| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2022/00321/И |
| Дугаар | 156/ШШ2022/00364 |
| Огноо | 2022-08-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2022/00364
156/ШШ2022/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00222/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ............оршин суух, Баатад овогт Д.Э.,
Хариуцагч: Хэнтий аймгийн ..... оршин суух, Дэчин овогт Д.Ц.,
Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Э.,
Хариуцагч: Д.Ц. /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э. нь хариуцагч Д.Ц.д холбогдуулан 600,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие бяруу авна гэж танил н.О.ээр зар тавиулсан. Тэгээд тус зарын дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д.Ц. нь надруу утсаар ярьж эр бяруу өгөхөөр болж, би түүний Төрийн банк дахь .... тоот данс руу бярууны үнэ 600,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би худалдан авсан бяруугаа 6 сарын эхээр авахаар болж тэр хүртэл бярууг Д.Ц. маллаж байхаар тохиролцсон. Тэгээд 6 сарын эхээр бяруугаа авна гэж хэлсэн. Тэр үед Д.Ц.ийн амьдардаг суманд овооны наадам болж байсан. Бярууг хашаандаа уяад үлдээхээр болсон. Тэгээд Д.Ц.йн хөрш айлаас бяруу худалдаж аваад Д.Ц.ийн хашаанаас бяруу авах гэтэл тэр хөрш айл нь ...Д.Ц.ийн бяруу боогоод үхсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад өгсөн. Маргааш өглөө нь Д.Ц. рүү яриад бяруу боож үхсэн байсан гэдгийг хэлсэн. Дараа нь дансаа явуулаад мөнгөө авах гэтэл өгөөгүй. Иймд бярууны үнэ гэж өгсөн 600,000 төгрөгөө гаргуулж авна гэв.
3.Хариуцагч Д.Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
Миний бие зарын дагуу Д.Э.тэй холбогдож бяруу худалдахаар болж түүнээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлж авсан. Д.Э. нь худалдан авсан бяруугаа 6 сарын эхээр авахаар болж тэр хүртэл бярууг би маллаж байхаар болсон. Тэгээд 6 сарын эхээр бяруугаа авна гэж хэлсэн бөгөөд тэр өдөр манай суманд овооны наадам болж бид хоол хийх гээд маш их завгүй байсан. Бяруугаа хашаандаа уяад үлдээчих гэж хэлсэн тул би үүрийн 6 цагт бяруугаа уяад орхисон. Эрт очно гэж хэлсэн хэр нь орой бяруугаа авахаар очсон байсан. Хар халуунд өдөржин уяатай байсан бяруу үхсэн, эрт ирж авна гэсэн цагтаа авсан бол үхэхгүй байсан. Тэгээд манай бярууг үхсэн эсэхийг нь ч хараагүй, хөрш айлын үгээр үг хийж, яваад өгсөн байсан. Тэр өдрийн үдийн хойно 3 цагийн үед манай хөрш надруу залгаад бяруу үхсэн байна гэж хэлсэн. Бяруу үхсэнд миний буруу байхгүй, би ч мөн адил хохирсон тул эрсдэлээ тавь тавин хувиар хуваагаад 300,000 төгрөг өгье гэв.
4.Нэхэмжлэгчээс өөрийн нэр дээрх Хаан банкны ..... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 7 хуудас)-ыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5.Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Би бяруу худалдан авахаар Д.Ц.н данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн ба надад өгөхөөр хашаандаа уясан бяруу намайг очиж авахаас өмнө үхсэн байсан. Иймд бярууны үнэд шилжүүлсэн мөнгөө гаргуулж авна гэж,
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Бярууг хашаандаа уячих гэсэн тул уячихсан байсан, бярууг эрт ирж авна гэж хэлсэн атлаа оройтож ирсэн тул халуунд уяатай байсан бяруу боож үхсэн. Иймд би бас хохирсон тул эрсдэлээ хоёулаа тавь тавин хувиар хуваагаад 300,000 төгрөг өгнө, илүүг өгөхгүй гэж мэтгэлцлээ.
4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Э. нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Ц.ээс 1 тооны бяруу худалдан авахаар тохиролцож, түүний данс руу бярууны үнэ 600,000 төгрөг шилжүүлсэн, тус бярууг авах хүртэл хариуцагч Д.Ц. маллаж байхаар тохиролцсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин худалдан авахаар тохиролцсон бярууг авахаар очих үед бяруу нь үхсэн байсан учир эрсдэлийг хэрхэн хуваарилах, хэн хариуцах тал дээр маргалаа.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Тус зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлох тул худалдан авагч Д.Э. нь бярууг 2022 оны 6 дугаар сарын эхээр очиж авна гэж, худалдагч Д.Ц. нь уг хугацаа хүртэл маллаж байхаар тохиролцсон байна. Мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох тул хариуцагч Д.Ц.йн шүүх хуралдаанд гаргасан ...бид овооны наадамд хоол хийх байсан учир завгүй байсан. Өглөө эрт бяруугаа уяад орхисон, гэтэл үдээс хойш 3 цагийн үед хөрш залгаад бярууг үхсэн байна гэж хэлсэн. Хугацаа алдаж очсон тул бяруу өдөржин уяатай байсан учир боож үхсэн байна... гэх тайлбараар түүнийг худалдан авагчид эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг. Гэтэл дээрх үндэслэлээр эд хөрөнгө худалдан авагчид шилжээгүй байх хугацаанд эрсдэл үүссэн тул уг эрсдэлийг худалдагч тал хүлээхээр байна.
Иймд хариуцагч Д.Ц.ээс бярууны үнэд шилжүүлсэн 600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э.т олгох нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц.ээс улсын тэмдэгтийн хураамж 18,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э.т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц.ээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э.т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц.ээс 18,650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА