| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02927/И |
| Дугаар | 102/ШШ2022/02223 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/02223
| 2022 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/02223 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ц
Хариуцагч: Б.Т
Нэхэмжлэгчийн шаардлага: 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б.Т-оос 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Ц.Ц миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, байрны 72 тоот хаягт байршилтай орон сууцыг анх мөнгөний хэрэг гарсан учир ломбардад 1,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Гэвч зээлийг буцаан төлж чадахгүй, орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй байх үед буюу 2003 оны 6 дугаар сард Б.Т нь ...би таны орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад өгье. Харин та надаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ барьцаалаад зээл аваад өг. Би самранд явж ирээд мөнгийг чинь буцааж өгөөд, байрыг чинь суллаад өгнө гээд гуйгаад байхаар нь би итгээд орон сууцаа барьцаалж 13,000,000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгийг нь Б.Т-т шууд зээлээд өгсөн. Гэтэл хариуцагч нь надаас авсан зээлээ төлөөгүй алга болсон бөгөөд би өөр хүмүүсээр байраа чөлөөлүүлж авсан. Одоо миний мөнгө зээлсэн н.Бат-Эрдэнэ, н.Аззаяа гэх хүмүүс надаас мөнгөө нэхээд байгаа. Тиймээс хариуцагч Б.Т-оос анх түүнд зээлсэн 13,000,000 төгрөг, уг зээлийн хүүнд бусдад төлөх ёстой 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч мөнгөө буцаан төлөөгүй учир би бусдад зээлийн хүү гэж 4,000,000 төгрөг төлөх болсон, эдгээр хүмүүс надаас мөнгөө нэхэмжлээд дарамтлаад байгаа. Түүнчлэн хариуцагч Б.Т-оос анх зээл чөлөөлүүлэх гэж 1,000,000 төгрөг авсан нь үнэн. Мөн хариуцагч бүр сүүлд надад 700,000 төгрөгийг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Хариуцагчийн яриад байгаа 20,000,000 төгрөгийн үнэтэй хөөрөг, мөн надад бэлэн өгсөн гээд байгаа 2,000,000 төгрөгийн талаар би мэдэхгүй, ийм зүйл болоогүй гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2003 оны 6 дугаар сард хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Ц.Ц-гийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол,тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 1,000,000 төгрөгийн барьцаанд байхад нь тухайн зээлийн барьцаанаас нь чөлөөлж өгсөн. Ингээд нэхэмжлэгчийн байрыг Д ХЗХ-нд 13,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан. Хариуцагч нь анх энэ зээлийг самрын наймаа хийх зорилгоор авсан боловч ажил нь бүтээгүй учраас тухайн үед зээлийг нь буцаан төлж чадаагүй. Д ХЗХ-ны захирал н.Б гэх хүн хариуцагч Б.Т-оос 13,000,000 төгрөгийн зээлээ төл гэж удаа шаардаж байсан. Нэг удаа Б.Т-ын гэрт нь ирээд хариуцагчийн 20,000,000 төгрөгийн үнэтэй хөөргийг нь 13,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд аваад явсан. Тэрээр ...зээлээ төлөөд буцаагаад хөөргөө авч болно гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш н.Бадарч нь Б.Т-той дахиж холбогдоогүй. Ингээд хариуцагчийн зүгээс тухайн зээлийн асуудлыг дууссан гэж ойлгож байсан. Гэтэл 2005 онд нэхэмжлэгч Ц.Ц нь байрны гэрчилгээг гаргуулна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэр үед Б.Т нь нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг өгсөн. Ц.Ц нь байраа барьцаанаас чөлөөлж гэрчилгээгээ авахдаа Б.Т-т мэдэгдэлгүй өөр хүмүүсээс зээл авч байрныхаа гэрчилгээг авсан байдаг. Хариуцагчийн зүгээс Д-ноос зээлсэн 13,000,000 төгрөгийнхөө оронд өөрийнхөө хөөргийг өгсөн учраас тухайн зээлийг төлсөн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх байрыг нь барьцаанаас чөлөөлөхдөө 1,000,000 төгрөг өгсөн. Дараа нь шүүх, цагдаагийн байгууллагаар явж байхдаа Ц.Ц-д 2,000,000 төгрөг өгч байсан гэж хариуцагч тайлбарладаг. Ингээд нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний оронд өөрийнхөө хөөргийг Д ХЗХ-ны захирал н.Бадарчид өгсөн. Үүгээр зээлийн асуудлаа дууссан, нэхэмжлэгчид өгөх мөнгийг барьцаалсан этгээдэд нь төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж хариуцагч үзэж байгаа. Гэтэл нь нэхэмжлэгч Ц.Ц нь энэ зээлтэй холбоотой асуудлаар байраа барьцаанаас чөлөөлөхдөө Б.Т-т мэдэгдэлгүйгээр бусад этгээдээр зээлээ төлүүлж байрныхаа гэрчилгээг авчихаад хариуцагчаас 17,000,000 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэв тухайн үед Б.Т-т хэлсэн бол 13,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт хөөргөө тооцуулаад байраа авах боломжтой байсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт /1 хавтас, хх3/, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон тодорхойлолт /1 хавтас, хх 4/, Ц.Ц-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас, хх 5/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хавтас, хх 6/, Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 7/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/00959 дүгээр шийдвэр /хх 8-12/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас, хх 39/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 46-47/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1932 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоол /1 хавтас, хх 50-51/, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1136 дугаар захирамж /1 хавтас, хх 52/-ийг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар /1 хавтас, хх 19/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, хх 187/-ийг гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг /1 хавтас, хх 65/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, байрны 72 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /1 хавтас, хх 66-178/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 192/, Үндэсний төв архивын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 197/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 216/, Ц.Цэцэгмаагийн гомдол /1 хавтас, хх 217/, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 791 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1 хавтас, хх 218-220/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 хавтас, хх 221/, Дэлгэр кредит хадгаламж зээлийн хоршоо-ны тодохойлолт /1 хавтас, хх 222/, Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 223/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 574 дүгээр хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 224/, Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 225/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 226/, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1 хавтас, хх 227-228/, Нийслэлийн Прокурорын газрын 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг /1 хавтас, хх 229/, Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1579 дүгээр хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 230/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 231/, орон сууцны гэрчилгээний дэвтэр /1 хавтас, хх 232/, Ц.Цэцэгмаагийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1 хавтас, хх 233-234/, Б.Төмөр-Очирын Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан тодорхойлолт /1 хавтас, хх 235/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1697 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /1 хавтас, хх 236/, Ц.Цэцэгмаагийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол /1 хавтас, хх 237-238/, Баянгол дүүгийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 229 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /1 хавтас, хх 239-240/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 241/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг /1 хавтас, хх 242/, Ц.Цэцэгмаагийн Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн гомдол /1 хавтас, хх 243-224/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 245/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/91 дүгээр Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /1 хавтас, хх 246-247/ Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хариу мэдэгдэх хуудасны хуулбар /1 хавтас, хх 248/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1932 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /2 хавтас, хх 1-2/, Ц.Цэцэгмаагийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий прокурорт гаргасан гомдол /2 хавтас, 3-5/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн 104 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /2 хавтас, 5-6/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг /2 хавтас, хх7/, Ц.Цэцэгмаагийн Нийслэлийн Прокурорын газарт гаргасан гомдол /2 хавтас, 8-9/, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 845 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /2 хавтас, 10-12/, Ц.Цэцэгмаагийн Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол /2 хавтас, 13-14/, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /2 хавтас, хх 15/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/715 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /2 хавтас, хх 16-17/.
6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 206/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг /1 хавтас, хх 207/, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг /2 хавтас, 22/, Ц.Цэцэгмаагийн 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2 хавтас, 23/, орон сууц эзэмших эрхийн бичгийн хуулбар /2 хавтас, 24-25/. Ц.Цэцэгмаагийн Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд гаргасан өргөдлийн хуулбар /2 хавтас, 26-28/.
7. Шүүхийн зүгээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх 215/.
Талуудын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Б.Т-т холбогдуулж 17,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...Би хариуцагчид өөрийн байраа барьцаалан 13,000,000 төгрөгийг зээлэн авч өгсөн. Гэтэл хариуцагч мөнгөө буцаан төлөөгүй учир би үндсэн зээл 13,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг бусдад төлөх болоод байна. Иймд 17,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч өөрийн татгалзлаа ...нэхэмжлэгчээс зээлж авсан 13,000,000 төгрөгийг би 20,000,000 төгрөгийн үнэтэй хөөргөөрөө төлсөн. Ийм учраас одоо төлөх төлбөргүй гэжээ.
Нэг. 13,000,000 төгрөгийн шаардлага:
Нэхэмжлэгч Ц.Ц-гаас 13,000,000 төгрөгийг зээлж авсан талаараа хариуцагч маргаагүйгээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Нэгэнт хариуцагч талаас зээлийн гэрээг амаар байгуулсан болон гэрээний зүйл болох 13,000,000 төгрөгийг хүлээн авсан, буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Нэхэмжлэгч нь ...хариуцагч Б.Т-оос анх зээл чөлөөлүүлэх гэж 1,000,000 төгрөг, ...дараа нь 700,000 төгрөгийг тус тус авсан гэсэн тайлбар гаргасан учир уг 1,700,000 төгрөгийг анх зээлсэн 13,000,000 төгрөгөөс хасч, үлдэх 11,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Хоёр. 4,000,000 төгрөг гаргуулах шаардлага:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болоод татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулан авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Нэхэмжлэгч Ц.Ц-маагийн ...хариуцагч мөнгөө буцаан төлөөгүй учир би бусдад зээлийн хүү гэж 4,000,000 төгрөг төлөх болсон гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрийн энэ талаар гаргасан шаардлагаа нотлоогүй. Иймд 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Төмөр-Очироос 195,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Т-оос 11,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Т-оос 195,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ