Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2022/00343

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2022/00343

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ............ оршин суух, Баргад овогт Н.З.

Хариуцагч: Хэнтий аймгийн .......оршин суух, Шарайд овогт Ж.Ж.

Нэхэмжлэлийн шаардлага: 300 ширхэг шургааг мод гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.З.

Хариуцагч Ж.Ж.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г.

Нарийн бичгийн дарга М.У.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.З. нь хариуцагч Ж.Ж.д холбогдуулан 300 ширхэг шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. 2017 оны 10 дугаар сард Ж.Ж. нь 40 метр урт хашаа, саравч барьж өгөхөөр надтай амаар тохиролцсон. Маш том хашаа бөгөөд дотроо олон хэсэг тасалгаа хийсэн. Ж.Ж.д хашаа, саравч хийлгэх ажлын хөлс 8,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл тухайн ондоо Ж.Ж. нь саравчны дээвэр болон хашааны амыг дутуу бариад ах нь 2018 оны 3, 4 дүгээр сард гүйцээгээд бариад өгнө гэж хэлээд явсан. Үүнээс хойш одоог хүртэл барьж өгөөгүй бөгөөд ах нь модоо бэлдэж байгаа удахгүй дуусгана гэх мэт шалтаг тоочиж явсаар өдийг хүрсэн. Хашааны ам дутуу хийгдсэн, задгай учир мал ороод модыг нь хугалаад байна гэдгийг нь хэлсэн. Хийж өгөхгүй гэж хэлдэггүй, хийж өгнө л гэдэг байсан. Ингээд 2020 оны зун Ж.Ж. ахтай уулзахад ах нь саравчийг чинь барьж өгч чадахгүй болсон, харин саравчны мод болох 200 ширхэг шургаагийг бэлдэж өгье гэж хэлсэн. Тэгэхээр та эхэлсэн ажлаа дуусгах ёстой байсан, за яах вэ болно, та хамгийн гол нь модоо хангалттай бэлдэж өгөөрэй. Та мөн 20 ширхэг шургааг авч хөл хийсэн байгаа, замын хөлс зэргийг оруулаад 300 шургааг бэлдэж өгвөл болно, би өөрөө хашаагаа гүйцээе гэж хэлсэн. Уг нь саравчны дээврийг шургаагаар хийдэггүй, банзаар хийдэг. Банз нь шургаагаас хамаагүй үнэтэй байдаг. Гэхдээ 300 ширхэг шургааг өгье гэсэн тул би зөвшөөрсөн. Ингээд одоог хүртэл 300 ширхэг шургаагаа өгөөгүй, хашааны 7 ширхэг ам болон саравчны дээврийн гуравны хоёр нь дутуу байгаа тул хариуцагч Ж.Ж.ны хэлснээр өгнө гэсэн 300 ширхэг шургаагийг гаргуулна гэв.

2.Хариуцагч Ж.Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.З.т 2015 оны 5, 6 дугаар сард 40 метр малын хашаа барьж өгөхөөр аман хэлцэл хийгээд Хэнтий аймгийн Батширээт сумаас материалаа н.З.ын машинаар татаж, хашааны хана болох банзаа н.З.ын үйлдвэрт зүсээд нэхэмжлэгчийн байгаа газар буюу Хэнтий аймгаас 40 гаруй километр Хаяа гэх газар аваачиж барьж өгсөн. Ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг авсан. Гэхдээ би 40 метр хашаа барих яриа хийсэн болохоос биш том адууны хашаа болон хашааны ам хийж өгнө гэж хэлээгүй. Хашааны амыг тусдаа хийдэг. Гэхдээ бид хоёр тухайн үед ярилцахдаа хашааны амыг хийх эсэх талаар ярилцаагүй. Миний барьсан хашаанаас дээврийн 2 метр газар дээврийн хэсэг дутуу орхигдсон. Н.З.т хашааг хүлээлгэж өгсөн. Н.З. хашаагаа эзгүй орхиж зарим модыг хулгайд алдсан байна лээ. Тэгээд алдсан модоо надаас авна гээд байгаа. Би 2 метр дээврийн банз дутсаныг гүйцээж өгнө гэж хэлсэн. Дутуу үлдээсэн ажлаа гүйцээж өгье гэж боддог боловч боломж гараагүй. Энэ талаар хамгийн сүүлд Н.З. надтай жилийн өмнө ярьсан. Одоо 4 метрийн урттай 100 ширхэг шурааг өгч болно. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул би төлөх үндэслэлгүй гэв.

3.Нэхэмжлэгч болон хариуцагч талаас ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.З.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 200 ширхэг шургааг мод гаргуулах нэхэмжлэлийг хангаж, 100 ширхэг шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2017 оны 10 дугаар сард Ж.Ж.тай 40мкв малын хашаа, саравч бариулахаар, материалыг Ж.Ж. өөрөө бэлдэж гаргахаар амаар ярилцаж тохиролцоод хөлс мөнгөнд нь 8,000,000 төгрөг өгсөн. Энэ хашаа саравч нь 6, 7 тасалгаатай, тасалгаа бүр амтай байх ёстой. Гэтэл хашааны ам болон дээврийн ажлын гуравны хоёрыг дутуу үлдээгээд 2018 оны 3 сард гүйцээж өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш байнга шаарддаг боловч 2020 оны зун ...банз өгөх боломжгүй, 300 ширхэг шургааг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Дараа нь 2022 оны 3 сард нэхсэн боловч өгөөгүй, иймд шүүхэд хандсан гэж,

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2015 оны 5, 6 сард 40мкв хашаа барьж өгөхөөр Н.З.тэй ярилцаж тохиролцсон. Н.З.ээс ажлын хөлс 8,000,000 төгрөг авсан. Ингээд хашааны дээврээс 2 метрийн 4 метр гүнтэй дээвэрлэлт дутуу үлдээсэн. Харин хашааны ам хийж өгнө гэж ярилцаагүй. Н.З. надаас хашааны дээврийг гүйцээж өгөх талаар хэлсэн, миний хувьд боломж гараагүй. Одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөхгүй гэж тус тус мэтгэлцлээ.

4.Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.З. нь хариуцагч Ж.Ж.тай ярилцан тохиролцож 40мкв малын хашаа, саравч бариулахаар, материалыг хариуцагч Ж.Ж. өөрөө бэлдэж гаргахаар амаар ярилцаж тохиролцон хөлс мөнгөнд нь 8,000,000 төгрөг өгсөн, улмаар малын хашаа, саравчны дээвэр дутуу үлдээж хүлээлгэн өгсөн, дутуу ажлыг дараа нь гүйцээж өгөхөөр тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно. Харин уг амаар тохиролцсон тохиролцоог нэхэмжлэгч Н.З. нь 2017 онд гэж, хариуцагч Ж.Ж. нь 2015 онд тохиролцож амаар байгуулсан гэрээ гэж зөрүүтэй байдлаар тайлбарласан, мөн хашааны 6, 7 тасалгааны ам хийлгэхээр тохиролцсон эсэх нь нотлогдохгүй байх ба энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Дээрх үйл явдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Ингэхдээ ажлын үр дүн нь биет байдлын доголдолгүй байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д зааснаар ажлын үр дүнг зориулалтаар нь ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Хариуцагч Ж.Ж. нь нэхэмжлэгч Н.З.тэй ярилцаж тохиролцсон ажлаас дээврийн хэсгийг дутуу үлдээснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчид ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүрэгтэй, нөгөө талаас нэхэмжлэгч Н.З. нь хариуцагч Ж.Ж.аас дутуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь дутуу үлдээсэн дээврийг шургааг модоор биш банзаар хийдэг гэж тайлбарлах боловч тэрээр банз биш шургааг мод нэхэмжилсэн тул дээр дурдсан үндэслэлээр уг нэхэмжилсэн 300 ширхэг шургааг модноос 200 ширхэг шургааг модыг хариуцагч Ж.Ж.аас гаргуулан нэхэмжлэгч Н.З.т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Н.З.ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Өөрөөр хэлбэл шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүснэ.

Хариуцагч Ж.Ж. нь нэхэмжлэгч Н.З.тэй ажил гүйцэтгэх амаар байгуулсан гэрээг 2015 онд байгуулсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр ...уг дутуу үлдээсэн ажлыг 2018 оны 3 дугаар сард гүйцээж өгнө гэж, түүнээс хойш байнга шаардахад хийж өгнө гэж хэлдэг байсан, хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сард ажлын гүйцэтгэлээ шаардахад боломжгүй гэж хэлсэн тул шүүхэд хандсан... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зохицуулсан байх тул хариуцагч нь уг дутуу үлдээсэн ажлыг хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, ...хийж гүйцэтгэх гэхэд боломж олдоогүй, хамгийн сүүлд энэ талаар одоогоос 1 жилийн өмнө нэхэмжлэгч Н.З.тэй ярилцсан... гэж тайлбарласан хариуцагчийн тайлбараар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх боломжгүй.

  Өөрөөр хэлбэл хариуцагчийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэхээс татгалзсан хугацаа 2021 оноос шаардах эрхийн хугацааг дахин шинээр тоолох тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 200 ширхэг шургаагийг нэхэмжлэгчийн өөрийнх нь үнэлсэн үнэлгээ 4000 төгрөг х 200 шургааг = 800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийг хариуцагч Ж.Ж.аас гаргуулан нэхэмжлэгч Н.З.т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.З.ийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,350 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ж.аас 200 ширхэг шургааг мод гаргуулан нэхэмжлэгч Н.З.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 ширхэг шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж.аас улсын тэмдэгтийн хураамж 23,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.З.т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.З.ийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,350 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА