Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2022/00947

 

2022         08             12                                       151/ШШ2022/00947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг “Бодь-Интернэшнл” ХХК-ийн байран байрлах “Голомтбанк” ХХК,

Хариуцагч: ......... овогт Ч....М,

Хариуцагч: .....  тоотод оршин суух .... овогт Ч.Ч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,295,829.28 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, хариуцагч Ч.М, Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.М, Ч.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан. Зээлдэгч Ч.М, Ч.Ч нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээл төлөх хугацаа дуусгавар болсон тул үндсэн төлбөр 7,206,325.56 төгрөг, үндсэн хүү 2,064,658.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,845.02 төгрөг, нийт 9,295,829.28 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банк 30 хоногийн дотор зээлийг төлөхгүй байвал мессэжээр мэдэгддэг, утсаар залгадаг. Гэтэл 2020 оны 8 дугаар сараас хоригдсон, 9 сараас хугацаа хоцролт эхэлсэн. Коронавирусын хөл хорио гээд 1 жил болсон. Банк хариуцагчтай биечилж уулзаагүй. 2021 оны 10 сард гэрт нь очоод биечилж уулзахад хоригдсоныг нь мэдээд эрсдэлийн удирдлагын газартаа шилжүүлсэн. 

2020 оны 09 дүгээр сараас эхэлж хугацаа хэтэрсэн. Энэ хүртэл банк тухайн зээлдэгчийн 88552852 гэсэн дугаар луу мэдээллээ илгээсэн. Банк өөрөө Монгол банкны зээлийн бодлогын журмаар 60 хоногийн дотор утсаар мэдэгдэж, 90 хоногийн дотор утсан харилцаагаар буюу дуу хоолойгоор мэдэгдэж, 120 хоногийн дараа биечлэн мэдэгдэнэ гэсэн журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан” гэжээ. 

Хариуцагч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.М миний бие 2018 оны 12 дугаар сард 8 сая төгрөгийн зээл авч үлдэгдэл 2 сая төгрөгөө нэмээд  нийт 10 сая төгрөгийн зээл авсан. 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл зээлээ төлж явсан. Үлдэгдэл зээлээ ял эдэлж дуусаад ажил хийж төлнө. Өөр ямар ч боломжгүй” гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би “Голомтбанк” ХХК-ийн нэхэмжилж буй 9,295,829 төгрөгийн үндсэн төлбөр болох 7,206,325 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сарын 400,000 төгрөгөөр төлж барагдуулна. Зээлийн хүү болох 2,089,504 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт зээл авч болох уу гэхэд 6,800,000 хэдэн төгрөг үлдсэн байна. Энийг төлж болно гэж хэлсэн. Гэтэл одоо 9 сая гаруй төгрөг болсон байхаар нь би гайхаж байна. Надад зээлийн гэрээ зэрэг бүхий л зүйл байсан. Хуваарийн дагуу цалингаасаа 2 хувааж төлдөг хийж байсан, би 8 дугаар сард хоригдоод түүнээс хойш төлж чадаагүй. Манай гэр бүл, Ч зээлээс авч хэрэглэсэн юм байхгүй. Банк хэнийг ч хамаагүй аваад ир, гэрээнд зуруул гэсэн болохоор л ахаараа гэрээнд зуруулсан. Хүү, нэмэгдүүлсэн хүүгээ авна гэвэл би зээлийг авснаараа өөрөө эндээс ялаа эдэлж дуусаад төлнө. 8 жилийн ял байгаа” гэв.  

Хариуцагч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг батлан даасан гэж хэлээд шүүхэд өгсөн хэрнээ яагаад надтай өмнө нь ярьж уулзаж болоогүй юм бэ, үүн дээр би эсэргүүцэж байна. Надтай холбоо бариад учраа олох бололцоо байсан. Ковид гээд ганцхан өдөр болчихсон биш ш дээ. Банк яагаад өнөөдөр шүүхэд дуудсан шигээ тухайн үед хэлээгүй, уулзаагүй юм бэ. Надад хэлсэн бол би өдийд төлөөд дуусчихсан байх магадлал өндөр байсан. Банкинд миний бү мэдээлэл байгаа. Надад хэлэхгүй 2 жил явж явж 2 сая гаруй төгрөгийн хүүгийн өрөнд оруулаад одоо 9 сая төгрөг өг гэж байна. Хамаатнуудаараа нийлээд айл болгон 60,000 төгрөг цуглуулаад төлье гэж ярьсан. 4 сард бидэнтэй уулзахдаа хүү нь хамаагүй гэж хэлчхээд одоо болохоор өөр хүн явуулаад хүүгээ авъя гэж байна. 6 сараас хойш бид ах дүүсээрээ нийлээд 1,600,000 төгрөг төлчихсөн. Би зөвхөн үндсэн мөнгөө л төлнө, харин хүү төлөхгүй” гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,295,829.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч Ч.М, Ч.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан. Зээлдэгч Ч.М, Ч.Ч нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээл төлөх хугацаа дуусгавар болсон тул үндсэн төлбөр 7,206,325.56 төгрөг, үндсэн хүү 2,064,658.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,845.02 төгрөг, нийт 9,295,829.28 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч “Голомтбанк” нь А.Оюунболд, Э.Эрдэнэжаргал, Б.Батхишиг нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунболд нь ажлаасаа гарсан, Э.Эрдэнэжаргал нь ээлжийн амралттай байгааг төлөөлөгч Б.Батхишиг илэрхийлж, шүүх хуралдаанд дангаар оролцохоо илэрхийлжээ. /хх-4, 48/

4.Хариуцагч Ч.М, Ч.Ч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн.

Хариуцагч Ч.М тайлбартаа: Бид 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээнээс үлдсэн үндсэн төлбөр 7,206,325.56 төгрөгийг төлж барагдуулахад татгалзахгүй, маргахгүй. Манай гэр бүл, Чулуундорж авч хэрэглэсэн юм байхгүй. Банк хэнийг ч хамаагүй аваад ир, гэрээнд зуруул гэсэн болохоор л ахаараа гэрээнд зуруулсан. Би авснаараа өөрөө эндээс ялаа эдэлж дуусаад төлнө. 8 жилийн ял байгаа. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргээс чөлөөлж өгнө үү. Хэрэв бүхэлд нь төл гэвэл би хорих ялаа эдэлж дуусаад төлнө. Би авсан учраас би өөрөө төлөх ёстой” гэжээ.

Хариуцагч Ч.Ч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа: “Тухайн үед бидэнд мэдэгдээгүй явсаар 2 жилийн хугацааны хүүгийн өрөнд оруулсныг зөвшөөрөхгүй. Ч.Ч надтай холбогдох боломж банкинд байсаар байтал мэдэгдээгүй. Хэдийгээр би өөртөө авч хэрэглээгүй ч өнөөдрийн надаас нэхэж байгаа шигээ өмнө нь банк надаас шаардсан бол бид зээлээ төлчихсөн байх байсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-ийн захирлаар Норихико Катог улсын бүртгэлд

бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж, нэхэмжлэгчийн бүх эрхийг Б.Батхишигт итгэмжлэлээр олгосон байна. /хх-48-50/

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Ч.М, Ч.Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01ий өдөр цалингийн зээлийн зориулалтаар 8,000,000 /найман сая/ төгрөгийг 48 сар /4 жил/-ын хугацаатай, жилийн 21,6 хувь, сард 1,8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд цалин барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 тоот зээлийн гэрээ зээл болон барьцааны гэрээний хуулбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 5-8 хуудас/

“Голомтбанк” ХХК нь Ч.М, Ч.Ч нартай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 дугаартай гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл өгч талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар зээлдэгч Ч.М, Ч.Ч нар нь үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, улмаар хариуцагч нар нь гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээжээ.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ-1705043854 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний хугацаа 2022 оны 10 сарын 30-ны өдөр дуусах боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.М, Ч.Ч нар нь зээлийн үндсэн төлбөрт 7,206,228.95 төгрөгийг, мөн зээл төлөх хуваарийг 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчсөнд маргахгүй байх бөгөөд зөвхөн зээлийн хүүд шаардсан 2,064,658.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд шаардсан 24,845.02 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-д “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/1705043854 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4, 2.9, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.

Нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар шаардах эрхтэй, хариуцагч Ч.М, Ч.Ч нар нь зээлийн үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд болон хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Ч.М, Ч.Ч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, банк шаардах үүргээ биелүүлээгүй 2 жил болсон, хорих ял эдэлж байгаа учраас төлбөр төлөх боломжгүй, зээлийн үндсэн төлбөрөө төлөхөөр банктай тохиролцсоны дагуу 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй талаар дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д талууд  урьдчилан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан “Зээл болон барьцааны гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 7,206,325.56 төгрөг, үндсэн хүү 2,064,658.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,845.02 төгрөг, нийт 9,295,829.28 төгрөгийг хариуцагч Ч.М, Ч.Ч нараас гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноос зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх төлөлтийг хойшлуулах талаарх хүсэлтээ “Голомтбанк” ХХК-д гаргаж, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдвал зохино.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,699.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М, Ч.Ч нараас 163,699.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч .... овогт Ч.Ч, ....... овогт Ч.М нараас зээлийн гэрээний үүрэгт 9,295,829.28 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,699.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М, Ч.Ч нараас 163,699.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН