| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02346/И |
| Дугаар | 102/ШШ2022/02274 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/02274
2022 оны 06 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2022/02274 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ...-р байр, өөрийн байр, О... сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Б... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, регистр ..., Д... овогтой Л..ийн О.,
Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал 2 019 210 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
Хариуцагч Л.О. өөрийн эзгүйд хэргийг шийдвэлүүлэх хүсэлт гаргасан байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “О.” сууц өмчлөгчдийн холбоо нь Л.О. холбогдуулан засвар үйлчилгээний зардал 2 019 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
О... СӨХ нь 10 дугаар хорооллын 51, 53-р байрыг хариуцан ажиллаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хариуцагч Л.О.. нь ... дүгээр байрны ... тоотод амьдардаг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2015 оноос өнөөдрийн хүртэл төлөөгүй. 2017 онд тус асуудлаар шүүхэд хандахад хариуцагчийг хаягтаа байхгүй гэх үндэслэлээр буцаагдаж байсан. 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуусах хугацаа хүртэл 95 270 төгрөг сард 15 280 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл сарын 15 880 төгрөг нийт 205 990 төгрөг, 2017 оны сарын төлбөр 23 770 төгрөгөөр тооцож 287 040 төгрөг, 2018 оны төлбөр 302 040 төгрөг, 2019-2022 оны 04 дүгээр сар хүртэл 1 128 860 төгрөг нийт 2 019 210 төгрөгийг Л.О...оос нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О... СӨХ нь Л.О...д холбогдуулан 2 019 210 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2015-2018 оны СӨХ-ийн төлбөр болох 890 350 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Балконы дээврээс ус гоожиж байсныг, 2021 онд усны хаялгаас ус гоожиж байсныг өөрийн зардлаар засварласан. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс О... СӨХ-ны гэрчилгээ /хх 4/, УЗ-ийн 2021-5-23-ны өдрийн “Гүйцэтгэх захирал чөлөөлөх, томилох тухай” 21/01 тоот тогтоол /хх 5/, итгэмжлэл /хх 6/, төлбөрийн тооцоо /хх 7-9/, төлбөр төлөх тухай мэдэгдэл /хх 10-15/, “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх 22/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 128 860 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 890 350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сууц өмчлөгч Л.О... нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2015 оны 7-р сараас 2022 оны 4-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардал 2 019 210 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, 2018, 2021, 2022 оны төлбөр төлөхийг мэдэгдсэн хуудас /хх 10-15/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Л.О...оос 858 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6-р сарын 16-ны өдрийн 102/ШЗ2017/08536 тоот захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй /хх 22/ болгожээ.
Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан боловч захирамж гарснаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хэтрүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 890 350 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ “балконы дээврээс, усны хаялгаас ус гоожиж байсныг өөрийн зардлаар засварласан” гэж тайлбарладаг боловч зөвшөөрөөгүй хэсэг нь 2015-2019 оны хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах төлбөр байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 147-р зүйлийн 147 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчөөс 2019 оны 01-р сараас 2022 оны 4-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 1 128 860 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 47 258 төгрөг төлснийг улсын орлогот хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 31 642 төгрөгийг хариуцагч Л.О...оос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л...ийн О...оос 1 128 860 /нэг сая нэг зуун хорин найиан мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж “О...” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 890 350 /найман зуун ерэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 258 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.О...оос 31 642 төгрөг гаргуулж О... сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА