хашаан дээр тохоод хатаачихсан байдалтай тухайн айл нь адуу гаргасан бололтой хогных нь хажууд хүрэн алаг зүсмийн адууны арьс байж байсан. Би тэр айлд байсан А гэх хүнийг таньдаг. Өмнө морь уядаг байхдаа гэр орноор нь очиж байсан удаа байгаа. Тэгээд өвсөө үзчихээд харьсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ны орой намайг гэртээ байж байх үед Э.А гэх хүний хурдан морь унадаг 2 хүүхэд морьтой манайд ирээд явсан. Манай гэр Э.А гэх хүний гэртээ ойрхон байдаг. Тэгээд Э.А гэх хүний хурдан морийг унадаг 2 хүүхдийнх нь нэг нь нөгөө Ө сумын А гэх хүний буурал халзан морийг уначихсан явж байсан ба надаас ахаа та надад хонгор морь, хүрэн морь хоёрынхоо нэгийг жаахан унуулаач гэхээр нь чи морь уначихсан яваа юм биш үү гэтэл ахаа энэ буурал халзан морины эзэн нь одоо явах гэж байна гэсэн. Тэгээд би тухайн үед морио ч өгөөгүй тэр 2 хүүхэд буцаад явсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн 2 хүүхэд үхэр туусан явж байхтай таарахад манайд ирэхдээ унасан байсан буурал халзан морь нь байгаагүй. Тэгэхээр нь би нөгөө Ө ын А гэх хүн буурал халзан морио унаад явчихсан байна даа гэж бодсон. Би энэ талаараа Б.Б ахад хэлсэн. тэгээд бид нар Ө сум руу чиглэж асуухаар болоод сураг ажиг тавьтал 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны шилжих шөнө П гэх хүний хашааны нэг булан нь нурчихсан байсан гэх талаар надад Б.Б ах л хэлсэн ба энэ талаар чи дуулсан уу гэж асууж байсан. Тэгээд би 2024 оны 11 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Б болон Б нартай сумын төвөөс Ө сум руу Б-ийн машинтай явсан ба Э.А гэх хүний гэрт ирчихсэн байсан А гэх хүний хашааг олоод очоод харахад ямар ч адуу мал байсан байхаар шинжтэй харагдаагүй. Тухайн шөнөдөө хашаа руу нь хальт харчхаад явсан ба өглөө нь гэгээтэй харахад хашаанд нь олон адуу байсан бололтой адууны хомоол хөлдчихсөн байсан. Харин ганц адуу гараад явсан гэмээр мөр байсан ба хашаанаас гараад баруун урд зүг рүү хөдлөөд явсан бололтой мөрөн дээрээ шинээр баагаад хөдлөөд явсан байсан. Тэгээд тухайн адууны мөр явсан зүг рүү нь явтал урдхан талдаа нэг айлын хашаанд нөгөө Э.А гэх айлын гадаа хөлс болчихсон уяатай зогсож байсан буурал халзан морь сул байсан. Тэгээд бид 3 Ө сумын хогийн цэг дээр адууныхаа толгой шаарыг хааж байгаад 2 тооны гүүнийхээ толгойнуудыг олж аваад эрэл мухардлаа гэж бодоод иргээд ирцгээсэн. Миний бодлоор бол Э.А гэх хүний гэрт ирчихсэн байсан А гэх хүнийг гарцаагүй авчихлаа гэж бодоод цаг хугацааг нь шахаад үзэхэд Б.Б ахын 2 тооны гүү нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө алга болсон. Тэр А гэх хүн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Анхбаатар гэх хүний гэрээс явсан. Харин П хэлэхдээ манай хашаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зүгээр байсан 16-ны өдөр эвдэрчихсэн байсан гэж Б ахад хэлсэн байсан. Яг л цаг хугацаа, газар байрлал нь таараад байгаа болохоор би А гэх хүнийг хулгайлсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 хуудас/,
- Гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Б сумын Д багийн Э гэх уулийн зүүн хажууд байх манай өвөлжөө хаваржааныхаа хашаан дээр очих үед бүрэн бүтэн байсан. Харин маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед яваад очиход баруун урд талын хавирга нь гадагшаа нурчихсан байдалтай байсан. Харин манай хашаанд адуу хашсан бололтой нэлээдгүй адууны хомоол баас, зогсоол болчихсон их л тонгочуулсан болов уу гэмээр ул мөртэй байсан. Тухайн хашааг бүр ашиглаж болохооргүй болгож нураасан байсан болохоор нь би бүгдийг нь нураагаад 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ахин шинээр барьж дуусгасан. Тухайн өдрийн маргааш нь буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б- над руу яриад манай хашаа нурсан талаар асууж тодруулсан. Би тухайн үед хүн малаа хашсан байх гэж бодоод л хашаагаа засаад өнгөрсөн. Харин дараа нь Б.Б ахыг малаа алдсан гэж дуулсан. Урд талаасан ирсэн бололтой бүдэгхэн мотоциклын мөр тухайн үед байсан санагдаж байна. Өөрөөр бол илүү дутуу мөр гэхээр зүйл анзаарагдаагүй.” гэх мэдүүлэг, /хх- ийн 21-22 хуудас/
- Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн клонкийн эрхлэгч гараанд гарсных нь маргааш нь хүн хүнээр нь тооцоог нь хийгээд буулгадаг учраас тухайн үеийн гарааг би мэднэ. Миний тэмдэглэж авснаар бол 2024 оны 11 дүгээр сарын 13,14-ны өдөр Б.Б гараанд гарсан байна. Өмнө Б.Б Улаанбаатар хот руу яваад ирсэн болохоор гараагаа нөхөж 2 өдөр ажилласан хэрэг. Харин түүний дараагаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр би гараанд гарсан. Тухайн үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А нь гарах байсан боловч 2024 оны тухайн өдрийн өглөө 08 цаг 40 минутын үед өөрийнхөө 95112871 дугаараас миний 95466639 гэсэн дугаар луу залгаад би очиж амжихгүй юм шиг байна. Би А аймгийн Б суманд байж байна. Өөрийнхөө оронд намайг гараад өгөөч гэхээр нь би за за би угаасаа 2024 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хот руу явж хүүхдээ үзүүлэх юм чинь нөхөөд гарчихъя гээд тухайн өдөр үргэлжлүүлээд гарсан юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн үед мотоциклдоо 10,000 төгрөгөөр бензин аваад явлаа унтуулсангүй гээд манай нөхөр тэгж байсан. Намайг гараатай хонох үед манай нөхөр Ч-ын Ө нь шөнө ирж хонодог ба би хүүхдүүдтэйгээ гэртээ хонодог юм. Харин Д.А өөрөө гараанд гарсан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхрийг клонк дээр миний оронд хонож байхад өглөөний 05 цагт мотоциклтой ирээд 10,000 төгрөгөөр бензин авсан байсан. Харин Д.А 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийнхөө гарааг нөхөж 2024 оны 11 дүгээр сарын 17, 18-ний өдөр2 өдөр гараанд гарсан. Харин 2024 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр Б.Батсайхан гараанд гарсан ба 11 сарын 21-нд би гарсан. ...Би гараанд гарсан өдрөө 22 цаг дөхүүлээд гэртээ харьдаг ба миний оронд өглөө 09-өөс 10 цаг хүртэл манай нөхөр миний оронд гардаг. Би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд ажил руугаа очдог. Манай 4 хамгийн бага 2 нь 1 болон 3 настай болохоор гэртээ хонохгүй бол болдоггүй ба ганцаараа клонк дээр хонохоор айгаад байдаг учраас манай нөхөр миний оронд хонодог юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-38 хуудас/,
- Гэрч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Эхнэр бид 2 бага насны хүүхдүүдтэй болохоор дээр нь эхнэрийгээ ганцаараа хонохдоо айгаад байдаг болохоор нь би гараатай өөрийнх нь орой очиж эхнэрийнхээ оронд ажил дээр нь хонодог. Би 2024 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд эхнэрийгээ ээлжтэй байх үед нь оронд нь очиж хоносон ба 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.А гараанд гарсан. ...Намайг эхнэрийнхээ оронд ээлжид хонож байх үед 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн үед Д.А нь ирээд өөрийнхөө хужаа мотоциклдоо 10,000 төгрөгөөр бензин аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-43 хуудас/
- Гэрч Б.Б-ы “...Би тус кпонкын ээлжид 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гэвэл 2024 оны 11 дүгээр сарын 13,14-ны өдөр гараагаа нөхөж гараад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө бууж ээлжээ Д.А-д хүлээлгэж өгөөд Д.Алтанзул нь 11 дүгээр сарын 15,16-ны өдөр гараанд гараад 11 дүгээр сарын 17-ны өглөө Д.А-д хүлээлгэн өгч, Д.А нь мөн 2 өдөр гарсан буюу 11 дүгээр сарын 17,18-ны өдөр ээлжид гараад Д.А-ээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө би ээлж хүлээж авсан. ...Бид 3-аас өөр хүн тухайн ээлжийн гараанд гараад байдаггүй. Харин манай нэг ээлжийн ажилтан Д.А-ын нөхөр нь эхнэрийнхээ оронд шөнө хонодог асуудал байгаа. Өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48 хуудас/
- Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайд Д.А 2024 оны 11 дүгээр сарын 13-нд модонд явъя гээд буурал халзан морьтой ирсэн. Би модонд явахгүй цастай гулгаад явахгүй байх гэсэн тэгээд би нэг шил архи гаргаж өгсөн тэгээд манайд 2 өдөр архи уугаад өнжсөн. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манайхаас гэртээ харина одоо шууд давхиад харьчихна маргааш гараатай гээд 17 цагийн үед явсан. Манай хурдан морь унадаг 2 хүүхэд унаж сумын төвөөр жаахан явсан байх тэрнээс өөр хүн унаж яваагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 хуудас/,
- Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний санаж байгаагаар 2024 оны 11 дүгээр сарын 17- -ы өдөр байсан байх. Тухайн үед би ажил дээрээ байхад нар руу Д.А залгаад идэшний адууг янзлаад шуудайлаад аваад ирлээ гэхээр нь гэрч аваачаад байшинд оруулаад тавьчих гэж хэлсэн. Би орой 20 цагийн үед гэртээ очиж байшин луугаа ороход 5-6 ширхэг 50 хилийн шуудаатай махнууд байсан. Надаас Д.А 1,000,000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөний оронд идэшний адуу өгье гээд шуудайтай мах авчирч өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг учирсан гэх хашаа нь А аймгийн Б сумаас 1 километр 400 метрийн зайд байх ба тухайн хашаанаас 200 метр зайд Э уул байх ба чанх урд зүгт 200 метр зайд нуур байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 23-32 хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээн авсан “Д.А-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар сайн дураараа гаргаж өгсөн: 1. Цагаан өнгийн шуудайнд хувааж хийсэн адууны мах 2. Шуудай №1 “47 кг 700 гр мах, 3. Шуудай №2 “44 кг 700 гр мах, 4.Шуудай №3 “59 кг” мах, б.Шуудай №4 “20кг 200 гр” адууны гэдэс, 6. Хүрэн зүсмийн адууны арьс 170 см урттай, хөндлөн 70 см хавсарч хөлдөөсөн/ хэмжээтэй цагаан үстэй онги тамгатай зэрэг содон шинж тэмдэгтэй 1 тооны адууны арьс зэрэг эд зүйл, эд мөрийн баримтыг 2024 оны 11 сарын 24-ний өдрийн 12 цаг 41 минутад хүлээн авч тэмдэглэлд тусгана” гэх тэмдэглэл, /хх-ийн 61 хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн Д.А ээс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сайн дураараа гаргаж өгсөн: 1. Цагаан өнгийн шуудайнд хувааж хийсэн адууны мах 2. Шуудай №1 “47 кг 700 гр мах, 3. Шуудай №2 “44 кг 700 гр мах, 4.Шуудай №3 “59 кг” мах, б.Шуудай №4 20кг 200 гр” адууны гэдэс, 6. Хүрэн зүсмийн адууны арьс 170 см урттай, хөндлөн 70 см /хавсарч хөлдөөсөн/ хэмжээтэй цагаан үстэй онги тамгатай зэрэг содон шинж тэмдэгтэй 1 тооны адууны арьс зэрэг эд зүйл, эд мөрийн баримтыг 2024 оны 11 сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл, /хх-ийн 62 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-208 дугаартай “...2024 оны 11 сарын байдлаар 1. Буурал зүсмийн гүү 1.200.000 төгрөг, халзан зүсмийн байдас 700,000 төгрөг нийт 1.900.000 төгрөг. ...адууны мах 151,4 кг 1,135,500 төгрөг, адууны гэдэс 7,000 төгрөг, адууны арьс 8,000 төгрөг нийт 3,050,500 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 66-70 хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн буурал халзан зүсмийн моринд үзлэг хийсэн “...Буурал халзан зүсмийн морь байв. Уг морь нь магнай хэсгээсээ хамар хүртэл цагаан үстэй халзан нүд орчимдоо цагаан үстэй, зов талын хөл өсгий цагаан, 2 чих имгүй, зөв гуя дээр дөлтэй нар саран тамгатай буурал халзан морь байв...” гэх тэмдэглэл, зураг/хх-ийн 58-60 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-24-06 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн буурал халзан соёолонгийн зах зээлийн үнэлгээ нийт 950,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 113-117 хуудас/,
- Яллагдагч Д.А-ийн “....Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 100 хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч Ч.Ө-ын мэдүүлэг, Д.А ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 66-68-р хуудсан дахь шинжээчийн дүгнэлт, Д.А ийн малын А данс, багийн Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр: Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Иргэн Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Б сумын 6 дугаар баг Ц-ын Э нэртэй уул орчимд бэлчээрлэж байсан адуунаасаа 2 тооны адуугаа алдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.А үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “2024 оны 11 дүгээр зарын 15-аас 16-нд шилжих шөнө А аймгийн Батцэнгэл сумын 6 дугаар баг Цагааннуурын Энхтайван нэртэй уулын урд бэлчээрт байсан адуунаас 2 тооны адуу хулгайд алдсан” гэх тэмдэглэл,
- Хохирогч Б.Б-гийн “...Тухайн өдрөөс 2 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш өөрийн адуун дээр очиход буурал зүсмийн 1 тооны гүү, нарийхан зурвас халзан 1 тооны хүрэн байдас, нийт 2 тооны адуу адуундаа байхгүй байсан. ...Тэгээд би 2 дүүгээ дагуулаад хогийн цэгээр нь алдсан адууныхаа шаар, толгой, арьсыг олж магадгүй гэж бодоод хайж байтал буурал гүүнийхээ шаарыг, 2 тооны гүүнийхээ толгойг олсон” гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.Б гийн дахин өгсөн “...Би гомдолтой байна. 2 тооны адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Б-н “...Тэгээд тухайн өдрийн шөнө 12 цаг өнгөрөөгөөд Б.Б, Т нарын хамт алдсан 2 тооны гүүг хайхаар Б.Б гийн машинтай Ө сум руу бид 3 гарсан. ...шөнө 02 цагийн үед Ө сум ороод гудамжаар баахан тойрч, Петровис клонкын урдхан талд машиндаа унтчихаад өглөө сэрээд ахиад хайсан ба тухайн газраас нэг их холдолгүй айлын хашаанд хонгор ч гэмээр, буурал ч гэмээр халзан зүстэй морь айлын хашаанд сул байж байсан, тэндээсээ хогийн цэг ороод тэр хавиар юм хайж байгаад Б.Бгэх хүний 2 тооны гүүний толгойг олсон” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Т-ын “...Би Б.Бахыг 2 тооны гүүгээ алдсан талаар нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. ...би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Батцэнгэл сумын зүүн талд байх нуурын мөн зүүн талд байрлах Э.А гэх айлд ногоон тэжээлийг үзэх санаатай очих үед А аймгийн Ө сумын А гэх хүн буурал халзан зүсмийн морьтой ирчихсэн морь нэлээд хөлөрчихсөн байдалтай байж байсан. ...Би энэ талаараа Б.Бахад хэлж, бид нар Ө сум руу чиглэж асуухаар болоод А гэх хүний хашааг олоод очоод харахад ямар ч адуу мал байсан байхаар шинжтэй харагдаагүй. Тухайн шөнөдөө хашаа руу нь хальт харчихаад явсан ба өглөө нь гэгээтэй харахад хашаанд нь олон адуу байсан бололтой адууны хомоол хөлдчихсөн байсан. Харин ганц адуу гараад явсан гэмээр мөр байсан ба хашаанаас гараад баруун урд зүг рүү хөдлөөд явсан бололтой мөрөн дээрээ шинээр баагаад хөдлөөд явсан байсан. Тэгээд тухайн адууны мөр явсан зүг рүү нь явтал урдхан талдаа нэг айлын хашаанд нөгөө Э.А гэх айлын гадаа хөлс болчихсон уяатай зогсож байсан буурал халзан морь сул байсан. Тэгээд бид 3 Ө сумын хогийн цэг дээр адууныхаа толгой шаарыг хааж байгаад 2 тооны гүүнийхээ толгойнуудыг олж аваад эрэл мухардлаа гэж бодоод иргээд ирцгээсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Ц-ийн “...Харин маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед яваад очиход баруун урд талын хавирга нь гадагшаа нурчихсан, манай хашаанд адуу хашсан бололтой нэлээдгүй адууны хомоол баас, зогсоол болчихсон их л тонгочуулсан болов уу гэмээр ул мөртэй байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.А-ын “...Тухайн үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А нь гарах байсан боловч 2024 оны тухайн өдрийн өглөө 08 цаг 40 минутын үед өөрийнхөө 95.... дугаараас миний 95.... гэсэн дугаар луу залгаад би очиж амжихгүй юм шиг байна. Би А аймгийн Б суманд байж байна. Өөрийнхөө оронд намайг гараад өгөөч гэхээр нь би за за би угаасаа 2024 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хот руу явж хүүхдээ үзүүлэх юм чинь нөхөөд гарчихъя гээд тухайн өдөр үргэлжлүүлээд гарсан юм” гэх мэдүүлэг,
- Гэрч Ч.Ө-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд эхнэрийгээ ээлжтэй байх үед нь оронд нь очиж хоносон ба 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.А гараанд гарсан. ...Намайг эхнэрийнхээ оронд ээлжид хонож байх үед 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн үед Д.А нь ирээд өөрийнхөө хужаа мотоциклдоо 10,000 төгрөгөөр бензин аваад явсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Б-ы “...11 дүгээр сарын 17-ны өглөө Д.А-д хүлээлгэн өгч, Д.А нь мөн 2 өдөр гарсан буюу 11 дүгээр сарын 17,18-ны өдөр ээлжид гараад Д.А-ээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө би ээлж хүлээж авсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.А-ын “...Манайд Д.А 2024 оны 11 дүгээр сарын 13-нд модонд явъя гээд буурал халзан морьтой ирсэн, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манайхаас гэртээ харина одоо шууд давхиад харьчихна маргааш гараатай гээд 17 цагийн үед явсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Б-ийн “...Миний санаж байгаагаар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байсан байх. Тухайн үед би ажил дээрээ байхад нар руу Д.А залгаад идэшний адууг янзлаад шуудайлаад аваад ирлээ гэхээр нь гэрт аваачаад байшинд оруулаад тавьчих гэж хэлсэн. Би орой 20 цагийн үед гэртээ очиж байшин руугаа ороход 5-6 ширхэг 50 клограмын шуудаатай махнууд байсан. Надаас Д.А 1,000,000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөний оронд идэшний адуу өгье гээд шуудайтай мах авчирч өгсөн.” гэх мэдүүлэг,
- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-208 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн буурал халзан зүсмийн моринд үзлэг хийсэн “...Буурал халзан зүсмийн морь байв. Уг морь нь магнай хэсгээсээ хамар хүртэл цагаан үстэй халзан нүд орчимдоо цагаан үстэй, зов талын хөл өсгий цагаан, 2 чих имгүй, зөв гуя дээр дөлтэй нар саран тамгатай буурал халзан морь байв...” гэх тэмдэглэл, зураг, - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-24-06 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Яллагдагч Д.Аийн “....Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Бусдын өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус баталгаажуулж өгсөн.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах” гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Д.А нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан, малын бэлчээр буюу эзэнгүй талаас нууцаар хууль бусаар авч явсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал дээрх хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “олон тооны мал хулгайлж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.А ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүх үнэлээгүй ба нотлох баримтаас хасах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчид хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Д.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 1,900,000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-гээс дахин авсан мэдүүлэгт “би гомдолтой байна, 2 тооны адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгийг /хх-ийн 107- 108 хуудас/ өгчээ.
Монгол Улсын Үндсэн хуульд
“Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж,
“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан ба
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг “...зөрчигдсөн эрхийг сэргээх...” гэж тодорхойлж өгсөн.
Хохирогч Б.Бөөрийн өмч болох малаа алдаж, түүний өмчлөх эрх зөрчигдөж, тэрээр малаа өөрөө эрж хайж явсны эцэст тус гэм буруутай этгээдийн үйлдлийг илрүүлсэн байна.
Хавтаст хэргийн 61-62 дугаар хуудсанд эд зүйл хүлээлгэн өгсөн, эд зүйл хүлээн авсан тэмдэглэлүүд, мөн хавтаст хэргийн 66-70-р талд хөрөнгийн үнэлгээний тооцоо гаргасан шинжээчийн дүгнэлт авагдсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хохирогчоос дээрх махыг хохиролд тооцон авах талаар түүний хүсэлтийг тодруулаагүй, уг махны үнэлгээг хохиролд тооцож хохирлын үнэлгээнээс хасаж тооцсон эсэх, цаашид хэдэн төгрөгийн хохирол нэхэмжлэх талаар тодруулаагүй байх тул шүүх хохирогчийн эрхэд халдаж, хохирол авсан байна гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ хохирогчийн гомдол, нэхэмжлэл, хэргийн байдлыг харгалзан үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хянан шийдвэрлэдэг.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж тодорхойлж, шинэ Эрүүгийн хуулийн бодлогод малын хулгайн гэмт хэрэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлсэн нь мал маллаж үндэсний өв соёлоо тээж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн үүргийг нэмэгдүүлсэн явдал юм. Хэдийгээр шүүгдэгч хохирогчид мах хүлээлгэн өгсөн байх боловч уг махыг хүлээн авснаар хохирогчийн хохирлыг барагдуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, хохирогч нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүн бүхий шууд хохирлоос гадна алдсан малаа олохын тулд эрж хайж сураг тавьж хайж явсан цаг хугацаа, зардал зэрэг өөр бусад хохирол түүнд учирсан байх магадлалтай байхад мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид бусад хохирол учирсан эсэхийг тодруулаагүй, дээрх махыг хохирлоосоо хасаж тооцох талаар тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар энэ талаар буюу хохирогчийн хохирлыг барагдуулсан талаар баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч нь дахин өгсөн мэдүүлэгтээ 2 адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг өгсөн байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Аээс 1,900,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.А-ээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанаас завсарлага авсан ба шүүх хуралдааны завсарлагын хугацаанд шүүгдэгч Д.А нь 764,500 төгрөгийг хохирогч Б.Б-гийн 5136163078 дугаарын дансанд шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн тул 764,500 төгрөгийг хасаж, үлдэх 1,135,500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.А хохирол төлөх хүсэлт гаргаж шүүхээс шүүгдэгчид хохирол төлөх боломжийг олгож түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн боловч шүүгдэгч Д.А нь шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүхэд ирэлгүй, шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан ба шүүгдэгчийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж, албадан ирүүлж шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.А “...шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл тогтоогдоогүйг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “гэм буруу дээр маргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, яллах дүгнэлтийн хавсралтад заасан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх, мөн хувийн байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг доош нь татаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Д.А “гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, А аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.А-ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхээс шүүгдэгч Д.А-ээс хохиролд 1,900,000 төгрөг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь 764,500 төгрөгийг хохирогч Б.Б-гийн 5136163078 дугаарын дансанд шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн, шүүхээс 1,135,500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирлоо төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Д.А-ийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй, дэмжлэг үзүүлсэн” гэсэн тайлбар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарахгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцдог. Шүүгдэгч Д.А-ийн тухайд дээрх байдал тогтоогдохгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн” байдал нь шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийн баримтаас тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч Д.Ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ад 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 950,000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал халзан зүсмийн соёолон морины үнэ болох улсын орлого болгох саналтай гэх саналыг гаргасан ба шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс эсэргүүцсэн тайлбар гаргаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 950,000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал халзан зүстэй, соёолон морийг Д.А-ээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А ээс 1,135,500 /нэг сая нэг зуун гучин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б /А аймгийн Б сумын Д багийн Б 01-113 тоотод оршин суух, РД: ..../-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 950,000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал халзан зүстэй, соёолон морийг Д.А-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Д.А-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР