| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/01615/И |
| Дугаар | 102/ШШ2022/02265 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/02265
| 2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2022/02265 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: МАК ХХК
Хариуцагч: Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 21,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Т.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Г.Э-аас 21,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: М ХХК нь Г.Э-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сургалтын төлбөрийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, 15,170,000 төгрөг зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,170,000 төгрөгийг төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл дээрх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Манай компанийн зүгээс өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөх хугацааг хангалттай олгосон. Тиймээс хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр 14,170,000 төгрөг, алданги 7,085,000 төгрөг буюу нийт 21,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан мөнгө авсан болон өгсөн асуудал дээр маргаан байхгүй. Би энэ мөнгийг төлөхгүй гэсэн зүйл байхгүй, буцааж өгнө. Хамгийн гол нь одоогийн байдлаар манай эхнэр өвдөөд санхүүгийн боломжгүй байгаа учир хойшлуулаад өгөөч гэж би гуйсан. Нэхэмжлэгч компаниас намайг огт төлөлт хийхгүй байж болохгүй, сар сардаа багаар ч болтугай мөнгө хий гэсэн болохоор би 500,000 төгрөгөөр төлөөд явж байсан. Гэтэл ийм багаар хийхгүй гэсэн. Одоо бол нэг бүгдийг нь төлөх боломж үнэхээр байхгүй байна. 3 хуваагаад өгье гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би үндсэн зээлээ төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин алдангийн хэмжээг хэт их байна гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1-2/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх5/, 2020 оны 12 дугаар сарын зээлийн гэрээний хуулбар /хх6-7/, Г.Э, Н.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх8/, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлийн хуулбар /хх9/.
4. Хариуцагчаас хариу тайлбар /хх 15-16/-ыг гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г.Э-аас 21,255,000 төгрөг гаргуулах тухай МАК ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч МАК ХХК болон хариуцагч Г.Э нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр МАК нь 15,170,000 төгрөгийг сургалтын төлбөрийн зориулалтаар, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Г.Э-д хүүгүй зээлэхээр, гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангитай байхаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч талаас зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 15,170,000 төгрөгийг хүлээн авсан болон зээлийг гүйцэд буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шүүхэд хандаж байгаа хугацаа зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 4,085,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МАК ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Э-аас 18,255,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МАК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас 249,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МАК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ