Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2022/00276

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2022/00276

Хэнтий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2022/00064

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж,  шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............................. оршин суух, Боржигон овогт Ноовын Энхболор,

Хариуцагч: ............................... оршин суух, Хэрээд овогт Жавзмаагийн Нарансолонго

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Н.Э.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж.,

Иргэдийн төлөөлөгч Б.О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Миний бие 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг руу Саригийн голын баруун эргээр хүүхдүүдийн хамт өөрийн эзэмшлийн Toyota pruis маркийн ......... ХЭА улсын дугаартай машинтай явж байхад миний зүүн гар талаас ...... ХЭА улсын дугаартай портер маркийн машин сөрөг замаас мөргөж осол гаргасанТухайн үед цагдаад мэдэгдэх гэхэд утасны сүлжээ байхгүй байсан учир гар утсаараа зураг авч аймагт ирсэн ба эвдрэл гарсныг Вендо компаниар үнэлгээ хийлгэхэд 1,451,900 төгрөгний эвдрэл гарсан юм. Эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад ажлын хөлс 850,000 төгрөг, хөрөнгө үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 8,000 төгрөг, сэлбэг авчруулахад төлсөн 150,000 төгрөг, Ж.Н.той уулзахаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум очиж, ирэхэд бензиний үнэ 80,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 55,926 төгрөг, нийт 2,617,826 төгрөгийг Ж.Н.оос гаргуулахаар нэхэмжилсэн. Харин одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, миний машинд учирсан эвдрэлийг Вендо компаниар үнэлгээ хийлгэхэд 1,451,900 төгрөгний эвдрэл гарсан, машины эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад ажлын хөлс 850,000 төгрөг, хөрөнгө үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 80,000 төгрөг, нийт 2,381,900 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нэхэмжилсэн сэлбэг авчруулахад төлсөн 150,000 төгрөг, Ж.Н.той уулзахаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум очиж, ирэхэд бензиний үнэ 80,000 төгрөгөөс татгалзаж байна гэв. 

2. Хариуцагч Ж.Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Энэхүү асуудалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Н. нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу Сариг голын баруун биед судаг өгсөөд 2 дугаар араагаар хөндлөн зам дээр явж байхад нь Приус маркийн машин баруун гар талаас нь маш хурдтайгаар дугуй руу орж ирсний улмаас мөргөлдөж авто тээврийн осол гарсан. Тухайн үед хоорондоо ярилцаад цагдаа дуудах гэсэн боловч сүлжээгүй байсан учраас цагдаа дуудаж чадаагүй. Бид Хэнтий аймаг руу оръё гээд нэхэмжлэгчийн зүгээс утсан дээр тооцоо бодоод эвдрэл гэмтлийн 4,000,000 төгрөг, хот явах зардал гээд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн гэдэг. Үүнийг Ж.Н. зөвшөөрөөгүй, цагдаагаар шийдвэрлүүлье гээд цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас бид нар биеэрээ очоогүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Тухайн үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд аль аль нь даатгуулсан байсан. Ж.Н. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, өөрийн буруутай үйлдлээс осол гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Б.О. дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хөдөөний замд явж байсан ба аль альных нь буруу байна гэв.

5. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.1. Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн үнэлгээний

тайлан (хх-ийн 4 хуудас),

5.2. Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэсэн 8,000 төгрөгийн баримт 

(хх-ийн 5 хуудас),

5.3. Приус-30 маркийн ..... ХЭА улсын дугаартай автомашины зураг 

(хх-ийн 06 хуудас),

5.4. С.Тэрбиш гэх хүний автомашиныг 850,000 төгрөгөөр засварласан нь үнэн

гэх тодорхойлолт (хх-ийн 7 хуудас),

5.5. Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ (хх-ийн 8-14 хуудас),

5.6. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын

бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ (хх-ийн 17 хуудас),

5.7. Ард даатгал ХХК-ийн даатгалын баталгааны хуудас, даатгуулагчийн

мэдүүлгийн маягт (хх-ийн 18-19 хуудас),

5.8. Авто тээврийн төвийн машины өмчлөгчдийн мэдээлэл (хх-ийн 20 хуудас),

5.9. Номин даатгал ХХК-ний Хэнтий аймаг дахь салбарын албан бичгийн

хуулбар (хх-ийн 50 хуудас),

5.10. Автомашины осол гарсан гэх үеийн фото зургийн хуулбар 

(хх-ийн 51-54 хуудас),

5.11. Гэрч Д.Б..ийн мэдүүлгийн хуулбар (хх-ийн 55 хуудас),

5.12. Иргэн Р.А.ын 150,000 төгрөг авсан нь үнэн гэх тодорхойлолтын

хуулбар (хх-ийн 56 хуудас),

5.13. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3339 дүгээр

дүгнэлтийн хуулбар (хх-ийн 58-60 хуудас),

5.14. Нэхэмжлэгч хариуцагч нарын яриаг хуулсан флаш (хх-ийн 62 хуудас),

5.15. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 63 хуудас),

5.16. Зээл төлж дууссан тухай Төрийн банкны хуулга (хх-ийн 75 хуудас) 

5.17. Машинд засвар хийсний дараах гэх гэрэл зургууд (хх-ийн 76 хуудас) 

зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч С.Т.ээс мэдүүлэг авах ажиллагааг

шүүх бүрдүүлсэн (хх-ийн 126-127 хуудас) байна.

7. Хариуцагч талаас ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Э. нь хариуцагч Ж.Н.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,381,900 төгрөг гаргуулахаар тодрууллаа.

2. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд: ...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг руу Саригийн голын баруун эргээр өөрийн эзэмшлийн Toyota pruis маркийн ......... ХЭА улсын дугаартай машинтай явж байхад хариуцагч Ж.Н.... нь миний зүүн гар талаас ..... ХЭА улсын дугаартай портер маркийн авто машинтай гарч ирж мөргөж осол гаргасанМашинд учруулсан хохирол үнэлгээ хийлгэхэд 1,451,900 төгрөг, машины эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад ажлын хөлс 850,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 80,000 төгрөгний зардал гарсан гэж тайлбарлаж,

3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...уг осол гарахад Ж.Н..ын буруу байхгүй, түүнийг жалганаас гарч ирснийг нэхэмжлэгч харсаар байж маш хурдтай орж ирсэн, даатгалын компаниас хохирлоо гаргуулах боломжтой байсан хэмээн маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг явах замд буюу Сариг голын баруун эргээр нэхэмжлэгч Н.Э. нь Toyoto приус-30 маркийн .. ХЭА улсын дугаартай авто машинтай, хариуцагч Ж.Н. нь Портер маркийн .... ХЭА улсын дугаартай авто машинтай явж байгаад зам тээврийн осол гаргаж, тухайн үед утасны сүлжээ байхгүйн улмаас зохигчид цагдаагийн байгууллагад осол гарсан тухай мэдэгдэж чадаагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг фото зургаар баталгаажуулж хэрэгт хавсарган өгчээ.

Аливаа этгээд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч Н.Э. нь шүүхэд өөрийн эд хөрөнгөд хохирол учирсан хэмээн үзэж Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар хариуцагч С.Н.д холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу учруулсан хохирлыг шаардан нэхэмжлэл гаргажээ.

Уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн Төрийн банк ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 239 дүгээр зээлийн гэрээнд барьцаа хөрөнгөөр бүртгэгдэн зээлийн барьцаанд байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, Ард даатгалын ХХК-ийн даатгалын баталгааны хуудас, мэдүүлгийн маягтад уг тээврийн хэрэгслийн даатгуулагчаар Н.Э. бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 8-14, 18-19, 75 дугаар тал/

Осол гаргасан тээврийн хэрэгслүүдийг Н.Э., Ж.Н. нар барьж замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол зөрчил гаргасан, нэхэмжлэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн тал мөргүүлсэн байдалтай байгаа талаар зохигчид маргаагүй, тухайн осол зөрчилд хэн аль нь буруутай, даатгалын компаниас хохирлоо шаардан авах ёстой хэмээн хариуцагч тайлбарлаж байгаа боловч зам тээврийн осол гарсныг замын цагдаагийн байгууллагад тэмдэглүүлээгүй тул даатгалын компаниас төлбөрийг шаардах боломжгүй хэмээн нэхэмжлэгч үгүйсгэн маргаж байна.

Уг иргэний хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр тээврийн хэрэгслийн осол гарахад зохигчдын хэн буруутай талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн К.ийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийг шинжээчээр томилоход 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3339 дүгээр дүгнэлтээр хэрэгт зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн материал нь шинжилгээний обьектын шаардлага хангаагүй, шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг ирүүлснийг нэхэмжлэгч нь өмнө тус хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргээс хуулбарлан энэ хэрэгт хавсарган өгчээ.

Зам тээврийн хэрэгслийн осол гарсан тухай нөхцөл байдлыг тайлбарлахдаа:

Хариуцагч Ж.Н. нь ...судаг өгсөөд 2 дугаар араагаар хөндлөн зам дээр явж байхад приус маркийн автомашин баруун гар талаас маш хурдтайгаар орж ирсний улмаас осол гарсан,би дүрэм зөрчөөгүй... гэж,

Нэхэмжлэгч Н.Э. нь ...Би тээврийн хэрэгсэлтэй шулуун замаар явж байхад хариуцагч жалганаас гарч ирж зүүн талаас мөргөсөн... хэмээн зохигчдын хэн аль нь бие биедээ зам тавьж өгөх ёстой, хөдөө хээр байсан учраас төв зам гэж байхгүй хэмээн тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан хэргийн газарт авсан фото зураг (хх-ийн 51-54 хуудас)-т нэхэмжлэгчийн унаж авсан ... ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга мөргүүлсэн байдалтай, хариуцагч зүүн гар талын жалганаас гарч ирсэн, хариуцагчийн баруун гар талд нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д замын хөдөлгөөнд оролцогч Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлд уулзвар нэвтрэх талаар зохицуулсан байх ба 15.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж зохицуулжээ.

Мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.16 зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хийхийг ойлгох бөгөөд зохигчид замын хөдөлгөөнд оролцож байгаагийн хувьд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу баруун гар талаас ирж байсан тээврийн хэрэгсэл болох .... ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид ..... ХЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй байсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн баруун гар талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардаж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг.

Уг хуульд заасан хууль бус үйлдэл хууль тогтоомж зөрчсөнсанаатай, болгоомжгүй гэм буруугийн хэлбэртэй байх ба аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгах үүрэг нь хуульд зааснаар үүсэх юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Иргэний хуулийн 8.1.5-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг шаардаж байх ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Вендо ХХК-ийн гаргасан машинд учирсан бодит хохирол болох 1,451,900 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 8,000 төгрөг, машины эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад С.Т.ийн ажлын хөлс 850,000 төгрөг, нийт 2,309,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 8,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Вендо ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Ж.Н. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар уг зам тээврийн ослыг түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөх боловч өөрийгөө буруугүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж.н нь  шүүх хуралдаанд хэрэгт авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн үнэлгээний тайлан нь (хх-ийн 4 хуу) Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гарсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээнд (хх-ийн 4 хуу) барьцааны эд хөрөнгө болох машин нь мөнгөлөг өнгөтэй гэж дурдагдсан байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 15 хуу) болон хөрөнгө үнэлгээний тайланд цайвар цэнхэр гэж дурдагдсан байна гэж тайлбарлах боловч Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангасан баримт байна. Мөн хэрэгт нэхэмжлэгчийн эзэмшлийн ..... ХЭА улсын дугаартай автомашины өнгө мөнгөлөг, цэнхэр цайвар гэж бичигдсэн материал авагдсан байх боловч уг баримтууд дээрх машины арлын дугаар нь бүгдээрээ ZVW3..... дугаартай байна. Хавтаст хэргийн 51-53 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн хуулбар дээр хуулбарлав дардастай шүүхийн тэмдэг дарагдсан байна гэж тайлбарлах боловч шүүхийн архивт авагдсан хэргийн материалаас талуудын хүсэлтээр олгогдсон материалд шүүхийн архивын тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлага зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...аль альных нь буруу байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,309,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,908 төгрөгийг хариуцагч Ж.Н.оос  гаргуулан нэхэмжлэгч Н.Э.т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  хариуцагч Ж.Н.оос 2,309,900 /хоёр сая гурван зуун есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э.т олгож, үлдэх 72,000 /далан хоёр мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,309,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,908 төгрөгийг хариуцагч Ж.Н.оос  гаргуулан нэхэмжлэгч Н.Э.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Б.МАРИНА

 

ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ

 

ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА