| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00620/И |
| Дугаар | 156/ШШ2022/00311 |
| Огноо | 2022-07-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/ШШ2022/00311
156/ШШ2022/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00620/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У......... Ж.ын гудамж, ... тоот байрлах, Ю.г к. ХХК,
Хариуцагч: .........тоотод оршин суух, Лут Ц.П.,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү нийт 13,778,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О. /онлайнаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н.,
Гэрч Ж.М.
Нарийн бичгийн дарга М.У..
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю. ХХК нь хариуцагч Ц.П.д холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 13,778,226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Ц.П. нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай ЗГ/2016/05/26 тоот Автомашин лизингээр худалдах гэрээ байгуулан Toyota prius /арал: NHW....../ маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, .... УБВ улсын дугаартай, суудлын зориулалттай автомашиныг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 6,100,000 төгрөгөөр сарын 3,8 хувийн хүүтэйгээр лизингээр худалдан авахаар болсон. Улмаар үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан ба түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Ц.П. нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулаад оршин суух хаяг нь тодорхой болсны дараа шүүхэд хандаж төлбөрөө нэхэмжилсэн. Одоо үндсэн зээлийн төлбөр 4,645,163 төгрөг, үлдэгдэл төлбөр 6,100,000 төгрөгт хүү тооцож 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хүү 3,8 хувиар тооцоход 8,187,055 төгрөг гарч байгаа. Нийт үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү 12,832,218 төгрөгийг төлөх ёстой. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл дээр 0,3 хувийн хүүтэйгээр лизингээр худалдан авахаар тохирсон гэж андуурч бичсэн байсан. Мөн Ц.П.ээс үндсэн зээл 4,781,413 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөр 8,996,813 төгрөг, нийт 13,778,226 төгрөг гэж буруу бичсэн байсан тул залруулж 12,832,218 төгрөг нэхэмжилж байна, зөрүү 946,008 төгрөгөөс татгалзаж байна гэв.
2.Хариуцагч Ц.П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ю.к. ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр лизингээр машин худалдаж авах гэрээ байгуулж, 2005 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй ... УБВ улсын дугаартай Toyota prius 20 маркийн авто машин худалдаж авсан нь үнэн харин тус компаниас нэхэмжилсэн 13,778,226 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины үнэ 6,100,000 төгрөгөөс машинаа худалдаж авахдаа урьдчилгаанд 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3,600,000 төгрөгийг зээлийн гэрээний хуваарьт заасан графикийн дагуу төлж барагдуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Ц.П.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг кассанд бэлнээр мөнгө төлөхөд баримт үйлдэж өгдөггүй байснаа хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ц.П.ийн эхнэр Ж.М. нь намайг бэлэн мөнгө өгөхөд баримт өгч байгаагүй гэж хэргийн үйл баримтыг ярьсан. Одоо шүүх хуралдаанд түүнд хууль сануулж, үнэн зөв мэдүүлгийг авах байх. Зээлийн гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулагдсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ц.Пү.г эрэн сурвалжлуулсан. Иргэний хуулийн ерөнхий ангид зааснаар зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Тиймээс нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгч талаас шүүхэд Ю.к. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал), 2016.05.26-ны өдрийн ЗГ/2016/05/26 дугаартай Автомашин лизингээр худалдах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал), Ц.П. Ж.М. нарын зээл, хүү төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), Ц.П.ийн 2016/05/26-ны өдрийн зээл төлөлтийн хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал), Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2380 дугаартай шүүхийн шийдвэр (хх-ийн 7 тал), Баянгол дүүрэг дахь Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021.10.13-ны өдрийн 26ё2-3/5507 дугаартай албан бичиг (хх-ийн 8 тал), 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ю. т.к. ХХК-иас Т.О.т олгосон итгэмжлэл (хх-ийн 9 тал), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3006 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд 2022.01.05-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 16 тал), 2022.03.11-ний өдрийн 0241 дугаартай Ц.П.ээс Д.Б.д олгосон итгэмжлэл (хх-ийн 90 тал), гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр бүрдүүлж өгсөн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/1 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 37-39 тал), 2018.02.06-ны өдрийн итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 40 тал), Богд банкны 2019.06.11-ний өдрийн Онлайн зээлийн гэрээ (хх-ийн 41-43 тал), Ц.П.ийн гарын үсгийн чөлөөт загвар (хх-ийн 44 тал)-ыг баримтаар гаргаж өгсөн.
6. Хариуцагч талын хүсэлтээр ХААН банкны Хэнтий салбарын 2022.01.20-ны өдрийн 01/29 дугаар албан бичиг (хх-ийн 25 тал), 2022.02.16-ны өдрийн 23210440 дугаартай Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-54 тал), ХААН банкны Хэнтий салбарын 2022.03.07-ны өдрийн 01/139 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2022.03.04-ний өдөр олгосон Ц.П.ийн ... тоот дансны 2016.06.26-ны өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 72 тал), 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 73-83 тал), 2022.04.18-ны өдрийн 1226 дугаартай Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 104-111 тал), 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкнаас олгосон П.Э., .... тоот дансны 2016.07.26, 2016.07.31, 2016.09.30, 2016.10.26. 2017.08.14, 2017.09.27-ны өдрүүдийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 114-121 тал) зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ю. т.г корпорэйшн ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 2,266,738 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,565,480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Ц.П. нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай Автомашин лизингээр худалдах гэрээ байгуулан Toyota prius маркийн суудлын зориулалттай автомашиныг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 6,100,000 төгрөгөөр 3,8 хувийн хүүтэйгээр лизингээр худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 3,780,000 төгрөгийг дансаар, 1,650,000 төгрөгийг бэлнээр нийт 5,430,000 төгрөг төлсөн. Улмаар үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, Ц.П. нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тодруулсан. Одоо үндсэн зээлийн төлбөр 4,645,163 төгрөг, үлдэгдэл төлбөр 6,100,000 төгрөгт хүү тооцож 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,8 хувиар хүү тооцоход 8,187,055 төгрөг гарч байгаа. Одоо нийт үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү 12,832,218 төгрөгийг төлөх ёстой гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Ю.к. ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр лизингээр машин худалдаж авах гэрээ байгуулж, 68-09 УБВ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашин худалдаж авсан нь үнэн, машины үнийг бүрэн төлж барагдуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.
4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Ц.П. нь нэхэмжлэгч Ю.корпорэйшн ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2016/05/26 тоот автомашин лизингээр худалдах гэрээ байгуулж, худалдагч Ю.корпорэйшн ХХК-ийн өмчлөлийн 8,700,000 төгрөгийн үнэтэй, ..... УБВ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг урьдчилгаа 2,500,000 төгрөг төлж лизингээр худалдан авахаар тохиролцсон, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар үлдэгдэл 6,090,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэйгээр төлөхөөр гэрээ /хх-4-5/ байгуулсан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Талууд дээрх гэрээний нөхцлийн талаар харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигчид зээлийн гэрээний хувьд маргаагүй ба Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан нөхцөл хангагдсан байх тул талуудын хооронд 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба тус гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдсан нөхцөл, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хариуцагч Ц.П. нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ хуваарийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 641,394 төгрөгийг тогтмол төлөхөөр тохиролцсон байх бөгөөд худалдагч нь худалдан авагчийн эзэмшилд .... УБВ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн, уг автомашин нь одоог хүртэл хариуцагч Ц.П.ийн эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрч Ж.М.ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээний дагуу зээлийн төлбөрөөс 3,780,000 төгрөгийг дансаар, 1,650,000 төгрөгийг бэлнээр, нийт 5,430,000 төгрөгийг хариуцагч Ц.Пү. нь Ю.корпорэйшн ХХК-нд төлсөн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн.
Харин хариуцагч Ц.П. нь гэрээний хугацаанд зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Гэрээний 1.1.2-д зээлийн сарын хүү 3,8 хувь гэж, гэрээний 4.4-д тухайн машины зээлийн үлдэгдэл төлбөр 6,090,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор хүү, төлбөрийн хамт төлж дуусгана гэж, гэрээний 4.5-д төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 7 хоног хүлээх ба хугацаа хэтэрсэн өдрөөс хойш зээлийн үлдсэн төлбөрийн дүнгээс 1 өдрийн 0,5%-ийн алданги тооцно гэж тус тус заажээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...алданги нэхэмжлээгүй, зээлийн үндсэн төлбөр болон 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 6,100,000 төгрөгт 3,8 хувиар хүү тооцож нэхэмжилж байна... гэж тайлбарласан тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд тус автомашиныг 1 жилийн хугацаагаар зээлээр худалдах, худалдан авахад 3,8 хувийн хүү тооцсон, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд тус хугацаанд нь хүү төлөхөөр гэрээнд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдаж байна.
Хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан зээл төлөх хуваарийн дагуу хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээл, хүү нийт 7,696,738 төгрөг төлөх ёстойгоос нэхэмжлэгч тал хариуцагчийг 5,430,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрдөг, зөрүү 2,266,738 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч байгууллагыг зээлийн төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Өөрөөр хэлбэл шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүснэ.
Дээрх хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно, 78.3-т хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана гэж заасан.
Нэхэмжлэгч Ю.корпорэйшн ХХК нь дээрх гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагч Ц.Пү.д холбогдуулан шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан /хх-ийн 181/, улмаар түүний оршин суух хаяг тодорхойгүй байсны улмаас эрэн сурвалжлуулахаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр /хх-ийн 180/, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр /хх-ийн 7/ шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг /хх-ийн 8/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлд хамааруулан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Ц.П.ээс зээлийн төлбөр 2,266,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.корпорэйшн ХХК-д олгож, үлдэх 10,565,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.П.ээс 2,266,738 /хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.корпорэйшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,565,480 /арван сая таван зуун жаран таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,266,738 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,217 төгрөгийг хариуцагч Ц.П.ээс гаргуулан нэхэмжлэгч Ю. корпорэйшн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА