| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0774/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/704 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/704
2025 08 18 2025/ШЦТ/704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч А.Марал /тээврийн прокурор/,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод гөрсөн, 57 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа, ам бүл 3, эхнэр, хүүхэд нарын хамт, Чингэлтэй дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....... овогт Б.Г /РД:********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
- 3ам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- ийн 3 дахь хуудас/,
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10 дахь хуудас/,
- Жолооч Б.Г-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 0,00% /хх-ийн 11 дэх хуудас/,
- Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2025 оны 06 дугаар сарын 23-ний орой 23 цагийн үед ажил тараад гэртээ харих гээд ажлаасаа гараад Сансар луу алхаад явсан замдаа хөгжим бүжгийн уулзварт очоод Хөгжим бүжгийн уулзварын хойд талын явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлд ногоон гэрлээр нэвтрэхэд уулзварын зүүнээс хойш чиглэлд нэг машин орж ирээд урдуур гараад өнгөрсөн тухайн машиныг өнгөрөөгөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлтэл нэг гэрэл гялбаад орж ирээд намайг мөргөсөн би мөргүүлсэн ирчиндээ зам дээр унаад 3-5 минут ухаан балартаад зам дээр хэвтэж байхад хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудаач ээ эмнэлэг дуудаач ээ гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд гайгүй сэргээд намайг мөргөсөн жолооч түшиж босгоод замын хажуу талын боржур дээр суулгаад харахад намайг “Toyota prius” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн гэдгийг мэдсэн тэгээд би ар гэрийнхэндээ мэдэгдэж манай гэр ойрхон байсан тул 5 минутын дотор ээж, 2 ахын хамт хүрж ирээд цагдаа болон 103-т дуудлага өгч удалгүй яаралтай түргэн тусламж ирээд үзлэг хийгээд ил шарх байхгүй тул авч явах шаардлага байхгүй цагдаатайгаа уулзчихаад гэмтэлд очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн араас нь удалгүй тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн ирж үзлэг хэмжилт хийгээд намайг болон нөгөө жолоочийг согтуурал шалгах драгер багажаар шалгаад 0,00% эрүүл гэж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь Эрүүл мэндийн байгууллагаас 173,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 173,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь М********дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү.” гэх албан бичиг /хх-ийн 15-19 дэх хуудас/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Н.Н-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай: “1.Б.Т-ийн биед сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн завьж, баруун шилбэнд зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь хуудас/,
- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ********* дугаартай дүгнэлт /хх- ийн 37-41 дэх хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай: 1.Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа /хх-ийн 30 дахь хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дэх хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 72 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 73-74 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Г-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 2,800,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Б.Г /РД:*******/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР