Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0025

 

 

 

 

 

 

 

 

   2022          12          28                                    128/ШШ2023/0025

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.МөнхЗ** би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э*******,

Хариуцагч: ,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А*******, Б.З** , П.У******* нарын хоорондын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* хариуцагч Л.А*******, Б.З** , П.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Б.У*******гаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасны дагуу тэтгэврийн байцаагч Д.Б******* 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тэтгэвэр тогтоолтын 0116037 дугаартай хуудас олгожээ

            1.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын 4 дэх заалтаар Б.У*******д илүү олгосон 12,786,000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэврийг анх тогтоосон нийгмийн даатгалын байцаагч Д.Б*******аар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            1.3. Нэхэмжлэгч Д.Б*******аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Дын Б******* нь 1966 онд төрсөн бөгөөд улсад нийт 33 жил ажилласнаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар 25 жил ажиллаж, 2021 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх үед буюу 2019 оны 10 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсэг манай аймагт ирж сумдын байцаагч нарын ажлыг шалгаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актыг гаргасан байдаг /актын огноо буруу тавигдсан/. Тус актын хавсралтын 6-д Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Бы У*******д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон /нас барсны дараа АЖТДШНТХуулийн дагуу тооцуулсан/ гэж үзэн буруу олгосон 12.786.000 төгрөгийг тухайн үеийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Тухайн актыг би 2020 оны 02 дугаар сард гардан авч, иргэн Б.У*******д мэдэгдэж байсан бөгөөд Б.У******* энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, , Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0709 дугаар шийдвэрээр "Нийгмийн Даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаартай актын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан ба тус шийдвэрийг би Б.У*******гаас авч аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст өгсөн. Ингээд би өөрийгөө төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн гэж ойлгож явтал Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 72 тоот албан бичгээр дээрх акттай холбогдуулан намайг 2022 оны 2 дугаар улиралд багтаан 12,786,000 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдэл ирүүлсэн.

Би өөрийгөө тус мөнгийг төлж барагдуулах үндэслэл байхгүй, шүүхээс актын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэнд тайлбарлахад "...шүүх зөвхөн Б.У*******г төлбөрөөс чөлөөлсөн, таныг чөлөөлөөгүй" гэх агуулгатай тайлбарыг хэлээд миний татгалзлыг хүлээж аваагүй. Улмаар би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр т өргөдөл гаргахад цахимаар "Хувь өргөдлөөр акт хүчингүй болгодоггүй тул журмын дагуу шийдвэрлэхийг сануулан хэллээ. Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын тасгийн дарга Майнбаярт актын барагдуулалтад анхаарч ажиллахыг санууллаа." гэсэн хариуг ирүүлсэн. Уг хариуг би 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.

Ингээд би Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6916 тоот захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар татгалзаж, нэхэмжлэлийг дахин хэрхэн гаргах талаар шүүгчийн захирамждаа дурдсан байсан. Тиймээс би Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 32/67 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Маргаан бүхий акт тавигдсан үйл явдлын тухайд: Тариалан сумын иргэн Б.У*******гийн нөхөр Д.Б нь ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдахаар баримт бүрдүүлж байх үедээ 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан байдаг. Эхнэр Б.У******* нь нөхрөө нас барснаас хойш 7 хоногийн дараа нөхөн даатгалын баримтыг бүрдүүлж, надтай хамт ажилладаг эрүүл мэндийн даатгалын байцаагчид өгсөн ба Т******* байцаагч тухайн үед аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс асуухад "хууль гарснаас хойш нас барсан бол нөхөн даатгалд хамрагдаж болно" гэж хэлсэн тул баримтыг хүлээн авч, аймаг руу явуулсан. Ингээд Д.Бд 9 жил 6 сарыг нөхөн олгосон 1720001132 тоот баталгаажилтын хуудас Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д "тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу Б.У******* өнчирч хоцорсон 3 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байдаг. Нэгэнт Д.Бы ажилласан жилийг 9 жил 6 сараар тооцсон хүчин төгөлдөр баталгаажилтын хуудас байсан тул би түүнд үндэслэж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон. Ингээд тэтгэвэр тогтоосноос хойших хугацаанд Б.У******* нь 12,786,000 төгрөгийн тэтгэвэр авсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний 32/67 тоот актын дагуу тухайн мөнгийг би төлж барагдуулах ёстой болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Миний хувьд одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврээс өөр орлогогүйн дээр төлөхөөс татгалзах дараахь үндэслэлүүд байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб хуудасны асуулт хариултын буланд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцно" гэсэн мэдээлэл 2020 онд ч байдаг байсан. Мөн https://news.mn/r/129124/ сайтад тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгч байсан мэдээлэл одоо ч байсаар байна.

"13. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль" мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох уу?

Тооцно. Улсын Их Хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр "Ажилласан жил, тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-ийг баталсан. Тэгэхээр энэ хугацаанаас хойш нас барсан иргэдийн хувьд түүний нас барахын өмнөх онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн үндэслэлтэй. Энэ тохиолдолд нас барагчийн гэр бүлийн хүмүүс нь тухайн иргэний нас барахын өмнөх 1990-2000 онуудын ажилла усан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбогдсон баримт бичгийг бүрдүүлнэ. Тэдгээрийн энэхүү бүрдүүлсэн баримтыг үндэслэн тухайн нас барагчийн нас барахын нь өмнөх 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож болно."

Талийгаач Д.Бы хувьд тухайн хууль батлагдсан 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр амьд сэрүүн байсан бөгөөд түүнээс хойш 1 жилийн дараа гэнэтийн ослоор нас барсан байдаг. Талийгаач нь 1990-2000 онд нийгмийн шилжилтийн үеэр энэ хуульд хамрагдсан бусад хүмүүсийн л адил өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй явсан хүн юм. Нас барсан хүний ажиллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхээр тогтоодог. Ийнхүү тогтоолгох шалтгаан нь үлдэж хоцорсон үр хүүхэд, асран хамгаалалтад байсан хөдөлмөрийн чадваргүй хүнд хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад оршдог. Үүний нэгэн адил Б.У******* нь тухайн үед үйлчилж байсан хууль журмын дагуу нас барсан нөхрийнхөө баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд үүнийг нь ч төр өөрөө баталгаажуулж ирүүлсэн. 2012 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль батлагдаж, иргэд нөхөн даатгалд хамрагдаж эхэлсэн. Тухайн үед бид хуулийн шаардлагын дагуу иргэдийн баримтыг хүлээн авч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг байсан ба аймгийн Нийгмийн даатгал хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянаж баталгаажуулан баталгаажилтын хуудсыг олгодог байсан. Энэ журмын дагуу Д.Бы материалыг дээд газруудаас хянаж баталгаажилтын хуудсыг явуулсан. Гэтэл албан ёсоор баталгаажуулсан баримтад тулгуурлаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байцаагч би их хэмжээний өрөнд ороод байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр "Харин тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль"-ийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно." гэсэн зааврыг аймгуудад өгсөн болохыг 2019 оны шалгалтын үеэр би мэдсэн. Гэтэл энэ заавар ирснийг аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийнхэн ч мэдээгүй байсан. Суманд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байцаагч руу ерөнхий газраас шууд заавар, бичиг илгээдэггүй, заавал аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулж явуулдаг. Дээрээс тийм заавар ирснийг бидэнд хэлэхгүй бол бид өмнө өгсөн заавар, зөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэтэл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс ерөнхий газрын зааврыг сумын байцаагч нартаа мэдэгдээгүй, өөрсдөө ч мэдээгүй байхад би яагаад ганцаараа энэ хариуцлагыг хүлээх ёстой болохыг ойлгохгүй байна. Сумын нийгмийн даатгалын байцаагч дангаараа тэтгэвэр тогтоодоггүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 163 Дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-д заасан. Баталгаажилтын хуудас нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн Даатгалын газрын даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгааждаг, захиргааны актын нэг хэлбэр юм.

Харин тус захиргааны актыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр хүчингүй болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль нь манай улсын нийгэм, цаг үеийн байдлаас болж ажилгүй байсан иргэдийг нөхөн даатгалд хамруулж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн ач холбогдол бүхий хууль байсан хэдий ч түүнийг хэрэгжүүлж эхлэхэд хууль эрх зүйн зөрүүтэй тодорхойгүй байдлын улмаас үүссэн энэ мэт хохирлыг байцаагч төлж байгаа нь буруу юм.

Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэх огноо бүхий 32/67 тоот "Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай" актын 4 дэх хэсгээс надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчээр 12,786,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 32/67 тоот актын хууль зүйн үндэслэлийн тухайд Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29.2-т гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх юм. Хариуцагчийн хариу тайлбар мөн акт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг гэм буруутай эсэх талаар хангалттай тогтоож чадаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Нэхэмжлэгчээр мөнгөн дүн төлүүлэхээр шийдвэрлэж гэм буруутай эсэхийг тогтоох нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу шударга ёсны зарчимд хамаарах ёстой байсан. Гэтэл улсын байцаагч актыг тавихдаа нэхэмжлэгчийг гэм буруутай талаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Хавсралтын 6 дах хэсгийг харахаар нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12.3 буюу тэжээгчээ алдсан тэтгэмж авч байгаа иргэн 5 жил 6 сараас дээш ажилласан тохиолдолд тэжээгчээ алдсан тэтгэвэр авах эрхтэй гэж заасан. Б.У*******гийн нөхөр Д.Б гэдэг хүн хүчин төгөлдөр баталгаажуулалтын хуудсаа аваад 9 жил 6 сар болсон.

Гэтэл 9 жил 6 сар авсан байгаа актыг үндэслэж тэтгэвэр тогтоосны төлөө нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж авах тухай хуулийн 12.3 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас хариуцагч байгууллага Д.Б гэдэг хүнд баталгаажуулалтын хуудас олгох ёсгүй байсан. Үүн дээр нэхэмжлэгчийг буруу мэтээр хариу тайлбар дээрээ өгсөн байдаг. Хариуцагч одоо хүртэл нэхэмжлэгчийн буруу гэдэг байдлаар тайлбарлаж байна. Үүнийг өөрөө хүлээж аваагүй н.Т******* байцаагч хүлээж авсан. Үүнд нэхэмжлэгчийн ямар ч оролцоо байхгүй.

Хоёрдугаарт тухайн хэрэгжиж байсан журмын 3.2-т нийгмийн байгууллагын ажилтан баримт бичгүүдийг хүлээгээд авах юм байна. Аймаг явуулах юм байна. Хамгийн сүүлд нь нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг дүүргийн нэгдсэн мэдээлэл иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийг тулган шалгаж сар болгоны 25-ны дотор баталгаажуулна, аймаг дүүргийн нийгмийн даатгалын газарт хүргүүлнэ гээд эцсийн шийдвэрийг олгодог. Одоо болохоор олгогдох ёсгүй байсан тиймээс нэхэмжлэгчийн буруу гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй юм. Энэ үйлдэл болон нэхэмжлэгчийн гэм буруу хоёрын хооронд ямар ч шалтгаант харилцаа байхгүй.  Харин эсрэгээрээ нэхэмжлэгч яасан бэ гэхээр одоо ч хүчин төгөлдөр байгаа баталгаажуулалтын хуудас гэх үндэслэлээр тэтгэврээ тогтоосон.

Журмын 3.9-д “баталгаажуулалтын хуудас нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил бичиг баримт байна” гэж, 4.2-т “ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэн тус үеэр гаргасан бүртгэл нь энэ журмын 3.6, 3.7-д заасан баталгаажуулалтын хуудсын хамт иргэнд тэтгэвэр тэтгэмж олгох үндэслэл болно” гэж заасан. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр баримтыг үндэслээд тэтгэвэр тогтоосноор өнөөдөр энэ хүн гэм буруутай болсон явж байна. Гэтэл гэм буруутай ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байгаа. 

Хариу тайлбартаа нас барсан этгээдэд хийсэн нөхөн даатгалыг хүчингүйд тооцох чиглэлийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Энэ чиглэлийн дагуу тухайн баталгаажуулалтын хуудсыг хүчингүй болгох ёстой байсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ чиглэл өгөх бичиг өөрөө шийдвэр биш. Энэ бол албан бичиг буюу чиглэл өгч байгаа үйл ажиллагаа юм. Баталгаажуулалтын хуудсанд судалгаа хийгээд магадгүй нэг сарын дараа нас барсан гэх мэдээлэл ирсэн байхыг үгүйсгэхгүй. Эсвэл тухайн үедээ ирсэн байсныг анзаарахгүй байж магадгүй. Өөрөө албан бичгийг яриад түүгээр хүчингүй болгох ёстой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа бичиг баримтыг нэхэмжлэгч наадах чинь үндэслэлгүй би чамд тэтгэвэр тогтоохгүй гэж хэлэх эрх хэмжээ байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.1.1 дэх хэсгийг дурдаад энэ бол процессын алдаа болсон нас барснаар иргэний шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаад яриад байгаа. Би өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөөд нас барсан бол маргаашаас миний шимтгэл төлөлт дуусгавар болох тухай ойлголт юм. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хууль ямар онцлог агуулгатай зохицуулалт байсан бэ гэхээр урьд нь 1990-2000 онд ажилгүй байсан хүмүүсийн эрх ашгийг дээрдүүлэх үүднээс нөхөн даатгуулалд хийх боломжийг олгосон урагшаа үйлчлэлтэй хууль байгаа. 18.1.1 дэх заалтыг бариад хууль үйлчилж байхад амьд сэрүүн байсан хугацааг нь хуулийн 18.1.1 дэх заалтыг бариад нас барсан учир нөхөн тооцуулалд хийх эрхгүй гэж тайлбарлах боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн нь Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан талийгаач Д.Бы ажилласан жил тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах талаарх 2013 оны оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн материалыг хүлээн авч анхан шатны баримтыг бүрдүүлэн өгч Д.Бд 9 жил 6 сарыг нөхөн тооцуулсан, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн тул 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаартай акт үйлдсэн болно.

2012 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөрдөгдсөн "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль" нь Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн актаас бү гэж заасан ба Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Даатгуулагч нас барсан бол шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох”-оор заасан байхад Д.Б******* нь нас бараад 5 хоносон хүний материалыг хүлээн авч анхан шатны баримтыг бүрдүүлсэн бөгөөд үүнээс үүдэн талийгаачийн ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэж нийгмийн даатгалын санд 12,786,000 төгрөгийн хохирол учирсан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна" гэж заасан бөгөөд энэ хүрээнд акт тогтоосон.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0709 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 221/МА2021/0034 дугаар магадлал гарсан ба уг Магадлалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлыг ханган шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичигт "ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлсэн боловч баталгаажилтын хуудас аваагүй байхдаа нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан болзол нөхцөлийг хангасан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгоно. Харин тухайн иргэн нас барснаас хойш гэр бүлийн гишүүн нас барсан иргэний шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийн нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно" гэсэн чиглэл хүргүүлсэн байхад 2015 онд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байна. Энэ үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

3.2 Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А*******, Б.З** , П.У******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна: Учир нь: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015-2018 оны хооронд Шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад тулгуурлан шалгах шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтыг тус газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Л.А******* ахлан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын мэргэжилтэн улсын ахлах байцаагч Д.Э, Б.З** , П.У******* нар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болно. Шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэсэн заалтыг үндэслэн тухайн үед иргэн Б.У*******д Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон байсан.

Иргэн Б.У******* нь түүний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Бы Ажилласан шил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-2000 оны хооронд нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудсыг тэтгэвэр тогтоох анхан шатны баримт болгон бүрдүүлж өгсөн бөгөөд Д.Бы нөхөн тооцуулсан 9 жил 6 сарыг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нөхөн төлсөн болох нь тогтоогдсон тул үндэслэлгүй олгосон тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн гэм буруутай албан тушаалтаар төлүүлэхээр шийдвэрлэж ажилласан.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль болон Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад Даатгуулагч нас барсан тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болдог тул нас иргэдийн хувьд нөхөн даатгалд хамрагдах эрх нь дуусгавар болсон. /Нийгмийн Даатгалын тухай хууль 1995 оноос өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа./

Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 1/811 тоот албан бичгээр нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүл болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль"-ийн дагуу нас барсан иргэний 1990-2000 оны онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно гэж аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд чиглэл гаргаж хүргүүлсэн.

Гурав. Нас барсан байхад түүний нөхөн даатгалыг өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүрдүүлж өгсөн байдаг. /Өргөдөл дээр байгаа даатгуулагчийн гарын үсэг дээр Б гэж илт хууль бус үйлдэл хийгдсэн хавсаргав/

Дөрөв. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн Даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө”. гэж заасан.

Тав. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл. Нийгмийн Даатгалын байцаагчийн эрх, хариуцлага 26.3 дах зүйлд "Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, "ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан

Зургаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл. Нийгмийн Даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны зарчим Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын Байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.

Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ажлын хэсгээс Тариалан сумын байцаагч асан Д.Б******* нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр чиглэлийг тус тус зөрчиж Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан тул Улсын байцаагчийн 32/67 тоот актыг үндэслэлгүй гэж үзэх шалтгаан байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

3.3 Хариуцагч Б.З** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийгмийн даатгалын багц хуулиар ямар асуудал өрнөж байгаа вэ гэхээр өнөөдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиар албан журмын даатгуулагч гэж байгаа. Нийгмийн даатгалын сан гэдэг бол өөрөө албан журмын буюу сайн дурын даатгуулагч нарын нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу төлсөн шимтгэлийг бүрдүүлээд зохих зардлын дагуу тэтгэвэр тэтгэмж авах эрх бүхий хүмүүст эв санааны байдлаар дахин хуваарилах зарчмаар нийгмийн даатгал санг буцааж гаргадаг. Тэтгэвэр тэтгэмж ямар үйл явцаар явдаг вэ гэхээр ажил хийж шимтгэл төлж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Энэ шимтгэл буцаагаад 100 хувь тэтгэвэр тэтгэмж гарахад зарцуулдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл дахин хуваарилах зарчим байгаа. Нийгмийн даатгалын байгууллага өөрөө хуульд захирагдах ёстой. Д.Б******* байцаагчийн өмгөөлөгч материалыг нэхэмжлэгч хүлээж аваагүй гэж байна. Нөхөн даатгалын материалыг хэн ч хүлээж авсан байж магадгүй. Материалыг хэн хүлээж авсан талаарх нотлох баримт байхгүй. Энэ баримтыг н.Т******* авсан гэж байна. Бид нар хэн авсан бэ гэдэг талаар үүнийг нотлох баримт өнөөдөр байхгүй. Гэхдээ баталгаажуулалтын хуудас өгөөд яваад процесс алдаа гарсан байна гэдгийг эсэргүүцэхгүй хүлээн зөвшөөрч байна.

Гэтэл байцаагчийн үндсэн чиг үүрэг юу вэ гэхээр хүлээж авч байгаа материалаа нүдээ аниад авдаг биш. Үүнийг заавал шалгах буюу материалын үндэслэлийг шалгах ёстой. Тэжээгчээ алдсан тэтгэвэр өөрөө онцгой тэтгэвэр юм. Нас барсан гэрчилгээ заавал хувийн хэрэгт хавсаргаж байдаг. Хэзээ материалыг өгсөн байна вэ гээд цаашаа шалгах эрх байсан. Тийм учраас тэтгэвэр тогтоох хуудас гэдэг зүйл дээр Д.Б******* байцаагч гарын үсэг зурсан учраас Д.Б******* байцаагчийг буруутгаж байгаа. Улсын дээд шүүхийн 47-д гэм буруутай албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэж заасан байгаа учир нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Аливаа төрийн албан хаагч зөвхөн хууль тогтоомжийг хэрэгжүүлээд ажилтан гэхээс илүү бид нарын хувьд дагаж мөрдөх олон хууль байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлоос зөрчилд автахгүй байх, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх гэж байгаа. Үүнээс илт хууль бус шийдвэрийг даган биелүүлэхгүй байх эрхтэй гэж заасан. Д.Б******* байцаагч тал талаас нь нягтлаад өнөөдөр даатгуулагчийн иргэний шимтгэлийн төлбөрийг буцаагаад Б.У*******гийн ар гэрт өгөхдөө анхан шатны шийдвэрийг маш сайн гаргах ёстой. баталгаажуулалтын хуудсыг өгсөн. Улмаар илт хууль бус шийдвэр шаардах юм бол аймаг дүүргийн байцаагч нар Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу биелүүлэхгүй байх эрхтэй. Мэдлэг ур чадвараа нэмэгдүүлээд алдсан байна гэж мэдээлэх үүрэгтэй. Дээд газраас өгсөн зааврыг зөв гээд мөрдөх тийм эрхтэй хүн биш. Байцаагч хуулийн дагуу шийдвэрээ гаргаж байх ёстой” гэв.

3.4. Хариуцагч П.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.З** байцаагчтай санал нэг байна. Хүлээж авсан хүн нь н.Т******* байцаагч байдаг. Ажил байдлын тодорхойлолтоор эрүүл мэндийн байцаагч хийдэг байсан. Өөрөө тэтгэврийн байцаагч байсан. Байцаагч баримтыг шалгаж баталгаажуулсны дагуу энд ирж бүртгээд баталгаажуулалтын хуудас олгогдоно. Тушаасан талаарх тулгалтаа хийдэг. Энэ хүн дээр ногдуулалтаа хийсэн учраас шалгагдсан. Байцаагч баримт үнэн зөв гэдгийг л шалгаж жагсаалт үйлдэж явуулах ёстой. н.Т******* байцаагч хүлээж авсан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Улмаар байцаагч үнэн зөв баримтыг хүлээж аваад байцаагч өөрөө тогтооно гэж зарчимд заасан байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот актын 4 дэх заалтын Д.Б*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

1. Д.Б*******аас , тус газрын улсын байцаагч Л.А*******, Б.З** , П.У******* нарт холбогдуулан “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

-Хүчин төгөлдөр баталгаажилтын хуудас, баримтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоосон,

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 1/811 тоот албан бичиг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. Д.Б 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан,

2.2. Д.Бы нэрээр 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас Д.Бы 9 жил 6 сар ажилласан жилийг нөхөн тооцсон тухай 1720001132 тоот “Баталгаажилтын хуудас”-ыг олгосон,

2.3. Д.Бы эхнэр Б.У*******гаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэжээгчээс алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасныг нийгмийн даатгалын байцаагч Д.Б******* 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан,

2.4. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Б*******аас 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тэтгэвэр тогтоолтын 0116037 дугаартай хуудсаар Б.У*******д тэжээгчийн алдсаны тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдов.

2.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын, хяналт шалгалтын газар хариуцан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015-2018 онд шинээр тогтоогдсон тэтгэврийн хувийн хэрэг, санхүүгийн болон холбогдох бичиг баримт, нэгдсэн мэдээллийн сангийн өгөгдөл, анхан шатны баримтыг шалгаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актаар Б.У*******д илүү олгосон 12,786,000 төгрөгийг Д.Б*******аар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн,

2.7. Маргаан бүхий 32/67 дугаартай актыг Б.У*******гаас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр магадлалаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх маргаан бүхий актын улмаас зөрчигдөхгүй, харин олгогдох тэтгэмжийн хэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тогтоосноос тодорхой байдлаар багасна” гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  

2.8. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай албан бичгээр “... 32/67 актын биелэлтийг хангаж илүү олгосон тэтгэврийг 2022 оны 02 дугаар улиралд барагдуулж тооцоо хийхийг мэдэгдсэн” үйл баримт тогтоогдов.

3.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцах”-аар заасан.

4. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Д.Б*******ыг гэм буруутай албан тушаалтнаар тогтоож, уг хугацааны туршид илүү олгосон нийт 12,786,000 төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр хариуцуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь:

4.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэмж тогтоолгоход “нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа”-г бүрдүүлэхээр заажээ.

4.2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журмын 3.8-д “Баталгаажилтын хуудас нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил баримт бичиг байна” гэж заажээ.

4.3. Б.У*******гаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахдаа эрх бүхий этгээдээс буюу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Э, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Ц.У******* нарын гарын үсэг бүхий 1720001132 дугаартай “Баталгаажилтын хуудас” болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон нягтлан бодогчийн гарын үсэг бүхий 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой “Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, Д.Бы нас барсны гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ зэргийг хавсаргаж хүргүүлсэн болох нь Хөвсгөл аймга дахь Нийгмийн даатгалын хэлтсийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Б.У*******гийн тэтгэврийн хувийн хэрэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/2345 тоот албан бичигт “Д.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нийт 9 жил 6 сарыг тооцуулж, ... баталгаажсан байна” гэснээр тогтоогдож байна.

4.4. Мөн баталгаажилтын хуудас одоог хүртэл хүчин төгөлдөр болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 410 дугаартай албан бичигт “... Д.Бы ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу олгосон 1720001132 дугаарын баталгаажилтын хуудсыг хүчингүй болгосон тухай шийдвэр гараагүй болно” гэснээр тогтоогдов.

5. Дээрхээс үзвэл, Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэврийг илүү тогтоож олгосон нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож шийдвэрлэсэн нь тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаар ажилласан байсан Д.Б*******ын буруутай үйл ажиллагаанаас хамаарсан гэж үзэхээргүй байна.

6. Өөрөөр хэлбэл, Д.Б******* нь Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлсэн эсэхийг шалгасан, улмаар тэтгэвэр тогтоох үндэслэл болгох Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу олгогдсон Баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр байсан байх тул тэтгэвэр тогтоохоос татгалзах үндэслэлгүй байсан гэж үзнэ.

7. Тодруулбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ын 3.6-д “Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.5-д заасан баталгаажсан бүртгэлд орсон иргэний 1990-ээс 1995 оныг хүртэлх хугацааг ажилласнаар нөхөн тооцож нийгмийн даатгалын дэвтэрт нь баталгаажилтын хуудсыг наана” гэж, 4.2-т “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэн тус бүрээр гаргасан бүртгэл нь энэ журмын 3.6 ба 3.7-д заасан баталгаажилтын хуудасны хамт тухайн иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох үндэслэл болно” гэж тус тус заасан байх тул Д.Б*******ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалт болон сайдын тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж ажилласанд буруутгах боломжгүй.

8. Хариуцагч хяналтын улсын байцаагчаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Д.Б******* нь баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр эсэхийг шалгах, хүчингүйд тооцох үүрэгтэй байсан” гэж маргах боловч уг баталгаажилтын хуудсыг нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Б******* олгоогүй, баталгаажилтын хуудсыг хүчингүйд тооцох талаар эрх бүхий этгээдээс журамлаагүй, хуулиар тусгайлан зохицуулаагүй байх тул дээд шатны байгууллага, албан тушаалтнаас олгосон баталгаажилтын хуудсыг Д.Б*******аас хүчингүй гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий актаар Б.У*******д илүү олгосон тэтгэврийн Д.Б*******аар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй байна.

9. Гэвч Б.У******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд заасан журмыг зөрчиж нас барсан хүний нэрийн өмнөөс хүсэлт гаргаж, тэжээгчээ алдсаны тэтгэврийг илүү тогтоолгож авсан, Б.У*******гийн дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, түүнчлэн илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох нь зүйтэй байна. Иймд хариуцагч нь

9.1. Маргаан бүхий актын үндэслэлд “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр тэтгэмжийг ... илүү тогтоолгон авсан бол төлүүлэх” гэж заасан хэмээн дурьдсан атлаа Б.У*******гийн илүү авсан тэтгэврийг Д.Б*******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь уялдахгүй байгааг,

9.2. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б*******аас “... баталгаажилтын хуудас дараа нь олгогдсон байсныг мэдээгүй, хүсэлтэд баталгаажилтын хуудас аваагүй гэж байсан. Нэгэнт акт олгосон учир ямар учиртай болохыг мэдээгүй, өөр байцаагч Б.У*******гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хуулийн дагуу гаргасан хүсэлтийг хүлээж авч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн” тайлбар гаргасныг,

9.3. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудаст Д.Б*******аас гадна дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурсан байгааг,

9.4. 1720001132 дугаартай “Баталгаажилтын хуудаст ”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Э, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Ц.У******* нар гарын үсэг зурсан, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой “Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон нягтлан бодогч нар мөн гарын үсэг зурсан байгааг тус тус нягталсны үндсэн дээр Б.У*******гийн илүү авсан тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно”, 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн зохицуулалтын алинд хамаарах болохыг дүгнэх шаардлагатай.

10. Улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн зохицуулалтын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл, “гэм буруутай албан тушаалтан” гэдэгт алдаатай тэтгэвэр тогтоолтын хуудсыг анх үйлдсэн байцаагчаас гадна, түүнийг хянасан, баталгаажуулсан албан тушаалтнууд, мөн алдаатай баталгаажилтын хуудас олгосон, хянасан, баталгаажуулсан албан тушаалтнуудыг нийтэд хамааруулан авч үзэх шаардлагатай.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх”-ээр заасны дагуу маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот актын 4 дэх заалтын Д.Б*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот актын Д.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗ**