| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02113/И |
| Дугаар | 102/ШШ2022/02134 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/02134
2022 оны 06 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2022/02134 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ... дугаар хороолол, ... байрны .. тоотод оршин суух, регистр .., Л. овогтой Л.ын Н.,
Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, ... дугаар хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, регистр ..., Л... овогтой Л...ын Ц.,
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр 3 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С... /үнэмлэх 0514/, хариуцагч Л.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Л.Ц...д холбогдуулан 3 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Би 2015 оны 10-р сараас эхлэн 2016 оны 2-р сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажил үйлчилгээг Л.Ц...д Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд үзүүлсэн. Үзүүлсэн мэргэжлийн ажил үйлчилгээ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу бүрэн гүйцэтгэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн сангаас шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт гарснаар, мөн нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийн баталгаажуулснаар ажил дуусгавар болсон. Энэ ажил үйлчилгээний төлбөрт жил тутмын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн тайланд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор тохиролцсон бөгөөд 2001-2008 онуудад нийт 8 жилийн нөхөн даатгалын тооцоог тооцоолон бодож Л.Ц...гийн ажилласан жилийг нэмүүлэн тайлагнасан ажил хийгдсэн. Энэ ажлын төлбөр нь 8 жилийн 420 000 төгрөг нийт 3 360 000 төгрөг болсон.
Мөн тухай оны татварын тайлан, санхүүгийн тайлан балансыг гарган тайлагнаж хуулийн хугацаанд багтаан гүйцэтгэсэн. Үүний төлбөрийг төрөл тайлан бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тохиролцон гүйцэтгэсэн. Энэ ажлын төлбөр 2 тайланд 420 000 төгрөг нийт 840 0000 төгрөг болсон. Үзүүлсэн ажил үйлчилгээний нийт төлбөр 3 360 000 төгрөг, 840 000 төгрөг нийт 4 200 000 төгрөг болсноос 2022 оны 1-р сарын 31-ний өдөр 300 000 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр хийгдээгүй байна. 2016 оноос хойш уг мөнгөн төлбөрийг өгөхийг хүсэхэд төлбөрийн чадваргүй байгаагаа хэлж байсан. Дахин шаардахад орлого, мөнгөтэй болж байгаад өгнө гэж хэлүүлээд уулзахаа больсон. Түүнээс хойш Л.Ц... нь 2020 оны 1-р сарын 31-нээс нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас өндөр насны тэтгэврээ тогтоолгон сар бүр 350 000 төгрөгийн тэтгэвэр авч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд би дээрх төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн боловч ХААН банкны дансны дугаар аван төлбөр хийгээгүй. Түүнчлэн “янзыг чинь үзсэн, яах нь уу гэж харж байна” гэж хэл амаар доромжлон тохуурхаж байна. Мөн намайг эрүүл мэнд, эдийн засгийн байдлаар хохироож байгаа учраас арга буюу шүүхэд хандаж байна. иймд мэргэжлийн санхүүгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, үйлчилгээний үлдэгдэл төлбөр 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сард батлагдаж 10 дугаар сарын 20-ны үеэр буюу 3 дугаар улирлын тайлан гарсны дараа журмууд нь батлагдсан. Түүнтэй холбоотойгоор “Э....” ХХК хуулийн дагуу нөхөн тайлан гаргах болсон. Нөхөн тайланд тухайн үед ажилласан хүмүүсийг оруулах байсан, гэвч ах дүүгийн холбоогоор Л.Ц... ажилласан жил нэмүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу би ажилласан жилийг нь нэмүүлэн тооцож нийгмийн даатгалын жил бүрийн тайлан, шимтгэлийн тооцоог хийсэн. 2001-2010 оны хугацааны хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шимтгэл тооцсон. Ингэснээр Л.Ц...гийн ажилласан жил 7 жил 7 сарын хугацаагаар нэмэгдэж тогтоосон. 2016 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг байсан. Тухайн үед ажил үйлчилгээний төлбөрийг тооцсон бол 7 жил 7 сарын хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нийт дүн 920 000 төгрөг болох байсан. Иргэн Л.Ц.... сайн дураараа нийгмийн даатгал төлдөггүй, ямар ч орлогогүй байсан. Тухайн үед тайлангийн хугацаа дуусах гээд байсан учраас өөрийнх нь нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн шимтгэлийг төлөхдөө өөр хүнээс зээлж төлж байсан. Харьцуулсан тооцоонд 2015 оны 12 дугаар сард сайн дураар нийгмийн даатгалаа төлж тэтгэвэр авах боломжтой эрх үүсэхэд нөхөн тайланд ороогүй байсан бол 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоо хүртэл нийгмийн даатгалаа төлөхөд нийт 78 сарын хугацааны 3 064 000 төгрөгийг төлөх байсан тооцоог гаргасан. Нийгмийн даатгалыг өнөөдрийг хүртэл төлсөн ч тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байсан. Мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэхдээ би ажил хөдөлмөрийн туршлага, олж мэдсэн мэдлэг, мэргэшлээс хамаарч тус үр дүнд хүрсэн. Би тухайн үед Л.Ц...д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлж байсан. Надтай уулзахгүй дандаа хүнээр дамжуулж бичиг баримтаа өгдөг байсан. Одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 3 900 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Н... нь миний төрсөн дүү бөгөөд бид эхээс 9-үүлээ юм. Л.Н...ийн нэхэмжлэлдээ бичсэн зүйлс нь худал юм. Л.Ц... миний болон дүү нар болох Л.Б..., Л.Б... нарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг Л.Н... өөрийнхтэйгээ цуг хийсэн юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг оруулсан байгууллага нь "Э..." ХХК бөгөөд энэ компани төрсөн дүү болох Л.Б...ийн нэг хувьцаа эзэмшигчтэй компани юм.
Л.Н.... нь "Э..." ХХК-д нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланд зөвхөн өөрийгөө оруулах гэж байсан боловч дүү Л.Б... хэлж Л.Ц..., Л.Б..., Л.Б... бид нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайланд хамт тусгуулсан юм. Ингэж тусгахдаа Л.Н...ээр Мэргэжлийн ажил, Санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөр гэх хөлс тохироогүй ба өөрөө сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн юм.
2022 оны 01 сарын 31-ний өдөр шилжүүлсэн 300.000 төгрөгийг дээрх ажил, үйлчилгээний хөлсөнд өгсөн гэж байгаа нь худал бөгөөд бидний ээж Мягмарсүрэн нь "Дүү Л.Н... чинь мөнгө төгрөгний хэрэгцээтэй байгаа юм байна, мөнгөний бололцоо байвал дүүдээ боломжоороо өгчих гэж хэлсэн" тул дүүгээ бодож 300.000 төгрөгийг өгсөн болно. Тэрнээс Л.Н...ийн Мэргэжлийн ажил, Санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөрт өгсөн мөнгө биш юм.
Иймд Л.Н...ийн нэхэмжилж буй Мэргэжлийн ажил, Санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөр 3.900.000 төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н... нь оюутан байхдаа манайд амьдарч, мэргэжил боловсролоо ч дээшлүүлсэн. Л.Н... над руу ээжээр хэлүүлж миний бичиг баримт, хөдөлмөрийн дэвтрийг авсан, нийгмийн даатгалын дэвтэр нээлгэе гэхэд нь би нээлгэсэн. Миний хөдөлмөрийн дэвтрийг аваад 3 жил болсон, дэвтрээ авахад тамгагүй байсан. Миний тэтгэвэр авах хугацаа болсон гээд төлөлтийн мөнгийг буцааж байсан. Миний улсад ажилласан жил болон нөхөн төлөлтийн жилүүдийг оруулж тэтгэвэр тогтоосон. 2001-2008 онууд хамаарах байтал, 2016, 2017 оны хугацааг заасныг ойлгохгүй байна. Л.Н... сайн дурын үндсэн дээр надад тусалсан. Зовсон ядарсан, хэцүү үедээ бид нар нэгэндээ тусалдаг. Мөнгө төлнө гэж тохироогүй, 3 900 000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
5.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар /хх 5/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 6/, Э... ХХК-ийн 2001 оны 01-р сараас 12-р сарын нөхөн тайлан /хх 7-8/, Э... ХХК-ийн 2002 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 9/, Э... ХХК-ийн 2003 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 10/, Э... ХХК-ийн 2004 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 11/, Э... ХХК-ийн 2005 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 12/, Э... ХХК-ийн 2006 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 13/, Э... ХХК-ийн 2007 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 14/, Э... ХХК-ийн 2008 оны 01-р сараас 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас /хх 15/, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлан /хх 16-18/, Хариуцагчаас: 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн №01273161 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх 33-34/, 1988 оны 9-р сарын 01-ний өдрийн №198961 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх 35/, Баталгаажилтын хуудас /хх 36/, 0218822 дугаартай Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх 37/,
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 6-р сарын 03-ны өдрийн 472 тоот албан бичиг /хх 38/, 2020 он 01-р сарын 28-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас /хх 39-40/, 1988 оны 9-р сарын 01-ний өдрийн №198961 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх 41/, 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн №01273161 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх 42-43/, Хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 44/, 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 44/, 1991 оны 6-р сарын 29-ний өдрийн гэрлэлтйн бүртгэлийн гэрчилгээ /хх 45/, 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 45/, №00197103 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 46/, 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 46/, Э... ХХК-ийн 2008 оны 8-р сарын 03-ны өдрийн 08/03 дугаар захирлын тушаал /хх 47/, Э... ХХК-ийн 2001 оны 01-р сарын 02-ны өдрийн 01/02 дугаар захирлын тушаал /хх 48/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Монгол улсын Их хурлаас 2015 оны 8-р сарын 17-ны өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх, эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх зорилготой байна.
Хувь хүн, хуулийн этгээд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ажил олгогчоор нийгмийн даатгалд тайлангаа гаргах, төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх мэдүүлэх, тайлагнах хугацааг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.
Энэ хуулийн хүрээнд Э... ХХК нь ажилтнуудынхаа 2001-2008 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг 2016 оны 2-р сарын 19-ний өдөр /хх 8-18/ гаргажээ.
Э... ХХК-ний дээрх тайланг нягтлан бодогч Л.Ц... гаргаж, захирал Л.Б... гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба тайлангаар Л.Б..., Л.Б..., Л.Н..., Л.Ц... нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна. Үүнээс дүгнэвэл, Л.Ц... нь эрхэлсэн ажил үүргийнхээ хүрээнд тайлан гаргасан байх ба харин Л.Н...д түүний ажилласан хугацааг буюу 7 жил 7 сарын нийгмийн даатгалыг нөхөн тооцохоор тохирсон, улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлбөр 4200 000 төгрөг авахаар тохирсон үйл баримт тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, Э... ХХК-ний ажилтнууд төрсөн ах дүү нар бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дээдлэнэ. Тэрээр төрөл садангийн хүн бие биедээ тусалсан нь Монгол хүний уламжлал, зан заншилтай холбоотой.
Гагцхүү нэхэмжлэгч ...Л.Н... хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог, гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэсэн... гэх тайлбараас үзвэл хувийн таарамжгүй харилцааны улмаас төлбөр гаргуулахаар шаардсан гэж дүгнэлээ.
Л.Н... нь Э... ХХК-д ажиллаж байсан хугацаа, бусад хөдөлмөр эрхлэлт, төрүүлсэн хүүхдийн тоо, 1995-2000 оны ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон зэргээр нийт 25 жил 2 сар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтуудаар /хх 33-48/ тогтоогджээ.
Улмаар ажилласан жил тооцуулах, төлбөр төлөхөөр тохироогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, 2022 оны 01 сарын 31-ний өдөр 300 000 төгрөгийг Л.Ц...д шилжүүлсэн нь ажил, үйлчилгээний хөлс төлсөн гэх үндэслэлгүй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 77 350 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1.1, 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Л.Н...ээс 3 900 000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Л.Ц...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА