| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2022/00297/И |
| Дугаар | 156/ШШ2022/00345 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2022/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00297/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .................. оршин суух, Т. овогтой С.,
Хариуцагч: Хэнтий аймгийн ....оршин суух, Д. овогт Т.,
Хариуцагч: Хэнтий аймгийн ............тоотод оршин суух, Т. овогт М.,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,267,183 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О. /онлайн/
Хариуцагч: Д.Т.,
Нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.С. нь хариуцагч Д.Т., Т.М. нарт холбогдуулан үндсэн зээл 2,620,000 төгрөг, түүний хүүнд суутгагдсан 647,183 төгрөг, нийт 3,267,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч Т.С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.С. 2012 онд авто ослын улмаас гэмтэж тархи нугасны хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа алдсан. 2018 онд тэтгэврийн нас 55 хүрсэн тул байнгын асаргаатай ахмад настны ангилалд орж одоо эмчийн хяналтанд тогтмол байдаг. 2019 оны 3 дугаар сард гараа хугалан гэмтлийн эмнэлэгт мэс засалд ороод 2019 оны 5 дугаар сард өөрийн төрсөн дүү Т.М.д ирсэн. Энэ үед 2019 оны 11 дүгээр сард миний дүү Т.М.эхнэр Д.Т.ын хамтаар ...Эгчээ та бид хоёрт тэтгэврийн зээлээ 2 жилийн хугацаатай аваад өгөөч, бид 2 сар бүр танд төлөх дүнгээр мөнгөө шилжүүлж байя гэсэн. Би эмчилгээ шаардлагатай үедээ өөрийн тэтгэврийн зээлээ авч хэрэглэдэг боловч 2 дүүгийнхээ саналыг зөвшөөрсөн. Би хөдөлмөрийн чадвар алдалт 80% дөрвөн мөчний саа, бүсэлхийнээс доош мэдэрхүйн алдагдалтай учраас байнгын асаргаанд байдаг учир ганцаар явж чаддаггүй тул 2 дүү намайг Улаанбаатар хот руу авч явна гэж байсан тул зөвшөөрсөн. Д.Т. нь Хэнтий аймгийн банкнаас тэтгэвэрийн зээл авч болох юм байна гэж хэлснээр 2019 оны 12 сард бэр дүү Д.Т.ын батлан даалтаар 2 жилийн зээлийн гэрээг Хэнтий аймаг дахь Хаан банкны салбартай байгуулан зээл авсан. Тухайн үед би сард 270,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Үүний 70% болох 4,535,833 төгрөг олгогдохоос банкны хүүнд 647,183 төгрөг суутгагдаж надад 3,888,700 төгрөгийг олгосон. Энэ мөнгийг банк миний данс руу шилжүүлсэн.
Би тухайн салбар дотор байрлах АТМ-ээс дүү Т.Мэ.аар 3,800,000 төгрөгийг авахуулан Т.М. Д.Т. хоёрт бэлнээр өгсөн. Миний сар бүр банканд зөрүү төлөх мөнгийг надад өгч байна гэсэн амлалтанд нь итгэсэн юм. 2019, 2020 он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Б. ахмад настны зээл тэглэх тухай мэдэгдэл уншихад дүү нар баярлаж ...Бид 2 өргүй боллоо гэж байсан. Би надад зориулсан тэглэлт шүү дээ гэж хэлэхэд Та одоо тэтгэврээ сар бүр авч байх юм чинь бид 2 одоо зөрүү төлөхгүй гэсэн. Тухайн үед би дүү нараа ингэж ярина гэж төсөөлөөгүй юм. 2020 оны 1 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хотод хяналтын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орохоор явах болсон тул 2020 оны 1 дүгээр сарын зөрүүгээ авъя гэж хэлэхэд Өгнө өө гэж байгаад Улаанбаатар хотод хүргэж ирээд 180,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Эмчид үзүүлж үзлэг шинжилгээ компьютер, томограф зэрэг зарим нэг төлбөрт шинжилгээ хийлгэлээ. Цаашид шаардлагатай эм тариа авах мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа дүү Т.М.д хэлж 2 дугаар сарын зөрүү мөнгө явуулаач гэхэд утсаа тасалж таг болоод хэд хоногийн дараа ярихдаа Танд мөнгө өгөхгүй, тэтгэврээ бүрэн авч байж юу гэж мөнгө нэхээд байгаа юм. Хэрэгтэй байгаа юм бол дахиад тэтгэврийн зээлээ авахгүй юу гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бүхэн доромжлол байжээ. Дүү нартай ярих гэж удаа дараа залгасан ч утсаа ч авахгүй, мессеж бичдэггүй байсан. Миний 2 дүү байнгын асаргаанд байдаг ахмад настан эгчийнхээ тэтгэврийн зээлийг зээлж авсан ч буцааж өгөх хүсэлтгүй юм байна гэж бодож байсан ч би хүлээсээр байсан. Би тэтгэврийн зээл 3,800,000 төгрөгийг 2 дүүдээ бэлнээр өгсөн. 2 дүү надаас авсан мөнгөөрөө төд удалгүй Prius 20 загварын машин авсан. Би дүү нартаа өгсөн 3,800,000 төгрөгнөөс 1.180.000 төгрөгийг цувуулан буцааж аваад байна. Нийт ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс тэглэсэн нь төрөөс надад олгож байгаа хишиг юм. Дүү нар 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл 24 сарын хугацаанд төлж барагдуулна гэж надаар зээл авахуулсан. Би энэ хугацааг дуустал хүлээсэн. Иймд Д.Т., Т.М. нараас үндсэн зээл 2,620,000 төгрөг, түүний хүүнд суутгагдсан 647,183 төгрөг, нийт 3,267,183 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Д.Т., Т.М. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Д.Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Т.М.ны төрсөн эгч Т.С.г нь үргэлж архи уудаг, архины хамааралтай болсон. Архи хамт уудаг эрэгтэй нь нуруу руу нь хүчтэй цохиж зодсоны улмаас ухаан алдан унаж Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Үүнийг түүний төрсөн ах, эгч, дүү нар нь сайн мэдэж байгаа. Тэд гэрчилнэ. Энэ нэхэмжлэлд бичсэнээр авто ослын улмаас гэмтэл авч байгаагүй. Энэ нэхэмжлэгч Т.С. нь манайд байж 2019 оны 3 дугаар сард гараа хугалан явж чадахгүй, мөн нугасны хүнд хагалгаанд орсон байдаг. Ингээд явж чадахгүй хэвтрийн дэглэмтэй, төрсөн хоёр охин нь түүнийг тоохгүй хөсөр хаясан учраас асран сувилах хүн байхгүй. Мөн орох орон гэр байхгүй хэвтэрт байсан учраас түүний дүү Т.М. нь сайхан нинжин сэтгэл гаргаж манайд ирж амьдар. Би таныг эхнэртэйгээ цуг асран хамгаалж сувилан эмчилье гэж хэлээд Улаанбаатараас Хэнтийд гэртээ авчирсан юм. Мөн төрсөн эгч Ч.нд асран сувилуулж байсан үед группийн зээл авч өөрийн эмчилгээнд зориулж хэрэглэсээр дуусаад эгчийгээ цагдаа шүүхэд өгч зарга үүсгэж байсан. Тухайн үед 2019 оны 3 дугаар сард нөхөр бид хоёр ярилцаад харж хандах хүнгүй хэцүү байна эмчилгээ хийлгэмээр байна гэхээр нь гэртээ авчраад Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлээд дараа сард нь Ардын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлээд гэртээ гарган 9 сар асарсан. Ингээд 10, 11 сарын үед би тэтгэврийн зээл авах гэсийн чи ажил хийдгээрээ надад гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу би Хаан банк дээр очиж гарын үсэг зурсан. Т.С. нь Би танайд амьдарч байгаа учраас миний дүү үүнийг авч хоол хүнс, түлээ мод, эм тариандаа хэрэглэ гээд 1.000.000 төгрөг өгсөн. Түүний дагуу тэр мөнгийг нь дээрх үйл ажиллагаанд зарцуулсан. Ахмад настны зээл тэглэхэд миний эгчид их дэм тус боллоо, зээлгүй боллоо гэж баярласан. Гэтэл манайд амьдардаг, сэтгэцээр групптэй байдаг дүүг маань хөл сайн барьсангүй гээд зодсон байсан. Би дүүгээ өмөөрөөд Т.С.тэй бага зэрэг муудсан. Тэгээд сар гараны дараа гэнэт хот явлаа гээд явсан. Удалгүй дүү Т.М.аа эм тарианы мөнгөгүй болчихлоо мөнгө явуулаач гэхэд нь Т.М. хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн гэсэн. Анх Улаанбаатар хотоос ирэхдээ хэвтэрийн хүн ирж манай гэрт 9 сар амьдарч хооллож асаргаа сувилгаа хийлгэж хөл дээрээ зогсож эдгэрч явчихаад одоо зээл авахуулсан гэж бид нарыг гүтгэн гүжирдэж байгаад их харамсаж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд Т.С.ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны зохион байгуулагчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай тодорхойлолт, Т.С.ээс С.О.д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Т.С.ийн .............9 дугаартай тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэврийн зээлийн өргөдөл, ......... дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ, Т.С.ийн Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд баримтаар ирүүлжээ.
4.Хариуцагч талаас 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбар, хариуцагч Т.М.аас хариуцагч Д.Т.д 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг шүүхэд баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.С.ийн хариуцагч Д.Т., Т.М. нарт холбогдуулан гаргасан 3,267,183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би сард 270,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Дүү Д.Т., Т.М. нар нь 2019 оны 11 дүгээр сард 2 жилийн хугацаатайгаар миний тэтгэврийн зээлийг авахуулсан. Зээл 4,535,833 төгрөг олгогдохоос банкны хүүнд 647,183 төгрөг суутгагдаж 3.888.700 төгрөгийг банк миний данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн салбар дотор байрлах АТМ-ээс дүү Т.М.аар 3,800,000 төгрөгийг авахуулан Т.М. Д.Т. хоёрт бэлнээр өгсөн. Энэ мөнгөнөөс надад 1,180,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл 2,620,000 төгрөг, банк суутгаж авсан хүү 647,183 төгрөг, нийт 3,267,183 төгрөгийг Д.Т., Т.М. нар хоёулаа төлөх ёстой гэж,
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Т.С.г эгч Улаанбаатар хотоос сүлжээний эм авчруулна, мөн он гарахаар Улаанбаатар хот орж компьютер томограф шинжилгээнд орно гэж хэлээд тэтгэврийн зээлээ авсан. Хэдэн төгрөгийн зээл авсныг нь хараагүй, зээлийн гэрээнд төрийн албан хаагч гарын үсэг зурдаг гэхээр нь би очиж гарын үсэг зурсан. Манай нөхөр Т.М.д ...би танайд нилээн удаан байсан юм чинь... гээд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ 1,000,000 төгрөгийг болон банк суутгаж авсан хүү гэх 647,183 төгрөгийг төлөх саналтай байна, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг зээлийг бид аваагүй гэж мэтгэлцлээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.С. нь ХААН банканд тэтгэвэрийн зээлийн өргөдөл гаргаж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Т. гарын үсэг зурж, улмаар Т.С.н дансанд банкнаас 3,888,700 төгрөг шилжүүлсэн, мөн хариуцагч Т.М.нь нэхэмжлэгч Т.С.ийн данс руу цувуулж нийт 1.180.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тэтгэвэрийн зээлийн өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй болно.
5.Харин хариуцагч нь уг тэтгэврийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч нь заавал төрийн албан хаагч ажилтан байх ёстой гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Т. гарын үсэг зурсан гэх тайлбараа, мөн тус зээлээс хариуцагч Т.М. нь нэхэмжлэгч Т.С.ээс 1,000,000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй, тэрээр удаа дараагийн үйлдлээр нийт 1.180.000 төгрөгийг ямар үндэслэлээр Т.С.ийн данс руу шилжүүлсэн болохоо хариуцагч тал баримтаар нотлож чадаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн татгалзалын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцааны онцлог нь зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.М., Д.Т. нараас үндсэн зээлийн төлбөр 2,620,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас банк суутгаж авсан гэх 647,183 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 67,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М., Д.Т. нараас 2,620,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С.т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.М.н, Д.Т. нараас 2,620,000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 647,183 /зургаан зуун дөчин долоон мянга нэг зуун наян гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 67,225 /жаран долоон мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М., Д.Т. нараас 56,870 /тавин зургаан мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА