| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02696/И |
| Дугаар | 102/ШШ2022/02362 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/02362
2022 оны 06 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2022/02362 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х. дүүргийн ... дугаар хороо, ... тоотод бүртгэлтэй, одоо Б... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин байрлах, регистр ..., “С.” ХХК,
Хариуцагч: Б... дүүргийн ...-р хороо, ... хэсэг сэлбэ .... гудамж ... тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дугаар хороо, Нарны хороолол ....-р байрны .... тоотод оршин суух, регистр ...., Б... овогтой О...ын Э...,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 3 481 815 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж. /үнэмлэх 0234/, хариуцагч О.Э., гэрч Д.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь О.Э.ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 481 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
“С.” ХХК нь О.Э..аас түрээсийн төлбөр 2 308 920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/20308 дугаар захирамжаар хариуцагч О.Э. нь уг хаягт бүртгэлтэй боловч, одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2021/3171 тоот шийдвэрээр О.Э.ыг эрэн сурвалжилж, тогтоосон хаягаар нэхэмжлэл гаргасан. “С.” ХХК-ийн О.Э.тай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай ‘Түрээсийн гэрээ’ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба 206 ширхэг бараа материалыг 1 хоногийн 400 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 576 800 төгрөг, барьцаа 500 000 төгрөгийг төлүүлэх тооцоог О.Эрдэнэбат нь хүлээн зөвшөөрч, нийт 1 076 800 төгрөгийг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бараа материалын тооцоогоор 20 ширхэг бараа материалыг 5 хоногийн хугацаатай хоногийн 400 төгрөгөөр түрээслүүлж түрээсийн төлбөрт 40 000 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 226 ширхэг бараа материалыг 6-8 хоногийн хугацаанд 1 хоногийн 300 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 530 400 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 11 ширхэг бараа материалыг 55 хоногийн хугацаанд 1 хоногийн 220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 133 100 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11 ширхэг бараа материалыг 77 хоногийн хугацаанд 1 хоногийн 50 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 42 350 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 11 ширхэг бараа материалыг 289 хоногийн хугацаанд 1 хоногийн 220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 699 380 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11 ширхэг бараа материалыг 76 хоногийн хугацаанд 1 хоногийн 50 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 41 800 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 11 ширхэг бараа материалыг 289 хоногийн хугацаанд 1 хоногийн 220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 699 380 төгрөгийг төлүүлэх тооцоо тус тус гаргасан. Нийт төлбөл зохих үлдэгдэл 1 774 410 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас барьцаанд төлсөн 500 000 төгрөгийг хасаж, нийт төлбөл зохих үлдэгдэл дүн 2 274 410 төгрөгийг О.Э... нь одоо хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна. Түрээсийн алдангийн тооцоог 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 941 хоногийн хугацаанд 1 хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 10 701 099 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2 274 410 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 1 137 205 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд “С.” ХХК нь О.Э...аас түрээсийн үлдэгдэл төлбөр болон дутсан барааны нийт 2 274 410 төгрөг, алданги 1 137 205 төгрөгийг нийт 3 411 615 төгрөг, О.Э..ыг эрэн сурвалжлуулахад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг нэмж нийт 3 481 815 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ст...” ХХК-аас 2019 оны 10 дугаар сард түрээсийн гэрээ хийж, 206 ширхэг түрээсийн материалууд болох хэв хашмал, труба зэргийн авсан. Би тэр үед Налайх дүүрэгт байрлах “Г...” ХХК-д менежерээр ажиллаж байсан. “Г...” ХХК-ийн ерөнхий захирал болох Д.С..тай хамт явж байгаад “С.” ХХК-аас түрээсийн материал авахаар болоход аж ахуйн нэгжийн гэрчилгээ нь байгаагүй. “Г.” ХХК нь орон нутгийн компани юм. “С..” ХХК нь Улаанбаатар хотод амьдардаг хүн байвал иргэний журмаар гэрээ хийгээд бараа материал авч болно гэхээр нь О.Э... миний бие өөрийн бичиг баримтаар 206 ширхэг бараа материал авахаар гэрээ хийсэн. 576 000 төгрөгийг түрээсийн төлбөрт, барьцаа болох 500 000 төгрөгийг Д.С... гэх хүн хамт явж байсан учир төлсөн. Бид төлбөр тооцоогоо бүгдийг нь төлсөн учир 206 ширхэг бараа материал авсан. “С...” ХХК-ийн нэхэмжилж байгаа 20 ширхэг хэв хашмалыг бид аваагүй. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний төгсгөлд бараа материалыг нь буцааж өгөхөд “С...” ХХК та 20 ширхэг бараа, материал илүү авсан, өгөөрэй гэж хэлэхэд бид нар аваагүй гэснээр бидний хооронд маргаан үүссэн. 2022 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ажилтан надтай уулзахад, би бүх учраа тайлбарлаж хэлсэн, би таныг эрэн сурвалжилж байгаа, таны тайлбарыг хавсаргая гэж хэлээд явсан. Надтай болон Д.С... гэх хүнтэй нэг ч удаа холбогдож, намайг асууж байгаагүй. 20 ширхэг бараа материалыг аваагүй учраас 3 481 815 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 206 ширхэг хэв хашмал материалыг бид аваад ашиглаад буцааж өгсөн. Түрээсийн төлбөр, барьцаа төлбөрийг нь төлсөн. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа 20 ширхэг бараа материалыг аваагүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэмж авсан бараа материал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс: С... ХХК-ний аж ахуйн нэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 8/, Түрээсийн гэрээ, бараа материалын тооцоо /хх 10-12/, авлага, өглөгийн товчоо /хх 13-16/, Голомт банкны цахим гүйлгээний 70 200 төгрөг төлсөн баримт /хх 17/, О.Э...ын иргэний үнэмлэхний хуулбар /хх 18/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2021/20308 дугаар захирамж /хх 19-20/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138/ШШ2021/3171 тоот шийдвэр /хх 21/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн албан бичиг /хх 22/, Зарлагын баримт /хх 37-38/, орлогын баримт /хх 39/,
Хариуцагчаас: ХААН банкны дансны хуулга /хх 31/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
“С...” ХХК-ийн О....тай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай 206 ширхэг хэв хашмал, труба зэрэг материалыг хоногийн 400 төгрөгөөр түрээслүүлэхээр /хх 10-12/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээслүүлэгч эд зүйлийн жагсаалтаар болон зарлагын баримтаар /хх 10-12, 37/ шилжүүлсэн, түрээслэгч түрээсийн төлбөрт 576 800 төгрөг, барьцаа 500 000 төгрөгийг тус тус төлсөн нь зохигчийн тайлбар, Д.С...ын ХААН банкны дансны хуулга /хх 31/ зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Гэрээний 1.6-д зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол талууд харилцан тохиролцож зөвхөн бичгээр үйлдэхээр тохирсон байх ба гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хийсэн нь баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 20 ширхэг бараа материалыг 5 хоногийн хугацаатай хоногийн 400 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч түүний төлбөрт 40 000 төгрөг төлсөн нь тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, 20 барааны тооцоо болон бусад төлбөр тооцоо нь зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн тооцоо байхаас гадна хариуцагч аль ч баримтад гарын үсэг зураагүй, С... ХХК-ний зарлагын баримт /хх 38/, орлогын баримт /хх 39/ зэрэг баримтад хариуцагчийн гарын үсэггүй байгаагаас үзвэл нэмж бараа материал түрээслэхээр авсан, хүлээлгэн өгөхдөө дутаасан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн гэрч Д.С...ын “Бид нар 2019 онд Налайх дүүрэгт 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлж 1 дүгээр давхрын хучилтын хэв хашмал, труба зэрэг авахаар “С...” ХХК-тай гэрээ байгуулж 206 ширхэг бараа материалыг авч 7 хоногийн хугацаатай ашиглаад буцааж өгсөн. Тухайн үед О.Эрдэнэбат бид 2 хамт очсон. “Стандарт форм” ХХК мөнгөний асуудал ярьсан. О.Э.. бид 2 “С..” ХХК-ийн камерыг шүүж үзэх гэсэн боловч үзүүлээгүй. Төлбөр тооцоог би төлсөн, тоо хэмжээгээр буцаан хүлээлгэж өгөөд явсан. Дараа нь би О.Э..ад “С...” ХХК-аас барьцааны 500 000 төгрөгөө аваарай гэж хэлсэн. 2019 оны Намар манай барилгын ажил зогссон. Би тухайн үед төлбөр тооцоог данснаасаа бэлэн авч О.Э.д мөнгийг нь өгч байсан. Бүх төлбөр тооцооны асуудлыг би өөрөө хийдэг байсан. О.Э. нь барилгад хэрэгтэй зүйлүүдийг олж гэрээ хийдэг” гэсэн мэдүүлгээр түрээслэгч зөвхөн нэг удаагийн гэрээгээр бараа материал түрээсэлсэн, өөрөөр гэрээ хийсэн, нэмж бараа авсан, түрээсийн зүйлийн дутаасан нь үгүйсгэгдэж байна.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 71 000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэг, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.ын Э...аас 3 481 815 /гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга найман зуун арван тав/ төгрөг гаргуулахыг хүссэн С... ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА