Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/514

 

                                                      Н.Э-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Б.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2009 01685 1393 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Н-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “А ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Н.Э нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны оройн 21 цагийн үед ................. тоотод “зуслангийн байшингаас зурагт хулгайллаа” гэх шалтгаанаар хохирогч М.Э-н толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж, тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тодруулбал,

1. Хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй талаар:

Н.Э 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн анхны мэдүүлэгтээ “... ойртоод ирэхээр нь нүүр лүү нь түлхсэн, би тэр хүнийг цохиогүй, хэтэрхий тулаад ирсэн болохоор нүүрэн хэсэгт нь түлхэж таарсан”, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлэхдээ “... биеэсээ холдуулах зорилгоор мөр, эгэм хэсэг рүү нь түлхсэн, намайг түлхэхэд тэр хүн унаагүй, бэртэл авахаар юу ч болоогүй, ямар нэгэн юм мөргөөгүй, би түлхэхэд зүгээр л хойшоо болсон, хүн гэмтэхээр үйлдэл болоогүй, ... уруул ам нь хавдартай байгаа юм уу гэмээр анх очиход анзаарагдаж байсан. ...”, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт “... би цааш түлхсэн, мөр эгэм хэсэгт түлхсэн, тэр хүн огт унаагүй” гэх, хохирогч мэдүүлэхдээ “... 21 цагийн үед ... 3 залуу ирсэн үгийн зөрүүгүй баруун талын шанаа руу 2 удаа цохисон” гэх, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн мэдүүлэгтээ “... Гурван залуу орж ирээд нэг махлаг биетэй нь “сайн байна уу” гэж мэндлээд миний юмнууд хаана байна гэж асуусан, би “тэр байна” гэж заасан. Тэгсэн “энэ биш ээ, зурагт хаана байна” гээд хайгаад байсан. Миний унтдаг орны тэрүүгээр гишгээд байхаар нь уур хүрээд “миний орон дээрээс буу” гэхэд миний баруун шанаа руу цохихоор нь би зугтсан. ... хойноос гарч ирээд барьж аваад миний баруун шанаа руу дахиад цохисон, би унасан. ... намайг 1 цохих үед тэр 2 залуу нь гараад явчихсан. 2 дахь удаагаа цохиход нь байгаагүй. ...” гэх, гэрч Б-мөнх мэдүүлэхдээ “... харуулын байр луу Н.Э ганцаараа орсон. Т бид хоёр хашааны гадна нь зогсож байсан. ... гадаа бол цохисон асуудал болоогүй” гэх мэдүүлгүүд авагдсан. Дээрх мэдүүлгээс харахад хохирогч 2 удаа мэдүүлэхдээ шууд орж ирээд үгийн зөрүүгүй цохисон, нэг бол орж ирээд юм хайж байгаад цохисон талаар ярьдаг ч, түүнчлэн хохирогч гадаа зодсон талаар мэдүүлдэг ч гэрчийн мэдүүлгээр гадаа ямар ч зодоон болоогүй болох нь тогтоогддог.

Түүнчлэн, хохирогч 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэгт өгсөн 2 мэдүүлгээсээ тэс өөр мэдүүлэг өгдөг буюу мэдүүлэг нь 3 дахь удаагаа өөрчлөгддөг. Тодруулбал, шүүх хурал дээр гэрч мэдүүлэхдээ “... намайг гадаа гараад 2-3 удаа цохиж, өшиглөсөн, нуруу мөр лүү цохисон. ...” гэх өмнө нь мэдүүлж байгаагүй нуруу, мөр лүү цохисон, мөн гадаа 1 удаа цохисон гэх мэдүүлэг нь 2-3 удаа цохисон болж өөрчлөгдсөн. Мөн хэрэг учрал болсон газар нь гадаа гарахад ямар ч хашаа байдаггүй, дан байшин байсан гэж мэдүүлдэг ч зодуулсан гэх байшин нь бодит байдал дээрээ хашаатай 2 гэрч хашааны хаалганы дэргэд зогсож байсан байж таардаг. Энэ мэтчилэн хохирогчийн мэдүүлдэг цохиулсан гэх биеийн хэсэг, давтамж болон байшин нь гаднаа хашаагүй байсан гэх зэргээр бүх зүйл хохирогчоос мэдүүлэг авах үед өөрчлөгддөг. Гурван удаагийн мэдүүлэг тогтворгүй байхад ганц хохирогчийн мэдүүлгээр гэм буруутайд тооцож буй нь үндэслэлгүй байна. /Мэдүүлэг авах өөр 2 гэрч байсан атал огт асуугаагүй, гол гэрчүүд байсан/.

2. Шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6785 дугаартай дүгнэлтээр “... биед ил харагдах гэмтэлгүй, баруун шанааны хэсгээр тэмтрэхэд хөндүүр эмзэглэлтэй, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт онош “тархи доргилт” гэжээ. Гэтэл бодит байдал дээр холбогдогч хохирогчийг чанх урдаас нь харж зогсоод цохилоо гэхэд холбогдогч солгой гартай биш учраас хохирогчийн баруун шанаанд цохих боломжгүй, зүүн шанаанд цохих боломжтой юм. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд баруун шанаанд гэсэнтэй зөрж байгаа буюу үүнд бодит дүгнэлтийг шүүх хийж чадаагүй.

3. Хохирогч гурван удаа мэдүүлэг өгөхдөө биенийхээ аль хэсэгт цохиулснаа 3 удаа өөр хэлсэн. Мөн цохиулсан давтамжаа 3 удаа өөр хэлсэн, түүнчлэн хэрэг учрал болсон газрынхаа нөхцөл байдлыг өөр өөрөөр мэдүүлж байгаа буюу мэдүүлэг нь тогтворгүй байгаа учир гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгийг давхар тогтоох ёстой байсан. Тодруулбал:

Гэрч Т нь тэндэх барилга дээр ажиллаж байсан холбогдогчтой ямар ч хамааралгүй, гэр Б-мөнхтэй хамт хашааны үүдэнд хүлээж байсан тул дээрх хүнээс гэрчийн мэдүүлэг авах байсан. Түүнчлэн гэрч Р.С нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ “... тухайн үед хойд айлын эмэгтэй над руу залгаад “... ах чинь хүнд зодуулж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг өгдөг тул дээрх хойд айлын эмэгтэйгээс болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг гаргах шаардлагатай байсан. Ингэж байж хэргийг нэг мөр шийдвэрлэх байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийг удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж байгаа ч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад хэргийн талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогчийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн болон хоёр удаагийн цохилтын улмаас аль алинаас нь үүсэх боломжтой. Хохирогч нь шүүгдэгчээс илт жижиг биетэй, 60 орчим насны хүн. Хажуу талаас нь цохих, урдаас нь цохих эсэхээс үл хамаарч тухайн тархи доргилт гэмтэл нь цохих, түлхэх, болон унаж юманд цохигдсоны улмаас үүсэх боломжтой. Хохирогч нь Н.Э-д дотор байхдаа нэг удаа, гадаа гараад мөн нэг удаа цохиулсан талаар мэдүүлдэг. Н.Э-г дагаж очсон хоёр гэрчийн нэгээс нь мэдүүлэг авсан. Гэтэл Н.Э-г дагаж дотор ороогүй, хашааны гадна зогсож байсан талаар мэдүүлдэг. Мөн энэ хоёр гэрч нь Н.Э-н байшинг барьж байсан, түүнтэй танил, харилцаа хамаарал бүхий хүмүүс тул мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй гэж үзсэн. ... Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Энхбаатар оролцож “тухайн тархи доргилт гэмтэл нь толгойн болон биеийн аль хэсэгт ч хүч үйлчилсний улмаас доргих үйлчлэлээр үүсдэг. Шанаанд цохих, түлхэх, арагш савж унах, юманд цохих зэрэгт үүсэх боломжтой гэмтэл” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Э нь 2020 оны 6 дугаар сарын 7-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Согоотын амны задгай тоотод “зуслангийн байшингаас зурагт хулгайллаа” гэх шалтгаанаар хохирогч М.Э-н толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Э-н “... Би 21 цагийн үед гэртээ байж байтал үл таних 3 залуу орж ирээд үгийн зөрүүгүй “чи юм хулгайлсан байна, авсан юмаа гаргаж өг” гээд гараараа баруун талын шанаа руу 2 удаа цохисон. ...” /хх 13/,

гэрч Р.С-н “... над руу нэг эмэгтэй хүн залгаад “манаачийг чинь 3 залуу зодоод байна, байшиндаа хурдан хүрээд ирээч, дагуулаад явчихлаа” гэсэн. ... М.Э ахаас асуухад 3 хүн ирлээ, цохиж зодчихоод явлаа гэж хэлсэн. Тэгээд орой нь бөөлжөөд, толгой нь өвдөөд байна гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ил харагдах гэмтэлгүйгээр нэг талын шанаа нь улайчихсан байсан. ...” /хх 17-18/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын “... М.Э-н толгой болон биеийн аль нэг хэсэгт хүч үйлчилснээс доргих үйлчлэлээр үүсдэг. Түлхэх үед арагш сав унах, юманд цохисон тохиолдолд үүсэх боломжтой. ...” /хх 22-23/, “... уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 36/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Э-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6785 дугаартай дүгнэлт /хх 29-30/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-г хохирогч М.Э-н шанаан тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Н.Э-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь шүүгдэгч өөрийг нь хэдэн удаа цохисон талаар зөрүүтэй мэдүүлдэг боловч, огт цохиогүй гэж мэдүүлдэггүй, мөн шинжээч Г.Энхбаатарын “... М.Э-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” /хх 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Э-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6785 дугаартай дүгнэлт /хх 29-30/ зэргээс үзэхэд тухайн цаг хугацаанд хохирогчид учирсан гэмтлийг Н.Э учруулсан болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР