| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02115/И |
| Дугаар | 102/ШШ2022/02363 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02363
| 2022 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2022/02363 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч... дүүргийн ...-р хороо, ... мянгат ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б.овогт М.ын Э.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс ... тоотод оршин суух, регистр ..., Боржигон овогт Н...ийн Б..,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г., хариуцагч М.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э. би, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Н.Б.д 7.500.000/ долоон сая таван зуун мянган/ төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 2020 оны 08 дугаар сарын 19- өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги , торгууль, төлөгдөөгүй үндсэн зээлийг өлүүлэхээр шаардах эрхтэй, зээлийг хугацааны эцэст бүхэлд нь төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Мөн Б. нь сүүлд надаас 500 000 төгрөг нэмж зээлж авсан. Гэтэл одоо хүртэл зээлсэн мөнгийг төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүүг нь тооцохгүйгээр , гэрээнд заасны дагуу алдангийг үндсэн зээлийн 50%-с хэтрүүлэхгүйгээр 4 000 000 төгрөгийн алданги тооцож, нийт 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Н.Б.гаас зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Учир нь хариуцагч хүүнд 4 500 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б.. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 7 500 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э.. нь Н.Б..д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 12 000 000 төгрөгийн 4 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 500 000 төгрөгийг хариуцагч Н.Б.. төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э. нэхэмжлэлийн шаардлагаа 12 000 000 төгрөгийн 4 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 500 000 төгрөгийг хариуцагч Н.Б. төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б...гаас 134 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА