Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02153

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр                         Дугаар 102/ШШ2022/02153                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

             Нэхэмжлэгч: Б... дүүргийн ...дугаар хороо, Жамсранжавын гудамж ... дугаар байрны ... тоот өөрийн байранд оршин байрлах, регистр ... “Э..” ХХК,  

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр ..., З.. овогтой С...ын Т...,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 9 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г..., хариуцагч С.Т..., гэрч Г.Э..., Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь С.Т...д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

“Э.” ХХК гүний худаг өрөмддөг үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн С.Т.. нь Төв аймгийн Аргалант сумын ... дүгээр баг Агро парк гэх газарт худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. 1 метр тууш өрөмдлөгийг 140 000 төгрөгөөр 180 метр өрөмдөхөөр тохирсон. Өрөмдлөгийн явцад 80 метрийн гүнээс ус гараагүй, захиалагчтай харилцан тохиролцож 120 метр өрөмдсөн. Нэмэлтээр нуралтаас сэргийлж 120 метр PVC хоолой суулгасан. Гүний насос, хэрэгсэл нь худгийн гүнийг дагаад гэрээнд заагдсан хэмжээнээс өөрчлөгдөж томорч хүчин чадал нь гүн болох тусам квт буюу тогны хүчин чадал ихэсдэг. Эдгээрийг өөрчилж С.Т...ын худгийг хийж гүйцэтгэж өгсөн. С.Т... тухайн үед ирж очиж явж байсан бөгөөд өрөмдөж дуусахад байгаагүй. Тухайн үед малаа усалж байсан хүнд худгийг нь хүлээлгэж өгсөн. Худгийн метр хэмжээг тооцож фото зургаар баталгаажуулан акт үйлдэж хүлээлгэн өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед С.Т... надруу ярьж худгийн таг хөлдөөд байна, насос доторх клаб буюу хавхлаг тавьбал хөлдөлт үүсэхгүй, үүнийг авч өгөөч” гэж хүсэлт гаргасан. Манайх хүсэлтийг нь хүлээж аваад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг газарт очиход худгийг ашиглах боломжгүй болгож, суулгасан насос, усны хоолойг голоор нь тасалж, нэг хэсэг нь ил гараад нөгөө хэсэг нь худгийн гүн рүү унасан байсан. Үүнээс маргаан үүссэн. Манайх хүлээлгэж өгсөн худагтаа нэг жилийн баталгаа гаргаж өгдөг. Энэ баталгаат хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол илэрвэл бид үнэ төлбөргүй засаж өгдөг. Манай компанийг засахаас өмнө хэн нэгнээр дур мэдэн оролдуулах, мэргэжлийн бус хүнээр засуулах эрхгүй. Гэтэл худгийн тагийг нь авч механик эвдрэл үүсгэсэн байсан. Манайх гэрээнд тохиролцсоноор үлдэгдэл төлбөрөө шаардсан. С.Т...аас худгийн өрөмдлөгийн ажлын хөлс болох 7 300 000 төгрөг, гэрээний 30 дугаар зүйлд заасан нэмэлтээр PVC хоолойг 120 метр суулгасан. Үүний 2 100 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Аргалант сум руу С.Т...ын ажлын хөлсөнд өгөх ёстой үхрийг нь авахаар явсан шатахууны зардал 100 000 төгрөг нийт 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. “Э..” ХХК нь 10 дугаар сарын 30-ны өдөр очиж худгаа ухсан. Би гэрээ хийхийн өмнө  2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 000 000 төгрөгийн 70 хувь буюу урьдчилгаа 7 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгын баримтаар батлагдана. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Э.” ХХК-ийн мэргэжилтэн надтай гэрээ хийхээр ирсэн. Бид үүнээс өмнө аман байдлаар тохирсон байсан. “Э...” ХХК 11 000 000 төгрөгт худагтай болгож өгнө гэхэд нь бил хэд ухах, хаанаас ус гарахыг мэдэхгүй учраас энэ үнэнэдээ багтаах боломжтой юу гэхэд болно гэж ярилцсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр худгийн ус гарч, устай болсон. Гэрээний заалтыг уншихад 80 метр ухна гэсэн заалт оруулсан байсан, хэд ч ухсан 11 000 000 төгрөг гэж тохирсон гэдгийг хэлсэн. Ш.Г...тай утсаар ярихад санаа зоволтгүй, танайх устай болсон учраас бид үлдэгдэл мөнгөө авмаар байна гэхээр нь  би итгээд гарын үсэг зурсан. Гэрээний заалтын 29 дүгээр зүйлд нэмэлт гэрээ хийхээр бол заавал бичгээр байгуулна гэсэн заалтыг харсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр худаг дотор насосоо байршуулсан, тэр үед хамт байна шүү гэж хэлсэн. Намайг 17 цагийн үед хүрээд ирээрэй гэсэн. Намайг очиход насосыг суулгачихсан худгийн ус нь гарч байсан. Надад хэдэн метр утас, хэр хэмжээтэй орсныг үзүүлээгүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зуруулаагүй. Н.Б... гэх хүн нь 20 минут ажиллуулаад насосыг нь амраагаарай гэж хэлээд хаяад явсан. Ш.Г... үлдэгдэл 1 500 000 төгрөгтөө үхэр авахаар тохирсон, өөр төлбөр яриагүй. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө худгийн ус гарахаа больсон, хавхлаг нь хаагдаад дээшээ сорогдож байсан, ус буцаж буухдаа худгийн аман дээр гарч хөлдсөн байсан. “Э...” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр очиж үхрээ авахдаа янзалж өгье” өмнө нь амжихгүй гэсэн. Малчид худгийн хавхлагийг нь аваад буцаагаад хийж болдог гэхээр нь худгийг онгойлгож байгаад PVC хоолойг нь нугалсны улмаас хугарсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед “Э...” ХХК-аас 2 хүн ирсэн, PVC хоолойг нь залгаж хийсэн боловч ус гараагүй. Ингээд мэргэжлийн байгууллага дуудахаас өөр аргагүй болсон. Би Э... ХХК-иар 300 000 төгрөг төлж засуулсан. Тэгэхэд насосыг нь өргөх явцад тросс тасарсан, гэтэл 2 тросстой байх байтал 1 тросстой хийсэн байсан, дахиад шинэ насос суулгах болж Ш.Г...ын хэлсэн газраас 600 000 төгрөгөөр авч суулгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөгтөө үхрээ авъя гэхэд нь би өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, ус гарахгүй байгаа худгийг хүлээж авахгүй гээд явуулсан. Нэхэмжлэгч талын 9 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр худгийг 120 метр биш, 100 метр ухсан гэж тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс: Э... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /хх 5/, Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-7/, Гүний худаг хүлээлцсэн акт 21/11-01 /хх 8/, PVC шүүрийн хоолой худалдан авсан баримт /хх 9/, фото зураг /хх 10-13/, түлш худалдан авсан баримт /хх 14/,

Хариуцагчаас: С.Т...ын ХААН банкны дансны хуулга /хх 36, 56/, Т.. ХХК-ний зарлагын баримт /хх 54/,

Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт /хх 70-85/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 3 600 000 төгрөгийг хариуцагч С.Т...аас гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:   

            С.Т... нь 2021 оны 11-р сарын 2-ны өдөр Э... ХХК-тай “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Аргалант сумын нутаг Агро парк гэх газар гүний худаг гаргах ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг 1 тууш метрийн үнийг 140 000 төгрөгөөр тооцож тоног хэрэгслийн хамт иж бүрэн байдлаар 11 000 000 төгрөгт тооцохоор /хх 6-7/ тохирчээ.

 

            Ажил гүйцэтгэгч Э... ХХК нь худгийг 120 м гүн өрөмдөж худаг гарган хүлээлгэн өгсөн, ажлын хөлс болон нэмэлт зардал 9 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан бол захиалагч худгийг актаар хүлээлгэж өгөөгүй, ашиглах явцад  чанарын шаардлага хангаагүй, 2021 оны 11-р сарын 7-ны өдөр худгийн ус гарахаа больсон, хавхлаг нь хаагдаад дээшээ сорогдож байсан, ус буцаж буухдаа худгийн аман дээр гарч хөлдсөн талаар маргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Гүний худаг хүлээлцсэн акт 21/11-04” нотлох баримтаар гаргасан боловч захиалагч худгийг актаар хүлээж аваагүй гэх ба нэхэмжлэгч тухайн үед малаа усалж байсан малчинд хүлээлгэж өгсөн гэжээ.

 

Гэрч Г.Э... “тухайн үед худгийг Түвшинжаргалын аавд хүлээлгэж өгөх гэсэн боловч хүлээж аваагүй”, гэрч Д.Б... “манайх Т...тай саахалт, би худаг хүлээж аваагүй, гарын үсэг зураагүй” гэсэн мэдүүлгээр ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй гэж үзнэ.

Гэрээний 21 дэх хэсэгт зааснаар “худгийн цооногийн хийц, зохиомж чанарт баталгаат хугацааг 1 жилээр, гүний насост 6 сарын баталгаат хугацаа тогтоосон байх ба баталгаат хугацаанд гарсан доголдлыг захиалагч өөрөө арилгах зорилгоор худгийн PVC хоолойг нь хугалсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь худгийг 120 м ухсан гэх боловч Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ний дүгнэлтээр худгийн гүн 100 м болох нь тогтоогдсон /хх 70-85/, гэрээний 7 дахь хэсэгт зааснаар ажлын хэмжээ, үнэлгээг бүхэлд нь 11 000 000 төгрөгөөр  гүйцэтгэхээр тохирчээ.

 

Хариуцагч ажлын хөлс 11 000 000 төгрөгөөр 9 500 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1 500 000 төгрөг, PVC хоолойг 2 100 000 төгрөгөөр худалдан авсан зардал нийт 3 600 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 166 950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр С.Т...аас 72 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 100 000 төгрөгийг Э... ХХК-иас, 100 000 төгрөгийг С.Т...аас тус тус гаргуулж Х... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан С...ын Т...аас 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Э... ХХК-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсэг болох 5 900 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Т...аас 72 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 100 000 төгрөгийг Э... ХХК-иас, 100 000 төгрөгийг С.Т...аас тус тус гаргуулж Х... ХХК-д олгосугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА

2022.06.