Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2022/00266

 

 

 

 156/ШШ2022/00266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2021/00204/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: .................. оршин суух, Боржигон овогт А.Х.

Хариуцагч: ..... оршин суух О. овогтой Н.,

Хариуцагч: ... оршин суух Б. овогтой У.,

Нэхэмжлэлийн шаардлага: 26,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г.,

Хариуцагч О.Н., Б.У.

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Т.

Нарийн бичгийн дарга М.У. нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х. нь хариуцагч О.Н., Б.У. нарт холбогдуулан зээл болон худалдааны төв, комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийн мөнгөөр хувцас авч өгсөн хувцасны мөнгө нийт 26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. О.Н., Б.У. нар нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээл хаагаад буцаагаад маргааш өдөр нь буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр буцааж өгнө гэж хэлээд эхний удаад 13,000,000 төгрөг зээлсэн ба түүнээс хойш яг одоо бүтээнэ, ахиад мөнгө зээлдүүлээч гэсээр олон удаагийн давтамжтайгаар нийт 34,400,000 төгрөг зээлсэн. Үүнээс 8,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Харин хариуцагч О.Н., Б.У. нар нь үлдэгдэл зээлээ төлж барагдуулахгүй намайг хохироож байна. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 26,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н., Б.У. нар нь миний ээж А.Х.ээс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээл хаагаад буцаагаад маргааш өдөр нь буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өгнө гэж хэлээд удаа дараагийн үргэлжилсэн байдлаар нийт 34,400,000 төгрөг зээлсэн байдаг. Эдгээр мөнгийг ихэвчлэн манай ээжийн картыг авч яваад АТМ-ээс очиж мөнгө авсан байдаг. Мөн өөр хүний данснаас А.Х. нь О.Н.ийн данс руу мөнгө шилжүүлсэн, Эвт худалдааны төв болон комиссын барааны дэлгүүрээс хүүхдүүддээ хувцас авч өгсөн бөгөөд уг хувцасны мөнгийг А.Х. төлсөн. Ингээд А.Х. нь ямар нэгэн баримт дээр гарын үсэг зуруулаагүй, өндөр настай хүн учир баримт авч үлдэнэ гэдгийг мэдэхгүй, Б.У.т итгээд түүний эхнэр О.Н.д мөнгө зээлүүлдэг байсан. Үүнээс 8,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл зээлээ төлж барагдуулахгүй байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөр болон худалдааны төв, комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийн мөнгөөр хувцас авч өгсөн хувцасны мөнгө нийт 26,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч О.Н., Б.У. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н. миний бие А.Х.ээс өөрийн ХААН банкны ..... тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25,480,000 төгрөгийг зээлж авсан. А.Х. эгчээс нэг ч удаа бэлэн мөнгө аваагүй. Би ..... тоот дансаар мөнгө шилжүүлж авдаг байсан. Би А.Х. эгчид 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг төлсөн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр А.Х. эгч надаар Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба руу 1,000,000 төгрөг шилжүүлүүлсэн. Ингээд би А.Х.т 8,200,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо би А.Х.т 17,280,000 төгрөг төлөх ёстой. А.Х. эгч намайг цагдаад шилжүүлнэ, 31,800,000 төгрөгийг төлөх ёстой, чи бич гэж хүчээр өргөдөл бичүүлээд нотариатаар гэрчлүүлсэн. Мөн миний нөхөр Б.У.ыг боловсролгүй байдлыг нь далимдуулж гэрт байхад нь А.Х. эгчийн хүү нь ирж дарамталж машиндаа суулгаж байгаад хүчээр бичлэг хийсэн түүнийгээ хэрэгт хавсаргаж өгсөн байсан. Б.У. нь А.Х. эгчээс нэг ч төгрөг зээлээгүй, аман болон бичгийн гэрээ байгуулаагүй. Иймд банкны дансны хуулбараар нотлогдож байгаа 17,280,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд А.Х.ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, О.Н.ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон дансны дэлгэрэнгүй хуулга, Б.У.ын гэх гар бичвэр, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай итгэмжлэл, дуу, дүрс бичлэг хураасан гэх улаан өнгийн флашийг шүүхэд баримтаар ирүүлжээ.

5.Хариуцагч талаас Хаан банк дахь О.Н.ийн нэр дээрх ............. тоот дансы дэлгэрэнгүй хуулга, Төрийн банк дахь ....................... дугаартай дансны хуулгуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х.ийн хариуцагч О.Н., Б.У. нарт холбогдуулан гаргасан зээл болон худалдааны төв, комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийн мөнгөөр хувцас авч өгсөн хувцасны мөнгө нийт 26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч А.Х. нь хариуцагч Б.У.ыг сайн таньдаг учир Б.У.ын эхнэр О.Н.д удаа дараа мөнгө зээлүүлсэн, мөн А.Х.ийн банкны картыг авч АТМ-ээс мөнгө авч байсан, Эвт худалдааны төв болон комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийн мөнгөөр бараа авч өгсөн тул нийт 26,400,000 төгрөгийн зээлийн үүргийг хоёр хариуцагчаас хоёулангаас нь шаардана, тэдгээр нь хоёулаа хамтран зээлдэгч мөн гэж тайлбарлалаа.

Харин хариуцагч О.Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжлэгч А.Х.ээс би өөрийн дансаар мөнгө зээлсэн, бэлэн мөнгө болон А.Х.ийн банкны картыг авч АТМ-ээс мөнгө авч байгаагүй, одоо 17,280,000 төгрөг төлнө гэж, хариуцагч Б.У. нь ...би А.Х.ээс мөнгө зээлээгүй, би зээлдэгч биш тул зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу мэтгэлцэн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Х.ийн нэр дээрх ХААН банк дахь .............. тоот данснаас хариуцагч О.Н.ийн ХААН банк дахь ......... тоот данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 325,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн өдөр 1,840,000 төгрөг, 60,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 9,725,000 төгрөг шилжсэн байна.

Харин хариуцагч О.Н.ийн нэр дээрх ХААН банк дахь ............ тоот дансны хуулга, болон Төрийн банк дахь түүний нэр дээрх ............ тоот данснаас нэхэмжлэгч А.Х.ийн нэр дээрх ХААН банк дахь .................... тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 60,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг /ШШГА-ны журмаар гаргуулсан/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, нийт 7,270,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байна.

            Дээрх харилцаа болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн байх бөгөөд иргэд хоорондын зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Энэхүү зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч А.Х.., хариуцагч О.Н. нарын хооронд үүссэн дээрх харилцаа нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна.

Иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцааны онцлог нь зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.        

Нэхэмжлэгч А.Х.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...А.Х. нь хариуцагч Б.У.ыг сайн таньдаг, түүний эцгийн таньдаг, ойр дотно, ах дүүгийн харилцаатай байсан учир Б.Ул.ын эхнэр О.Н.д удаа дараа мөнгө зээлүүлсэн... гэх тайлбар болон А.Х. нь комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийнхөө мөнгөөр хувцас, бараа авч өгөхөд Б.У. нь хамт байлцсан гэх тайлбарыг хариуцагч нар нь үгүйсгээгүй, хариуцагч О.Н. нь А.Х.ээс зээлсэн мөнгөө гэр бүлийн хэрэгцээндээ болон зээл төлөхөд зарцуулсан гэж тайлбарлах тул хариуцагч Б.У. нь өөрт нь мөн үүрэг үүсгэж байгааг ойлгон ухамсарласан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Б.У. нь хүүхдүүддээ комиссын дэлгүүрээс хувцас авч өгсөн, уг хувцасны үнийг нэхэмжлэгч А.Х.ээс зээлж, А.Х. нь төлбөрийг төлсөн, хариуцагч О.Н.ийн нэхэмжлэгч А.Х.ээс зээлсэн мөнгө нь түүний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан байх тул хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан ...Б.У. нь А.Х.ээс мөнгө аваагүй тул тэр хариуцах ёсгүй... гэх тайлбар үндэслэлгүй байна. Тэдгээр нь гэр бүлийн баталгаагүй гэх боловч энэ нь хариуцагч О.Н.тэй хамтран амьдарч гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулагдсан зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Мөн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.У., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нар уулзахад хариуцагч Б.У. нь ...32,000,000 төгрөг өгөх ёстойгоос 8,000,000 төгрөгийг өгсөн. Одоо 24,000,000 төгрөг өгөх ёстой... гэж хэлсэн нь хэрэгт авагдсан флашид бичигдсэн дуу, дүрс бичлэгээр нотлогдож байна. Энэхүү яриаг хариуцагч Б.У. нь үгүйсгээгүй боловч ...би бичлэг хийгдэж байгааг мэдээгүй, хүний яриаг ингэж зөвшөөрөлгүй хурааж болдог юм уу гэж тайлбарлах боловч уг бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрхлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан арга хэрэгслээр авагдсан баримт байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй ч эд мөрийн баримт болох флашид бичигдсэн дүрс, дууны бичлэгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нотлогдож байх тул нэхэмжлэгчийн зээлсэн зээлийн төлбөрөө нэхэмжилсэн итгэл үнэмшлийг шударга хэмээн үзэж хуулиар хамгаалах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Н., Б.У. нараас зээлийн үлдэгдэл төлбөр болон худалдааны төв, комиссын дэлгүүрээс Б.У.ын хүүхдүүдэд өөрийн мөнгөөр хувцас авч өгсөн хувцасны мөнгө нийт 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн 48-50 дугаар хуудаст авагдсан дансны хуулга нь 54-57 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангуулан авагдсан байх тул 48-50 дугаар хуудаст авагдсан дансны хуулгыг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 289,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н. Д.У. нараас 24,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 277,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х.т олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.У., О.Н. нараас 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хэрлэнчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 289,950 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н. Д.У. нараас 277,950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА